1 гол сэдэв

Нэг жил

ОХУ Украин руу халдан довтолсноос хойш яг нэг жил өнгөрчээ. Дэлхийн эдийн засаг, геополитик, нийгмийн амьдралд онцгой нөлөө үзүүлсээр байгаа энэ дайны уршгаар 7000 гаруй энгийн иргэд амиа алдаж, Украины хүн амын 20-оос илүү хувь буюу 8 сая гаруй эх нутгаа орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Дайнд амиа алдсан цэргүүдийн тоо харин хамгийн багадаа 300 мянгаар хэмжигдэнэ хэмээн НҮБ тооцож байна.

Хуваагдсан дэлхий

Олон арван бүслэлт, зуу зуун бөмбөгдөлтийн улмаас хот суурин, дэд бүтэц сүйрсний улмаас Украин улсын эдийн засаг үлэмж хохирол амсаад байна. АНУ, Европын Холбоо тэргүүтэй барууны орнууд нийт 130 тэрбум орчим долларын тусламжийг тус улсад илгээж, цэрэг зэвсэг, хүмүүнлэгийн дэмжлэгээ улам нэмэгдүүлсээр байна. ОХУ-ын эдийн засгийн агшилт ердөө 2%-тай гарсан нь олон эдийн засагчдыг гайхшруулах үзүүлэлт ч зөвхөн ДНБ-ийн үзүүлэлт бодит нөхцөл байдлыг бүрэн илтгэхгүй гэдгийг сануулсаар байна.

Гэнэтийн айлчлал

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден өөрийн биеэр Киевт хүрэлцэн ирж, Украиныг дэмжсээр байх болно гэдгээ мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн Оросод зэр зэвсгийн дэмжлэг үзүүлж магадгүй хэмээн хардагдаж байсан БНХАУ албан ёсоор мэдэгдэл гаргаж, энх тайвныг эрхэмлэсэн дундыг сахисан байр сууриа бататгажээ. НҮБ дайны нэг жилийн босгон дээр ОХУ-ыг цэргээ ямар ч нөхцөлгүйгээр гаргахыг шаардсан тогтоолд санал хураахад 141 улс дэмжиж, 32 улс түдгэлзсэний дотор Монгол улс багтав.

2 чухал тоо

80.000.000.000 - Air India компани нийт 80 тэрбум доллараар онгоц худалдаж авах болсон нь иргэний агаарын тээврийн салбарын түүхэн рекорд боллоо. Тэд Airbus-аас 250, Boeing-оос 220 онгоц тус тус авахаар гэрээлжээ.

940.000.000 - Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Нидерландын алдарт Heineken брэндийн 3.7 хувийг эзэмших боллоо. "Шар айраг бараг уудаггүй" гэдгээрээ алдартай тэрээр нийт 940 сая доллараар уг хувьцааг худалдаж авсан байна. Сонирхуулахад, Heineken компани нь Монголын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг "АПУ ХК"-ийн 25%-ийг эзэмшдэг билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Ажлын 4 өдөр бизнест эерэг нөлөө үзүүлдэг.

- Энэ чиглэлээрх хамгийн том туршилтын эхний үр дүн гарлаа. Их Британи даяар 6 сарын турш явагдсан уг туршилтад нийт 61 байгууллагын 2900 гаруй ажилтан хамрагджээ. Хамгийн сонирхолтой нь нийт компаниудын 92% нь уг туршилтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

- Туршилтад хамрагдсан ажилчдын 71% нь ажлын байран дахь стресс буурч байгааг онцолж, ажил амьдралын тэнцвэрээ хангахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна хэмээн хариулжээ. Мөн ажлын бүтээмж, ажлын үр дүнгийн үзүүлэлт бүгд эерэг гарсан гэдгийг судлаачид онцлов.

- Цар тахлын нөлөөгөөр бизнесийн байгууллагууд ажлын байрны сайн сайхан байдал болон ажлын бүтээмжид ихээхэн анхаарах болж, чиг хандлага ч нэлээдгүй өөрчлөгдөх болсон. Ижил туршилтыг одоогоор Испани улс албан ёсоор хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа бол Unilever компани Шинэ Зеландын оффис дээрээ туршиж эхлээд байгаа гэнэ.


