1 гол сэдэв
Юу болов?
Warner Bros.Discovery-г хэн худалдаж авах вэ?
Энэ бол өнгөрсөн долоо хоногийн бизнес, энтертэйнмент ертөнцийн хамгийн том асуулт байв. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Netflix, Apple, Amazon болон Paramount компаниуд хэдийнээ тус тусын саналаа илгээгээд эхэлжээ. Дэлхийн хамгийн том медиа компаниудын нэг Warner Bros.Discovery стратегийн хамтрагч, эсвэл бүр бүрэн худалдаж авах талыг хайж байгаагаа зарласан даруйд үнийн дайн эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш.
Юу юу гэсэн үг билээ?
Тус компанийн бүрэлдэхүүнд HBO, CNN, Cartoon Network, Eurosport, Discovery зэрэг телевизийн сувгуудаас гадна HBO Max, Discovery+ гэсэн стриминг платформууд багтана. Киноны студи нь л гэхэд Harry Potter, Game of Thrones, DC Comics гэсэн сая сая фентэй аварга франчайзуудыг эзэмшдэг.
Хэн хэн өрсөлдөж байна?
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар саяхан Skydance-тай нэгдсэн Paramount тус компанид гурван ч саналыг илгээгээд бүтэлгүйтсэн гэнэ. Тэд Warner Bros.Discovery-г 65-70 тэрбумаар үнэлсэн бололтой. Харин Netflix, Apple зэрэг технологи суурьтай компаниудын хувьд контентын сан, брэнд франчайзуудыг нь салгаж худалдан авах сонирхолтой байгаа аж. Юутай ч Warner Bros.Discovery шинэ эзэнтэй болбол медиа салбарт нөлөөлөх жинтэй хөдөлгөөн болох нь дамжиггүй юм.

2 чухал тоо
13.000: Google-ийн хөгжүүлж буй Quantum AI өнөө цагийн дэлхийн хамгийн хурдан супер компьютер Frontier-ээс 13,000 дахин хурдан симуляцийг гүйцэтгэжээ. Willow квант чип, 65 кюбитийн уг компьютер физикийн нарийн төвөгтэй симулюц дээр ажилласан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Frontier-ийн 3.2 жилд хийж дуусгах тооцооллыг Google ердөө 2 цагт л дуусгажээ. Энэ амжилт нь цаашлаад шинжлэх ухааны туршилт, тооцооллыг хурдасгахад квант технологи эрс нөлөө үзүүлнэ гэдгийн илрэл боллоо.
600.000: Amazon ирэх 8 жилд 600 мянган ажилтныг роботоор орлуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэснээр тэд хүний нөөц болон хүргэлтийн зардлыг 30%-аар бууруулж, хамгийн багадаа 12 тэрбум доллар хэмнэх тооцоо хийжээ. Улмаар нийт үйл ажиллагааны 75%-ийг автоматжуулах гэнэ. Сонирхуулахад, Amazon нийт 1.1 сая ажилтантайгаараа АНУ-д зөвхөн Walmart-ийн ард л бичигддэг билээ.
3 онцлох өгүүлбэр
I. NBA-ийн бет скандал дэлхийг цочирдууллаа
- Америкийн холбооны мөрдөх товчооноос сүүлийн 6 жил гаруй үргэлжилсэн мөрдлөгийн хүрээнд хоёр томоохон хэргийг илрүүлж, улмаар 30 гаруй хүнийг баривчилжээ. Үүнд NBA-ийн Майами Хит багийн тоглогч Т.Розиер, Портлэндийн дасгалжуулагч, алдарт тоглогч Ч.Биллапс нарын одод багтсан нь спортын ертөнцийг цочролд орууллаа.
- Эхний хэрэг нь тоглолт наймаалцахтай холбоотой. Т.Розиерийн хувьд өөрийн ойрын хамсаатнуудтай үгсэн хуйвалдаж, дотоод мэдээлэл задлах замаар их хэмжээний ашиг хийж байсан нь ил болсон байна. Уг бүлэглэл Торонто, Портлэнд, Лос Анжелес Лэйкэрс, Шарлотт зэрэг багуудын тоглолт дээр бооцоо тавьдаг байжээ.
- Нөгөөх нь хууль бус мөрийтэй тоглоомын хэрэг. Уг хэрэгт Америк даяар зартай дөрвөн мафийн бүлэглэл орооцолдсон нь бүр ч анхаарал татав. Тэд Ч.Биллапс зэрэг одуудыг ашиглан бусад тоглогчид, алдартнуудыг покерын ширээнд суулгадаг байсан гэнэ. Мөн энэ үеэрээ тоглогчдын хөзрийг харах шилэн ширээ, камер зэрэг технологи ашигладаг байсан нь ил болжээ.
