1 гол сэдэв
Юу болов?
Өнгөрөгч амралтын өдрүүд В.Путины засаглалыг эрсдэлд оруулсан, хамгийн сорилттой үе байлаа хэмээн олон улсын экспертүүд дүгнэж байна. Путины хамгийн ойрын дэмжигч гэгддэг Е.Пригожин Telegram хуудсаараа дамжуулан шударга ёсны төлөө тэмцлээ эхлүүлж, Оросын батлан хамгаалах системийг цэвэрлэхээр Москва руу давшиж байгаа зарласнаар энэ бүхэн эхэлсэн юм.
Яагаад?
Пригожин бол 25 мянган цэрэгтэй хувийн армийг Вагнер Группээрээ дамжуулан удирддаг нэгэн. Тэрээр Оросын батлан хамгаалах яамыг түүний цэргүүд рүү бөмбөг хаяж, Украинд цэргийн ажиллагааг үр дүнтэй явуулахад шаардлагатай зэр зэвсгээр хангаагүй хэмээн буруутгасан нь энэ. Улмаар Ростов хотыг эзэлж, Москвад 200 км хүртэл ойртсон нь иргэний дайн дэгдэх аюулын харангийг дэлдэв.
Тэгээд?
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ үеэр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, урвагчдыг өршөөхгүй гэдгээ зарласан. Гэхдээ үүнээс удалгүй Е.Пригожин элэг нэгтнүүдийнхээ цусыг урсгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, холбогдох түвшинд тохиролцоо хийснээ зарлан цэргээ татсан юм. Эх сурвалжууд Беларусийн ерөнхийлөгч В.Лукашенко зуучлагчийн үүргээр түүнийг ятгаж, улмаар шүүхийн хамгаалалт амлаж, цэргийн хангамжийг нь сайжруулах тохироог хийсэн бололтой. Гэсэн ч энэ үйл явдал нь Украинд ширүүн дайн өрнүүлж буй Оросын дотоод асуудал ихээхэн хурцадсаны илрэл боллоо.

2 чухал тоо
4000 - Археологичид Нидерландын төв хэсгээс 4000 жилийн настай эртний байгууламжийн ул мөрийг оллоо. Нарны хөдөлгөөнд тааруулан байрлуулснаас нь үндэслэн уг олдворыг Английн домогт Стоунхенжтэй зүйрлэж байна. Мөн 60 гаруй хүний арга яс, шашины хэрэглэл, хүрэл эдлэл ойр орчмоос нь илрүүлжээ.
10.500.000.000 - Дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн компаниудын нэг 3M ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүддээ хүний биед хортой PFAS буюу "мөнхийн" гэх тодотголтой химийн элементийг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч, 10.5 тэрбум долларын торгууль төлөх боллоо. Тэд ирэх 13 жилийн туршид АНУ-ын ундны усны эх үүсвэрийг сайжруулах чиглэлд уг төлбөрөө зарцуулах гэнэ.

3 онцлох өгүүлбэр
I. Шумбагч хөлөг осолдож, 5 хүн амиа алдлаа.
- Далайн гүнд 3800 метрийн дор живсэн домогт Титаник хөлгийн үлдэгдлийг үзэхээр шумбасан хөлөг осолдож, дэлхий нийтийг цочирдууллаа. OceanGate нэртэй компанийн Titan нэртэй шумбах хөлгөнд нийт 5 хүн байжээ.
- Уг хөлөгт тус компанийн үүсгэн байгуулагч С.Раш болон дэлхийн хамгийн алдартай Титаникийн эксперт П.Хенри-Нарголет нар байсан юм. Үүнээс гадна Пакистаны тэрбумтан Ш.Давүүд, 19 настай хүүгийн хамтаар зорчиж байжээ. Тэрчлэн Blue Origin-ийн анхны сансрын нислэгт багтаж байсан аялагч Х.Хардинг амиа алджээ. Хөлөгт суух нэг тасалбарын үнэ 250 мянган доллар байдаг гэнэ.
