1 гол сэдэв

Юу болов?

Google удтал хүлээлгэсний эцэст ChatGPT-ийн өрсөлдөгчийг танилцуулав. Gemini нэртэй модель нь текст, видео, аудиотой зэрэг ажиллах чадалтай, код бичих, мэдээлэл хайх, санаа боловсруулах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэхэд зориулагдсан юм. Хэрэглээ, багтаамжийнхаа хүрээнд Nano, Pro, Ultra гэсэн ангилалтайгаар нээлттэй болжээ.

Юу нь илүү вэ?

Google-ийн бүх үйлчилгээтэй нийцэн ажиллах чадалтай гэдэг нь энэ моделийн гол давуу тал. Bard чатбот л гэхэд Gemini Pro-той, Pixel 8-ийн хэрэглэгчид Gemini Nano-той шууд интеграц хийн, ашиглах боломжтой болж байна. Одоогоор зөвхөн англи хэлийг дэмжиж байгаа тус модель удахгүй олон хэлтэй болохоос гадна Google-ийн хайлтын систем, веб хөтөч, имэйл үйлчилгээнд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа юм.

ChatGPT-ээс сайн гэж үү?

Салбарын экспертүүд жил гаруй өмнө нээлтээ хийсэн ChatGPT-г одоо л өрсөлдөгчтэй боллоо хэмээн онцолж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Gemini нь ChatGPT-тэй үзүүлэлт, үр дүнгийн хувьд харьцуулалт хийсэн 32 стандарт шалгуураас 30-д нь илүүрхсэн нь үүний нотолгоо билээ.

2 чухал тоо

93.000.000 - 2025 онд нээлтээ хийх Grand Theft Auto VI-ийн анхны трэйлэр Youtube рекордуудыг ээлж дараалан эвдсээр байна. Тэд эхний 24 цагтаа 93 сая үзэлт цуглуулсан нь Mr.Beast-ийн дээд амжилтыг бараг 2 дахин үржүүлсэн үзүүлэлт байв. Эхний 72 цагт 250 сая үзэлттэй болсон нь ч мөн дээд амжилт болжээ.

6.900.000 - Хэрэглэгчийн генетикийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг 23andMe хакеруудын халдлагад өртжээ. 10-р сард явагдсан цахим халдлагад нийт 6.9 сая хэрэглэгчийн ДНХ-ийн мэдээлэл өртөж, алдагдсан хэмээн тэд албан ёсоор мэдээлжээ.

3 онцлох өгүүлбэр

I. IHC Esports PUBG-ийн дэлхийн аварга боллоо.

- Туркийн Истанбул хотноо болсон PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын IHC Esports баг түрүүлж, түүхэн амжилт үзүүллээ. 3 жилийн өмнө 3-р байрт шалгарч байсан тус баг энэ удаад 400 мянган долларын шагнал хүртсэн юм.

- Тэмцээний 2-р байрт мөн Монголын баг Stalward Esports тодров. Харин 4 Merical Vibes-ийн хувьд дөрөвдүгээр байрт бичигдэж Монголын цахим спортын комьюнитигийн хувьд амжилт арвинтай тэмцээн болж өнгөрлөө.

- Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор IHC Esports-ийн Zyol нэрлэгдсэн байна.


II. Т.Свифт оны онцлох хүнээр тодорлоо.

- Time сэтгүүлийн оны онцлох хүнээр АНУ-ын дуучин, артист Тэйлор Свифт нэрлэгдлээ. Тэрээр эцсийн шатны шалгаруулалтад Барби, Ши Жинпинг, В.Путин, Холливүүдийн ажил хаялт зарласан уран бүтээлчид зэрэг 9 өрсөлдөгчийг илүүрхсэн нь энэ.

- Өдгөө 33 настай Т.Свифт энэ жил 45 дуутай аялан тоглолтоороо дэлхийг шуугиулсан. The Eras-ийн баримтат кино бокс оффисын түүхийг бичиж, 249 сая долларын орлого олсон юм. Мөн Биллбордын топ 10-т 5 альбом нь зэрэг бичигдсэн анхны уран бүтээлч болжээ.

- Spotify, Apple Music-ийн шилдэг артистаар тодорсон тэрээр тэрбумтаны статустай болсныг Bloomberg мөн зарлаад удаагүй байна. Үүнээс өмнө энтертэйнмент салбараас Rihanna, Beyonce, Jay-Z нар л ийм амжилт үзүүлж байв.


III. Google-ийн хайлтын тойм цацагдлаа.

- Энэ жилийн дэлхийн хэрэглэгчдийн хамгийн их хайсан түлхүүр үг нь "Газын зурваст өрнөж буй дайн" байсан байна. Үүний дараа Титаник, Туркын газар хөдлөлт зэрэг илэрцүүд бичигджээ. Хувь хүний хувьд Д.Хамлин, Ж.Реннер, Э.Тэйт нар хамгийн эрэлттэй байв.

- Алдарт Л.Мессигийн шинэ баг Интер Майамигийн хайлт бүх спорт багуудыг тэргүүлэв. HBO-ийн The Last of Us харин хамгийн эрэлттэй тв шоу байлаа. Энэ зуны гол хит бүтээлүүд болох Barbie, Oppenheimer зуузай холбон энтертэйнмент ангиллыг өнгөлжээ.