II. Т.Санаэ Японы анхны эмэгтэй ерөнхий сайд боллоо
- Өдгөө 64 настай түүнийг Японы парламент олонхийн саналаар баталж, эзэн хаан соёрхон томилжээ. Гэхдээ түүний зам тийм ч амар байсангүй. Тэрээр Японы Инновацын намтай шинэ эвсэл байгуулж чадсанаар хүнд нөхцөлд шаардлагатай саналаа цуглуулж чадлаа.
- Тэрээр ажлаа авсан даруйдаа “цаг наргүй Япон орныг дахин сэргээн мандуулахын төлөө зүтгэнэ” гэдгээ мэдэгдэв. Мөн АНУ-тай харилцаагаа сэргээж, батлан хамгаалахын төсвөө үлэмж нэмэгдүүлнэ гэдгээ зарласан.
- Мөн үнийн өсөлтийг хязгаарлах, татварын бодлогыг шинэчлэхийг эдийн засгийн гол асуудлаа хэмээн тодорхойлоод байгаа. Тэрчлэн хөдөлмөрийн зах зээл дэх гадаад ажилчдын оролцоог хумих замаар ажилгүйдлийг бууруулах, цагаачлалын асуудалд хатуу байр суурь баримтлах төлөвтэй байна.
III. БНХАУ 15-р таван жилийн төлөвлөгөөгөө баталлаа
- Хятад улс 1953 онд хамгийн анх таван жилийн төлөвлөгөөг баталж байжээ. Үүнээс хойш тус улс 14 удаа таван жилийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлээд байгаа билээ. Арван тав дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөний гол зорилтууд дараах байдлаар тодорхойлогджээ.
- Нэг хүнд ДНБ-ын хувьд дунд орлоготой улсын ангилалд орох
- Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, нэгдсэн сүлжээг үүсгэх
- Технологийн хараат бус, бие даасан байдлыг бий болгож, шинжлэх ухаан, судалгаа-хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх
- Тооноос чанарыг эрхэмлэсэн өсөлтийн хүрээнд эдийн засаг, нийгмийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Батлан хамгаалахын технологи, чадамж, мэдээлэл, тагнуулын сүлжээг төгөлдөржүүлж, үндэсний эрх ашгийг хангах
- Ногоон хөгжлийг дэмжих “Үзэсгэлэнт Хятад” концепцийг хэрэгжүүлэх
4 мэдүүштэй зүйл
Эргэн ирэлт: NFT-ийн давлагааны хамгийн том төлөөлөгчдийн нэг Bored Ape Yacht Club эргэн ирэлт хийж, өөрсдийн нэрийн метаверсийг танилцууллаа. Otherside нэртэй уг метаверс нь Roblox, Fortnite-тай төстэй буюу хэрэглэгчид чөлөөтэй харилцаж, NFT, крипто ашиглан төрөл бүрийн үйлдэл хийх боломжтой гэдгээрээ онцлог. Хэрэглэгчид өөрийн веб хөтчөөсөө уг метаверсд нэвтрэх боломжтой болсон нь хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн тэд найдаж байна. Bored Ape Yacht Club-ийг хөгжүүлэгч Yuga Club 2022 онд уг төслөөрөө 450 сая доллар босгож байжээ.
Анхны уулзалт: Их Британийн хаан Чарльз, хатан Камила нар Ватиканд албан ёсны айлчлал хийв. Энэ бол 1534 онд VIII Хенри хаан Ромын сүмээс салан тусгаарлаж, Англиканы сүмийг эхлүүлснээс хойш Английн хаан болон пап ламын хооронд хийгдэж буй анхны уулзалт юм. Чарльз хаан болохынхөө өмнө сүүлийн гурван паптай уулзаж байсан ч хамтарсан залбирал үйлдэж байсан удаагүй билээ.
Гэнэтийн саатал: Дэлхийн интернетийн хэрэглээний гуравны нэгийг хангадаг Amazon Web Services өнгөрсөн долоо хоногийн эхээр саатлаа. 15 цаг орчим үргэлжилсэн гэмтэл AWS-ийн техникийн шинэчлэлийн үеэр эхэлсэн. Үүний улмаас Amazon-ийн үндсэн платформ болон Alexa туслах, Ring ухаалаг гэрийн системүүд бүрэн саатсан. Тэрчлэн Snap, Reddit, Roblox зэрэг сая сая хэрэглэгчтэй платформууд гацсан нь сошиалын гол сэдэв болов. Уг сааталтай холбоотой учирсан хохирлыг мэргэжилтнүүд 800-900 сая доллар хэмээн үнэлж байгаа аж.
