1 гол сэдэв

Юу болов?

МАН-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдлоо. Ирэх жилүүдийн улс төрийн ертөнцийн өнгийг тодорхойлох учиртай эрх баригч нам шинэ даргаа сонголоо. 20 цагийн турш үргэлжилсэн МАН-ын Бага хурлын төлөөлөгчдийн олонх нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжжээ. Уг сонгуульд түүнээс гадна Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёр нь хоорондоо өрсөлдөж буй гэдэг утгаараа уг сонгууль эхнээсээ л дуулиан, шуугианаар дүүрэн байв. Талууд сошиал болон хэвлэлийн хурлаар дамжуулан бие бие рүүгээ дайрч, олон төрлийн яриа, баримт сэлтийг ил гаргасан нь олны анхаарлыг татсан. Гэсэн ч эцсийн шийдвэрийг МАН-ын бага хурлын 428 төлөөлөгч гаргасан нь энэ.


Санал хураалт яаж өрнөв?

Намын дүрмийн дагуу Бага хурлын төлөөлөгчдийн гуравны хоёрын саналаар намын дарга сонгогдох учиртай байсан. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад мэтгэлцээний зарчмаар хариулж, өөрсдийн байр суурь, мөрийн хөтөлбөрөө хамгаалсаар өдөр дамнасан хэрэг. Улмаар санал хураалт явагдахад төлөөлөгчдийн 58% нь Д.Амарбаясгаланг дэмжжээ. Ингэснээр бага хурлын эхэнд баталсан журмын дагуу олонхийн саналыг авсан нэр дэвшигчид дахин санал хурааж босго давах эсэхийг тодруулах, эсвэл Их хурлыг зарлан дахин сонгууль явах гэсэн сонголттой болсон юм. Дахин санал хураалтад Г.Занданшатарыг дэмжиж байсан гишүүд оролцогүй хаяж явсан нь нөхцөл байдлыг туйлын төвөгтэй байдалд оруулсныг эх сурвалжууд мэдээлж байна. Гэсэн ч үлдсэн 321 гишүүний 85.7% нь Д.Амарбаясгалангийн төлөө саналаа өгснөөр тэрээр МАН-ын даргаар сонгогджээ. Экс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд тамга тэмдгээ гардуулан өгсөн байна.


Одоо яах вэ?

Намын дүрэм зөрчсөн, хурлын протокол алдагдсан зэргээр олон төрлийн гомдол ирэх өдрүүдэд гарах шинжтэй байгааг онцлох хэрэгтэй. Улсын дээд шүүхээс 30 хоногийн дотор намын даргыг бүртгэх эсэхийг шийднэ. Сөрөг хүчин Ардчилсан нам даргаа сонгож чадалгүй хэд хэдэн хурал дамнасан гашуун туршлагыг ч давтахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хурал даргалагчид болон хэд хэдэн гишүүд дүрмийн дагуу бүх зүйл явагдсан хэмээн онцолж байна. Ингэснээр энэ намрын улс төр ахин цоо шинэ зохиолтойгоор өрнөх болж байна. МАН-ын даргаар 8 жил ажиллах хугацаандаа 3 сонгуульд дараалан ялсан Д.Амарбаясгалан дараагийн ерөнхий сайд болох боломжтой болж байна. Энэ тохиолдолд УИХ-ын даргаар хэн сонгогдох вэ гэдэг асуулт тавигдана. Мөн тэрээр намын бүтэц, кабинетын сайд нараа томилох хэрэгтэй болно. Үүнээс цааш түүнд хуваагдаж талцсан намаа эмхэлж, олон нийтийн дэмжлэгийг эргүүлэн авч 2028 оны сонгуульд ялалт байгуулах хүндхэн даалгавар оногдлоо. Өнгөрсөн сонгуулиар Хангайн бүсэд гэнэтийн ялагдал амссан экс спикер Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байсан ч намаа “базаж” чадсангүй. Түүний улс төрийн карьер цаашид хэрхэх нь ч тодорхойгүй байна. Ихэнх шинжээчид түүнийг 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших хамгийн магадлалтай эрхэмд тооцож байсан билээ. Ташрамд дурдахад, МАН-ын их хурлыг 11-р сарын 15-нд товложээ.