- Хөлгийг хайх ажиллагаа 96 цагийн турш үргэлжилсэн ч АНУ-ын эргийн хамгаалалтын баг дэлбэрэлтийн ул мөр, хөлгийн үлдэгдлийг Титаникийн живсэн байршлаас 300 метр орчмоос илрүүлжээ. Үүнээс өмнө аврах баг 30 минут тутамд хүчтэй цохих чимээг тогтоосон нь хүчилтөрөгчийн нөөц дуусахаас өмнө хөлгийг олох найдварыг төрүүлээд байсан юм. Одоо олон улсын экспертүүд ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Гэхдээ 2018 оноос эхлээд салбарын мэргэжилтнүүд Titan хөлгийн дизайн, материал нь эрсдэл өндөртэй гэдгийг анхааруулсаар байсан нь ил болов.
II. И.Маск, М.Цукерберг бооцоот тулаан хийж магадгүй
- Twitter-ийн өрсөлдөгч платформыг Meta бүтээж байгаа гэдэг мэдээнд И.Маск хариу өгөхдөө "рингэн дээр тулалдахад бэлэн байгаа шүү" хэмээсэн нь энэ бүхнийг өдөөсөн. Жиү-жицүгээр хичээллэж, тэмцээнд хүртэл оролцдог М.Цукерберг хариуд нь "байршлаа илгээгээрэй" гэсэн нь байдлыг улам сонирхолтой болгосон юм.
- Үүнтэй зэрэгцээд UFC-ийн ерөнхийлөгч Д.Вайт MMA тулаан хийж магадгүй хэмээн мэдэгдсэн нь тал талын фенүүдийн цусыг хөөргөж орхив. Тэрээр хоёр тэрбумтантай ярилцсанаа дурдаж, энэ яриаг аль аль нь зүгээр нэг хошигнол бус, чухлаар авч үзэж байгаа гэдгийг хэлсэн.
- Тэрээр уг тулааныг 2017 оны Ф.Мэйвэдэр болон К.Мкгрегор нарын тоглолттой зүйрлэсэн нь санаандгүй хэрэг биш. Уг тулааныг зөвхөн АНУ-д 50 сая хүн төлбөр төлж үзэж, рекорд тогтоож байсан юм. Д.Вайт тоглолтын тасалбарыг 100 доллараар тогтоож, стриминг рекорд тогтоох амбицтай байгаагаа нуусангүй.
III. OpenAI хиймэл оюуны апп дэлгүүр нээхийг хүсэж байна.
- ChatGPT-г бүтээгч OpenAI хиймэл оюунд суурилсан апп, програмуудыг нэг дор нэгтгэсэн платформ үүсгэхээр зэхэж байна. Тэд хэдийнээ апп хөгжүүлэгчид, технологийн компаниудтай энэ тухай хэлэлцээр хийгээд эхэлжээ.
- OpenAI-ийн хувьд өнгөрсөн жилийн эцсээр компаниудад AI ашиглан бизнесийн үйл ажиллагаагаа автоматжуулах боломж олгох энтерпрайз үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Үүний тусламжтайгаар Duolingo, Kayak, Khan Academy зэрэг зуу гаруй компани ChatGPT-ийн дата моделийг ашиглан бизнестээ AI функцийг туршиж эхлээд байгаа билээ.
- Энэ загвар нь Salesforce-ийн бизнес модельд хамгийн их нөлөөлөх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор ChatGPT дээр суурилсан 2000 гаруй хэрэгсэл, плагин гараад байгаа гэх тооцоо байгаа юм.
4 мэдүүштэй зүйл
Бүтэлгүй төсөл: NASA 2020 онд анх зарласан цахилгаан онгоц бүтээх төслөө зогсоолоо. X-57 нэртэй уг төслийн хүрээнд тэд хөдөлгүүрийн аюулгүй ажиллагааны горимыг бүрэн хангах шийдэл олж чадаагүй нь хэрэглэгчдийн амь насын эрсдэлд оруулна хэмээн үзжээ.
