1 гол сэдэв

Юу болов?

АНУ-ын ерөхийлөгч Д.Трамп өнгөрөгч долоо хоногт дэлхийн бүх улсад тариф ногдуулах шийдвэрээ зарласан нь эдийн засгийг тэр чигт нь донсолгож орхив. Уг шийдвэрийн дараах өдөр зөвхөн Америкийн хөрөнгийн зах зээл 2.5 их наядыг алдаж, S&P 500-ын үнэлгээ 5%-аар буурсан юм. Энэ бол 2020 оноос хойшхи хамгийн том уналт болж байна.

Гол хохирогч хэн болов?

Улсууд бас компаниуд. 54%-ийн тариф оногдуулсан Хятадын зах зээлтэй нягт холбоотой Apple-ийн үнэлгээ 250 тэрбум доллараар, 32%-ийн тарифтай болсон Тайвантай хагас дамжуулагчийн бизнесээр холбогддог Nvidia-ийн үнэлгээ 273 тэрбумаар тус тус буурав. Үүнээс гадна Вьетнамд 46%-ийн тариф тогтоосон нь Nike (-15%) болон Vans, The North Face-ийн толгой компани VF Corp (-25%)-д хамгийн хүчтэй нөлөөлөв. Мөн Starbucks, Mattel, Hasbro, Target, Dell, HP зэрэг компаниудын үнэлгээ хамгийн багадаа 10%-аар унав.

Одоо яах вэ?

Зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар энэ бол Трампын олон улстай хийх хэлэлцээрийн гол зэвсэг болох боломжтой. Эдийн засагт богино хугацаанд инфляц өсөж, өсөлт удаашрах эрсдэл маш их бий. Тиймдээ ч дийлэнх эдийн засагчид энэ шийдвэрийг эсэргүүцэж буй. Нөгөө талд зах зээлээ хамгаалж, дотооддоо хөрөнгө оруулалт татах замаар ажлын байр бий болгох бодол Трампын багт байгаа нь гарцаагүй. Юутай ч Трампын захиргааны гаргаж буй олон асуудлыг эсэргүүцсэн “Гараа тат” нэртэй жагсаал Америкийн 50 мужид амралтын өдрүүдээр зохиогдов. Нийт 1400 орчим жагсаал тайван хэлбэрээр явагдсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

2 чухал тоо

895: Хэзээ ч эвдэгдэхгүй гэгддэг байсан NHL-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Грецкигийн амжилтыг Оросын хоккейчин Александр Овечкин нэгээр ахиуллаа. Өдгөө 39 настай Алексей Овечкин Нью Йорк Айландерсийн эсрэг гоолдсоноор энэ улирлын 42 дэх, карьерын 895 дэх гоолоо орууллаа. У.Грецки уг амжилтыг 1487 тоглолтод үзүүлсэн бол Овечкин 1487 дахь тоглолтдоо давсан нь энэ. Ташрамд дурдахад, түүний рекорд эвдэх боломжтой тоглолт бүрийн хамгийн хямд тасалбарын үнэ 2000 долларыг давж, асар их хүлээлтийг үүсгээд байсан билээ.

40.000.000.000: OpenAI 40 тэрбум доллар босголоо. Энэ дүн бол түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын нэг гэсэн үг. Уг санхүүжилтийн үеийг Softbank тэргүүлж, Microsoft, Coatue, Thrive зэрэг компаниуд оролцжээ. Ингэснээр OpenAI-ийн зах зээлийн үнэлгээ 300 тэрбум доллартай тэнцүү болж байна. Тус компанийн нэрийн бүтээгдэхүүн ChatGPT-г 500 сая хэрэглэгч долоо хоног тутам ашиглаж байгаа бөгөөд хамгийн сүүлд гаргасан зураг бүтээх хэрэгслээр нь 7 хоногийн дотор 700 сая зураг шинээр бүтээсэн гэнэ. OpenAI одоо дата төв, дэд бүтцийн төслүүд санхүүжүүлэх зорилготой байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Amazon TikTok-ийг авах саналаа илгээжээ

- Энэ наймаа явагдвал технологийн салбарын төлөв байдлыг огцом өөрчлөх нөлөөтэй. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Цагаан ордны зүгээс саналыг тийм ч чухлаар авч үзэхгүй байгаа гэнэ. Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн буруутгагдаж буй TikTok-ийн Америкийн бизнес хамгийн багадаа 100 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үүний дараагаар TikTok-той холбоотой шийдвэр гаргах эцсийн хугацааг дахин 75 хоногоор сунгаж байгаагаа зарлалаа. Тэрээр тангаргаа өргөсний дараа тогтоосон сунгалтын эцсийн хугацаа өнгөрөгч бямба гараг байсан юм. Түүнийг TikTok-ийг ашиглаж Хятадтай хийх худалдааны хэлэлцээрт давуу тал олж авах гэж байна хэмээн зарим экспертүүд таамаглаж буй.

