1 гол сэдэв

Юу болов?

Америкийн банкны салбарт 2008 оноос хойшхи хамгийн том хямрал тохиож байна. Цахиурын хөндийн технологийн салбарын хамгийн гол түнш Silicon Valley Bank ердөө 48 цагийн дотор үйл ажиллагаа нь доголдон дампуурлын ирмэгт ирж, улмаар засгийн газрын тусгай удирдлагад шилжлээ. Энэ хугацаанд тус банкны хэрэглэгчид нийт 42 тэрбум долларын татан авалтыг хийсэн нь өнгөрсөн жилийн Нобелийн шагналыг хүртсэн "банкнаас зугатаах" үзэгдлийн тод жишээ болов.

Яагаад ийм зүйлд хүрэв?

SVB-ийн хувьд хөрөнгийн хэмжээгээрээ АНУ-ын зах зээлд 16-д эрэмблэгддэг банк. Гэхдээ 40 жилийн түүхтэй тус компани сүүлийн жилүүдэд технологийн стартап, венч хөрөнгө оруулагчдын хамгийн найдвартай түнш гэдгээрээ ялгарах болсон юм. Улмаар цар тахлын жилүүдэд тэсрэлт хийсэн технологийн салбарын IPO, нэмэлт санхүүжилтийг төвлөрүүлж, 2018-2021 оны хооронд л гэхэд хадгаламжийн хэмжээ гурав дахин нэмэгджээ. Банкны удирдлага үүнийг урт хугацааны засгийн газрын бонд худалдаж авахад зарцуулсан нь хөрөнгийн хөрвөх чадварт нөлөөлсөн байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бодлогын хүү нэмэгдэж байгаа нь тус банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй хэмээн үзсэн тэд алдагдлаа нөхөх зорилгоор лхагва гарагт 2.25 тэрбум долларын хөрөнгө оруулалт татахаа зарласан нь зах зээлийг сандралд оруулжээ. Өнгөрсөн долоо хоногт криптод төвлөрсөн Silvergate банкны дампуурал ч зах зээлд нөлөөлсөн нь гарцаагүй. Эдгээр мэдээний дараа тус компанийн хувьцааны үнэлгээ 60%-аар унаж, банк бүр шинэ худалдан авагч хайж байгаагаа мэдэгдсэн ч тусыг олсонгүй.

Одоо яах вэ?

Одоогоор Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци 175 тэрбум доллартай тэнцэх хадгаламжийг хяналтдаа авснаа мэдэгдээд буй. Гэхдээ журмын дагуу тус байгууллага 250 мянган доллар хүртэлх хадгаламжийг л даатгадаг учраас их хэмжээний хөрөнгөө төвлөрүүлээд байсан компаниуд хэрхэх нь тодорхойгүй хэвээр. Тус банкны мянга мянган харилцагч, голцуу стартап компаниудын үйл ажиллагааны мөнгөн урсгал тасалдаж, цалингаа хэрхэн тавих нь тодорхойгүй болжээ. Төв банкны зүгээс шуурхай хурал зарлаж, секторын тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авна гэдгээ зарлаад байгаа. Хэдийгээр системийн голлох банкны үзүүлэлтүүд хэвийн байгаа ч SVB-ийн уналт нь зах зээлд айдсын давлагаа үүсгэж, дунд хэмжээний банкуудыг татан унагахвий гэсэн айдас байсаар байна.

2 чухал тоо

2000 - Starbucks анхны NFT цуглуулгаа зах зээлд гаргаж, ердөө 20 минутын дотор 2000 ширхэгийг борлуулсан байна. "Journey Collection" нэртэй уг NFT-ийн нэг бүрийн үнэ нь 100 доллар байсан байна. Өнгөрсөн 12-р сард Polygon блокчэйн дээр суурилсан Starbucks Odyssey нэртэй лояалти хөтөлбөрөө зарласан тэд энэ мэт шинэ төслүүдээ ээлж дараалан зарлах юм.

1987 - Америкийн зах зээл дэх пянзны борлуулалт 1987 оноос хойш анх удаа CD-г гүйцжээ. RIAA-ийн тайланд дурдсанаар нийт 41 сая ширхэг пянз өнгөрсөн жил борлуулагдсан нь CD-ээс даруй 8 саяар илүү үзүүлэлт байв. Нийт биет борлуулалт 1.7 тэрбум доллар байсны 1.2 тэрбумыг нь пянзных эзэлжээ. Гэхдээ Америкийн зах зээл дэх нийт хөгжмийн борлуулалтын дийлэнхийг буюу 84%-ийг стриминг бүрдүүлж байгаа хэвээр байна.

