1 гол сэдэв

Юу болов?

OpenAI Америкийн засгийн газарт хувиа санал болгожээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тус компани 5 орчим хувиа Засгийн газартаа санал болгосон гэнэ. Энэ нь тус компанийн хамгийн сүүлийн үнэлгээ болох 852 тэрбумтай харьцуулбал 42.5 тэрбум доллартай тэнцэх үнийн дүн юм.

Яагаад?

Трампын засаг захиргаа өнгөрсөн сард зөвхөн OpenAI-аас гадна тэдний гол өрсөлдөгч Antrophic-ийн AI модель хөгжүүлэлтэд хориг болон хязгаарлалт тавьж байгаагаа зарласан. Тиймээс OpenAI-ийн хувьд үйл ажиллагааны дарамтаа бууруулж, нөгөө талаас хяналттай хөгжүүлэлтийг идэвхжүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байх магадлалтай.

Цаашид яах бол?

AGI буюу AI-ийн түвшин хүний сэтгэн бодох чадвараас давж гарахад ойрхон ирээд буй энэ үед засгийн газрын зохицуулалт, хууль эрх зүйн орчны шаардлага улам бүр нэмэгдэх болсон нь нууц биш. Энэ үед топ технологийн компаниуд технологийн нөу-хаугаа хэрхэн эзэмших вэ гэдэг нь бодлого боловсруулагчдын гол асуудал болоод байгаа юм.

2 чухал тоо

2295: Венесуэлийн хойд хэсэгт болсон 7.2 болон 7.5 баллын дараалсан газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 2300-д хүрчээ. Мөн 11 мянган хүн гэмтэж бэртэн, 13 мянган хүн орон гэргүй болов. Газар хөдлөлтийн хохирлын хэмжээ одоогоор 10 орчим тэрбум доллараар хэмжигдэж байгаа нь тус улсын ДНБ-ын 10%-тэй тэнцэнэ. Аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа. НҮБ-ын тооцоолсноор 20 орчим мянган хүн ор сураггүй алга болоод байгаа юм. Газар хөдлөлтөөс зургаан хоногийн дараа нурангин дороос 3 настай хүүг эсэн мэнд олсон нь “найдвар төрүүлсэн мөч” байлаа хэмээн тус улсын ерөнхийлөгч онцолжээ.

4,800,000,000: Европын холбооноос Google-ийн Андройд үйлчилгээ апп хөгжүүлэгчдэд өрсөлдөөнийг хязгаарлаж, шударга бус нөхцөл үүсгэж байна хэмээн буруутгасан юм. Улмаар 2018 онд түүхэн дэх хамгийн том буюу 4.7 тэрбум долларын торгуулийг оногдуулжээ. Гэвч Google уг шийдвэрийг эсэргүүцэн өдийг хүртэл давж заалдсаар байсан юм. Өнгөрсөн пүрэв гарагт Европын дээд шүүхээс Google-ийг буруутай гэж үзсэн эцсийн шийдвэрээ гаргажээ. Тэд Android үйлдлийн системд өөрсдийн зарим апп-ыг шууд суулгах нөхцлийг бүрдүүлсэн нь шударга өрсөлдөөний эсрэг үйлдэл болсон хэмээн үзсэн байна.

3 онцлох өгүүлбэр

I. Comcast медиа бизнесээ салгана

- Америкийн хамгийн том харилцаа холбооны компаниудын нэг Comcast медиа бизнесээ бие даасан, нээлттэй компани болгон салгах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд 2011 онд хожмоо NBCUniversal нэртэйгээр үйл ажиллагаа явуулах болсон медиа эзэнт гүрнийг 30 тэрбумаар худалдан авч байсан юм.

- Шинэ бизнес төлөвлөгөөгөөр NBCUniversal-ийн бүрэлдэхүүнд NBC News тэргүүтэй телевизийн сувгууд, Европын топ медиа сүлжээнд тооцогдох Sky болон киноны бизнесийг төвлөрүүлсэн Universal студио багтана. Мөн Peacock стриминг платформ харьяалагдана. Харин Comcast-ийн хувьд гар утасны үйлчилгээ, интернет сүлжээ болон кабелийн үйлчилгээний бизнестээ төвлөрөх болсон байна. Өөрөөр хэлбэл, тэд 15 жилийн өмнөх наймаагаа “буцаачихлаа” гэж хэлж болно. Comcast-ийн хувьд сүүлийн жилүүдийг Starlink тэргүүтэй шинэ үеийн интернет түгээгчдийн өрсөлдөөнт сорил дунд өнгөрүүлж буй. NBCUniversal-ийн хувьд ч Netflix эсвэл Amazon-д зарагдах магадлалтай хэмээн яригдаж байсан билээ.

