1 гол сэдэв

Энэ долоо хоногийн гол анхаарал технологийн компаниудын улирлын тайланд төвлөрч байв. Бид дэлхийн ухаалаг утасны зах зээлийн гол тоглогчдын нэг “Huawei”-ийн тайланг хамгийн эхэнд онцоллоо.

Тайлангийн гол тоо юу байв?

“Huawei” 2020 оны III улиралд 671.3 тэрбум юанийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ хугацаан дахь компанийн цэвэр ашгийн хэмжээ 8 хувь байсан нь ч мөн анхаарал татав. Саяхан Mate 40 цувралын шинэ загваруудаа танилцуулсан тус компанийн тайлан шинжээчдийн таамаг болон үндсэн төлөвлөгөөтэй нийцсэн гэдгийг танилцуулгын үеэр онцолсон юм.

Яагаад онцлох ёстой гэж?

“Huawei”-ийн танилцуулсан эерэг үр дүнг хоёр шалтгаанаар онцгой гэсэн ангилалд оруулж болно. Эхнийх нь, цар тахлын нөлөө ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчдэд, ялангуяа логистикийн сүлжээгээр нь дамжин сөрөг нөлөө үзүүлсээр буй. Нөгөөх нь, магадгүй хамгийн чухал нь, АНУ-ын зүгээс тус компанид тавьсан худалдааны хориг нь бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулсаар байгаа. Ийм нөхцөлд тэд асуудлыг даван гарах төрөл бүрийн шийдлийг эрэлхийлж, зах зээл дэх байр сууриа хадгалахын зэрэгцээ илүү нэмэлт технологийн хөгжүүлэлтүүд гүйцэтгэсээр байгаагаа тайлангаараа батлан харууллаа.

Цаашид юу хүлээх вэ?

“Huawei”-ийн гол найдлага тавьж буй чиглэл бол 5G. Тэдний клоуд, хиймэл оюуны технологид эзэмшиж буй мэдлэг, туршлага болон ложистикийн сүлжээнд үүсгэсэн давуу талууд нь дэлхий даяар ид хүчээ авч буй 5G сүлжээний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай юм.

Бусад...

Apple: iPhone-ий борлуулалт буурсан ч шинээр танилцуулсан Apple One орлого нэмэгдүүлэх төлөвтэй.

Microsoft: Linkedin, Azure, Surface-ийн орлого бүгд нэмэгджээ.

Google: Дижитал сурталчилгааны орлого эрс нэмэгдэж, 11.2 тэрбум долларын ашигтай ажиллав.

Facebook: 1.8 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй болсон тэдний сурталчилгааны орлого 21.5 тэрбум болжээ.

Amazon: Борлуулалтын орлого нь 37%-иар нэмэгдэж, 97.1 тэрбумд хүрэв.

2 чухал тоо

92: Их Британийн тамирчин Льюис Хэмилтон Португалын гран прид түрүүлснээр хамгийн олон гараанд түрүүлсэн түүхэн рекордыг эвдлээ. Тэрээр домогт М.Шумахерын 91 гараанд түрүүлсэн амжилтыг ахиулсан нь энэ. Өдгөө 35 настай Хэмилтон 2007 онд анхны гараандаа түрүүлж байсан бөгөөд 6 удаа дэлхийн аваргаар тодроод байгаа билээ.

34.400.000.000: Алибабаг үүсгэн байгуулагч Жэк Магийн дийлэнх хувьцааг нь эзэмшдэг "Ant Financial" дэлхийн хамгийн том IPO-г хийж байна. 731 сая идэвхтэй хэрэглэгчтэй, жилд 17.7 триллион долларын гүйлгээ дамждаг Alipay үйлчилгээгээрээ танигдсан тус компани 310 тэрбум долларын үнэлгээтэйгээр 34.4 тэрбум долларыг нээлттэй зах зээлээс босгож байгаа юм. Өмнөх рекордыг өнгөрсөн 12-р сард 25.6 тэрбум долларын санхүүжилт татсан Саудын Арабын газрын тос үйлдвэрлэгч "Aramco" эзэмшиж байв. Ташрамд дурдахад, хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ 3 их наяд долларт хүрсэн гэнэ.