3 онцлох өгүүлбэр

I. Олон улсад үйл явдал дүүрэн долоо хоног өнгөрөв.

- Гүрж улсад тус улсын засгийн газраас өргөн барьсан "гадаадын агентийн тухай" хуулийн төслийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өргөн хүрээтэй явагдаж байна. Өмнө нь ОХУ-д батлагдаж байсантай төстэй "Олон улсаас орж ирж буй санхүүжилт нь 20%-ийг давбал гадаадын агент" гэж тооцох шинэ хуулийн заалт нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, хүний эрхийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлана хэмээн шинжээчид болгоомжилж буй. Төв талбайд тасралтгүй үргэлжилж буй жагсаалын хүрээнд эрх баригчид уг хуулийн төслийг татаж байгаагаа зарлаад байна.

- Саудын Араб, Иран улсууд дипломат харилцаагаа сэргээж, тус тусын нийслэлд элчин сайдын яамаа сэргээн байгуулах болсноо зарласан нь дэлхийн геополитикийн харилцаанд ихээхэн нөлөө үзүүлэх мэдээ байв. Уг шийдвэр нь БНХАУ-ын Бээжин хотноо 5 хоногийн турш өрнөсөн хэлэлцээрийн дараа гарсан бөгөөд Хятадын тал дундын зуучаар ажилласан нь тус бүс нутаг дахь нөлөө нь ямар түвшинд хүрсэн гэдгийг батлах үзүүлэлт болов.

- БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Бүх Хятадын Ард Төлөөлөгчдийн Их Хурлын 2900 төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Ши Жинпин БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар гурав дахь удаагаа сонгогдлоо. Мөн төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Цяныг томилсон байна. Өдгөө 63 настай тэрээр өмнө нь Шанхай хотын даргаар ажиллаж байсан юм.


II. Bing 100 сая хэрэглэгчтэй болжээ.

- Microsoft-оос үндсэн хайлтын систем Bing-ийн өдөр тутмын хэрэглэгчдийн тоо 100 саяыг давсан гэдгийг зарлалаа. Энэ нь тэрбум хэрэглэгчтэй Google-тэй харьцуулахад бага тоо ч хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглээ нь үлэмж хурдтайгаар нэмэгдэж байгаагийн илрэл болж байна.

- Үүнээс гадна OpenAI нэгэн зэрэг олон үйлдэл хийх чадвартай, өмнөхөөс хэд дахин илүү буюу 100 их наяд параметр дээр сургасан ChatGPT 4-ийг танилцуулахад ойрхон байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

- Энэ долоо хоногт Microsoft Research-ийн зүгээс Visual ChatGPT буюу зураг, хөдөлгөөнт обьект дээр ажиллах чадвартай шинэ моделио нээлттэй болгосон билээ.


III. И.Маск хот байгуулахыг хүсэж байна.

- Дэлхийн хамгийн чинээлэг эрхэмүүдийн нэг И.Маскийн дараагийн төлөвлөгөө хот байгуулах гэнэ. Саяхан Twitter-ийг удирдах болсон тэрээр өөрийн харьяанд байдаг компаниудаар дамжуулан Техас мужийн Остин хотын ойролцоо 14 км2 газрыг худалдаж аваад байгаа гэнэ.

- Тэрээр шинэ хотдоо газар доорх судалгааны лаборатори, оффисын байгууллагаас гадна энтертэйнмент төв, спорт цогцолбор зэргийг цогцоор нь байгуулах зорилготой гэнэ. Мөн ажилчдадаа зах зээлийн ханшаас доогуур үнээр амьдрах боломжтой орон сууцны хорооллыг ч төлөвлөжээ.

- И.Маск 2020 онд Tesla-ийн төв оффисыг Техас руу нүүлгэх болсноо зарлаж, улмаар Остинд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалттай GigaFactory-аа байгуулаад байсан. Үүнээс гадна Boring Company, SpaceX зэрэг бусад компаниуд нь ч тус мужид төвлөрсөн үйл ажиллагаа явуулдаг юм. И.Маск тухайн үед Цахиурын хөндий зэрэг бусад томоохон хотуудад дэд бүтэц, төлөвлөлтийн олон асуудал байгааг ил тодоор шүүмжилж байв.

4 мэдүүштэй зүйл

Бүтээмж нэмэгч: Slack хиймэл оюунд суурилсан шинэ туслахыг нэвтрүүллээ. ChatGPT-тэй хамтарсан уг нэмэлт нь хариултын драфт бэлтгэх, асуултын хариулт олох, зарим урт харилцан яриа, сувгийг базаж дүгнэх зэрэг үйлдлийг хийх чадвартай байх гэнэ.

AI төхөөрөмж: Цаг, дэлгэц зэрэг өдөр тутмын хэрэглээний төхөөрөмжүүдэд AI-ийг нэвтрүүлэх зорилготой Humane 100 сая долларын санхүүжилт татсанаа зарлалаа. Тэд Microsoft, OpenAI-тай хамтран анхны төхөөрөмжөө энэ жилдээ багтаан гаргах зорилготой гэнэ. Тус компанийг Apple-ийн экс захирлууд хамтран байгуулжээ.

