1 гол сэдэв

Юу болов?

Paramount дэлхийн хамгийн том хэвлэлийн газруудын нэг Simon and Schuster-ийг зарлаа. Тэд хувийн хөрөнгө оруулалтын сан KKR-тэй 1.62 тэрбум долларын хэлцэл хийсэн байна. Өнгөрсөн жил тэд энэ салбарын гол өрсөлдөгч Penguin House-тай 2.2 тэрбумын тохиролцоонд хүрээд байсан ч зохицуулах байгууллагаас хориг тавиад байсан билээ.

Яагаад зарах болов?

Paramount-ийн хувьд сүүлийн жилүүдэд энтертэйнмент бизнес рүү төвлөрөх стратеги баримталж, зарим салбараас гарах оролдлого хийж байгаагийн нэг илрэл нь энэ юм. Зарим эх сурвалжууд тэднийг кабелийн телевизийн сүлжээ BET-ийг ч зарахад бэлэн байгаа хэмээж буй. Тэд Paramount+ Showtime гэсэн хоёр стриминг платформоо нэгтгэсэн нь өгөөжөө өгч, зөвхөн өнгөрсөн улиралд л гэхэд 700 мянган шинэ хэрэглэгчийг татан, орлого нь 21%-аар өссөн байна.

Өөр юу байна?

Нөгөө талд медиагийн өөр нэг гигант Disney-ийн тайлан тийм ч сайн гарсангүй. Бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбоотой зардал нэмэгдсэн хэмээн тэд үүнийгээ тайлбарласан. Гэхдээ тэд PENN-тэй нийлэн ESPN Bet нэртэй платформ үүсгэж, спорт бооцооны салбарт нэвтрэн 2 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Үүнээс гадна Disney+, Hulu-ийн сарын хураамжийг нэмж, 13.99 доллар болгож байгаагаа зарлажээ.

2 чухал тоо

4000 - Польш, АНУ-ын эрдэмтдийн баг өдөрт 4000 алхах нь эрүүл мэндийг тэтгэж, өвчлөлөөс хамгаалах эхний алхам хэмээн судалгааны тайлангаа танилцууллаа. Тэд төрөл бүрийн нас, ажил мэргэжлийн 226 мянган хүн дээр судалгаа хийсэн байна. Өмнө нь 10 мянган алхалтыг "шидэт тоо" хэмээн үздэг байсан билээ.

89 - Хавайн Мауи аралд сүүлийн 100 жилд тохиогоогүй хамгийн том түймэр гарч, 89 хүний аминд хүрлээ. Одоогийн байдлаар нийт 2200 гаруй барилга байгууламж түймэрт өртөж, 6 тэрбум долларын хохирол учирчээ.

3 онцлох өгүүлбэр

I. Америкт хувцас загварын шинэ эзэнт гүрэн үүслээ.

- Coach-ийн толгой компани Tapestry гол өрсөлдөгчдийн нэг Capri Holdings-ийг 8.5 тэрбум доллараар худалдан авлаа. Tapestry-ийн харьяанд Coach-аас гадна Kate Spade, Stuart Weitzman гэсэн брэндүүд багтдаг. Одоо тэд Capri-ийн Michael Kors, Jimmy Choo, Versace зэрэг брэндүүдийг эзэмших болж байна.

- Эдгээр зургаан брэнд нэгдсэнээр 75 улсын зах зээлд борлуулагддаг, 12 тэрбум долларын борлуулалтын орлоготой сүлжээ үүсэж байна. Зардал хэмнэх, нийлүүлэлтийн сувгаа нэмэгдүүлэх, талентаа хуваалцах замаар тэд илүү өндөр орлого олох боломжтой хэмээн итгэж байгаа юм.

- Үүнээс гадна тэд LVMH (Louis Vuitton, Dior, Givenchy), Kering (Gucci, Balenciaga, Yves Saint Laurent) зэрэг Европын топ компаниудтай өрсөлдөхүйц нөөцтэй болж байна. Сонирхуулахад, энэ зах зээлд дэлхийд тэргүүлэгч LVMH-ийн өнгөрсөн жилийн борлуулалтын орлого 87 тэрбум доллар байжээ.


II. Google цахим гарын үсэг дэмждэг болно

- Google сүүлийн үед хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа цахим гарын үсгийг үйлчилгээг туршиж эхэллээ. Тэд эхний ээлжинд Google Doc, Google Drive-т энэ функцийг нэвтрүүлэх юм.

- DocuSign, Box зэрэг компаниуд энэ салбарт одоогоор тэргүүлж байгаа. Гэхдээ Google-ийн энэ зарлал нь цахим гарын үсгийг хэрэглээг бүр ч масс руу ойртуулах нь тодорхой юм. Google Workspace-ийн хэрэглэгчид энэ нэмэлтийг үнэ төлбөргүй ашиглах ажээ.

- Үүнээс гадна тэд хэрэглэгчдээс хамгийн их ирдэг хүсэлтүүдийн нэгийг биелүүлснээ бахдалтайгаар зарлав. Энэ бол Gmail-ийн апп текст орчуулдаг болсон нь юм. Өмнө нь зөвхөн веб хөтөч дээр ажилладаг байсан уг функц одоо гар утасны апп дээр бүрэн нэвтэрчээ.


III. TikTok хөгжмийн шоу зохион байгуулна

- TikTok хэрэглэгчдийнхээ дунд дууны уралдаан зарлалаа. Хэрэглэгчид #GIMMETHEMIC гэсэн хаштагаар дуулж байгаа бичлэгээ хуваалцсанаар тэмцээнд оролцох гэнэ. Тэд онлайн орчинд The Voice зэрэг уламжлалт шоунуудтай өрсөлдөх амбицтай байгаа юм.