- Сонирхуулахад, Comcast-ийн хувьд энэ оны эхээр кабелийн телевизийн сувгууд болон зарим дижитал платформуудаа Versant Media гэсэн нэрийн дор мөн салгасан. Versant-ийн хувьд CNBC болон MS Now, E!, Syfy зэрэг сувгуудаас гадна Rotten Tomatoes, Fandango зэрэг олон сая хэрэглэгчтэй энтертэйнмент платформуудыг эзэмшдэг юм.


II. БНСУ-ын Ерөнхийлөгч 15 жилийн дараа Монголд айлчилна

- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд гэргий Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь БНСУ-ын төрийн тэргүүний хувьд 2011 оноос хойших анхны төрийн айлчлал болж буйгаараа онцлог юм.

- Айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэж, Засгийн газар болон байгууллага хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

- Монголд ирэхээсээ өмнө И Жэ Мён Туркийн Анкара хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг Энэтхэг-Номхон далайн түнш орнуудын удирдагчидтай уулзана. Тэрбээр мөн НАТО-гийн батлан хамгаалахын аж үйлдвэрийн форумд оролцож, БНСУ-ын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар байр сууриа танилцуулах юм.


III. Хятадад “хиймэл” нар туршжээ

- Хятад улс халуун цөмийн нэгдлийн реактор буюу "хиймэл нар" төслийнхөө хамгийн чухал хоёр төхөөрөмжийн туршилтыг амжилттай дуусгаснаа зарлалаа.

- Эдгээр нь, хэдэн зуун сая хэмийн плазмыг соронзон орны тусламжтай тогтвортой барих 582 тонн жинтэй тороидал соронз болон плазмын гүйдлийг үүсгэж, тогтвортой хадгалах өндөр температурын хэт дамжуулагч төв соленоид төхөөрөмжүүд юм. Туршилтаар хоёр төхөөрөмжийг бодит ашиглалтын нөхцөлд амжилттай ажиллуулж, төлөвлөсөн техникийн бүх үзүүлэлтийг хангаж чаджээ.

- Уг төхөөрөмжүүдийг бүрэн дотооддоо үйлдвэрлэсэн материал, технологиор бүтээснийг Хятадын Шинжлэх ухааны академи онцолжээ. Энэ нь Хятад улс цэвэр, бараг хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр гэж үздэг халуун цөмийн нэгдлийн технологийг хөгжүүлэхэд томоохон ахиц болсон гэж судлаачид үзэж байна.

4 мэдүүштэй зүйл

Шинэ ерөнхийлөгч: Перу улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт дуусаж, К.Фүжимори 50.1%-ийн саналаар ялалт байгуулжээ. Тэрээр гол өрсөлдөгч зүүний үзэлт Р.Санчесаас 50 мянга хүрэхгүй саналаар илүүрхсэн нь энэ юм. Ингэснээр К.Фүжимори тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байна. Өдгөө 51 настай Кэйко бол тус улсыг 1990-2000 онд удирдаж байсан Алберто Фүжиморигийн том охин юм. 19 настайгаасаа эцгийгээ дагаж олон нийтэд танигдаж, 2006 онд парламентад рекорд саналаар сонгогдож байсан тэрээр өмнө нь гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдаж байжээ.

Хүчингүй зарлиг: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн бүх хүүхдэд автоматаар иргэншил олгодог эрхийг хүчингүй болгосон. Тэрээр эх нь АНУ-д хууль бусаар оршин сууж буй, эсвэл байнгын оршин суух эрхгүй тохиолдолд хүүхдэд нь иргэншил олгохгүй байх зарлиг гаргаад байсан юм. Уг асуудлыг дээд шүүхээс хэлэлцэн 6:3-ын харьцаатайгаар хүчингүй болгох шийдвэр гаргасан нь энэ юм. Д.Трампын хувьд уг шийдвэрийг “Хятадын ялалт” хэмээн онцолж, дахин хязгаарлах арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Супер гүрэн: Канадын Засгийн газар газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж, Азийн зах зээлд төвлөрсөн экспортын шинэ гарц үүсгэх төлөвлөгөөгөө зарлалаа. Ерөнхий сайд Марк Карни энэ хүрээнд улсаа "эрчим хүчний супер гүрэн" болгох амбицтай байгаагаа нуусангүй. Одоогоор Канадын газрын тосны экспорт бараг бүхэлдээ буюу 92% нь Америктай холбоотой. Гэвч Вашингтон импортын бүтээгдэхүүнд 100 хүртэлх хувийн тариф ногдуулж болзошгүй талаар мэдэгдсэн нь Канадын худалдааны бодлогыг эргэн харахад хүргэжээ. Үүний хариуд Засгийн газар АНУ-аас бусад зах зээлтэй хийх худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