II. Starbucks шинэ кофены найрлагаа танилцууллаа.

- Дэлхийн хамгийн кофе шопын сүлжээ Starbucks оливын тостой шинэ кофе цэсэндээ нэмж байгаагаа зарлалаа. "Салбарыг донсолгох", "тоглоомын дүрмийг өөрчлөх" боломжтой хэмээн тодотгосон уг шинэ бүтээгдэхүүний нэр "Oleato" байх гэнэ.

- Энэ бол компанийг үүсгэн байгуулагч Ховард Шульцийн Италиар аялж байхдаа олсон ээлжит санаа. Тэрээр 1983 онд Starbucks-т маркетингийн менежерээр ажиллаж байх үедээ Италид зочилж, кофены соёлыг нутагшуулах анхны санаагаа олж, улмаар дэлхийн хэмжээний брэндийг босгосон түүхтэй. Тэгвэл энэ удаад тэрээр Сицилийн ард түмэн өдөр бүр оливын тос уудаг заншилтайг анзаарч, улмаар латте, эспрессотой хольж үзэн туршсан нь ийн биеллээ олж байна.

- Эхний ээлжинд "Oleato" Италийн зах зээлд борлуулагдана. Мөн энэ жилдээ багтан Япон, Их Британи, АНУ-ын зах зээлд нэвтрэх гэнэ. Ташрамд дурдахад, гурав дахь удаагаа компанийн CEO-оор ажиллах болсон Х.Шульц гуравдугаар сарын сүүлээр гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгөх ч "Oleato" брэндийн элч төлөөлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах аж.


III. Warner Bros.Discovery-ийн тайлан зарлагдлаа.

- Дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг Warner Bros.Discovery улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани нийт 11 тэрбум долларын орлоготой ажилласан ч нийт алдагдлын хэмжээ нь 2.1 тэрбумд хүрсэн байна. HBO Max тэргүүтэй стриминг платформын нийт хэрэглэгчдийн тоо нь 96.1 саяд хүрсэн нь онцлох үзүүлэлт байв. Энтертэйнмент ертөнцийг донсолгосон нэгдлийн дараа үүссэн компанийн бүтцийг шинээр тодорхойлж, цэгцлэхэд ихэнх нөөцөө зарцуулсан 2022 оныг тэд "амжилттай" өнгөрлөө хэмээн дүгнэжээ.

- 2023 онд тэд "Бөгжний эзэн" цувралаас сэдэвлэсэн хэд хэдэн шинэ төсөл, түүний дотор бүрэн хэмжээний кинон дээр ажиллана гэдгээ зарласан нь анхаарал татлаа. Тэд 2024 онд шинэ аниме гаргана гэдгээ одоогоор зарлаад буй. Гэхдээ тэдэнд олон өрсөлдөгч бий. Ж.Толкиений домогт түүхээс сэдэвлэсэн телевизийн цувралыг Amazon Prime гаргаж, оюуны өмчийг эзэмших болсон Endeavor Group дүрүүд дээр тулгуурлан шинэ контент бүтээнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

- CEO Д.Заславын танилцуулгаас өөр нэг онцлох зүйл нь видео тоглоомын нэгж байв. Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн шинэ видео тоглоом "Hogwarts Legacy"-ийн түүхэн амжилт үргэлжилсээр. Тус тоглоом нээлтээ хийснээс хойш ердөө 2 долоо хоногийн дотор 12 сая хувь зарагдаж, 865 сая долларын орлого олж рекорд тогтоожээ.


4 мэдүүштэй зүйл

Өвөрмөц мөөг: Финляндын эрдэмтэд дэлхий даяар өргөн тархсан мөөгний нэг төрлийн онцлог бүтэц нь ирээдүйд пластикийг орлон үйлдвэрлэлд нэвтрэх боломжтойг тогтоожээ. Сонирхуулахад, Fomes fomentarius нэртэй уг мөөгийг хүн төрөлхтөн ойд гал асаахад түгээмэл ашигладаг байсан гэнэ.

Шинэ AI: Meta өөрсдийн хөгжүүлж буй LLaMa нэртэй AI хэлний моделийг нээлттэй болгож байгаагаа зарлалаа. Тэд 65 тэрбум параметртай энэхүү моделийг судлаачид, хөгжүүлэгчид үнэ төлбөргүй ашигласнаар хиймэл оюуныг илүү бүтээмжтэй, үр ашигтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ хэмээн найдаж байгаа юм.

