1 гол сэдэв

Коронавирустэй холбоотой өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэгтгэн энэ долоо хоногийн онцлох сэдвээр сонголоо. Монгол улсын хувьд дотоодын халдварын тоо 531-д хүрч, БЗД-т шинэ голомт бүртгэгдээд байгаа билээ.

Вакцины найдвар

АНУ коронавирусын эсрэг ашиглах хоёр дахь вакциныг баталлаа. Moderna-ийн хөгжүүлсэн энэхүү вакцинаас өмнө тэд энэ сарын эхээр Pfizer-BioNTech-ийн вакциныг хэрэглэхийг мөн зөвшөөрөөд байсан юм.

Тус улс зөвхөн Лхагва гарагт 3600 хүнээ ковидын улмаас алдсан нь дээд үзүүлэлт боллоо. АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пенс олон нийтийн өмнө вакцин тариулж, итгэл нэмэгдүүлэх үйлдэл хийсэн нь олны талархлыг хүлээсэн гэж хэлж болно. Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ж.Байден, өмнөх гурван ерөнхийлөгчийн хамт вакцин тариулна гэдгээ ч мэдэгдээд буй.

Айдас хүйдэс

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 77 сая хүн халдвар авч, 1.6 сая хүн амь насаа алдаад байна. Улс орнуудад нөхцөл байдал сайжрах төлөв хараахан ажиглагдахгүй байгаа учир хөл хорионы эрчээ сулруулахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөсөөр буй.

Францын ерөнхийлөгч Э.Макрон коронавирусын халдвар авснаа зарласан ээлжит төрийн тэргүүн болов. ОХУ-г эс тоовцол хамгийн их тархалттай Европын оронд тооцогдож буй Франц хөдөлгөөн хорьсон шийдвэрээ багахан зөөллөөд байсантай энэ мэдээ зэрэгцсэн юм. Өөр нэг ковидын "хохирогч" Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон зул сарын баярыг "цуцалж", ард иргэдээ гэртээ үлдэж, хөл хориог чангатгах хэрэгтэй байгаагаа мөн мэдэгджээ.

Сүргийн дархлаа тогтоох эсрэг тактик нь амжилтгүй болсныг Шведийн хаан Карл Густаф хүлээн зөвшөөрөв. 350 мянган тохиолдол бүртгэсэн тус улс маск зүүхийг сайн дурын болгож, бар, рестораны үйл ажиллагааг хориглоогүй юм. Дөнгөж өнгөрсөн долоо хоногт л дунд сургуулийн сурагчдын хичээлийг зайнаас явуулах шийдвэр гаргасан билээ.

2 чухал тоо

1 - Байерн Мюнхен болон Польшийн шигшээ багийн довтлогч Роберт Левандовски анх удаа "Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин" шагналыг хүртлээ. Тэрээр өнгөрсөн улиралд 64 тоглолтонд 73 гоол оруулж, клубын хэмжээнд оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, бүгдийнх нь мэргэн буучаар шалгарсан билээ.

38.500.000 - Асар өндөр хүлээлт дор нээлтээ хийсэн "Wonder Woman 1984" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 38.5 сая долларын орлого цуглууллаа. Тэд Хятадын зах зээлд "The Rescue" нэртэй дотоодын кинонд ялагдаж 2-р байрт бичигдсэн нь шинжээчдийн урмыг хугалав.

3 онцлох өгүүлбэр

I. Криптовалютын бирж Coinbase IPO хийх хүсэлтээ гаргалаа.

- Энэ бол том зургаараа крипто зах зээлийн хувьд ялалт юм. Хөрөнгө оруулагчид криптог санхүүгийн нэг хэрэгсэл хэмээн итгэл үзүүлж, өөдрөгөөр ирээдүйг нь тодорхойлж байна хэмээн экспертүүд онцолж байгаа нь санаандгүй хэрэг биш.