3 онцлох зүйл

Нээлт: NASA саран дээр өмнө тооцоолж байснаас хавьгүй их хэмжээний ус хадгалагдаж буйг тогтоожээ. Тэд Boeing 747 онгоцонд суурилуулсан ажиглалтын дурангийн тусламжтайгаар дэлхийгээс хамгийн тод харагддаг Клавиус нэртэй тогоонд усны молекул байгааг илрүүлсэн байна. Энэ нь хүн төрөлхтний сарыг эзэмших мастер төлөвлөгөөнд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх нээлт болж байгаа гэдгээрээ онцлог. Өмнө нь эрдэмтэд сарны нар тусдаггүй харанхуй хэсэгт ус хөлдсөн хэлбэртэй оршин байх боломжтойг тогтоосон ч одоогийн технологийн тусламжтайгаар олборлон ашиглах боломжгүй хэмээн үзэж байсан юм. Тэд сарны хөрсний нэг шоо метр талбай бүрт нэг жижиг лонхны хэмжээтэй ус агуулагдах боломжтой хэмээн дүгнэсэн байна. Сонирхуулахад, 2030 он гэхэд саран дээр тогтмол үйл ажиллагаатай суурин байгуулах зорилготой NASA-ийн хувьд 2 ч бие даасан төслөөр дамжуулан 2023 он гэхэд өрөмдөгчөөр тоноглогдсон робот төхөөрөмжийг илгээн, усны зураглалыг үүсгэх зорилготой ажиллаж байгаа. Энэ үеэрээ тэд сарны усны дээжийг эх дэлхийд авчирч, сарны гадаргууд хэрхэн ус үүсэж, хадгалагдан үлдсэн тухай илүү ихийг мэднэ гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

Дэлгэрүүлэх: PBS | Time | New Yorker


Сонгууль: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өндөрлөх шатандаа орж байна. Ерөнхийлөгч Д.Трамп амралтын өдрүүдэд гол анхаарал хандуулж буй 7 мужид нийт 14 цуглааныг зохион байгуулж, эцсийн мөчид сонгогчдыг татах оролдлого хийж буй. Хэдий дийлэнх гол судалгаанууд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Байденыг ялна хэмээн таамаглаж байгаа ч хоёр дахь мэтгэлцээнээс хойш Трампыг дэмжигчдийн хувь эрс нэмэгдэж байгааг анхааруулсаар байгаа. Одоогийн байдлаар 92 сая гаруй хүн урьдчилан саналаа өгсөн нь 2016 оны үзүүлэлтийг даваад байгаа бөгөөд нийт 150 сая орчим хүн санал өгөх төлөвтэй байгаа нь түүхэн амжилт болох магадлалтайг шинжээчид онцолжээ. Өнгөрч буй долоо хоногт Д.Трампын нэр дэвшүүлсэн Э.Барретт дээд шүүхийн шүүгчээр томилогдсон нь мөн онцлох үйл явдал байв. 46 настай Барреттыг бүгд найрамдах намын олонхийг бүрдүүлдэг сенатын гишүүд 52:48-ийн харьцаатайгаар баталснаар Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд 3 дахь шүүгчээ томилох эрхтэй болжээ.