- Amazon-оос гадна TikTok-ийг Blackstone, Andreessen Horowitz гэсэн топ хөрөнгө оруулалтын фирмүүд сонирхож байгаагаа илэрхийлсэн. Хамгийн сүүлд OnlyFans-ийн үүсгэн байгуулагч Т.Сткоүкли, AppLovin, Perplexity, MrBeast зэрэг талууд хэлэлцээрт оролцож байгаа мэдээлэл гарсан билээ.


II. “A Minecraft Movie” 2025 оны нээлтийн рекордыг эвдлээ

- Дэлхий даяар 200 сая гаруй идэвхтэй тоглогчтой Minecraft-ийн кино өнгөрөгч амралтын өдрүүдээр дэлхийн нээлтээ хийлээ. 150 сая долларын төсвөөс бүрдсэн уг кино эхний долоо хоногтоо л уг зардлаа нөхөх төлөвтэй байна.

- Энэ бол даруухан амжилттай эхэлсэн 2025 оны хамгийн том нээлт болно гэсэн үг. Өмнөх амжилтыг “Captain AmericaL Brave New World” 88 сая долларын орлогоор эзэмшиж байв. Мөн уг бүтээл видео тоглоомын кинонуудаас хамгийн амжилттай нээлтээ хийсэнд тооцогддог “The Super Mario Bros.Movie”-ийн 146 сая долларын амжилтыг ч эвдэх боломжтойд тооцогдож байна.

- Minecraft 2011 онд анх гарсан даруйдаа хит болж, улмаар 2014 онд Microsoft-д 2.5 тэрбумаар зарагдсан түүхтэй. Уг брэнд олон улсад, ялангуяа Хятадын зах зээлд маш алдартай учраас Warner Bros. ихээхэн найдлага тавьж байгаа билээ.


III. Microsoft 50 нас хүрлээ

- Билл Гэйтс, Пол Аллен нарын гараждаа байгуулж байсан компани өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компаниудын нэг нэгэнт болжээ. Тус компанийн үнэлгээ 2.6 их наядад хүрч, өнгөрсөн жил Apple-ийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниар тодорсон ч удаатай. 90-ээд оны эхэн үед Windows үйлдлийн систем зах зээлд ноёлж, Office залуу мэргэжилтнүүдийн зайлшгүй ашиглах програм, ур чадвар болтлоо бизнесийн салбарт байр сууриа эзлээд байв.

- Хэдий 2000 онд CEO-оор томилогдсон С.Балмер 13 жилийн дараа ажлаа өгөхдөө компанийн орлогыг 3 дахин нэмэгдүүлж чадсан ч гар утас, онлайн хайлт, сурталчилгааны зах зээл дэх наймаанууд нь бүтэлгүйтсэн гэж хэлж болно. Гэхдээ энэ үед тэд Xbox-оор видео тоглоомын зах зээлд нэвтэрч, клоуд үйлчилгээний бизнес Azure-ээ эхлүүлж чадсан юм. 2014 оноос компанийг удирдах болсон С.Наделлагийн үед Microsoft дахин сэргэж, AI-ийн эрин үеийг манлайлагчдийн нэг болж чадсан.

- Өнгөрөгч улиралд 88 тэрбум долларын орлоготой ажилласны дийлэнхийг клоуд зах зээлийн 21%-ийг эзэлж буй Azure бүрдүүлэв. Мөн OpenAI-д 13 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн хиймэл оюунд суурилсан CoPilot нь компанийн экосистемд бүрэн нэвтэрч чаджээ. Linkedin, GitHub, Activision Blizzard, Minecraft-ийн амжилттай наймаа нь тэдний байр суурийг улам ч баталгаажуулах болжээ. Квант компьютерийн судалгааг тэргүүлж, бүр бодисын шинэ төлвийг хүртэл нээснээ зарлаад удаагүй байгаа билээ. Төрсөн өдрийн мэнд, Microsoft!