- 2012 онд анх байгуулагдсан Coinbase-ийг 100 гаруй орны 35 сая хэрэглэгч ашиглаж, 25 тэрбум доллартай тэнцэхүйц хөрөнгөө эргэлдүүлдэг гэнэ.

- Биткойны үнэ анх удаа 20 мянгын босгыг давж, бүр 23 мянган долларт хүрч бүх цаг үеийн рекордоо мөн эвдсэнтэй энэ мэдээ зэрэгцлээ.


II. Facebook Apple-ийг шүүмжилж, бүтэн нүүр нээлттэй захидлыг топ хэвлэлүүд дээр нийтлэлээ.

- iOS 14-ийн шинэчлэлээр Apple хэрэглэгчдээс сурталчилгааны зориулалтаар датагаа хуваалцахыг зөвшөөрөх эсэхийг асуух шинэчлэл оруулж байгаа нь Facebook-ийн эгдүүг хүргэсэн нь энэ. Хэрэглэгчид "үгүй" гэж хариулах магадлал ихтэй байгаагийн шалтгаан нь нэмэлт тайлбар хийх орон зай, боломж хомс байгаа гэдгийг тэд онцолжээ.

- Үүнийгээ Facebook жижиг дунд бизнесүүдийн оршин тогтнох эсэхтэй шууд холбосон нь анхаарал татав. Байршлаар болон сонирхлоор сурталчилгаа явуулах боломжгүй болох нь жижиг бизнесүүдийн орлогыг 50 хувь хүртэл бууруулна гэдгийг тэд анхааруулсан байна.

- Энэ бол Facebook Apple-тай "муудалцаж" байгаа анхны тохиолдол биш. Тэд App Store-ийн 30 хувийн татварыг эсэргүүцэж маргаан үүсгээд байгаа Epic-ийг дэмжиж, тодорхой санхүүжилт үзүүлж байгаа нь мөн ил болоод байгаа билээ.


III. Samsung зургаан камертай S21-ийг ирэх жил танилцуулна.

- Компанийн албан ёсны блог постод дурдсанчлан ирэх 1-р сард нээлтээ хийх S21 нь камерын хувьд "хувьсал дагуулсан" 6 камертай байх бөгөөд үзүүлэлтээрээ бүх гол өрсөлдөгчдөө хол хаясан байх гэнэ. Тэд мөн S Pen дэмждэг болсон гэдгийг ихэд онцолжээ.

- Тэд камерын технологидоо хиймэл оюун ашиглаж, илүү ухаалаг бөгөөд чанартай болгож байгаа хэмээн мөн бичсэн байна. Мөн 8K бичлэг хийх хүчин чадалтай байх гэнэ.

- Samsung Apple-ийн адилаар цэнэглэгчгүйгээр утсаа нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнийгээ мөн л цахим хаягдлыг багасгаж, хүрээлэн буй орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэхтэй холбон тайлбарлажээ.

4 мэдүүштэй баримт

Сарны шороо: Хятад улс сарнаас дээж авч, эх дэлхийд авчирсан гурав дахь орон боллоо. Тэд 2004 онд уг төслөө эхлүүлж, өнгөрсөн 11-р сард Chang'e 5 нэртэй хөлгийг илгээгээд байсан юм. Хамгийн сүүлд ЗХУ 1976 онд ижил төслийг амжилттай хэрэгжүүлж байжээ.

Шинэ онгоц: Устөрөгчит хөдөлгүүр бүхий онгоц бүтээх амбицтай ZeroAvia хэмээх стартап 21.6 сая долларын шинэ хөрөнгө оруулалт босголоо. Өнгөрсөн 9-р сард анхны 10 минутын нислэгий туршилтаа хийсэн тэдэнд Б.Гэйтс, Amazon, Shell зэрэг топ хөрөнгө оруулагчид итгэл үзүүлжээ.