ТОЙМ ОНЦОЛЖ БАЙНА: SUSTAINABLE SUNDAY BY UNITEL

Тогтвортой байдал гэдэг нь товчхондоо байгалиа хайрлаж, өнөөдрийн нөөцөө зөв ашиглаад, ирээдүйдээ ч бас боломж үлдээх тухай ойлголт юм. Орчин үеийн олон тренд, мэдээлэлгүй байдлаас үүдсэн бидний хэвшил болсон буруу хэрэглээг багасгах, тогтвортой байдлын сэдвийг залууст илүү ойрхон бөгөөд сонирхолтой байдлаар харуулах зорилгоор хэрэглэгчдэд “ногоон” гэдгээрээ хоногшсон Юнител групп “Sustainable Sunday” эвентийг зохион байгууллаа.

Тодруулбал, 9-р сарын 21, 28-ны ням гарагт зохиогдсон уг эвент нь DJ, комедиан, quiz, хэлэлцүүлэг, дизайнертай хамт хуучин хувцсаа дахин загварчлах, жинсээр цаас, хуванцраар түлхүүрийн оосор хийх зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг багтаажээ. Ингэснээр ням гаргийг залуус мэдлэг, мэдээлэл авангаа хөгжмөө сонсож, сонирхолтой туршилтуудыг хийн хамтдаа нэг өдрийг эко бөгөөд бүтээлч өнгөрөөлөө.

2 чухал тоо

14.000.000.000 - TikTok 14 тэрбумаар үнэлэгджээ. Гэхдээ энэ бол тус аппын зөвхөн Америк дахь бизнесийн үнэлгээ гэдгийг анзаарах хэрэгтэй. Тус улсад 100 сая гаруй хэрэглэгчтэй TikTok-ийг үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээн Америкийн засаг захиргаа үзэж, 5 орчим жилийн турш төрөл бүрээр шахалт үзүүлж байсан юм. Улмаар Oracle, Silver Lake, MGX тэргүүтэй хөрөнгө оруулагчид бүхий консорциум TikTok-ийн Америк дахь бизнесийн 80%-ийг эзэмших болж байна. Харин Хятадын Bytedance-ийн хувьд 20%-ийг эзэмшсэн үлдэнэ. Сонирхуулахад, шинжээчид TikTok-ийн үндсэн апп-ын үнэлгээг дор хаяж 100 тэрбум доллартай тэнцүү хэмээн үнэлдэг билээ.

100.000.000.000 - Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг Nvidia OpenAI-ийн дата төвийн дэд бүтцэд зориулан 100 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдлээ. OpenAI-ийн хувьд 4-5 сая ширхэг GPU-г ачааллах чадалтай 10 гигаваттын хүчин чадалтай аварга байгууламж байгуулах гэнэ. 700 сая хэрэглэгчтэй болсон OpenAI-ийн хувьд Nvidia-ийн чипийг 2022 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд жил бүр хэрэглээгээ 2 дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Electronic Arts хаалттай компани болно

- Дэлхийн видео тоглоомын ертөнцийн топ тоглогчдын нэг Electronic Arts 50 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Энэ мэдээний дараагаар тус компанийн хувьцааны ханш 15%-аар өсчээ. Уг хэлцлийг Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан PIF тэргүүлж байгаа гэнэ. PIF-ийн хувьд видео тоглоомын салбарт ихээхэн анхаарал хандуулж, Pokemon Go болон Monopoly-г бүтээгчдийг эгнээндээ нэгтгээд байсан билээ.

