1 гол сэдэв

Юу болов?

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск Twitter-ийг худалдаж авахыг хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн 9.2%-ийг эзэмших болсноо зарлаж, үг хэлэх эрх чөлөөг бүрэн хангах үүднээс удирдах зөвлөлд ажиллахыг зөвшөөрсөн түүний хувьд бодлоо эрс өөрчилсөн нь энэ. Тэрээр нэгж хувьцааг $54.20-оор үнэлэн8 нийт $43 тэрбум долларыг бэлнээр санал болгож, компанийг бүрэн эзэмших санал тавьсан юм. Энэ үнэлгээ нь И.Маск Twitter-т хөрөнгө оруулахаас өмнөх өдрийн ханштай харьцуулахад 54%-аар өндөр үнэд тооцогдохуйц гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар Twitter-ийн зах зээлийн үнэлгээ $37 тэрбумтай тэнцүү байв.

Яагаад ингэх болов?

И.Маск тус компанийн одоогийн удирдлагад итгэхгүй байгаагаа мэдэгдэж, нээлттэй бус хувийн компанийн бүтцээр ажиллах нь урт хугацаандаа илүү өсөлт үзүүлнэ гэж үзэж байгаагаа захидалдаа дурдав. Тэрээр жиргээ засварлах зэрэг инновацлаг нэмэлтийг нэвтрүүлэх, нээлттэй эхэд суурилсан хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, жиргээг модератор хийх үйл явцыг хялбарчлах зэрэг ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилготой байгаа гэгдэж буй. Хэрвээ тэр ТУЗ-ийн суудалд суусан бол компанийн дотоод журмын дагуу хамгийн ихдээ 15%-ийг л худалдаж авах боломжтой болох байжээ. TED-ийн нэгдсэн цуглаанд өгсөн ярианыхаа үеэр И.Маск энэ санал, шийдвэр нь "ашиг мөнгө олох зорилгогүй" гэдгийг тодотгож, хэрвээ саналаас татгалзвал хөрөнгө оруулагчаар үлдэх эсэхээ ахин бодолцож үзэх болно гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгээд юу болов?

Гэхдээ энэ саналыг нь Twitter-ийн удирдах зөвлөл хүлээн авах сонирхолгүй байсан нь эхнээсээ ил байсан. Тиймдээ ч тэд 1980-аад оны үед өргөн хэрэглэгддэг байсан "хортой эм стратеги"-ийг баримталсан шинэ журам гаргах болсноо мэдэгдсэн юм. Эзэрхийлсэн шинжтэй худалдан авалтын саналын эсрэг ашиглагдах уг журмын хүрээнд Twitter-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид өгөгдсөн хугацаанд нэмэлт хувьцааг дискоунттай үнээр худалдан авах боломжтой байх гэнэ. Энэ нь И.Маскийн эзэмшиж буй хувь буурах нөхцлийг бүрдүүлэх ч компанийн үнэлгээ ч дагаж буурах эрсдэлтэй үйлдэл билээ.

2 чухал тоо

75.700.000 - ACI-аас "дэлхийн хамгийн завгүй онгоцны буудал"-ын жагсаалтаа танилцууллаа. Хамгийн сүүлд буюу 2019 онд гарсан жагсаалтыг тэргүүлж байсан Атлантагийн нисэх онгоцны буудал энэ удаад ч мөн тэргүүн байрт бичигдэв. Тус буудал 2021 онд 75.7 сая зорчигч хүлээн авчээ. Тахлын улмаас олон улсын нислэгүүд хязгаарлагдсантай холбоотойгоор эхний арвын 8-ыг нь АНУ-д байрлалтай буудлууд эзэлсэн байна.

500.000.000 - Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-аас ковидын тохиолдлын тоо дэлхий даяар хагас тэрбумд хүрснийг зарлалаа. Ялангуяа Хятадад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоосоор буй. Шанхай хотод коронавирусийн дэгдэлт эрчимтэй нэмэгдсээр, өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо 20 мянгыг даваад байна. Энэ бол цар тахлын анхны тархалтаас хойшхи хамгийн муу үзүүлэлт. Гуравдугаар сарын 1-ээс хойш нийт 330 мянган тохиолдол бүртгэгдээд буй тус хотын орчимд 25 сая хүнийг хөл хорионд оруулаад байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Украин, Оросын нөхцөл байдал хурцадмал хэвээр.