Шинэ интернет: Их Британийн засгийн газрын дэмжлэгтэйгээр дампуурлаас аврагдсан OneWeb 36 шинэ хиймэл дагуулыг хөөргөлөө. Тэд 2021 оны намар гэхэд хиймэл дагуулаас интернет дамжуулах туршилтаа хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

Хүргэгч машин: Ирэх долоо хоногт NASDAQ-т нээлттэй компани болох гэж буй Canoo шинэ загварын жолоочгүй, хүргэлтийн машинаа танилцууллаа. 33 мянган долларын үнэтэй, цахилгаан хөдөлгүүр бүхий уг машин нь 6000 кг ачаа тээвэрлэх чадалтай бөгөөд 2022 онд худалдаанд гарна гэнэ.

5 сонин хачин

1. Amazon-ий эзэмшдэг Zoox анхны жолоочгүй машины загвараа танилцууллаа. 4 хүний суудалтай, 3.63 метрийн урттай уг машин 120 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтайгаас гадна 16 цаг тасралтгүй ажиллах батарейгаар тоноглогджээ. 6-р сард 1 тэрбум доллар төлж, өөрийн болгосон Amazon уг стартапыг хүн тээвэрт илүү төвлөрөн хөгжүүлэхээ мэдэгдээд байсан билээ.

2. Twitter хэрэглэгчид чат өрөө үүсгэж, аудио дуудлага хийх боломж олгох "Space" нэртэй шинэ нэмэлт туршиж эхэллээ. Уг нэмэлтийн тусламжтайгаар хэрэглэгчид тодорхой сэдэв, үйл явдлууд дээр суурилсан яриа өрнүүлнэ хэмээн тэд найдаж буй. Сонирхуулахад, Twitter энэ долоо хоногт 5 жилийн өмнө 120 сая доллараар худалдаж авсан стриминг апп Periscope-оо хааж байгаагаа зарласан юм.

3. Видео тоглоомын зах зээлийн гол тоглогчдын нэг EA Codemasters-ийг 1.2 тэрбум доллараар худалдан авлаа. 1986 онд байгуулагдсан Codemasters нь машины чиглэлээр дагнасан студи бөгөөд Formula 1, Dirt, Grid зэрэг топ тоглоомыг бүтээгч юм. Эдгээрээс гадна Need For Speed-ийг санал болгодог EA уралдааны ангилалдаа Microsoft-ийн Forza, Sony-ийн Gran Turismo-оос давахуйц тоглоомын сантай болж байгаа нь энэ юм.

4. Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд болох Хунтайж Харри, Меган Маркл нар өөрсдийн оригинал подкаст шоу бүтээх гэрээг Spotify-тай үзэглэлээ. Тэд "Archewell Audio" нэртэй компани байгуулж байгаа нь энэ бөгөөд зул сарын баярын үеэр эхний тусгай дугаараа цацах ажээ.

5. 52 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэдгээ зарласан Reddit TikTok-ийн гол өрсөлдөгчдийн нэг Dubsmash-ийг эгнээндээ нэгтгэлээ. Dubsmash дээр сард 1 тэрбум видео үзэлт бүртгэгддэг бөгөөд Америкийн зах зээлд богино хэмжээний видеоны ангилалд 2-рт бичигддэг апп юм.

10 уншууртай мэдээ

Гайхах: Аватарт юу тохиолдов? /The Verge/

Мэдэх: Мутацаид орсон коронавирусын талаар мэдэх ёстой бүх зүйлс /BBC/

Гайхах: DJI АНУ-ын хар жагсаалтад багтжээ /Techcrunch/

Ойлгох: Cyberpunk-ийн скандалыг тайлбарлах нь /Vox/

Төсөөлөх: Бокс оффисын ирээдүйг тольдох нь /QZ/

Сонирхох: Оросуудын хакийн зорилго /Wired/

Тооцох: Месси Пелегийн амжилттай зэрэгцэв /CNN/

Дурсах: Adobe Flash-ийг санагалзах нь

Санах: Трампын зөв байсан 13 зүйл /Atlantic/

Хүлээх: Planet X-ийн эрэлд /TNW/