1 гол сэдэв

Гол мэдээ юу байв?

Монгол Улс албан ёсоор вакцинжуулалтаа өргөн хүрээтэй эхэллээ. Одоогийн байдлаар тусгайлан гаргасан дарааллын дагуу нийт 100 мянган хүн буюу нийт хүн амын 4.9 хувь нь эхний тунгаа хийлгээд байна. Монголд олон улсын донор байгууллагууд, түнш улсуудын тусламжаар нийт 474 мянган тун вакцин ирээд буй.

Нөхцөл байдал хэр байна?

Тийм ч сайн биш. Сүүлийн долоо хоногийн хугацаанд батлагдсан тохиолдлын тоо тогтмол 100-аар нэмэгдэж, баасан гарагт 169-өөр өссөн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 3961 болоод байгаа юм.

Одоо яах вэ?

УОК-оос ирэх 14 хоногт бэлэн байдлын зэргийг нэг шатаар ахиулж, улбар шар түвшинд шилжүүлж байгаагаа мөн мэдэгдээд байна. Ингэснээр Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 21:00-06:00 цагийн хооронд хөдөлгөнийг бүрэн хорих гэнэ. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг хязгаарлаад байна.

2 чухал тоо

21: Oppo анх удаа Хятадын ухаалаг утасны зах зээлийг борлуулалтаараа тэргүүлэв. Тэд зах зээлийн 21 хувийг хангаснаараа ижил 20 хувийг эзэлж буй Huawei, Vivo-г гүйцсэн нь энэ. Remo брэндийн шинэ загвараараа ихээхэн амжилт олж буй Oppo-ийн борлуулалт өнгөрсөн жил 26 хувиар нэмэгджээ.

114,000,000,000 - БНСУ-ын хамгийн том онлайн худалдааны платформ Coupang Алибабагаас хойш АНУ-д IPO хийсэн хамгийн том Ази компани боллоо. Тэдний хувьцааны үнэ 81 хувиар өсөж, 114 тэрбум долларын үнэлгээтэй болсон нь энэ бөгөөд 4 тэрбум доллар босгожээ.

3 онцлох өгүүлбэр

I. Дэлхийн хамгийн үнэтэй NFT 69 сая долларын үнэ хүрэв.

- Алдарт Christie's-ийн дуудлага худалдаагаар борлуулагдсан анхны дижитал арт 69 сая доллароор зарагдлаа. Энэ бол амьд артистууд дундаа түүхэнд гуравт бичигдэх өндөр үнэ. Beeple нэрээрээ алдаршсан Майк Винкелманн 5000 өдрийн турш өдөр бүр нэгийг нь урласан бүтээлүүдээ нэгтгэн зарсан нь энэ юм.

- Уг бүтээлийг "Metapurse" нэртэй дижитал цуглуулгыг эзэмшигч Metakovan нэртэй хэрэглэгч худалдан авсан байна. Тэрээр зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд Beeple-ийн 20 өөр бүтээлийг 12 сая доллароор худалдан авчээ.

- NFT бол блокчэйнээр баталгаажсан, дахин давтагдашгүй дижитал бүтээл. Сүүлийн үед энэ төрлийн бүтээлийн үнэ цэн огцом өсөж, бүтээх болон солилцох боломж олгож буй платформын хэрэглээ эрчимтэй нэмэгдсээр буй. Энэ давлагаанд NBA, хөлбөмбөгийн лигүүдээс эхлээд "Kings of Leon", Grimes зэрэг уран бүтээлчид нэгдэж, бүр Twitter-ийн Ж.Дорси хүртэл анхны жиргээгээ зарахаар зэхэж байгаа билээ.


II. Харри, Меганы яриа дэлхийг талцуулав.

- Хатан хааны гэр бүлийг орхин яваад удаагүй байгаа хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нар ордонд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар илэн далангүй яриаг алдарт Опра Уинприд өглөө. Хоёр цагийн уг шоуг нийт 17.1 сая хүн шууд хүлээн авч үзэж, түүн дээр яригдсан түүх, үйл явдлууд сая сая хүний хэлэлцүүлгийн сэдэв болов.

- Шоуны хамгийн оргил хэсэг нь Меган амиа егүүтгэх тухай бодож эхэлсэн тухай яриа байв. Асар их дарамт, дэг жаяг, хатуу хязгаарлалтууд, хамгийн гол нь ордноос энэ асуудлыг анхаарч хайхрахгүй байсан нь түүнийг ийм байдалд хүргэсэн гэнэ. Мөн тэдний хүүхдийн арьсны өнгөний талаар нэрийг нь нууцалсан эрхэм асуусан нь хатан хааны гэр бүлийг арьс өнгөөр ялгаварлагчид мэт харагдуулж орхив. Харри холбоогоо тасалсан гэх аавынхаа тухай, олон жилийн өмнө харамсалтайгаар амиа алдсан ээжийнхээ тухай мөн ярьжээ.

- CBS уг шоуг цацах эрхийн төлөө Опрад есөн сая доллар төлсөн гэнэ. Харин Опра зочдодоо ямар нэгэн төлбөр төлөөгүй аж. Ерөнхийдөө Их Британийн медиа хатан хааны гэр бүлийн талд, америкчууд Меган, Харригийн тал руу хэлбийсэн мэдээлэл гаргаж буй. Хатан хаан өөрөө албан ёсны хэвлэлийн мэдээгээр дамжуулан гэр бүлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх болно гэдгээ мэдэгджээ.