Аварга уулзалт: Худалдааны дайны нөлөө дэлхий даяар мэдрэгдэж буй үед БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүд уулзах болсон нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Талууд Пүрэв гарагт уулзах хуваарьтай байгаа юм. Д.Трампын хувьд энэ долоо хоногт Азиар албан айлчлал хийж байна. Тэрээр Зүүн Өмнөд Ази буюу АСЕАН-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцохоос гадна Япон, БНСУ-д айлчлах юм. Мөн энэ үеэрээ АПЕК буюу Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцох ажээ.
5 сонин хачин
1. Sony-ийн эзэмшдэг аниме студи Crunchyroll дахин хит төрүүлж, энэ удаад “Chainsaw Man” 20 сая долларын орлоготойгоор чартыг тэргүүллээ. Тус кино өмнө нээлтээ хийсэн олон улсын зах зээлээс хэдийнээ 60 гаруй сая долларыг цуглуулаад байгаа юм. Хамгийн өндөр хүлээлттэй байсан домогт Брюс Спрингстинийн намтар бүтээл “Deliver Me From Nowhere” дөнгөж 4-р байрт бичигджээ. Шинжээчид уг киног Б.Диланы “A Complete Unknown”-тэй жишиж, Оскарт амжилта үзүүлэх магадлалтай хэмээн үзэж буй.
2. OpenAI веб хөтөч танилцууллаа. ChatGPT Atlas нэртэй уг веб хөтөч нь интернетээр аялах туршлагыг тэр чигт нь өөрчлөх учиртай хэмээн С.Алтман үзэж байна. Хэрэглэгчид веб рүү нэвтэрч, хайлт хийх үедээ AI-аар тойм бичүүлж, асуулт асууж бас даалгавар гүйцэлдүүлэх боломжтой. Ингэснээр тэд энэ зах зээлд тэргүүлэгч Google Chrome, Mozilla Firefox-той шууд өрсөлдөх болж байна. Тэднээс өмнө Perplexity, Opera зэрэг компаниуд AI-д суурилсан веб хөтчийг зах зээлд нэвтрүүлээд байсан юм.
3. Alibaba-ийн Quark нэртэй ухаалаг шилний захиалга энэ долоо хоногт эхэлсэн. 660 долларын үнэтэй шил хэрэглэгчдийн гарт 12-р сард буюу зул сарын баярын үеэр хүрэх гэнэ. Энэ үеэр тэд уг шилтэй нийцэж ажиллах AI Chat Assistant-ийг мөн танилцуулсан юм. Ухаалаг шил хэрэглэгчид AI туслахын тусламжтай дуудлага хүлээн авч, мессеж илгээн, шууд орчуулга хийх боломжтой. Шинжээчид уг бүтээгдэхүүнийг Meta-ийн Ray-Ban шилэнд өгч буй Хятадуудын хариулт хэмээн тодотгож байна.
4. Netflix-ийн энэ жилийн супер хит бүтээл "KPop Demon Hunters" франчайз болон өргөжих болжээ. Үүний хүрээнд тэд дэлхийн тэргүүлэх тоглоом үйлдвэрлэгчид болох Mattel, Hasbro-той гэрээ байгуулсан байна. Mattel-ийн хувьд барби хүүхэлдэй, биет тоглоом бүтээх бол Hasbro-ийн электрон болон хөлөгт тоглоом үйлдвэрлэх аж. Hasbro-ийн хувьд 2026 оны зун Kpop Demon Hunters-ийн сэдэвт монополь тоглоомоо хэдийнээ зарлаж, урьдчилсан захиалгаа эхлүүлжээ. Сонирхуулахад, өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийсэн уг анимэйшн хэдийнээ Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй контент болоод байгаа билээ.
5. Дэлхийн хамгийн хүндтэй музейд тооцогдох Луврт хулгай орсон нь нийгмийг цочирдуулав. Наполеоны эхнэртээ бэлэглэж байсан очир эрдэнийн зүүлт, III Наполеоны хатны зүүж байсан маргад эрдэнийн титэм зэрэг Францын соёлын өвийн нэрийн хуудас болсон эдлэлүүд хулгайд алдагдав. Жилд 9 сая үзэгч хүлээж авдаг тус музейн хамгийн алдартай үзвэрүүдийг ердөө 7-8 минутанд хулгайлж, скүүтер хөлөглөн зугтааж дөнгөсөн багтай дөрвөн этгээдийг холбогдох байгууллага дэлхий даяар эрэн сурвалжилж байна. Тэд өргөгчтэй ачааны машин ашиглан тагтаар дотогш нэвтэрсэн гэнэ. Зарим экспертүүд 100 гаруй сая доллараар үнэлэгдсэн эдгээр үнэт өвийг хэдийнээ хайлуулсан байж магадгүйг анхааруулсаар байна.

Сэтгэгдэл бичих