Ойлгох: NPR | Vox | NYTimes


Эмгэнэл: Монголын бизнесийн ертөнцийн хамгийн хүчирхэг манлайлагчдын нэг Жанчивын Оюунгэрэл 65 насандаа таалал төгслөө. Ж.Оюунгэрэл газрын тосны салбарт 40 гаруй жил ажиллах хугацандаа Монголын тэргүүлэх компаниудын нэгт зүй ёсоор тооцогдох Петровис Группыг үүсгэн байгуулж, улс орныг хамарсан хамгийн том шатахуун түгээх станц, ложистикийн сүлжээг бий болгосон баялаг бүтээгч, нийгмийн хөгжлийн хурдасгуур болсон энэ цагийн нэгэн тод дүр байв. Үүнээс гадна тэрбээр "Анд Глобал", "Lendmn", "Tomyo" зэрэг стартапуудад хөрөнгө оруулж, Монголын гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэхэд хөрөнгө оруулагчийн үүргээр үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн байлаа. "Хүрээ Ротари", "Шарк Танк", "Улаанбаатар Хотын Худалдааны Танхим" зэрэг төслүүдээр дамжуулан нийгэмд үргэлж эерэг нөлөөлөл үзүүлдэг байсан тэрээр үйл хэрэг, амьдралын мөрөөрөө мянга мянган залуусыг урам зоригоор хөглөсөн үлгэр дууриал нь байсан билээ.

Дурсах: Unread | Ikon | iToim


4 мэдүүштэй баримт

Чип үйлдвэрлэгчид: AMD чип үйлдвэрлэлийн зах зээлийн гол тоглогчдын нэг Xilinx-ийг 35 тэрбум доллараар худалдан авах болсноо зарлалаа. Ингэснээр тэд нийт 135 тэрбум долларын үнэлгээ бүхий аварга нэгдлийг үүсгэж байгаа юм. Гол өрсөлдөгч NVidia нь Arm-ийг өөртөө нэгтгэх болсноос удалгүй зарлагдсан энэ мэдээ 5G болон AI-ийн технологийн тэсрэлттэй зэрэгцэн хэрэгцээ нь тасралтгүй өсөх болсон уг зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсч байгаагийг илэрхийлэл болж байна.

Төгс интернет: Дэлхийг илүү хямд бөгөөд чанартай интернетээр хангах зорилготой 2 ч төсөл шинэ мэдээллээ цацлаа. Google-ийн хөгжүүлж буй агаарын бөмбөлгөөр интернет түгээх "Loon" хамгийн удаан буюу 312 хоногийн турш тасралтгүй нисэж, рекорд тогтоосон байна. Тэд Кенид арилжааны зорилгоор үйлчилгээгээ эхлүүлээд буй. Харин Э.Маскийн "Starlink" сарын төлбөрөө 99 доллар хэмээн тогтоож, анхны туршилтаа эхлүүлжээ. Гэхдээ хэрэглэгчид үүнээс өмнө сүлжээ хүлээн авах таваг, төхөөрөмж зэргийг агуулсан 499 долларын үнэтэй багцыг авах ёстой аж.

Жигтэй молекул: NASA-ийн эрдэмтэд Санчир гарагийн хамгийн том дагуул сар Титаны агаар мандлаас анхаарал татахуйц молекулыг илрүүлсэн байна. C3H2 химийн томъёогоор илэрхийлэгдэх уг молекул нь бусад молекултэй урвалд орон ДНХ, РНХ үүсгэх чадвартай гэдгээрээ онцлог. Хэдий дэлхийтэй хамгийн төстэй орчин бүхий судалгааны биетээс илэрсэн ч энэ нь Титан дээр амьдрал оршин байгаа эсэхийг тодорхойлох хангалттай баримт биш хэмээн одон орончид онцолжээ.

Төмөр гараг: Одон орончид дэлхийгээс 370 сая км-ийн зайд нэн ховор, маш үнэ цэнтэй солирыг илрүүлсэн байна. "16 Psyche" нэртэй уг астеройд нь тэр чигтээ цэвэр төмөр, никелээс бүрдсэн гэдгээрээ онцлог. Эрдэмтэд тус гарагийн хэмжээ болон бүтцийг харьцуулан, түүхий эдийн үнэлгээг нь 10.000 квадриллион буюу
10.000.000.000.000.000.000 доллар хэмээн тооцоолсон байна. NASA дэлхийн цөмтэй төстэй бүтэцтэй гэдгээрээ судалгааны онцгой ач холбогдолтойд тооцогдож буй уг солир луу 2022 онд шинжилгээний төхөөрөмж илгээх бөгөөд 2026 онд газардан илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна хэмээн найдаж байгаа юм.