- ОХУ-ын усан флотын хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоц "Москва" живснийг Кремлийн эх сурвалжууд баталлаа. Тэд онгоцон дээр байсан сум дэлбэрснээс болж 186 метр урттай, алсын тусгалын 16 пуужин тээвэрлэх чадалтай хөлөг живсэн хэмээн мэдээлж буй. Гэхдээ Украинчууд өөрсдийн бүтээсэн "Нептун" пуужингаар харваж дэлбэлсэн хэмээн анхлан мэдэгдсэн билээ. Ямартай ч уг үйл явдал Оросын цэргийн хүчний хувьд томоохон хохирол болсон нь гарцаагүй.

- Нөгөө талд Швед, Финланд улсууд НАТО-д элсэх үйл явцыг эрчимжүүлэх болсон нь ОХУ-ыг сандаргаж эхэллээ. Украинд өрнөж буй үйл явдал эртнээс дундыг сахисан байр суурьтай байсаар ирсэн олон нийтийн санаа бодлыг өөрчилсөн нь энэ. Эдгээр улсуудтай 1300 орчим км хилийн шугамыг хуваадаг Оросын тал үүнийг эрс эсэргүүцэж, хил дагуу цөмийн зэвсэг байрлуулна хэмээн мэдэгдээд байна.

- Украин улс дайны дараах бүтээн байгуулалтад зориулан Олон Улсын Валютын Сангаас зээлийн тусламж хүсэхээр зэхэж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд эхний ээлжинд 50 тэрбум долларын дэмжлэг хүсэж байгаа аж.


II. Mercedes Benz-ийн цахилгаан машинаа туршлаа.

- Тэд энэ оны эхээр танилцуулсан "Vision EQXX" концепт машин нь нэг цэнэглэлтээр 1000 км-ийн зайг туулах туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Энэ бол зах зээлд өрсөлдөж буй бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад 2 дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.

- Туршилт Германаас эхлэн Швейцарь, Италийн нутаг дэвсгэрийг дайран үргэлжилжээ. Машин дунджаар 54 км/цагийн хурдтай явсан бөгөөд агаарын хэм 3-18 градуст хэлбэлзэж байжээ. Аялал дуусахад машины батарей 15 хувийн үлдэгдэлтэй байсан гэнэ.

- Гэхдээ шинжээчид тэдний технологи туршилтын төгс орчинд бус илүү хүнд цаг агаарт, хотын хөдөлгөөнд хэрхэн дасан зохицохыг харахыг хүсэж буй. Ямартай ч Mercedes Benz цахилгаан машины салбарт хүч түрэн орж ирж буйн дохио энэ болж байна.


III. Epic Games өөрсдийн мета ертөнцийг бүтээнэ.

- Fortnite-ийг бүтээгч Epic Games метаверсийн төсөлдөө зориулан 2 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татсанаа зарлалаа. Тэд Sony, Lego Group-ээс санхүүжилт татсан нь энэ.

- Тэдний хувьд Fortnite тоглоом, Unreal хөдөлгүүрийнхээ нөөцийг ашиглан өөрсдийн гэсэн мета-ертөнцийг үүсгэх амбицтай байгаа. Хамгийн сүүлд л гэхэд тэд Fortnite-ийн ертөнцдөө Марвелийн дүрүүдийг оруулж, мэргэжлийн спортын тамирчдыг нэгтгээд байсан билээ. Сонирхуулахад, энэхүү хөрөнгө оруулалтын дараагаар тус компанийн үнэлгээ 31.5 тэрбум долларт хүрсэн юм.

- Үүнээс гадна Meta өөрсдийн бүтээж буй метаверс платформ Horizon Worlds-ийг веб хөтчөөсөө ашиглах боломжийг нээхээр ажиллаж байна. Үүнээс өмнө тэд гар утасны хувилбарыг бүтээж байгаагаа зарлаад байсан юм. Ташрамд дурдахад, Meta хөгжүүлэгчдийн орлогоос бараг 50%-ийн шимтгэл авах журам гаргасан нь ихээхэн шүүмжлэлт өртөөд байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Анхны хуанли: Техасын их сургуулийн судлаачид Гветемалын нутаг дэвсгэрт байрлах Сан Бартологийн малтлагын орчмоос 2200 жилийн өмнө ашиглагдаж байсан байж болзошгүй хуанлийн ул мөрийг олжээ. Энэ бол одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний хуанли болж байна гэсэн үг. Судлаачдын үзэж байгаагаар тухайн үеийн маяачууд жилийг 260 өдөртэй хэмээн үзэж байсан аж.

