1 гол сэдэв

Юу болов?

Нобелийн долоо хоног энэ долоо хоногт өрнөснийг тойм онцолж байна.

- Анагаах ухаан, физиологи: Сая сая хүний амийг аварсан Ковид 19-ын вакцины суурь болсон mRNA технологийг хөгжүүлсэн эрдэмтэд К.Карико (Унгар), Д.Вайсман (АНУ) нарт,

- Физикийн салбар: Аттосекундээр (секундыг квинтиллионд хуваасантай тэнцэх) хэмжигдэх гэрлийн импулсийг туршиж, электроны ертөнцийг нээх хэрэгслийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн П.Агостини, Ф.Краусц, А.Л'Уилльер нарт,

- Химийн салбар: Квант цэг буюу LED дэлгэцийн өнгийг дүрсэлдэг нано бөөмсийг бий болгосон гавьяагаараа АНУ-ын эрдэмтэд болох М.Бавенди, Л.Брюс, А.Екимов нарт тус тус Нобелийн шагналыг олгожээ.

Тэрчлэн...

Харин шоронд хоригдож Ираны активист Н.Мохаммади Нобелийн энх тайвны шагналтан боллоо. Өдгөө 51 настай тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай. Түүнд төрийн эсрэг суртал явуулсан хэргээр 31 жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Мөн...

Утга зохиолын салбарын шилдгээр Норвегийн зохиолч, яруу найрагч Ж.Фоссе нэрлэгдлээ. "Үгээр илэрхийлж боломгүй зүйлсийн талаар инновацлаг жүжиг, зохиол туурвисных нь төлөө" хэмээн шагнал олгохдоо онцолсон байна. Тэрээр энэ шагналыг хүртсэн Норвегийн 4 дэх зохиолч болж байгаа юм.

2 чухал тоо

970 - Израйл улс Хамас бүлэглэлийн эсрэг дайн зарлалаа. Палестиний салан тусгаарлагч бүлэглэл Хамасын гэнэтийн дайралтын дараагаар 2 тал ээлж дараалан гал нээж, улмаар одоогийн байдлаар 970 хүн нас барсны 600 нь Израйлийн иргэд байгаа гэнэ.

15 - Spotify төлбөр төлдөг хэрэглэгчдэдэ сар бүр 15 цагийн аудио номыг үнэ төлбөргүй бэлэглэх болсноо зарлалаа. Тэд аудио номын зах зээлд 2021 оноос эхлэн нэвтэрч, 150 мянган номын сонголт бүхий бие даасан үйлчилгээг санал болгодог билээ.


3 онцлох өгүүлбэр

I. Google шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа.

- Pixel эвентийн гол дүр нь мэдээж Pixel 8 Pro байв. Tensor G3 чипээр тоноглогдсон, 50МР-ийн мэдрэгч, 48MP-ийн линз болон ултра өргөн камертай уг утас өмнөхтэй ижил 6.7 инчийн дэлгэцтэй. Pixel 8 нь арай жижиг буюу 6.2 инчийн дэлгэцтэй ч 2000 нитийн тодролыг даадаг гэдгээрээ про загвартай төстэй. Уг утас 699 доллараар борлуулагдана.

- Pixel Watch 2 ч мөн адил Snapdragon W5-аар тоноглогдож өмнөх загваруудаасаа хамаагүй хүчирхэг болсон байна. 24 цаг батарейгаа барьдаг, стрессийн түвшинг тогтоогч функцтэй уг цаг 350 долларын үнэтэй. Харин Pixel Buds Pro-ийн хувьд шинэ утастайгаа ижил өнгийн шинэ сонголттойгоор зарагдаж эхлэх аж.

- Энэ өдрийн өөр нэг түлхүүр үг нь AI байлаа. Шинэ утасны камерууд бүгд AI-аар баяжсан, илүү ухаалаг, харилцан ярилцах чадвартай Google Assistant-тай болсон, мөн Andriod 14-ийн шинэ хувилбарыг дэмждэг гэдгээрээ ялгарч байлаа.


II. Азийн наадам өндөрлөлөө.

- БНХАУ-ын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам өндөрлөлөө. 16 хоногийн турш үргэлжилсэн наадамд 45 улсын 12 мянга гаруй тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Хятадын баг түүхэн дээд амжилт болох 201 алтан медальтайгаар тэмцээнийг дуусгалаа. Нийт 41 улс ямар нэгэн медаль хүртсэн нь мөн дээд амжилт болжээ.

- Монголын баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медальтайгаар тэмцээнийг дуусгалаа. Манай улсаас Б.Отгонболд (байт харваа), Т.Тулга (чөлөөт бөх), Б.Чинзориг (бокс) алтан медаль хүртсэн. Жүдогийн тамирчид нийт 6 медаль, чөлөөт бөхийнхөн 5 медалийг эх орондоо авчирлаа.

- Манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгө, эрэгтэй баг хүрэл медаль авсан нь багийн спортоос хүртсэн анхны Азийн наадмын медаль болов. Мөн энэ наадмаас эхлэн хөтөлбөрт багтсан цахим спортын төрөлд Дота 2-ын баг мөнгөн медальтай буцав. Түүнээс гадна дугуйн төрлөөс С.Жамбалжамц 1990 оноос хойшхи анхны медалийг эх орондоо авчирчээ.


