Юу болов?

Юу болов?

Unread Media-ийн жилийн эцэст зохион байгуулдаг, хамгийн том арга хэмжээ "Unplug 2023" өнгөрсөн долоо хоногт явагдлаа. 6 дахь жилийн арга хэмжээний үндсэн сэдэв нь "Hello Tomorrow" байсан бөгөөд 800 гаруй оролцогчдыг маргаашийн ирээдүйдээ хамтдаа бэлдэхийг урьсан юм. Энэ жилийн арга хэмжээнд Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лингенфелдер, Монполимет группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, ХААН Банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Монгол Хаан жүжгийн продюсер А.Баярцэцэг тэргүүтэй 20 гаруй эрхэмүүд тайзнаа гарч, туршлага мэдлэгээ хуваалцлаа. Мөн 30 гаруй бизнес, стартап үзэсгэлэнд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ.

Unread Awards-ийн ялагчид тодорлоо

Unplug-ийн хамгийн оргил мөчүүдийн нэг нь Unread Awards байдаг. Гарааны бизнесий орчны хамгийн шилдгүүдийг салбарын экспертүүд болон медиагийн төлөөллийн саналаар тодруулдаг уг шагнал энэ жил 4 төрөлд олгогдсон. Шилдэг стартапаар саяхан Астана Хабд явагдсан "Google for Startups" хөтөлбөрт шалгараад ирсэн "Metacog Metrics", шилдэг апп-аар цаг бүртгэлийн системийн шийдэл хөгжүүлэгч "Timely" тодорсон юм. Харин шилдэг үүсгэн байгуулагчаар Storepay-ийн үүсгэн байгуулагч Н.Хангал, шилдэг эвентээр шинжлэх ухааны комьюнитигийн цугларалт SciCon тус тус нэрлэгджээ. Шалгаруулалтад нийт 23 эксперт саналаа өгсөн байна.

Unread-ийн шинэ бүтээгдэхүүнүүд зарлагдлаа

Энэ өдөр Unread Media 2024 оны шинэ төсөл, бүтээгдэхүүнүүдээ зарлалаа. Технологийн чиглэлээр төрөлжин контент бүтээх "Techworm.mn" сайт энэ сараас эхлэн нээлтээ хийнэ. Мөн хакатон, технологийн салбарын уралдаан тэмцээний нэгдсэн сан "Hackathon.mn", төрөлжсөн сэдвээрх цахим товхимлуудын сан "Newsletter.mn" ирэх оны эхнээс эхлэн хэрэглэгчдэд хүрэх болсон байна. Үүнээс гадна Tsoilogsoz-той хамтран хөгжүүлж буй "Posted.mn" сайтыг танилцуулж, TEDx, DevSummit арга хэмжээнүүдийн товыг ил болголоо. Unplug 2023-ыг Оюу толгой, UPC, Numur, ХААН Банк ивээн тэтгэн, хамтран зохион байгуулжээ.

2 чухал тоо

86 - Netflix энэ оны эцэс гэхэд нийт 86 видео тоглоомтой болно гэдгээ зарлалаа. Үүнээс гадна тэд нийт 90 тоглоомын хөгжүүлэлт дээр ажиллаж байгаагаас 10-ыг нь өөрсдийн дотооддоо хөгжүүлж байгаа гэнэ.

1 - Apple энэ оны хамгийн их таталттай апп-ын жагсаалтаа танилцууллаа. 1-р байрт Хятадын онлайн худалдааны платформ Temu бичигдэв. Топ 5-д Хятадын Capcut (2), TikTok (5) мөн бичигдсэн байна. Meta-аас Threads 4-т, Instagram 6-д, Whatsapp 9-д тус тус бичигджээ.

3 онцлох өгүүлбэр

I. Axel Springer OpenAI-тай гэрээ байгууллаа.

- Politico, Business Insider, Bild зэрэг топ медиа брэндүүдийг эзэмшдэг Axel Springer OpenAI-тай албан ёсны гэрээ байгууллаа. Ингэснээр тус компаниас гаргаж буй контентууд нь AI сургахад ашиглагдахаас гадна ChatGPT-ийн хариултад "ашигласан материал, эх сурвалж" хэлбэрээр дурдагдах боломжтой болж байгаа юм.

- Энэ нь томоохон медиа компаниудаас AI технологи хөгжүүлэгчидтэй хийж буй хамгийн анхны бөгөөд хамгийн том хэлцэл болж байна. Үүнийхээ хариуд тэд 8 оронтой нэг удаагийн төлбөр авахаас гадан сар бүрийн тогтмол рояалти хүртэх ажээ. Өнгөрсөн зун Associated Press ижил төстэй гэрээг OpenAI-тай хийж байв.

- Эсрэгээрээ зарим медиа компаниуд өөрсдийн датаг зөвшөөрөлгүй ашиглаж байна хэмээн буруутгаж, хязгаарлалтууд тавихыг оролдож байгаа. The New York Times, BBC, CNN зэрэг компаниуд энэ хэсгийг манлайлж байгаа билээ.


II. И.Маск сургууль байгуулна.

- Цуут тэрбумтан Илон Маск Техасын Аустинд сургууль байгуулах гэж байна. Тэрээр STEM буюу шинжлэх ухаан, технологи суурьтай сургуулийн төсөлд 100 сая долларын хөрөнгө оруулахаар зэхэж байгаа аж.

- Түүний хувьд эхлээд дунд болон ахлах сургуулиа нээх бөгөөд 50 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. "Монтессори" арга барил бүхий боловсролын төсөл хэрэгжүүлнэ хэмээн зарим бичиг баримтад дурджээ.