- Энэ бол Уолл Стрийтийн хувьд түүхэнд бичигдэх хэлцэл болох төлөвтэй байна. Өмнө нь 2007 онд Tux Energy 45 тэрбум долларын рекорд үнэлгээтэйгээр хаалттай компани болж байжээ.

- EA-ийн хувьд NBA 2K, EA FC, Madden NFL зэрэг спортын тоглоомуудаас гадна The Sims, Medal of Honor, Battlefield, Need For Speed зэрэг хит тоглоомуудыг бүтээгч. 1982 онд анх байгуулагдсан тус компани 1990 онд IPO хийж байсан бөгөөд дэлхий даяар 14 мянган ажилтантай юм.


II. Д.Трамп ОХУ-г цаасан бартай зүйрлэв

- АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын ерөнхий ассемблейд оролцох үеэрээ ОХУ, Украйны дайны талаар маш чухал мэдэгдэл хийлээ. Тэрээр өөрийн тууштай баримталж байсан байр сууриасаа эргэж, Украйныг алдагдсан газар нутгаа эргүүлэн авч, дайнд ялах бүрэн боломжтой хэмээн мэдэгдэв. Тэрээр ОХУ-ыг цаасан бар хэмээн нэрлэж, эдийн засаг нь маш хүнд нөхцөлд орж байгааг онцолжээ.

- Тэрээр НҮБ-ын их танхимд хийсэн мэдэгдэлдээ тус байгууллагын идэвхгүй байдлыг шүүмжилсэн үгсийг унагасан. Өөрийг нь 7 дайныг зогсоож байхад ядаж утсаар ч яриагүй хэмээн НҮБ-д гомдолложээ. “хоосон үгс дайныг зогсоохгүй” хэмээн онцолсон нь анхаарал татав. Дүрвэгсдийн асуудлыг дэвэргэж байгааг буруушааж, Европын орнуудыг хилээ чангатгах тал дээр дорвитой арга хэмжээ авахыг уриаллаа. Мөн тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг “хий хоосон зүйл” хэмээн нэрлэж, ялангуяа Европыг эрчим хүчний бодлогоо дахин сөхөж харахыг хүссэн байна. Тэрээр Их Британийн засгийн газрын Хойд тэнгисээс олборлодог газрын тосонд өндөр хэмжээний тариф ногдуулсанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа нуугаагүй.

- Хилээ нээлттэй орхиж, сэргээгдэх эрчим хүчинд хэт их анхаарал хандуулах нь Европыг “устгах” үр дагавартай хэмээн тэрээр илтгэлдээ дурджээ. Үүнээс гадна тэрээр Газын зурваст энх тайван тогтох ёстой гэдгийг онцолж, ХАМАС бүлэглэлийг барьцааны иргэдийг суллахыг уриалсан байна. Мөн Их Британи, Франц, Австрали зэрэг холбоотнууд нь Палестиныг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж байгаа нь террористуудыг шагнаж байгаа явдал хэмээн нэрлэв.


III. Төв Азийн орнууд аварга гэрээ хийлээ

- НҮБ-ын ерөнхий ассемблейн үеэр улс орнууд улс төр, бизнесийн олон хэлцлүүд хийгддэг уламжлалтай. Энэ жилийн тухайд хамгийн идэвхтэй тоглогчдоор Төв Азийн хамгийн том зах зээлд тооцогдох Казахстан, Узбекистан нэрлэгдэж байна.

- Узбекистаны хувьд Boeing-оос 22 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв. Төрийн өмчид Uzbekistan Airlines-ийн хувьд 8 тэрбум долларын үнэтэй гэрээг хийж байгаа нь энэ юм.

- Нөгөө талд Казахстан Америкт төвтэй Wabtec-ээс 4.2 тэрбум долларын үнэтэй 300 ширхэг галт тэрэгний зүтгүүр худалдан авах болжээ. Энэ бол АНУ-ын төмөр замын түүхэнд хамгийн өндөр дүнтэй экспортын гэрээ болсон байна.

