1 гол сэдэв
Юу болов?
Венецийн кино наадмын хамгийн нэр хүндтэй шагнал "Алтан Арслан"-ын эзнээр Испанийн найруулагч Педро Алмодоварын бүтээл "The Room Next Door" тодорлоо. Энэ бол Оскарын шагналыг хоёр ч удаа хүртэж байсан П.Алмодоварын хувьд анхны бүрэн англи хэл дээрх кино гэдгээрээ онцлог. Тус кино олон улсын зах зээлд энэ оны сүүлээр нээлтээ хийх юм.
Өөр онцлох бүтээл юу байв?
81 дэх удаагийн наадмын шүүгчдийн нэрэмжит шагналыг Италийн найруулагч М.Делперогийн "Vermiglio" хүртлээ. Сүүлийн 7 жилд 5 удаа Америк кинонд гол шагналуудаа олгосон хэмээн шүүмжлэлд өртөөд байсан наадмын шүүгчид олон улсын уран бүтээлчдэд ээлтэй байсны илрэл нь энэ байв. Харин шилдэг найруулагчийн "Мөнгөн арслан" шагналыг "The Brutalist" бүтээлээрээ Брэди Коберт хүртлээ. Сонирхуулахад тэрээр яг 10 жилийн өмнө "Оризонти" ангилалд шилдэг найруулагчаар нэрлэгдэж байжээ.
Бусад шагналаас онцолбол?
Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг алдарт Н.Кидман "Babygirl"-д бүтээсэн дүрээрээ хүртлээ. Энэ долоо хоногт Netflix-д "The Perfect Couple" цуврал нь нээлтээ хийсэн түүний хувьд гайхамшигт карьертаа анх удаа энэ шагналын эзэн болж байгаа гэнэ. Харин шилдэг эрэгтэй жүжигчнээр "The Quiet Son" кинонд тоглосон Францын жүжигчин В.Линдон тодорлоо.
ТОЙМ ОНЦОЛЖ БАЙНА: ПАРАЛИМПЫН ТАМИРЧДЫН БАХДАМ АМЖИЛТ
Францын Парис хотноо явагдсан Паралимпын наадамд манай улсын баг тамирчид урамтай амжилтыг үзүүлж, 1 алт, 3 мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Тэмцээний сүүлийн өдөр паралимпын аварга Э.Содномпилжээ өргөлтөө гүйцэтгэж, мөнгөн медаль хүртснээр паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медальтай анхны тамирчин болж байна. Тэрээр 2021 онд Токиогийн наадамд түрүүлж байсан билээ.
Түүнээс өмнө пара-таэквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгө, пара-хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медалийг тус тус хүртээд байсан. Ингэснээр манай улс багийн дүнгээр 57-р байрт бичигдэж тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ бол манай улсын хувьд түүхэн дэх хамгийн өндөр амжилт юм.
2 чухал тоо
51.000.000.000 - Хятад улс ирэх 3 жилийн хугацаанд Африк тивд 51 тэрбум долларын хөрөнгө оруулна хэмээн мэдэгдлээ. Бээжинд явагдсан Хятад-Африкийн форумын үеэр Хятадын удирдагч Ши Жинпин 1 сая ажлын байр бий болгож, дэд бүтэц, хөдөө аж ахуй, худалдааны чиглэлд төвлөрнө гэдгээ зарласан юм. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтын 60% нь хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр хийгдэнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.
3 - Huawei анхны гурав нугардаг гар утсыг бүтээжээ. Mate XT нэртэй уг утас нь ердөө 7 цагийн дотор 1.3 сая ширхэг урьдчилсан захиалга авсан нь эрэлт өндөр байгааг харуулж байна. Тэд iPhone 16 танилцуулах Apple-ийн эвентийн дараа буюу есдүгээр сарын 10-нд шинэ утасныхаа үнэ болон нарийн техникийн үзүүлэлтийг албан ёсоор ил болгох гэнэ.
3 онцлох өгүүлбэр
I. OpenAI-ийн үүсгэн байгуулагч 1 тэрбум доллар босгожээ.
- Өнөө цагийн хиймэл оюуны салбарын хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг Илья Суцкеверийн байгуулсан шинэ стартап 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт татлаа. Safe Superintelligence буюу SSI нэртэй уг компани хүн төрөлхтөнд ээлтэй, аюулгүй, найдвартай AI загвар хөгжүүлэх зорилготой юм.
- И.Суцкевер өнгөрсөн оны сүүлээр өөрийн хамтран үүсгэн байгуулсан OpenAI-д явагдсан "төрийн эргэлт"-ийн гол зохион байгуулагчид тооцогддог. Тэрээр одоогийн CEO С.Алтманыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрийн багийг томилох оролдлого нь бүтэлгүйтэж, улмаар өөрөө компанийг орхисон юм.