Сүүлчийн динозавр: Эрдэмтэд 66 сая жилийн өмнө эх дэлхий дээр унасан астеройдын улмаас амиа алдсан үлэг гүрвэлийн үлдэгдлийг олсноо зарлалаа. Умард Дакота орчмоос уг биетийн хөл нь хадгалагдан үлдсэн нь энэ байжээ.

Алсын лазер: ӨАБНУ-д байрлах MeerKAT телескопын тусламжтайгаар одон орончид түүхэнд хамгийн хол зайд буюу 5 тэрбум гэрлийн жилийн зайд үүссэн сансрын лазерыг илрүүлсэн байна. Ийм төрлийн хүчирхэг радио долгион нь аливаа хоёр галакси хоорондоо мөргөлдөхөд үүсдэг юм.

Дрон рекорд: Lockheed Martin-ийн Stalker XVE загварын дрон 39 цагийг агаарт өнгөрүүлж дээд рекордыг тогтоолоо. 3600 метрийн өндөрт 93 км/цагийн хурдтай хөөрөх боломжтой уг дроныг тэд 2006 оноос хойш хөгжүүлж байгаа юм.

5 сонин хачин

1. "Fantastic Beasts: The Secrets of Dumbldore" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар $175 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Гэхдээ энэ нь Харри Поттерын "Wizarding World"-ийн өмнөх хоёр ангитай харьцуулахад хамгийн сул үзүүлэлт гэсэн үг. Жагсаалтын 2-р байрт видео тоглоомоос сэдэвлэсэн бүтээлүүд дундаас хамгийн амжилттай дебютыг үзүүлсэн "Sonic The Hedgehog 2" бичигджээ.

2. TikTok сэтгэгдэл бичих хэсэгт "дислайк" буюу "таалагдаагүй" товчийг туршиж байна. 2021 оны сүүлийн улиралд л гэхэд дотоод стандартад нийцээгүй, зохисгүй агуулга бүхий 85 сая видеог устгасан гэх тус платформ алгоритмдын түвшинд хэрэглэгчдээ хамгаалахыг зорьж байгаагийн илрэл нь энэ болж байна.

3. Vivo анхны нугардаг утсаа зарлалаа. X Fold нэртэй уг загвар нь бүтэн дэлгэгдсэн үедээ 8 инчийн дэлгэцтэй болох бөгөөд 50 мегапикселийн үндсэнээс гадна нийт 4 камераар тоноглогджээ. $1413 долларын үнэтэй уг утас эхний ээлжинд зөвхөн Хятадын зах зээлд борлуулагдана.

4. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй чат апп WhatsApp эможи үйлдэлтэй боллоо. Хэрэглэгчид нийт 6 төрлийн эможи ашиглан ирсэн мессежинд хариу үйлдэл үзүүлэх боломжтой байх аж. Тэд цаашдаа арьсны өнгө, өөр төрлийн эможи нэвтрүүлэх зорилготой байгаа гэнэ.

5. Pokemon Go-ийг бүтээгч Niantic виртуал орчинд тэжээмэл амьтантай болохыг хэрэглэгчдэд санал болгож байна. Peridot нэртэй уг тоглоом нь шинэ мянганы эхэн үеийн хамгийн хит тоглоомуудын нэг "Тамагочи"-той төстэй бөгөөд AR, VR технологийг хослуулан хэрэглэснээрээ цоо шинэ хэв маягийг үүсгэнэ хэмээн тэд найдаж байна.

10 унших мэдээ

Унших: Amazon-ийн шинэ CEO-ийн анхны захидал /Amazon/

Сонирхох: Twitter-ийн үүсгэн байгуулагчийн крипто аялал /Bloomberg/

Хүлээх: М.Цукербергийн AR мөрөөдөл /The Verge/

Зочлох: Брүүклин Бекхэмийн зартай хурим /CNN/

Үзэх: Дэлхийн шилдэг гэрэл зургууд /WPO-Sony/

Аялах: Coachella 2022-ийн онцлох агшин /Billboard/

Төсөөлөх: Уурхайгүй дэлхий /BBC/

Эрэх: Метронд халдлага үйлдэгчийн хэрхэн олов? /NYTimes/

Анхаарах: Дайн ойрх дорнодын өлсгөлөнд нөлөөлөх нь /Vox/

Сонсох: Танилц, Spotify Live! /Techcrunch/