4 мэдүүштэй зүйл

Аварга гүүр: Дэлхийн хамгийн том гүүр нээгдлээ. Далайн түвшнээс дээш 625 метрийн өндөрт өргөгдсөн Хуажян нэртэй гүүр Хятадад нээгдлээ. 2890 метр урт үргэжлэх уг гүүрийг барихдаа нийт 21 төрлийн патент авч, гүүр барих технологийг ахиулж чадлаа хэмээн Гуйжоу мужийн захиргаанаас мэдэгджээ. Сонирхуулахад, уулархаг бүс нутагт орших Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний талаас илүү нь оршдог ажээ.

Гурван тэрбум: Instagram 3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Meta компани тус апп-ыг 2012 онд ердөө 1 тэрбум доллараар худалдан авч байсан. 2022 оны 10-р сард 2 тэрбум хэрэглэгчтэй болж байснаа зарлаж байсан тэд өдгөө сар бүр тогтмол ашигладаг 3 тэрбум хэрэглэгчтэй болжээ. Ингэснээр тэд Facebook, Whatsapp-ын дараах 3 тэрбумын клубын гишүүн болж байгаа юм.

Аутизм өдөөгч: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп жирэмсэн эхчүүд парацетамол хэрэглэх нь аутизмтай хүүхэд төрөх магадлалыг нэмэгдүүлдэг хэмээн мэдэгдэв. Үүнтэй холбоотой Америкийн зах зээлд Tylenol хэмээх брэндээр парацетамолыг борлуулдаг Kenvue-ийн хувьцааны ханш 17%-аар буурчээ. Тэрээр Харвардын судалгаагаар уг үр дүн батлагдсан хэмээн онцолж, бие давхар байхдаа парацетамол ашиглахгүй байхыг зөвлөжээ. Гэсэн ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэргүүтэй олон мэргэжлийн байгууллагууд уг мэдэгдлийг няцаасаар байна. Одоогоор жирэмсний үеийн хэрэглээ болон аутизмтай холбоотой гэсэн баримт, нотолгоо байхгүй байгааг тодотгожээ.

Алтан бөмбөг: France Football сэтгүүлээс олгодог улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Ballon d’Or” буюу “Алтан бөмбөг” шагналын эзэд тодорлоо. Энэ жилийн шилдгээр ПСЖ-ийн хамтаар Аваргуудын лиг, Францын лиг, Францын цом, УЕФА-ын Супер цомын тэмцээнд тус тус түрүүлсэн О.Дембеле тодорлоо. Өдгөө 28 настай тэрээр анх удаа дэлхийн шилдгээр нэрлэгдэв. Түүний ард Испанийн 17 настай залуу од Л.Ямал бичигдэв. Тэрээр 21-ээс доош насны шилдэг тоглогчид олгодог Копагийн шагналыг хүртжээ.

5 сонин хачин

1. “One Battle After Another” нээлтээ хийлээ. Энэ жилийн Оскарын наадмын гол өрсөлдөгчдийн нэгт тооцогдож буй уг кино нээлтийн долоо хоногтоо 85 сая долларын орлого оллоо. Уг киноны найруулагчаар алдарт Пол Андерсон ажилласан бол гол дүрд Леонардо Ди Каприо тогложээ. Шүүмжлэгчид, үнэлгээний платформоос дан “A+” үнэлгээ авч буй нь Л.Ди Каприогийн хувьд домогт “Титаник”-аас хойшхи хамгийн том амжилт нь болсон байна. Warner Bros.-ийн хувьд уг кинонд нийт 130 сая долларыг зарцуулаад байгаа юм.