4 мэдүүштэй зүйл

AI дасгалжуулагч: Болзооны тэргүүлэх апп Tinder-ийн “The Game Game” нэртэй шинэ тоглоом AI-ийг найрах “хүндхэн” даалгавраас бүрдэх юм. Оногдсон хугацаанд эсрэг хүйстнээ найрах төрөл бүрийн сорилтыг давж, оролдлого хийсний эцэст AI чатбот танд гаргасан алдаагаа засах, сайжруулах зөвлөмжийг өгөх зарчмаар тоглоом үргэлжлэх ажээ. Энэ нь ялангуяа Gen Z-ийн хэрэглэгчдэд болзооны зөвлөх, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэх потенциалтай хэмээн Tinder найдаж байна.

Дижитал ихэр: Хувцас, загварын ертөнцийн топ брэндүүдийн нэг H&M энэ онд багтаан 30 моделийн дижитал ихрийг бүтээх гэнэ. Ингэхдээ тэдний бүтэн биеийг бүх өнцгөөс нь дижитал хувилбарт шилжүүлж, улмаар дижитал орчинд ашиглах эрхийг нь эзэмших гэрээ байгуулжээ. Энгийн хүний нүдээр ялгагдахгүй гэж тодотгосон уг дижитал ихрүүдийг тэд цаашдын реклам, сурталчилгаандаа ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь нийгмийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнүүлэв. Уран бүтээлчид, салбарынхан дийлэнх нь уг аргачлалыг ёс зүйгүй хэмээн буруутгаж байгаа ч зарим оролцогч талууд орлогын шинэ эх үүсвэр үүсгэх, арилжааны цоо шинэ талбар болно хэмээн мэтгэж байгаа юм.

Аварга санхүүжилт: Нобелийн шагналтны стартап 600 сая доллар босгов. 2024 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн Д.Хассабисийн эхлүүлсэн Isomorphic Labs AI ашиглан шинэ эм илрүүлэх платформ бүтээх зорилготой. 2021 онд Google-ийн DeepMind лабораториос салж, бие даан үйл ажиллагаа явуулах болсон тус компани Thrive Capital тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татжээ. Тэд энэ хөрөнгөөрөө шинээр нээсэн эмийг клиникийн туршилтын үйл явц руу шилжүүлэх ажлыг эхлүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ирээдүйн төлөв: НҮБ-ын Худалдаа хөгжлийн агентлагийн гаргасан тайланд дурдсанаар 2033 он гэхэд хиймэл оюуны зах зээлийн үнэлгээ 4.8 их наядад хүрнэ гэнэ. Хэдий уг технологи дижитал шилжилтийг эрчимжүүлж, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх хэдий ч тэгш бус байдлыг гааруулах эрсдэлтэй байгааг сануулсан байна. Судлаачдын үзэж байгаагаар дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн 40% нь автоматжуулалттай холбоотойгоор цомхотголд өртөх эрсдэлтэй гэжээ. Иймд улс орнуудыг AI дэд бүтцээ сайжруулж, түүнтэй холбоотой зохицуулалтыг гаргаж, өсөлтийг үр ашигтайгаар шингээх тал дээр анхаарч ажиллахыг уриалсан байна.

5 сонин хачин

1. Урьдчилан таамаглаж байсанчлан БНСУ-ын Үндсэн хуулийн цэцээс ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ. Гэхдээ уг шийдвэрийг гаргах гэж 38 хоног зарцуулсан нь түүхэнд хамгийн уртад тооцогдоно. Ингэснээр 60 хоногийн дотор ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлагатай болж байна. Юн Сог Ёл 12-р сард цэргийн онц байдал зарласны төлөө импичмент хийгдсэнээс гадна үймээн самуун дэгдээсэн хэргээр яллагдагчаар татагдаад байгаа билээ.

2. “Switch 2” 450 доллараар зарагдах болжээ. Nintendo маш өндөр хүлээлттэй байгаа төхөөрөмжийнхөө үнээс гадна худалдаанд гарах товыг зарлалаа. 2017 онд 300 доллараар анх гарч, 150 сая ширхэг борлуулагдсан Switch-ийн шинэ хувилбар 6-р сарын 5-нд гарах юм. Загварын хувьд нэлээдгүй өөрчлөгдсөн консолд Discord, Zoom-тэй төстэй онлайнаар шууд чатлах боломж нэмэгдсэн байна. Сонирхуулахад, урьдчилсан захиалгад орохын тулд дор хаяж 50 цаг тоглосон байх шаардлага тавьсан нь эрэлт ямар өндөр байгаагийн нэг илрэл болох биз ээ.

3. Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч ажлаа өгнө. Клаус Шваб 55 жилийн өмнө эхлүүлсэн байгууллага өдгөө дэлхийн хамгийн нөлөө бүхий тинк танкуудын нэг болж, жил бүрийн 1-р сард зохиодог Давосын чуулга уулзалт нь төр, хувийн хэвшлийн хамгийн том цугларалт болон өргөжөөд байгаа билээ. Өдгөөө 87 настай тэрээр өнгөрсөн жилээс эхлэн зарим өдөр тутмын ажлаа шилжүүлээд байсан бөгөөд 2027 оны 1-р сар гэхэд албан тушаалаа бүрэн хүлээлгэн өгөх гэнэ. Одоогоор түүнийг залгамжлах эрхэмийн нэр тодорхой болоогүй байна.

4. The Beatles-ийн 4 ангит кино хийгдэнэ. Дэлхийн соёл урлагийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хамтлаг гэж хэлж болох The Beatles-ийн түүхийг алдарт С.Мендез бүтээх болсон байна. Тэрээр “American Beautiy”, “Skyfall” киногоороо танигдсан. Хамгийн сонирхолтой нь тэрээр The Beatles-ийн дөрвөн гишүүн тус бүрийн түүхийг бие даасан кино болгох бөгөөд 2028 оны 4-р сард бүгдийг нь нэгэн зэрэг цацаж, марафон хэлбэрээр фенүүдэд нь хүргэнэ гэнэ. Кинонд Холливүүдийн өнөө цагийн хамгийн эрэлттэй жүжигчдэд тооцогдох П.Мескал (П.Мккартни), Ж.Күинн (Ж.Харрисон), Б.Кеоган (Р.Старр), Х.Дикинсон (Ж.Леннон) нарыг сонгосон нь мөн анхаарал татлаа.

5. М.Ле Пен 2027 оны сонгуульд өрсөлдөх эрхгүй болов. Францын шүүхээс сөрөг хүчний удирдагч М.Ле Пенийг байгууллагын хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзэн ял оноолоо. Түүнд оноосон дөрвөн жилийн хорих ялын хоёр жил нь тэнсэн харгалзах байдлаар үлдсэн нь цахим бугуйвч зүүх ёстой байдлаар оногджээ. Хамгийн гол нь тэрээр 5 жилийн хугацаанд төрийн албан тушаал хаших эрхгүй болж байна. 2023 онд Э.Макронтой хүчтэй өрсөлдөөн үзүүлж, улмаар 2027 оны сонгуулийн гол фаворитоор нэрлэгдэж буй тэрээр Европын холбооноос намд олгосон санхүүжилтийг зориулалтын бусаар захиран зарцуулж, 7 сая еврогоор намаа далд хэлбэрээр санхүүжүүлж байсан буруутгагдсан юм.

10 анзаарах мэдээ

1. Мьянмарын газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 3000 мянгыг давжээ

2. АНУ-ын сенатч К.Бүүкер 25 цагийн турш үг хэлж, түүхэн дээд амжилт тогтоолоо

3. Өмнөд Хятадын тэнгисээс газрын тосны томоохон ордыг илрүүлжээ

4. Max логогоо сольж, HBO-ийн оригинал хувилбартай төстэй болжээ

5. Тажикистан, Киргиз, Узбекистаны ерөнхийлөгчид анх удаа дээд хэмжээний уулзалт хийж, хилийн уулзвар цэгийн гэрээг байгууллаа.

6. AI зураг, видеоны хэрэгсэл бүтээгч Runway 308 сая долларын шинэ санхүүжилт татжээ

7. USDC стэйблкойныг бүтээгч Circle IPO хийх төлөвлөгөөгөө зарлалаа

8. Meta UFC-ийг ивээн тэтгэх болжээ

9. SpaceX дэлхийн туйлуудын дээгүүр нислэг үйлдэх хөлгийг амжилттай хөөргөлөө

10. Amazon-ийн AI агент таны өмнөөс дэлгүүр хэсэж чадна