Уулын дугуй: Алдарт Audi брэнд цахилгаан дугуй бүтээснээ зарлалаа. Нэг цэнэглэлтээр 150 км зайг туулах чадалтай, уулын замд явах зориулалт бүхий уг дугуйны эхлэлтийн үнэ 10 мянган доллар байх гэнэ.

Алдаа засагч: ChatGPT-ийн API-ийг ашигласан дараагийн топ стартап нь Grammarly боллоо. Тэд хиймэл оюуны тусламжтай зөвхөн үгийн алдаа, дүрмийн заавар өгөхөөс гадна агуулга дээрээс тулгуурлан үг санал болгох, хариулт бичих, өгүүлбэр дуусгах, тон тохируулах зэрэг үйлдлийг хэрэглэгчдэд санал болгохыг зорьж байна.

5 сонин хачин

1. "Scream VI" нээлтийн долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 43.5 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Ингэснээр Ж.Ортегагийн гол дүрийг нь бүтээсэн энэ кино 1997 онд "Scream II"-ийн тогтоосон франчайзын рекордыг ($32 сая) эвдэж байгаа гэсэн үг. Тэдний араас өмнөх лидер "Creed III" болон А.Драйверын шинэ зөгнөлт кино "65" тус тус бичигджээ. Ташрамд дурдахад, "Creed"-ийн оюуны өмчийг эзэмшигч Amazon домогт Роки Балбаогийн ертөнцийг франчайз болгон хөгжүүлж, зөвхөн дэлгэцийн бүтээлүүдээс гадна аниме бүтээх төлөвлөгөөн дээр ажиллаж байгаа гэнэ.

2. Meta компани текстэд суурилсан төвлөрсөн бус сошиал медиа платформ хөгжүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл "Twitter"-тэй төстэй гэж хэлж болох энэхүү платформын хөгжүүлэлт эхэн үедээ явж байгаа ч удирдлагын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа гэнэ. Сонирхуулахад, Twitter-ийн үүсгэн байгуулагч Ж.Дорси энэ долоо хоногт мөн төвлөрсөн бус технологид суурилсан, Twitter-ийг орлохуйц гэгдэх Bluesky-ийг зарласан билээ.

3. Apple шар өнгийн iPhone 14, iPhone 14 Plus-ийг худалдаанд гаргалаа. Тус компани жил бүрийн хаврын улиралд борлуулалтыг эрчимжүүлэх үүднээс шинэ өнгийн ухаалаг утас гаргадаг уламжлалтай болоод байгаа. Өмнөх хувилбаруудад тэд ногоон, үзмэн ягаан өнгийн загваруудыг зах зээлд гаргаж байсан билээ.

4. TikTok контент бүтээгчдэд борлуулалтаа нэмэгдүүлэх шинэ боломжийг олгох "Series" нэртэй үйлчилгээг танилцууллаа. Энэ нь Patreon, OnlyFans-тэй төстэй ажиллах буюу төлбөр төлөн нээгдэх контентийн цуглуулга юм. Хэрэглэгч нэг бүр нь 20 минутын урттай 80 хүртэлх видеогоор нэг цуглуулга үүсгэх боломжтой байх бөгөөд 1-190 долларын хооронд үнээ тогтоох боломжтой байх ажээ.

5. Spotify апп-ийнхаа үндсэн нүүр хуудсыг шинэчиллээ. Хэрэглэгчдэд шинэ дуу хөгжим нээж, өөрийн сонирхлоо өргөжүүлэх боломж олгох хэмээн тодорхойлсон уг шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид TikTok-той төстэй буюу вертикал хэлбэрээр контентоо сонгох боломжтой болжээ. Stream On эвентийн үеэр тэд энэ нэмэлтийн тусламжтайгаар экосистем дэх аудио контент бүтээгчдийг дэмжиж, ирээдүйд 50 сая контент бүтээгчийг нэгтгэсэн талбар болно хэмээн зарлажээ.

10 уншууртай мэдээ

Үзэх: Оскарын ялагчдыг таамаглах нь /Vulture/

Ухах: Байдены санал болгосон хүслийн төсвийн жагсаалт /Morning Brew/

Мэдэх: Линекерийн скандалын талаар мэдэх ёстой зүйлс /BBC/

Унших: Викториа Бэкхэмийн амжилтын түүх /CNN/

Анхаарах: Toblerone логогоо солино /CB/

Анзаарах: Туркийн сонгууль тавдугаар сард явагдаан /Al Jazeera/

Унших: Мөнгөөр аз жаргал худалдаж авч чадах уу? /Washington Post/

Хүлээх: SXSW-аас хүлээх гол зүйлс /IndieWire/

Цэгнэх: TikTok-ийг хорих уу, эс хорих уу? /Recode/

Сонирхох: Хөдөөгийн сэргэлт арга хэмжээнээс /Ikon/