III. ОУОХ-ны 137-р чуулган цахимаар явагдлаа.

- Уг чуулганаар тус холбооны ерөнхийлөгч Т.Бах үргэлжлүүлэн дөрвөн жил алба хашихаар болов. 1976 оны олимпийн аварга Т.Бах 2013 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

- ОУОХ энэ зун явагдах Токиогийн зуны наадам хэвийн үргэлжилнэ гэдэг байр сууриа энэ хурлын үеэр ч баталгаажуулав. Тэд мөн 2022 оны өвөл явагдах Бээжингийн наадмын бэлтгэл ажилтай танилцжээ. Ташрамд дурдахад, ОУОХ 2032 оны зуны наадмыг зохион байгуулах асуудлаар Австралийн Брисбэйн хоттой ахисан түвшний хэлцэл хийж эхлээд байгаа билээ.

- Сонирхуулахад, Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд технологийн дэвшил болон ил тод засаглалын арга хэрэгслүүдийг шингээсэн шинэчлэгдсэн "2020+5" хөтөлбөрийг батласан юм. Монгол Улсыг төлөөлөн өнгөрсөн жил ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

4 мэдүүштэй баримт

Видеочин AI: "Facebook"-ийн инженерүүд видеоны агуулгыг хүн шиг ойлгодог AI бүтээхийг хүсэж байна. Facebook, Instagram дахь сая сая бичлэгийг ашиглан, машин сургах "Learning from Videos' нэртэй уг төслөө тэд энэ онд гаргаж мэдэх ухаалаг шилний төсөлтэйгөө холбох амбицтай байгаа нь тун сонирхолтой. Шилээрээ бичиж авсан олон цагийн бичлэгүүдийг ухаалгаар ангилж, ялгах чадвартай "Дижитал дурсамжууд"-ыг бүтээхэд уг төсөл тусална хэмээн тэд найдаж буй.

Бодитыг ялгагч: Баффологийн их сургуулийн эрдэмтэд хуурамч видеог ялган таних чадвартай AI хөгжүүлжээ. Тэд видеон дахь хүний нүдний хөдөлгөөний тусламжтай 94 хувийн амжилттайгаар үнэн худлыг ялгаж байгааг онцолсон байна. Энэ нь сүүлийн үед ихэд хүчээ авч буй "deepfake" технологийн эсрэг томоохон зэвсэг болох боломжтой.

Шинэ боломж: Израилийн эрдэмтэд хавдрын эсрэг эмийг ямар ч амьтан дээр туршилгүй гарган авсан байна. Тэд хүний биетэй төстэй био бичил чипийг бүтээж, түүн дээр эмийн нөлөө, үр дүнг туршин ажиглажээ. Энэ нь эм бүтээх явцыг хурдасгаж, илүү хямд бөгөөд "амьтанд ээлтэй" болгох боломжтой хэмээн онцлов.

Сарны нэгдэл: ОХУ, БНХАУ-ын сансрын агентлаг саран дээр судалгааны бааз хамтран байгуулах төсөлд гарын үсэг зурлаа. Тэд хоёр улсын технологийн мэдлэг, нөү-хау нь сансрын судалгааг илүү далайцтай хийх боломж олгож, олсон мэдлэгээ бусад улстай нээлттэй хуваалцах боломжийг олгоно хэмээн найдаж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. "Apple" ирэх жилд багтаан AR, VR-ийн хосломол технологи Mixed Reality төхөөрөмж худалдаанд гаргах тухай эх сурвалжууд мэдээллээ. "Microsoft"-ийн Hololens, Mesh-тэй төстэй уг төхөөрөмж нь 200 орчим гр жинтэй, 1000 орчим доллароор борлуулагдах гэнэ. Мөн "Apple" 2025 он гэхэд ухаалаг шилийг масс үйлдвэрлэлд шилжүүлэх амбицтай байгаа аж.

2. Өнгөрсөн долоо хоногоос Хятадад дахин цацагдаж эхэлсэн "Avatar" бүх цаг үеийн орлогоороо "Avengers: The Endgame"-ийг гүйцжээ. Тэд эхний хоёр өдөртөө л 12 сая долларын орлого олж, улмаар 2.8 тэрбумын борлуулалттай болсон нь энэ. "Avengers"-ийн хувьд 2.79 тэрбум долларын борлуулалттайд тооцогддог билээ.

3. "Hyundai" илүү ирээдүй рүү чиглэсэн дизайны өнгө төрх бүхий автомашины анхны загвараа танилцууллаа. "Staria" нэртэй загвар нь сансрын төхөөрөмжүүдээс сэдэл аван бүтээгдсэн бөгөөд "Hyundai"-ийн дараагийн үеийн загваруудын төлөөлөл. Уг загвар цахилгаан хөдөлгүүртэй байх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

4. "Japan Post" Японы хамгийн том онлайн худалдааны платформ "Rakuten"-ийн 8.3 хувийг худалдан авч, үүсгэн байгуулагч Микитанигийн гэр бүлийн дараа орох том хувьцаа эзэмшигч боллоо. Үүнтэй холбоотой хийгдсэн 2.2 тэрбум долларын хэлцлийн хүрээнд "Tencent", "Walmart" компаниуд мөн тодорхой хувь эзэмших болжээ.

5. 16 сарын дотор л 100 сая хэрэглэгчтэй болсноо зарласан Disney+ ахин шинэ контентоор эгнээнээ зузаатгалаа. Тэдний багцад хамаарагдаж буй ESPN+ Хойд америкийн хамгийн том мэргэжлийн лигүүдийн нэг NHL-тэй гэрээ байгуулав. Зөвхөн ESPN+ улирлын 1000 тоглолтыг шууд дамжуулах бол ESPN, ABC телевизийн эрхийг нь 7 жилийн хугацаатай эзэмших болжээ. Энэ нь тэдний хувьд анхны спортын томоохон тэмцээний дамжуулалтыг авсан тохиолдол болов.