5 сонин хачин

1. Сүнсний баярын долоо хоногийн бокс оффисыг "Come Play" нэртэй аймшгийн кино 3.2 сая долларын орлогоор тэргүүллээ. Тус киног бүтээгч Focus Features уг түүхийг цуврал болгон хөгжүүлэх потенциалтай хэмээн мэдэгдээд буй. Харин тэдний гол өрсөлдөгч байна хэмээн тооцож байсан Disney-ийн "The Empty Man" дөнгөж 4-р байрт жагсчээ.

2. Facebook үүлэн технологид суурилсан тоглоомын үйлчилгээгээ танилцууллаа. Facebook Gaming нь ямар нэгэн нэмэлт апп, програм татахгүйгээр дурын тоглоомоо үнэ төлбөргүй тоглох боломж олгоно. Энэ нь Google Stadia, Amazon Luna, Microsoft xCloud зэрэг гол өрсөлдөгчдийнх нь сарын суурь хураамжид тулгуурласан бизнес моделиос өөр гэсэн үг. Энэ үеэрээ тэд Фэйсбүүкд сар бүр 380 сая хэрэглэгч хоорондоо холбогдож тоглоом тоглодог гэдгийг ил болгожээ.

3. Онлайн судалгаа, анхдагч өгөгдөл цуглуулалтын платформ Qualtrics-ийг үүсгэн байгуулагчдын нэг Р.Смит NBA-ийн Юта Жазз клубыг 1.6 тэрбум доллараар худалдан авлаа. 38 настай тэрээр NBA-ийн хамгийн залуу эздийн нэг болж байгаа нь энэ. Сонирхуулахад, 2018 онд SAP-д 8 тэрбум доллараар зарагдсан Qualtrics ирэх жил IPO хийх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаад удаагүй байгаа юм.

4. Dunkin' Donuts, Baskin Robbins зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийг эзэмшигч Dunkin Brands 11.3 тэрбум доллараар зарагдлаа. Тэднийг Arby's зэрэг түргэн хоолны рестораны сүлжээг эзэмшигч Inspire Brands худалдан авсан байна. Inspire Brands энэ худалдан авалтын дараа дэлхийн 60 гаруй улсад 31 мянган салбартай болж байгаа юм.

5. 20-р зууны кино ертөнцийн хамгийн тод төлөөлөгчдийн нэг Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгслөө. 1962 онд домогт тагнуулч 007 буюу Жэймс Бондын дүрийг анх удаа дэлгэцнээ амилуулж, нэр алдрын оргилд хүрсэн тэрээр 1988 онд "The Untouchables"-д бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн юм. Шотландын тусгаар тогтнолын төлөөх тууштай тэмцэгч Ш.Коннери 2000 онд хатан хаанаас хүлэг баатрын хэргэм хүртэж байжээ.

10 уншууртай мэдээ

Үзэх: "League of Legends"-ийн дэлхийн аваргын нээлт /Forbes/

Хүлээх: Ганц биечүүдийн өдрийн тренд юу байх бол? /CNBC/

Харьцуулах: Шумахер vs Хэмилтон /CNN/

Мэдэх: LVMH Tiffany-г дискоунттай үнээр худалдан авна /FT/

Зочлох: "Казахстан, Маш Гоё!" кампанит ажлын тухай /NYTimes/

Гайхах: Тархийг компьютертэй холбох шинэ арга /Wired/

Тооцох: Трамп хэрхэн ялах вэ? /Politico/

Ойлгох: Ниццагийн халдлагын шалтаг /Vox/

Мэдэх: Лос Анжелес Дожерс MLB-д аваргалав /Deadline/

Тайлбарлах: Хятадын таван жилийн төлөвлөгөө /Bloomberg/