Глюкоз хэмжигч: Apple удаан хугацааны турш хөгжүүлсэн глюкоз хэмжигч технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд ойртсоныг эх сурвалжууд мэдээллээ. 2010 онд С.Жобс энэ чиглэлээр дагнасан RareLight нэртэй стартапыг худалдаж авснаас хойш зах зээл дээр хүлээлт үүсээд байсан юм. Apple Watch-ийн шинэ загварт нэвтрэх учиртай энэ технологи сая сая хүний амийг аврах боломжтойд тооцогдож байна.

Хиймэл уруул: Хятадын сошиал орчинд алсын зайн харилцаатай хосуудад зориулан бүтээсэн ухаалаг үнсэлтийн төхөөрөмж хит болж байна. 41 долларын үнэтэй уг төхөөрөмж нь хэрэглэгчийн уруулын температур, үнсэлтийн даралт, хэв маягийг дуурайж, нөгөө талд холбогдсон төхөөрөмжид шууд дамжуулах зарчмаар ажилладаг гэнэ.

5 сонин хачин

1. 1985 онд өрнөсөн бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн "Cocaine Bear" нээлтийн долоо хоногтоо 21 сая долларын борлуулалтаар бокс оффисын 2-р байрт бичигдлээ. Жагсаалтыг одоогийн байдлаар дэлхий даяар 300 сая долларыг цуглуулаад буй "Ant-Man and the Wasp: Quantumania" 2 дахь долоо хоногтоо тэргүүлжээ.

2. Meta өөрсдийн эзэмшдэг дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформуудад төлбөртэй баталгаажуулалтын үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцууллаа. "Meta Verified" нэртэй цэнхэр тэмдэгтийг эзэмшихийн тулд хэрэглэгч сард 12 доллар төлөх бөгөөд Facebook, Instagram-д өөрийнх нь нэрээр хуурамч аккоунт үүсгэхээс сэргийлэх, шууд хэрэглэгчийн төвтэй холбогдож туслалцаа авах зэрэг нэмэлт боломжуудыг хүртэх гэнэ. Үүнээс өмнө Twitter-ийн шинэ эзэн И.Маск 8 долларын үнэтэй төстэй үйлчилгээг гаргаад байсан юм.

3. Spotify хиймэл оюунд суурилан хэрэглэгчийн сонирхол, хүсэлд нийцсэн хөгжмийг санал болгохуйц "DJ" нэртэй нэмэлтээ танилцууллаа. "Таны халаасан дахь DJ" хэмээх тодотголтой уг нэмэлтийн өөр нэг онцлог нь дуу хоорондын шилжилтийн үеэр хүргэх нэмэлт мэдээлэл, тайлбарууд нь байх гэнэ. Уг хиймэл аудио технологийг хөгжүүлэгч SonanticAI-ийг тэд өнгөрсөн жил худалдан авч байсан билээ.

4. Netflix 100 гаруй оронд үндсэн үйлчилгээний сарын төлбөрөө бууруулжээ. Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна. Одоо хэрэглэгчид өмнөхөөс 50%-аар бага буюу 3.99 доллар төлөн үндсэн багцыг ашиглах боломжтой болжээ.

5. Mercedes-Benz хамгийн эрэлттэй цувралуудын нэг E-Class-ийн 2024 оны шинэ загварыг танилцууллаа. Шинэ моделийн хамгийн анхаарал татсан нэмэлт нь сельфи камер байв. Уг камер нь урд хэсэгт суурилуулсан өргөн дэлгэцтэй хослох учиртай бөгөөд TikTok, Zoom-тэй бүрэн интеграц хийж байгаагаараа онцлогтой юм.

10 унших мэдээ

Мэдэх: В.Баффет жилийн захидлаа илгээлээ /WSJ/

Анзаарах: Африкийн хамгийн чухал сонгууль /Vox/

Анхаарах: Газар хөдлөлттэй холбоотой 180 хүн баривчлав /BBC/

Төсөөлөх: AI-ийн ирээдүй, хэрэглээг төлөвлөх нь /OpenAI/

Тайлбарлах: Section 230-ийн эргэн тойронд /CNN/

Унших: Р.Далийн зохиолыг дахин бичсэн нь /Telegraph/

Зочлох: Супер боулын хит Temu-ийн сэргэн мандалт /Fortune/

Үзэх: Алтан баавгайн эзэн тодорлоо /Hollywood Reporter/

Хэрэглэх: Whatsapp "Newsletter" функцтэй болно /The Verge/

Тоглох: Blumhouse видео тоглоом бүтээнэ /CNBC/