1 гол сэдэв
Юу болов?
Samsung жил бүр зохион байгуулдаг уламжлалт Unpacked арга хэмжээгээрээ нугардаг утасны шинэ загваруудаа танилцууллаа. Энэ жилийн гол дүр нь Galaxy Z Flip 5, Z Fold 5 утаснууд байв. Үүнээс гадна тэд Galaxy Tab S9 болон Galaxy Watch 6-г танилцуулсан. Энэ жил тэд Unpacked арга хэмжээгээ компанийн төв байрладаг Сөүл хотноо анх удаа хийжээ.
Гол онцлог нь юу байв?
Z Flip 5-ын хувьд нүүр дэлгэцийн хэмжээ томорсон нь гол ялгаа байв. 3.4 инчийн дэлгэцийн тусламжтай хэрэглэгч утсаа нээхгүйгээр гол үйлдлүүдээ хийж, апп ачааллах боломжтой болов. 6.7 инчийн OLED дэлгэц, S цувралтай дүйцэхүйц камерын үзүүлэлт нь уг утсыг контент бүтээгчдийн мөрөөдлийн төхөөрөмж болгох нь гарцаагүй. Z Fold 5-ын хувьд 13.4 мм-ийн хэмжээтэй болон нимгэрч, Snapdragon 8 Gen 2-оор тоноглогдсноор илүү хүчирхэг үзүүлэлттэй болсон. Үүнээс гадна нугасны шинэ технологийн тусламжтайгаар бүрэн нээгдсэн үедээ ямар нэгэн зай, завсаргүйгээр дэлгэцээ ачааллах боломжтой болсон байна. Шинэ утсыг тэд бизнес хэрэглэгчдэд илүү тохиромжтой хэмээн зарлаж, Microsoft, Google-тэй үүсгэсэн түншлэлүүдээ улам баяжуулжээ.
Өөр юу байв?
Galaxy Watch 6-ын хувьд классик загвараа онцолж, 300 доллараас эхлэн хэрэглэгчдийн гарт хүрнэ. Гэхдээ үүнээс гадна ахисан түвшний нойр хянагчийн технологи нь энэ өдрийн тод зарлал нь байв. Зүрхний цохилт, даралт, нойрны чанарыг хэмжихээс гадна эрүүл амьдралын хэв маягт хөтлөх "дасгалжуулагч"-ийн функц ч нэмэгдэв. Galaxy Tab S9-ийн хувьд энгийн, Plus, Ultra гэсэн гурван хувилбартай гарна. Ultra нь 14.6 инчийн том дэлгэцтэй, OLED гадаргуу, IP68 стандартыг хангасан ус, тоосны хамгаалалттай гэдгээрээ онцлог байлаа.
2 чухал тоо
43.000.000.000 - Европын Холбоо чип үйлдвэрлэлийн зах зээлд 43 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. Тэд 2030 он гэхэд тус зах зээлд эзэлж буй хувиа 2 дахин нэмэгдүүлж 20%-д хүргэх амбицтай байгаа гэнэ.
16 - АНУ-ын усанд сэлэгч Кэйти Ледеки ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд 16 дахь алтан медалиа хүртэж, домогт М.Фелпсийн рекордыг эвдлээ. Тэрээр Японы Фукокоад явагдсан ДАШТ-д 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 6 дахиа дараалан түрүүлж, мөн түүхэн амжилтыг тогтоосон юм. Карьераа 2012 оны Лондоны олимпод 15 настайдаа түрүүлснээр эхлүүлж байсан тэрээр Олимпоос 6 алтан медаль хүртээд байгаа билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Харийнхны тухай шүгэл үлээв.
- Үл мэдэгдэх нисдэг биет, түүний үндэсний аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөтэй холбоотой АНУ-ын Конгрессийн ээлжит сонсголд Д.Груш хэмээх экс цэргийн ажилтан оролцож, шүгэл үлээв. Тэрээр засгийн газар харийнхантай холбоотой мэдээллийг 1930-аад оноос хойш цуглуулж, олон нийтээс асар их мэдээлэл нууцалж байгаа хэмээн мэдээлэв.
- Түүний хамгийн онцлох мэдэгдэл нь АНУ-ын засгийн газар харийн гаралтай биологийн биет буюу харь гарагийн амьтныг эзэмшиж байгаа гэдэг нь байв. Мөн үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой мэдээллийг нууцалж, түүн дээр ажиллаж байсан мэргэжилтнүүдийг ажил мэргэжил болон сэтгэл санааны асар их дарамтанд оруулдаг тусгай тактиктай хэмээн зарлажээ.
- Эдгээр мэдэгдлийг Пентагон албан ёсоор үгүйсгэжээ.
II. Twitter-ийн брэнд X болон өөрчлөгдлөө.
- И.Маск мөрөөдлөө биелүүлж, Twitter-ийн нэрийг албан ёсоор X болгон өөрчиллөө. Хамгийн эхэнд логогоо сольсон тэрээр Playstore болон App Store дахь апп-ийн нэрийг ч тэр чигт нь өөрчлөв.
- 24 цагийн дотор темплэйт ашиглан бүтээсэн логогоо тэрээр Сан Франциско дахь төв оффисынхоо дээвэрт мөн байрлуулаад амжсан. Twitter нэртэй хаягийг ч хуулж, апп, веб дээрх бүх тэмдэглэгээнүүдийг тэр чигт нь сольжээ. Гэхдээ түүнд X нэр эзэмших оюуны өмч байгаа эсэх нь мөн зарим экспертүүдийн анхаарлыг татав.
- Өөр нэг сонирхолтой зүйл нь жиргэх гэдэг хэллэгийг өөрчлөх нь байв. Тэрээр Tweet, Retweet-ийн оронд Post, Repost гэсэн нэршлүүдийг ашиглах туршилтыг хэдийнээ хийгээд эхэлжээ.
III. Түүхэн дэх хамгийн халуун сар тохиож байна.
- Дэлхий даяар тохиож буй хэт халалт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хүн төрөлхтөнд бүрэн мэдрүүлж байна хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш мэдэгдлээ. Тэрээр "дэлхийн дулаарлын үе дуусаж дэлхий буцлах үе эхэлжээ" хэмээн зарлан тунхаглажээ.
- Эхний 23 өдрийн дундаж температур 16.95 градус байсан нь 2019 оны 7-р сарын өмнөх дээд амжилтыг давсан тохиолдол болов. АНУ, Европ, Хятад улс үндэсний хувьд хамгийн халуун сар тохиож байгааг зарлаад байсан билээ.
- 7-р сарын 6-ны өдрийн дэлхийн дундаж температур17.08 градус байсан нь мөн түүхэн дээд амжилт болсоныг үүнээс өмнө зарлаад байсан билээ.