- Шилдэг 30 оролцогч тэмцээний хагас шигшээд шалгарч, шууд дамжуулалтад оролцох юм. Улмаар үзэгчид санал өгч, шилдэг 10-ыг нь авч үлдэх дүрэмтэй. Улмаар шилдэг 10 оролцогч финалын шалгаруулалтад уран бүтээлээ хүргэж, мөн үзэгчдийн саналаар ялагчаа тодруулна.

- Ялагч нь TikTok-ийн дотооддоо ашигладаг оноо болох 50 мянган даймондын эзэн болно гэнэ. Даймондын ханш яг тодорхой зарлагддаггүй ч ойролцоогоор 2500-5000 доллар байх бололтой. Гэхдээ TikTok энэ шоуны оролцогчид вайрал болон карьераа эхлүүлэх үүдийг нээнэ хэмээн итгэж байна.

4 мэдүүштэй зүйл

Тайлбар бичигч: Amazon онлайн худалдаа эрхлэгчдэд зориулсан шинэ AI-ийг туршиж байна. Энэ хиймэл оюун нь хэрэглэгчдэд борлуулж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тухай товч танилцуулга, тайлбарыг бичихэд нь туслах зорилготой гэнэ.

Шинэ стэйблкойн: Paypal доллартай аргамжсан шинэ стэйблокойн гаргаж байгаагаа зарлалаа. PayPal USD буюу PYUSD-г хэрэглэгчид өнөөдрөөс шууд хэрэглэх боломжтой болсон нь өсөлт удаашралтай байгаа крипто зах зээлийн хувьд ихээхэн эерэг мэдээ болов.

Сансрын станц: 2031 онд "тэтгэвэртээ гарах" Олон Улсын Сансрын Станцыг орлох төслийн ажил хэдийнээ эхэлсэн. Тэгвэл энэ төслийг хэрэгжүүлэх ажлыг Airbus болон Voyager компаниуд нэгдэн гүйцэтгэх болсон байна. Starlab нэртэй уг станцад АНУ, Европын сансрын агентлагууд ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.

Төгс хамгаалагч: Цагаан ордноос кибер халдлагаас хамгаалах хиймэл оюунд суурилсан систем бүтээх шалгаруулалт зарлалаа. 2 жилийн турш үргэлжлэх уг төслийн ялагч 18.5 сая долларыг хүртэх гэнэ. Microsoft, Google, OpenAI зэрэг салбарын тэргүүлэгчид энэ шалгаруулалтыг хамтран зохион байгуулах аж.

5 сонин хачин

1. "Barbie"-ийн амжилт үргэлжилсээр. Тэд Dark Knight-ийн 534 сая долларын амжилтыг давж, Warner Bros-ийн хувьд Хойд Америкийн зах зээлээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн кино болов. Жагсаалтын эхний байруудад өмнөхтэй ижил Oppenheimer, Teenage Mutant Ninja Turtles, Meg 2 бичигдсэн байна. Дракулагийн түүхээс сэдэвлэсэн "The Last Voyage of the Demeter" нээлтийн долоо хоногтоо 5-р байрт бичигдэж, даруухан амжилт үзүүллээ.

2. Ажлын харилцааны хамгийн том платформуудын нэг Slack түүхэн дэх хамгийн том дизайны шинэчлэлээ хийлээ. 20 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй тус платформ хэрэглэгчдийг ажилдаа илүү төвлөрч гол мессеж, сувгуудаа удирдахад туслах шинэ баганыг нэмснээс гадна хувийн чат илгээх, видео дуудлага хийх явцыг илүү хялбарчилжээ.

3. ОХУ 1976 оноос хойш анх удаа сар луу сансрын хөлөг илгээлээ. 800 кг-ийн жинтэй Luna-25-ын хувьд 5 өдрийн дотор сарны тойрог замд орох зорилготой. Улмаар 8-р сарын 23-нд сарны өмнөд туйлд газардах төлөвлөгөөтэй байгаа нь Энэтхэгийн нислэгтэй давхцаж байгаа хэрэг юм.

4. Хагас тэрбум хэрэглэгчтэй хэл сурах апп Duolingo хөгжмийн хичээл заахыг хүсэж байна. Тэд Duolingo Music нэртэй апп-ыг хөгжүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдэд илүү хялбар бөгөөд хөгжилтэй аргаар төгөлдөр хуур, гитар зэрэг хөгжмийг сурах боломжийг олгох аж.

5. James Webb телескоп хүн төрөлхтний илрүүлсэн хамгийн алсын одны зургийг илгээжээ. Earendel нэртэй уг од нь 12.9 тэрбум гэрлийн жилийн алсад оршиж байгаа хэмээн эрдэмтэд тооцоолсон байна.

10 унших мэдээ

Ойлгох: Яагаад Twitter нэрээ өөрчлөх болов? /CNBC/

Гайхах: Apple Disney-г худалдаж авбал яах вэ? /Hollywood Reporter/

Өндийх: Powerpoint-ийн өдөөсөн паник /The Atlantic/

Сонсох: Hip Hop 50 нас хүрлээ /Morning Brew/

Эмээх: Ковидын шинэ хувилбар дэгдэж байна /CNN/

Мэдэх: Мауигийн түймрийг яагаад анхаарах ёстой вэ? /Slate/

Ангайх: Квантын супер химийг анх удаа ажиглав /New Atlas/

Турших: Fizz: Дараагийн том сошиал апп? /Techcrunch/

Анзаарах: Дохионы хэл ба уур амьсгалын өөрчлөлт /BBC/

Унших: Эквадорын ерөнхийлөгчид өрсөлдөгч амиа алдлаа /The Guardian/