Шинэ эм: Төв Африкт дэгдээд буй Эболагийн тархалттай тэмцэх зорилгоор шинэ эмийн клиник туршилт албан ёсоор эхэлжээ. Туршилтад нийт 1,200 хүртэлх хүн хамруулж, хоёр шинэ эмийн үр нөлөөг үнэлэхээр төлөвлөөд байна. Энэ онд тархаад буй бундибугё омгийн эсрэг батлагдсан эм, вакцин байхгүй байгаа нь нөхцөл байдлыг хурцатгаж, зөвхөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад л гэхэд 458 хүн амиа алджээ. Иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс олон жил шалтгаалан эрүүл мэндийн салбар нь доройтсон тус улсад 2024 онд 35 сая хумхаагийн тохиолдол бүртгэгдэж, 68 мянган хүн нас баржээ.

5 сонин хачин

1. “Minions & Monsters” бокс оффисыг тэргүүллээ. “Despicable Me”-ийн ертөнцийн 7 дахь бүтээл, “Minions” цувралын гурав дахь анги бокс оффисоос 150 гаруй сая долларын орлого олжээ. Үйл явдал нь хамгийн эрт буюу 1927 онд өрнөх уг бүтээлийг шүүмжлэгчид маш эергээр хүлээн авч байгаа. Тиймээс ч 2015 онд гарсан “Minions”-ийн 1.15 тэрбумын рекордыг эвдэх магадлалтай хэмээн үнэлж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн турш тасалбар борлуулалтаар тэргүүлсэн “Toy Story 5”-ын орлого дэлхий даяар 1 тэрбумд хүрсэн байна.

2. Өнөө цагийн поп ертөнцийн нүүр царай болсон Тэйлор Свифт хуримаа хийлээ. Түүний хуримын нийт зардал 20 орчим сая доллар хэмээн мэргэжилтнүүд тооцож байна. Хосууд Нью Йоркийн төвд MSG-ийн ойр орчмын замыг хааж, нэмэлт хамгаалалт гаргахад цагт 66 мянган доллар төлж байгаа аж. Уг арга хэмжээнд уригдсан 1000 зочид дотор бизнес, урлаг, спортын одод голцуу багтжээ. Тэрээр өөрийн нөхөр, NFL-ийн од Трэвис Кэлсэтэй 2023 оноос эхлэн үерхжээ.

3. Дэлхийн хамгийн их тоглогчтой консоль тоглоом Playstation-ийг бүтээгч Sony компани 2028 оноос эхлэн тоглоомын биет диск үйлдвэрлэхгүй гэдгээ зарлалаа. Сүүлийн жилүүдэд дижитал хувилбараар буюу цахимаас татаж тоглох зан үйл эрс нэмэгдсэн учир тэд зардал хэмнэх үүднээс уг шийдвэрийг гаргажээ. Сонирхуулахад, тоглоомын салбарын хамгийн өндөр хүлээлттэй байгаа GTA VI тоглоом л гэхэд зөвхөн дижитал хэлбэрээр гарна гэдгээ зарласан билээ.

4. Миланд төвтэй Bending Spoons хэмээх компани AOL, Evernote, WeTransfer, Vimeo зэрэг интернет хэрэглэгчдийн хайртай брэндүүдийг ээлж дараалан худалдан авсаар олны анхаарлын төвд орсон юм. Тэгвэл тус компани өнгөрсөн долоо хоногт NASDAQ бирж дээр 18 тэрбумын үнэлгээтэйгээр IPO хийжээ. Арилжаа нээгдсэн даруйдаа ханш нь 40%-аар нэмэгдсэн байна. Тэд цаашид ч бие даасан апп, платформуудыг худалдан авч, технологи, хүний нөөц хуваалцах замаар илүү үр ашигтай, орлоготой ажиллах моделийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

5. Цахиурын хөндийд AI-ийн нөлөөгөөр өдөр бүр мянга мянган ажлын орон тоо цомхотголд орох болсон. Тэгвэл энэ хөдөлгөөнийг тэргүүлэгчдийн нэг Microsoft эсрэгээрээ 6000 шинэ ажлын байр үүсгэнэ гэдгээ зарлалаа. Тэд Microsoft Frontier нэртэй нэгж байгуулж, харилцагчдад AI нэвтрүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ гэнэ. Улмаар өөрсдийн зарим инженер, борлуулагчдыг тус компанид шилжүүлэх болжээ. Уг төсөлдөө тэд 2.5 тэрбум долларын хөрөнгө оруулах ажээ.