- 2014 онд И.Маск хэсэг нөхдийн хамт "Ad Astra" нэртэй сургуулийг хүүхдүүддээ зориулан нээж байсан түүхтэй. Гэхдээ тус сургууль нь 2020 онд бүрэн онлайн горимд шилжиж, 50 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.


III. Алтан Бөмбөрцгийн нэр дэвшигчид тодорлоо.

- 81 дэх удаагийн Алтан Бөмбөрцөг наадамд өрсөлдөх бүтээлүүдийн нэрс ил боллоо. Энэ зуны гол хит "Barbie" нийт 10 төрөлд өрсөлдөх болсон нь түүхэнд 2-т бичигдэх үзүүлэлт болж байна. Мөн "Oppenheimer" 8 төрөлд өрсөлдөх болжээ.

- Телевизийн цувралын төрөлд HBO-ийн "Succession"-ийн сүүлийн бүлэг нийт 9 төрөлд нэр дэвшсэн байна. Харин FX-ийн "The Bear", Hulu-ийн "Only Murders in the Building" тус бүр 5 төрөлд өрсөлдөх болжээ.

- "The Crown", "Maestro" зэрэг хит бүтээлийг гаргасан Netflix хамгийн олон буюу 28 төрөлд бүтээлээ сойно. Warner Bros.Discovery тэдний ард 27 нэр дэвшилттэйгээр бичигдсэн байна.

4 мэдүүштэй зүйл

Хулгайн технологи: TikTok-ийн толгой компани ByteDance OpenAI-ийн технологийг ашиглан өөрсдийн LLM-ийг хөгжүүлж байсан нь ил болжээ. Энэ нь ChatGPT-ийн хэрэглэх журмыг зөрчсөн тул үйлчилгээнд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байгаагаа тэд зарласан байна.

Мафийн сүлжээ: Хямд үнэтэй, онлайн худалдааны платформ Temu гол өрсөлдөгчдийн нэг Shein-ийг шүүхэд өглөө. Тэд мерчантуудыг худал мэдээллээр хангаж, мафийн стилээр ажиллан төөрөгдүүлж, зөвхөн өөрийн апп дээр бүтээгдэхүүнээ тавихыг шаардсан хэмээн өрсөлдөгчөө буруутгаж байгаа гэнэ.

Монополь зах: 3 жилийн турш үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр гарч, Fortnite-ийг хөгжүүлэгч Epic Games Google-ийг яллаа. Шүүх Google-ийг Google Play Store болон Google Play Billing Service-ээр дамжуулан монополийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж, апп хөгжүүлэгчдийн орлогыг хязгаарлан, үйл ажиллагааг хумисан хэмээн үзжээ. Google давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

AI шил: Meta Ray-Ban-тай хамтран хөгжүүлж буй ухаалаг нүдний шилэнд тусгайлан зориулсан AI моделио танилцууллаа. Уг AI нь хэрэглэгчдэд орчуулагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна урд байгаа обьектийг таних, холбоотой мэдээллийг хүргэх чадалтай ажээ.

5 сонин хачин

1. Т.Шаламегийн гол дүрд нь тоглосон "Wonka"-ийн шинэ кино дэлхий даяар 150 сая долларыг цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Ж.Деппийн 2005 онд бүтээсэн классик түүхийн өмнөтгөл болсон уг киноны төсөв 125 сая доллар байжээ.

2. Instagram-ийн хөгжүүлж буй текст суурьтай сошиал медиа платформ Threads 448 сая хэрэглэгчтэй Европын Холбоонд албан ёсны нээлтээ хийлээ. Ингэснээр тус платформыг 100 гаруй улсад ашиглах боломжтой болж байгаа юм.

3. Adobe шинэ дизайны шинэчлэлээ зарлалаа. Тэдний дараагийн үеийн "Spectrum систем" нь Adobe-ийн 100 гаруй бүтээгдэхүүн, платформд 2024 оны эхнээс эхлэн нэвтрэх ажээ.

4. The New York Times анх удаа хиймэл оюуны төслүүдийг удирдах албан тушаалтныг томилсноо зарлалаа. Бизнесийн чиглэлийн тэргүүлэх дижитал медиагийн нэг Quartz-ийг үүсгэн байгуулагч З.Сьюард тус компанид нэгдэж, энэ чиглэлийн ажлыг тэргүүлэх болжээ.

5. Discord хэрэглэгчдийн дунд алдартай апп Voicemod-ийг Telegram-д ашиглах боломжтой боллоо. AI ашиглан дуу хоолойгоо өөрчлөх боломж олгодог уг апп нь Telegram-д бүрэн интеграц хийснээр аудио дуудлагаа хүссэн хоолойгоороо хийх боломжтой болж байгаа юм.

10 унших мэдээ

Мэдэх: Таны анзаараагүй уур амьсгалтай холбоотой 9 ялалт /BBC/

Үзэх: Стримингийн шинэ эрин /Bloomberg/

Анзаарах: Investing.com AI ашиглан контент хулгайлжээ /Semafor/

Тоглох: Steam Award-ийн шилдгүүд /Steam/

Гайхах: Мод тарихаа зогсоо! /Wired/

Сонирхох: Мьянмарын цахим залилангийн сүлжээ /NYTimes/

Анхаарах: Никарагуагийн диктатор Miss Universe-д яагаад уурлав? /Morning Brew/

Мэдэх: Friends-ийн одын үхлийн шалтгаан /AP/

Турших: Messenger засвар хийдэг болжээ /The Verge/

Хүлээх: Amazon Kuiper лазер технологи ашиглана /CNBC/