- Тэрээр шинэ компани Apple-ийн AI-ийн ахлахаар ажиллаж байсан Д.Гросстой хамтран эхлүүлсэн. Түүнд Andreessen Horowitz, Sequoia Capital тэргүүтэй цахиурын хөндийн хамгийн алдартай венч хөрөнгө оруулагчид санхүүжилт олгожээ.
II. IFA 2024 эхэллээ.
- Европын хамгийн том технологийн үзэсгэлэнд тооцогддог IFA 2024 Германы нийслэл Берлин хотноо эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээнд 2000 гаруй брэнд шинэ бүтээгдэхүүн, технологио танилцуулж, 200 мянга орчим хүн зочлох тооцоо гараад байгаа юм.
- Энэ жилийн хамгийн дуулиант танилцуулга нь Honor-ийн нугардаг утас Magic V3 байлаа. Уг утас нь ердөө 9.2 мм-ийн нимгэн хийгдсэн нь энэ зах зээлд тэргүүлэгч Samsung-ийн ZFold6-тай харьцуулахад бараг 3 мм-ээр нарийхан гэсэн үг. Мөн Magic Portal нэртэй нэмэлтээрээ олон апп-ыг зэрэг ашиглаж, олон үйлдлийг амжуулах боломжтой болсноо тодотгожээ. Тус утас Европын зах зээлд нээлтээ хийж байгаа нь энэ юм.
- Үүнээс гадна Nanoleaf-ийн ухаалаг гэрлүүд, Lenovo-ийн дэлгэцээ эргүүлдэг лаптоп, Switchpod-ийн тавиур болдог агаар цэвэршүүлэгч, Reolink-ийн ухаалаг камер, Xgimi-ийн бичил проектор хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогдож байна.
III. Linkin Park эмэгтэй гоцлол дуучинтай болжээ.
- 21-р зууны хамгийн нөлөө бүхий рок хамтлагуудын нэг Linkin Park эргэн нэгдэж байгаагаа зарлалаа. Тэд арваннэгдүгээр сарын 15-нд "From Zero" нэртэй шинэ цомгоо гаргаж, тэр хүртлээ Лос Анжелес, Нью Йорк, Хамбург, Лондон, Сөүл, Богота хотуудаар аялан тоглолт хийх юм.
- Үүнээс гадна Linkin Park эмэгтэй дуучинтай болж байгаа нь фенүүдийн хувьд гэнэтийн мэдээ байлаа. 2017 онд таалал төгссөн гоцлол дуучин Честер Беннингтоны орыг 38 настай Эмили Армстронг залгах болсон нь энэ. Э.Армстронгийн хувьд өмнө нь Dead Sara хамтлагийг үүсгэн байгуулж, таван ч цомог гаргаж байсан гэнэ. Мөн бөмбөрчин Р.Бурдоны оронд К.Бриттайн хамтлагт шинээр элсчээ.
- Дэлхийн хамгийн их фентэй хамтлагуудын нэг 7 жилийн дараа эргэн ирэх болсон нь фенүүдийн хувьд аварга үйл явдал байлаа. Linkin Park бол Spotify-ийн хамгийн их сонсолттой уран бүтээлчдийн топ 10-д багтдаг цорын ганц хамтлаг. Анх байгуулагдснаасаа хойш 100 сая гаруй биет цомог борлуулсан тус хамтлагийн зарим дуунууд Billboard-ийн топ жагсаалтад хүч түрэн орж ирж, шинээр гаргасан "The Emptiness Machines" дуу нь Youtube-ийн тренд дуугаар тодорч байна.
4 мэдүүштэй зүйл
Сая хэрэглэгч: OpenAI-ийн хамгийн алдартай бүтээгдэхүүн ChatGPT-ийн бизнес хувилбарыг хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрчээ. ChatGPT Team, Enterprise, ChatGPT Edu гэсэн ангилалд багтахын тулд компаниуд хамгийн багадаа 150 хэрэглэгчтэй, 12 сарын гэрээ байгуулах шаардлагатай байдаг. Хэдийгээр үнийн хувьд бүх хувилбарууд ялгаатай ч дунджаар нэг хэрэглэгчийн төлбөр 60 доллартай тэнцдэг юм. Сонирхуулахад, ChatGPT-ийн нийт хэрэглэгчдийн тоо 200 саяыг даваад байгаа билээ.
Аварга зээл: TikTok-ийн толгой компани ByteDance 9.5 тэрбум долларын зээлийн санхүүжилт татлаа. Энэ бол Азийн зах зээлд компанид олгогдсон хамгийн том зээл болж байгаа гэнэ. 3 жилийн хугацаатай уг зээлийг Citigroup, Goldman Sachs, JPMorgan тэргүүтэй банкууд санхүүжүүлжээ. Тус компани уг зээлийг үйл ажиллагаагаа өргөжүүлж, технологийн хөрөнгө оруулалтад зарцуулах юм.