4 мэдүүштэй зүйл
Баталгаажуулагч койн: OpenAI-ийг үүсгэн байгуулагч С.Алтманы эхлүүлсэн крипто төсөл Worldcoin дэлхийн нээлтээ хийлээ. Бета хувилбарт чамгүй хугацааг үдсэн тус төсөл нь Orb нэртэй төхөөрөмжөөр нүдээ уншуулан өөрийгөө баталгаажуулдаг гэдгээрээ онцлогтой. Улам бүр цахимжиж буй орчинд бодит хүн ботыг ялгах суурь технологи болох амбицтай тус төсөл одоогоор дэлхийн 30 гаруй оронд нээгджээ.
Цахилгаан цэнэглэгч: BMW, General Motors, Honda, Hyundai, Kia, Stellantis, Mercedes-Benz гэсэн тэргүүлэгч 7 автомашин үйлдвэрлэгчид нэгдэж, Хойд Америкийг бүрхсэн цахилгаан цэнэглэгч станцын сүлжээг бүтээх боллоо. 2030 он гэхэд тэд нийт 30 мянган станцыг гол хурдны замууд дагуу байршуулах зорилготой байгаа юм.
Нээлттэй зураг: Meta, Microsoft, Amazon нэгдэн нээлттэй газрын зургийн систем хөгжүүлж байгаагаа зарлалаа. Энэ чиглэлд тэргүүлэгч Google, Apple-тай өрсөлдөхүйц Overture нэртэй уг төсөлд 59 сая байршлын мэдээллийг нэгтгээд байгаа гэнэ.
AI туслах: Linkedin өөрийн гэсэн хиймэл оюуныг хөгжүүлж байгаа гэнэ. Тэд хэрэглэгчдэд CV-ээ бичих, сайн ажлын байр олоход нь туслах зорилготой Linkedin Coach нэртэй нэмэлтийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж.
5 сонин хачин
1. Барбенхэймийн бокс оффисын амжилт үргэлжилсээр байна. 150 сая долларын маркетингийн төсөвтэй гэгдэх "Barbie" бокс оффисоос 775 сая долларын орлого цуглуулж, дахин чартыг тэргүүллээ. Харин 100 сая долларын нийт төсөвтэй Oppenheimer-ийн орлого 400 сая долларын босгыг давжээ. Энэ долоо хоногийн гол кино Disney-ийн "Haunted Mansion" 33 сая долларын орлогоор 3-р байрт бичигдэв.
2. TikTok текст постыг дэмждэг боллоо. Хэрэглэгчид сторитой адил форматаар буюу стикер, хөгжим ашиглаж өөрийн дуртай фонт, өнгөөр пост оруулах боломжтой гэнэ. Нэг постод ашиглаж болох тэмдэгт нь 1000-аар хязгаарлагдаж байгаа аж.

3. NASA шинэ стриминг үйлчилгээ нээж байгаагаа зарлалаа. Сансар судлал болон бусад холбогдох шинжлэх ухааны чиглэлийн баримтат кино, цувралууд болон төслийн мэдээлэл, хөөргөх ажиллагаа зэрэг агуулгыг багтаасан уг платформын нэр нь NASA Plus байх гэнэ. Үнэ төлбөргүй, рекламгүй, гэр бүлд ээлтэй хэмээн тодорхойлсон уг стриминг энэ оны сүүлээр нээгдэнэ.
4. Adobe текстээс зураг хөрвүүлэгч AI нэмэлтээ олон улсад нээлттэй болголоо. Өмнө нь зөвхөн Англи хэл дээрх өгөгдлийг дэмжиж байсан уг нэмэлт одоо 100 гаруй хэлийг ойлгох чадалтай болсон гэнэ. Мөн "Generative Expand" нэртэй функц нь тухайн зургийн орчин, эргэн тойрныг шинээр үүсгэх боломжтой аж.

5. Barbie-ийн амжилт хөгжмийн салбарт ч үргэлжилсээр. Б.Айлиш, Дуа Липа, Ники Минажийн дуулсан 3 дуу нь UK Chart-ийн топ жагсаалтын эхний 5-д орсон нь түүхэн дээд амжилт болов. Үүнээс гадна өөр 3 дуу нь эхний 40-д бичигдсэн мөн киноны хөгжмийн хувьд анхны тохиолдол болжээ.

Сэтгэгдэл бичих