III. Michelin зочид буудлын жагсаалт гаргана.

- Францын дугуй үйлдвэрлэгч Michelin 2024 оноос эхлэн шилдэг зочид буудлын жагсаалт, эрэмбийг гаргана гэдгээ зарлалаа. Тэдний эрхлэн гаргаж, шилдэг ресторанд олгодог од, хөтөч нь бүр тэртээ 1900 оноос эхлэлтэй билээ.

- Тэгвэл Michelin шилдэг зочид буудлуудад "од" бус "түлхүүр" олгох гэнэ. Хамгийн өндөр стандартыг хангасан, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалдаг, шилдэг үйлчилгээтэй зочид буудлыг тусгайлан бэлтгэсэн шүүгч, шүүмжлэгчдийн саналаар тодруулах болсон нь энэ.

- Сонирхуулахад, Michelin 2018 онд Tablet нэртэй зочид буудлын захиалгын платформыг худалдан авч байсан билээ.

4 мэдүүштэй зүйл

Тархины чип: И.Маскийн үүсгэн байгуулсан Neuralink-ийн өрсөлдөгч Precision Neuroscience Даллас хотноо үйлдвэрийн байгууламж худалдаж авлаа. Тэд энэ үйлдвэртээ тархины чипээ үйлдвэрлэх, бүрдэл хэсгийг хөгжүүлэх зорилготой байгаа юм. Зохицуулах байгууллагаас 2024 он гэхэд шаардлагатай зөвшөөрөл авах зорилготой байгаагаа тэд мэдэгдээд байгаа билээ.

Сансрын торгууль: Америикийн харилцаа холбооны зохицуулах байгууллагаас Dish Network-д 150 мянган долларын торгууль ноогдуулав. Шалтгаан нь ажиллагаагүй хиймэл дагуулыг цэвэрлээгүй, түүгээрээ дамжуулж тойрог замд эрсдэл учруулсан нь гэв. Энэ нь сансрын хаягдалд оногдуулсан анхны торгууль болж түүхэнд үлдлээ.

Нисдэг завь: Japan Airlines агаар уснаа явагч хөгжүүлэгч Regent хэмээх стартапад 60 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Цахилгаан хөдөлгүүртэй, нэг цэнэглэлтээрээ 300 км зайг туулах чадвартай, усанд 80 км/цаг, агаарт 289 км/цаг хүртэл хурдлах чадвартай уг хөлгийг тэд Токиогийн усан тээвэрт ашиглах амбицтай байгаа гэнэ.

Аварга түншлэл: LG Energy Toyota компанийн цахилгаан автомашинд батарей нийлүүлэх гэрээ хийснээ зарлалаа. Энэ түншлэлийн хүрээнд тэд тусгайлан бэлтгэсэн үйлдвэрийн шугам байгуулж, 3 тэрбум долларыг зарцуулах юм. LG Energy-ийн хувьд дэлхийн топ 10 автомашин үйлдвэрлэгчийн 9-тэй нь хамтран ажилладаг гэнэ.


5 сонин хачин

1. "The Exorcist: Believer" бокс оффист 45.1 сая долларын орлого олж, 1-р байрыг эзэллээ. 1973 оноос эхтэй уг франчайзыг Universal 2019 онд 400 сая доллараар худалдан авч байсан. Тэд "Halloween"-тэй ижил стратегиар үйл явдлыг бүр эхнээс нь шинэчлэн хүргэж байгаа нь энэ юм.

2. Amazon интернет түгээх зориулалттай анхны хоёр хиймэл дагуулаа хөөргөлөө. SpaceX-ийн Starlink-тэй өрсөлдөх амбицтай тус төслийн хүрээнд тэд 2029 он гэхэд 3200 хиймэл дагуулыг хөөргөх зорилготой байгаа. Project Kuiper нэртэй уг төсөлдөө Ж.Бэйзос 10 тэрбум долларыг зарцуулах юм.

3. Blackberry бизнесээ 2 салгах болсноо зарлалаа. Тэд үндсэн бизнесээ зүйлсийн интернет болон кибер аюулгүй байдал гэсэн 2 чиглэлд салгаж, IoT нэгжээ ирэх жилд багтаан IPO хийж, нээлттэй компани болгоно гэнэ. Тус компани өнгөрсөн жилээс эхлэн өөрсдийн нэрий хуудас болсон гар утасны бизнесээсээ гарч байгаагаа зарласан юм.

4. Gmail эможи хариулттай боллоо. Өнгөрсөн сард анх ил болсон энэ нэмэлтийн хүрээнд хэрэглэгчид имэйлийн хамгийн дор байх стикерээс сонгож текст бичилгүй хариу бичих боломжтой болж байгаа гэнэ. Мөн бусад дурдагдсан хэрэглэгчдийн илгээсэн эможи ч ил харагдах сонголттой болжээ.

5. Sony өөрийн стриминг платформыг шинэчилж, Playstation-д нэвтрүүллээ. Өмнө нь Bravia Core нэртэй байсан уг платформ одооноос Sony Pictures Core нэртэй болсон бөгөөд хэрэглэгчдэд PS4, PS5 дээрээсээ 2000 гаруй киног үзэх боломжийг олгоно гэнэ.