2. Мюнхен хотноо зохиогдсон тусгай арга хэмжээний үеэр Xiaomi Mijia брэндийн гэр ахуйн төхөөрөмжүүдээ танилцууллаа. Ухаалаг зурагт, хөргөгч, угаалгын машин тэргүүтэй төхөөрөмжүүд нь хэдийнээ Хятадын зах зээлд хит болсон тул олон улсад ч амжилт үзүүлнэ гэдэгт тэд итгэлтэй байна. Салбарын шинжээчид тэднийг Samsung-тай өрсөлдөх амбицтай байгааг тодотгож буй. Тэд 2027 оноос эхлэн нэрийн дэлгүүрээ дэлхий даяар нээх аж. Үүнээс гадна тэд хоёр ч шинэ утсаа зарлав. Xiaomi 15T, Xiaomi 15T Pro-ын эхлэх үнэ 699 доллар байх гэнэ. Сонирхуулахад, Xiaomi Европын ухаалаг утасны зах зээлд эзлэх хувиараа зөвхөн Apple, Samsung-ийн ард л бичигдэж байгаа билээ.

3. Facebook AI болзооны туслахтай болжээ. Facebook хиймэл оюуны тусламжтайгаар хэрэглэгчдэд хамгийн тохирсон хосыг нь олж өгөхийг хүсэж байна. MeetCute нэртэй уг нэмэлт нь хэрэглэгчдэд өөрсдийн сонирхол, байршил болон хүсэлд нийцсэн хосыг санал болгох чадвартай гэнэ. Мөн долоо хоног бүр санамсаргүй байдлаар болзох санал илгээх аж. Facebook-ийн хувьд болзооны зах зээлд харьцангуй шинэ тоглогч. Facebook Dating нь жил гаруй болсон ч сая хэрэглэгчтэй болж чадаагүй л буй. Тэд 50 сая хэрэглэгчтэй Tinder тэргүүтэй өрсөлдөгчдөө давахар AI туслана хэмээн найдаж байна.

4. Финляндад төвтэй Oura хэмээх стартап эрүүл мэндийн амин үзүүлэлтүүдийг хянадаг ухаалаг бөгжийг гаргаж, зүүдэг төхөөрөмжийн зах зээлд цоо шинэ категорийг үүсгэж чадсан. Тэгвэл тэд шинэ санхүүжилтээр 875 сая доллар татан төвлөрүүлснээр 11 тэрбум долларын үнэлгээтэй болжээ. Нийт 5.5 сая ширхэг ухаалаг бөгж зарсан гэх тус компани энэ жил 1 тэрбум долларын борлуулалттай ажиллах төлөвтэй байна. Сонирхуулахад, АНУ-ын Батлан хамгаалах яам тус компанийн хамгийн том үйлчлүүлэгч бөгөөд цэргийн албан хаагчдын амин үзүүлэлтийг хянахад ашигладаг гэнэ. Өндөр өсөлттэй байгаа тус зах зэлэд хамгийн сүүлд Samsung компани Galaxy Ring-ийг гаргаж, хүчтэй өрсөлдөгч болоод байгаа юм.

5. Ирэх жил хөлбөмбөгийн ДАШТ АНУ, Канад, Мексикт явагдана. Тэмцээнийг зохион байгуулагчид улс орон тус бүрийн онцлог, өв соёлыг илтгэсэн гурван маскотыг зарлажээ. Клач нэртэй халзан бүргэд бол Америкийн бэлгэдэл. Уг бүргэд сониуч зан, өөдрөг байдлыг илэрхийлнэ гэв. Харин Мэйпл нэртэй хандгай Канадыг илэрхийлнэ. Канадын баялаг соёл, ялгаатай байдлын бэлгэ тэмдэг болсон уг амьтан талбай дээр хаалгачийн үүрэгтэй байх гэнэ. Тэгвэл Заюу нэртэй ирвэс харин Мексикийг тодотгоно. Түүнийг бүжиг, хоол, соёлын тээгч хэмээн тодорхойлжээ.