Бөөний худалдаа: Энэтхэгийн агаарын тээврийн лидер компани IndiGo нийт 500 ширхэг A320 онгоцыг Airbus компаниас захиаллаа. Энэ нь арилжааны тээврийн салбарын түүхэнд хамгийн том захиалгын дээд амжилт болжээ.
Сансрын интернет: Техаст төвтэй AST SpaceMobile хэмээх компани хиймэл дагуулаас 4G LTE интернет цацах туршилтыг амжилттай хийлээ. Хавайд хийсэн туршилтын хурд 10.3 Mbps хүрсэн байна. Тэд дэд бүтцийн хувьд алслагдсан бүс нутагт хиймэл дагуулаар дамжуулан хямд интернет түгээх зорилготой байгаа юм.
Квант амбиц: Microsoft квант супер компьютер бүтээх зорилготой байна. Тэд Azure Quantum нэртэй арга хэмжээнийхээ үеэр суурь судалгааны үеэ давж, хэрэглээнд нэвтрүүлэх шат руу орсноо зарлалаа. Тэднээс гадна IBM, Google зэрэг технологийн томчууд энэ салбарт хүч үзэж байгаа билээ.
5 сонин хачин
1. Бокс оффисын ширүүн өрсөлдөөнд "Spider-Man: Across the Spider-Verse" тэргүүлж, дөрөв дэх долоо хоногтоо ахин №1 боллоо. Тэд дэлхий даяар 560 сая долларын орлого олоод байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногийн лидер "Flash"-ийн борлуулалт 70%-аар буурч, бүр 3-р байр луу уналаа. Энэ нь DC-ийн өмнөх супер баатрын кино болох "Shazam", "Black Adam"-аас ч муу үзүүлэлт юм. Pixar-ийн 200 сая долларын төсөвтэй "Elemental" даруухан амжилтаа үргэлжлүүлж 2-р байрт бичигдсэн ч одоогоор дөнгөж 121 сая долларын орлого л цуглуулаад байна.
2. Перугийн Лима хотноо байрладаг "Central" дэлхийн хамгийн шилдэг рестораны жагсаалтыг тэргүүллээ. 15 жилийн түүхтэй уг ресторан Өмнөд Америкаас уг жагсаалтын эхэнд бичигдсэн анхны ресторан болов. Топ 50-д Испаниас хамгийн олон буюу 6 ресторан бичигджээ. Хойд Америкийн топ ресторанаар №8-д эрэмблэгдсэн Нью Йоркийн Atomix, Азийн топоор №14-т бичигдсэн Сингапурын Odette тус тус нэрлэгдэв.
3. Youtube AI ашиглан видеонд дуу оруулахыг хүсэж байна. Тэд өөрсдийн дотоодын инкубатор хөтөлбөр болох Google Area 120-ийн төгсөгч Aloud-тай хамтран уг функцийг нэвтрүүлж байгаа гэнэ. Одоогоор Англи, Испани, Португал хэл дээр ажиллах уг дуу оруулагч нь ирээдүйд контент бүтээгчийн өөрийн дуу хоолойг хөрвүүлдэг болох амбицтай гэнэ.
4. Vice Media шинэ эзэнтэй боллоо. Дижитал медиагийн эрин үеийн хамгийн олонд танигдсан брэнд Vice санхүүгийн хүнд асуудалд орон энэ оны эхээр дампуурлаа зарлаад байсан. Тэгвэл одоо 44.2 тэрбум долларын хөрөнгө удирддаг Fortress Investment Group тус компанийг 350 сая доллараар худалдаж авах болжээ.

5. Америкийн зохицуулах байгууллагаас лабораторид ургуулсан тахианы махыг хэрэглээнд ашиглахыг анх удаа зөвшөөрлөө. Тахианы эсийг ашиглан гарган авсан мах үйлдвэрлэдэг Upside Foods, Good Meat гэсэн компаниуд анхны эрхийг авсан байна. Үүнээс өмнө Сингапур ижил зөвшөөрөл олгосон анхны улс болоод байсан билээ.


Сэтгэгдэл бичих