Шинэ түншлэл: Дэлхийн хамгийн топ автомашин үйлдвэрлэгчид болох Toyota, BMW компаниуд ус төрөгчийн түлш бүтээх чиглэлд хамтран ажиллах болсноо зарлалаа. Тэд технологи хамтран хөгжүүлж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, шинэ нэгдсэн стандарт бүтээх чиглэлд анхаарна гэнэ. BMW-ийн хувьд 2028 он гэхэд ус төрөгчийн түлшээр ажилладаг автомашин бүтээх амбицтай байгаа юм.
Галт бөмбөлөг: 1 метр орчмын диаметртай бичил солир Филиппиний арлуудын ойролцоо унахдаа галт бөмбөлөг үүсгэж сошиал орчинд шуугиан тарив. Эргэн тойронд ямар нэгэн хохирол учруулаагүй уг солирыг унах цаг болон цэгийг 8 цагийн өмнө урьдчилан таамаглаж тооцоолсон нь 2009 оноос хойшхи 9 дэх удаагийн тохиолдол болжээ.
5 сонин хачин
1. "Beetlejuice Beetlejuice" нээлтийн долоо хоногтоо зөвхөн Хойд Америкийн зах зээлээс гэхэд 41.5 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. Энэ бол нэрт найруулагч Т.Бюртоны хувьд карьерынх нь хамгийн амжилттай дебют болж байгаа юм. Мөн түүхэнд 9-р сарын хамгийн амжилттай нээлтээ хийсэн кинонуудын жагсаалтын 2-рт, 2017 оны "It"-ийн ард л бичигдэх болжээ. Ташрамд дурдахад, 1988 онд анх гарсан тус киноны эхний анги дэлхий даяар 150 сая долларын орлого олж, тухайн жилийнхээ хамгийн өндөр орлоготой киноны нэг болж байсан юм.
2. Instagram-ийн стори сэтгэгдэлтэй боллоо. Өмнө нь тухайн сторид бичсэн сэтгэгдэл зөвхөн бичсэн хэрэглэгчид харагддаг байсан. Одоо тэгвэл тухайн сторид бусад хэрэглэгчид ямар сэтгэгдэл бичсэн нь нээлттэй харагддаг болж байна. Гэхдээ сэтгэгдлүүд нь сторитой ижил 24 цагийн дараа устдаг тохиргоотой байх юм. Энэ нь хэрэглэгчдийн харилцааг идэвхжүүлэх хөшүүрэг болно хэмээн Instagram-ийн баг үзэж байгаа гэнэ.
3. Хуучнаар Twitter буюу X ухаалаг телевизэд зориулсан апп-аа туршиж байна. Эхний ээлжинд тэд Google TV, Fire TV, LG TV-д зориулсан апп-аа бета хувилбараар гаргажээ. Энэ нь X-ийн видео бүтээгчдийг татаж, хэрэглэгчдийг платформ дээрээ аль болох илүү цаг зарцуулах сэдлийг төрүүлэх стратегийн нэг хэсэг юм.
4. Segway бартаат замд зориулсан анхны скүүтерээ танилцууллаа. ZT3 нэртэй уг скүүтер нь нэг цэнэглэлтээр 70 км зайг туулах чадвартай бөгөөд хамгийн ихдээ 40 км/цаг хүртэл хурдлах чадалтай гэнэ. Элс, шавар зэрэг уламжлалт бус гадаргууг туулахад зориулагдсан тэнцвэржүүлэгч систем нь 11 инчийн олгой хаймаргүй дугуйтай хосолсноор холын замд тохиромжтой сонголт болгоно хэмээн бүтээгчид үзэж байна.
5. DJI масс хэрэглэгчдэд зориулсан анхны дроноо танилцууллаа. 199 долларын үнэтэй Neo нэртэй загвар нь 360 градусын эргэлт гүйцэтгэж, 4К чанартай бичлэг үйлдэх чадвартай. Ердөө 135 граммын жинтэй, 20 гб-ын багтаамжтай уг дрон бүрэн хэрэглээний үед 20 минут батарейгаа барих чадвартай гэнэ. DJI-ийн хувьд уг камерыг энгийн хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад зориулан хямд үнэтэйгээр гаргаж байгаа нь энэ юм.
10 унших мэдээ
Анзаарах: Shein IPO хийх үү? /Slate/
Хүлээх: Apple-ийн эвентийн гол хүлээлт /The Verge/
Гайхах: AI ашиглан хамтлаг байгуулж 10 саяыг луйварджээ /DMN/
Мэдэх: Конгод шоронгийн бослого гарч, 129 хүн амиа алджээ /CNN/
Буцах: Boeing-ийн Starliner эргэн ирлээ /Reuters/
Бахархах: Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ /Montsame/
Анхаарах: Хэт барууны намд Германд сэргэв /BBC/
Тайлбарлах: 2024 оны сонгуулийг 7 чартаар /Vox/
Сэтгэгдэл бичих