- Хамгийн эрэлттэй артист Shakira байсан нь анхаарал татав. Мөн Солонгос соёлын нөлөө дэлхий даяар тархсаны баталгаа нь хамгийн их хайлт татсан хоолны жор "бибимпап" байснаас харагдана.


4 мэдүүштэй зүйл

AI хууль: Европын Холбоо хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой шинэ хуулийн төсөл болох AI Act-ийг эхний хувилбарыг баталлаа. Ерөнхий хэрэглээний моделиудад хийгдэх эрсдлийн үнэлгээ, тест, тайлангийн журмыг багтаасан уг баримт бичгийг бусад улс орнууд ч жишээлэн ашиглах боломжтой гэдгийг хууль боловсруулагчид онцолжээ.

McDonalds AI: Дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны сүлжээ ресторануудын нэг McDonalds 2024 оноос эхлэн AI-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэнэ. Тэд Google AI-тай хамтран 50 мянган салбараасаа дата цуглуулж, гар утасны захиалгын апп-аас эхлээд салбар, нэгжүүдэд AI ашиглан үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход анхаарах аж.

Крипто арилжаа: Robinhood Европын холбооны зах зээлд крипто арилжааны функцээ нээлээ. Крипто зах зээл сэргэх шинж ажиглагдаж байгаатай зэрэгцэн тэд нийт 25 криптог арилжаалах сонголтыг апп дээрээ нээжээ.

Аварга гэрээ: Японы бэйсболчин Шохей Охтани мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн том гэрээг байгууллаа. Тэрээр Лос Анжелес Доджерс багтай 10 жилийн 700 сая долларын гэрээ үзэглэв. Энэ нь MLB-ийн нийт 8 багийн жилийн төсвөөс илүү гарах үзүүлэлт билээ.

5 сонин хачин

1. Японы аниме маэстро Х.Мияазакигийн шинэ бүтээл "The Boy and the Heron" Америкийн бокс оффисыг 12 сая долларын орлогоор тэргүүллээ. Энэ бол Америкийн зах зээлд оригинал аниме нэгдүгээрт бичигдсэн анхны тохиолдол. Тус кино одоогоор дэлхий даяар 84 сая долларыг цуглуулаад байгаагийн дийлэнх хэсгийг Японы үзэлт бүрдүүлж байгаа юм.

2. Google Form анх удаа тухайлсан хэрэглэгчдэд санал асуулга, судалгаагаа хуваалцах боломжтой боллоо. Google Docs, Slides-т нээлттэй энгийн гэмээр уг үйлдэл Form-д байдаггүй нь хэрэглэгчдийн хувьд ихэд хүлээлт үүсгэсэн нэмэлт болоход хүргээд байсан юм.

3. Yamaha шинэ CD тоглуулагч төхөөрөмжөө танилцууллаа. 90-ээд оны технологийн хит бүтээгдэхүүнийг тэд энэ удаад дахин сэргээж, 5 СD-г зэрэг багтаах боломжтой болгон шинэчилсэн байна. 540 долларын үэнтэй уг төхөөрөмж нь CD хооронд чөлөөтэй шилжих, дараалан тоглуулж үргэлжлүүлэх сонголттой гэдгээрээ онцлогтой юм.

4. Саяхан эхний бүлгээ дуусгасан Netflix-ийн шинэ реалити цуврал "Squid Game: The Challenge"-ийн 2-р бүлэг хийгдэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор тэд найзуудын дунд тоглоход зориулсан шинэ видео тоглоомыг бүтээх болсноо зарлажээ.

5. Индие киноны чиглэлээр тэргүүлж буй A24 кино каталогио Warner Bros.Discovery-ийн платформуудаар түгээх гэрээг хийжээ. Ингэснээр Everything Everywhere All At Once, The Whale, Uncut Gems зэрэг 100 гаруй хит бүтээлүүд HBO, Max, Cinemax-ийн санд нэмэгдэхээс гадна шинэ бүтээлүүд нь кино театраас буумагц дээрх стриминг үйлчилгээнд тавигдах тохиролцоонд талууд хүрсэн байна.

10 унших мэдээ

Ойлгох: Цахиурын хөндийг үүрд өөрчилсөн тулаан /NYTimes/

Турших: Андройдод зориулсан iMessage апп /Beeper/

Тоглох: Game Award 2023-ийн эргэн тойронд /The Verge/

Сонсох: Wikipedia-г сонсох уу? /Hatnote/

Анзаарах: Трампын анхааруулга /CNN/

Унших: Ж.Мартин House of Dragon-д оролцоно /Not A Blog/

Зочлох: McDonalds-ийн кофе шоп /Morning Brew/

ҮЗэх: Алтан бөмбөрцгийн таамаг /Variety/

Сонирхох: Уур амьсгалын өөрчлөлтийн өнгө /BBC/

Тайлбарлах: Оны онцлох үг, Rizz-ийг тайлбарлах нь /Vox/