1 гол сэдэв

Юу болов?

Ираны дайны эрсдэл дэлхийг түгшээж, худалдааны шинэ өрсөлдөөн улам ширүүсэж буй энэ үед дэлхийн хамгийн хүчирхэг хоёр лидер Бээжинд уулзлаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинийн урилгаар Хятадад албан ёсны айлчлал хийсэн нь олон улсын анхаарлын төвд байв. Энэ нь түүний хувьд Бээжинд хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд өмнө нь 2017 онд Хятадад зочилж байсан удаатай.


Яагаад?

Сүүлийн жилүүдэд Вашингтон-Бээжингийн харилцаа худалдаа, технологи, геополитикийн өрсөлдөөнөөс шалтгаалан эрс хүйтрээд буй. Трампын хувьд сүүлийн үед худалдааны хатуу бодлого баримтлах болсон нь хоёр орны бизнес, арилжааны харилцаанд сөргөөр нөлөөлөх болсон нь нууц биш. Тиймдээ ч дэлхийн хамгийн хүчирхэг хоёр орны төрийн тэргүүдийн уулзалт өндөр хүлээлт дор явагдсан нь санамсаргүй хэрэг биш.


Юуг онцлов?

Уулзалт харьцангуй найрсаг, дулаан уур амьсгалтай болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Ши Жиньпин Д.Трампын хамтаар “Тэнгэрийн сүм”-ээр зочилсон нь Хятадын талаас үзүүлж болох хамгийн өндөр хүндэтгэлийн нэг гэж ажиглагчид онцолжээ. Америкийн ерөнхийлөгчдөөс өмнө нь зөвхөн Жеральд Форд 1975 онд тус сүмд зочилж байсан аж. Талууд олон нийтэд хандан хэлсэн үгэндээ харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг онцолж, харилцаагаа илүү тогтвортой түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн нь анхаарал татав.


Гол сэдэв: Иран ба Тайвань

Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Ираны асуудал байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр талууд Иран ямар ч тохиолдолд цөмийн зэвсэгтэй болж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Трампын хувьд энэ нь айлчлалын хамгийн чухал дипломат үр дүн байж магадгүй юм. Хятадын импортын газрын тосны тал орчим хувь нь Ормузын хоолойгоор дамждаг учир бүс нутгийн тогтвортой байдал Бээжинд ч стратегийн ач холбогдолтой. Ши Жиньпин энхийн хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Харин Бээжин Тайванийн асуудалд АНУ-ыг болгоомжтой хандахыг хүссэн байна. Ши Жиньпин “Нэг Хятад” бодлогыг онцолж, Тайвань бол Хятадын дотоод асуудал гэдгийг дахин сануулжээ. Тэрээр “Тайвань бол АНУ-Хятадын харилцааны хамгийн чухал асуудал” хэмээн мэдэгдсэн байна.


Гол сэдэв: Аварга хэлцлүүдийн ард

Трамп Бээжинд ганцаараа ирсэнгүй. Түүний ард Apple, Nvidia, Tesla, BlackRock зэрэг дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудын удирдлагууд зогсож байв. Уулзалтад Тим Күүк, Женсен Хуанг, Илон Маск, Ларри Финк нарын супер оддоос гадна Boeing, Cisco, Citi, GE, Visa, Goldman Sachs, MasterCard-ийн лидерүүд, гол лидерүүд оролцсон нь энэ удаагийн айлчлалын хамгийн том мессежүүдийн нэг байлаа. Өөрөөр хэлбэл, Вашингтон дотоодын компаниудаа дэлхийн хамгийн том зах зээлд дахин хүчтэй нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа нуусангүй.

Трамп 2017 оны айлчлалынхаа үеэр нийт 36 томоохон хэлцэл байгуулж байсан. Харин энэ удаад түүнээс хэд дахин их хэмжээний гэрээ, хамтын ажиллагааны тохироо яригдсан талаар тэрээр онцолсон ч нарийн мэдээлэл өгөөгүй байна. Ши Жиньпин ч Хятадын зах зээлийг илүү нээлттэй болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Трамп уулзалтын үеэр Ши Жиньпинийг Вашингтонд хариу айлчлал хийхийг урьсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар БНХАУ-ын удирдагч ирэх есдүгээр сард АНУ-д айлчлах төлөвтэй байна. Д.Трампын хувьд Ши Жиньпинийг Вашингтонд хариу айлчлахыг урьсан байна. Талуудын мэдээлж байгаагаар БНХАУ-ын удирдагч 9-р сарын 24-нд АНУ-д айлчлах бололтой. Ираны дайн, Тайванийн асуудал, худалдааны шинэ өрсөлдөөн зэрэгцэж буй энэ үед Вашингтон-Бээжингийн харилцаа дахин “хайлах” эсэхийг дэлхий анхааралтай ажиглаж эхэллээ.

2 чухал тоо

300.000.000.000: “Монголын төмөр зам” 300 тэрбумын бонд гаргалаа. Энэ бонд нь Монгол Улсын түүхэнд төрийн өмчит компани анх удаа өөрийн хөрөнгөөр баталгаажуулан гаргасан санхүүгийн хэрэгсэл болж буйгаараа онцлогтой юм. Бондыг нэг жилийн 17 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Уг санхүүжилтээр “Монголын төмөр зам” ТӨХК нь стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

150.000.000.000: Өмнөговь аймаг 150 тэрбумын бонд гаргажээ. Тус бонд нь Даланзадгад суманд 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг босгож зорилготой юм.

3 онцлох өгүүлбэр

I. Honda 70 жилийн түүхэндээ анх удаа алдагдалтай ажиллажээ

- Тус компани 1957 онд Токиогийн хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болсноос хойш тасралтгүй ашигтай ажилласан гайхалтай амжилтыг эзэмшиж байсан юм. Тэгвэл Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч 2025 онд 2.7 тэрбум долларын алдагдалтай ажилласнаа зарлажээ. Үүний гол шалтгаан нь цахилгаан хөдөлгүүрт хийсэн хөрөнгө оруулалт нь байв.

- Honda-ийн хувьд 2030 он гэхэд нийт үйлдвэрлэлийн 20%-аа цахилгаан машин болгож, 2040 он гэхэд бүрэн цахилгаан машин үйлдвэрлэгч болох зорилго тавиад байсан юм. Үүндээ тэд 10 тэрбум доллар зарцуулсан ч хангалттай үр дүнд хүрээгүй аж. Тийм учраас төлөвлөгөөгөө цуцалж, 2030 он хүртэл хибрид моделийг хөгжүүлж, 15 төрлийн шинэ цахилгаан машин гаргах болжээ.

- Гэхдээ Honda-ийн мотоциклийн бизнес маш өсөлттэй байгааг мартаж болохгүй. Дэлхийн зах зээлийн гучин хувийг дангаар эзэлж буй тус компанийн нийт борлуулалтын орлогын бараг талыг мотоцикл эзлэх болсон байна. Тус нэгж 2025 онд л гэхэд 11%-ийн өсөлт үзүүлжээ. Цаашдаа тэд цахилгаан хөдөлгүүртэй мотоциклийг хөгжүүлж байгаагаа ил болгосон байна.


II. Европын хөлбөмбөгийн лигийн аваргууд тодорсоор

Испани: Эль Классикод Реал Мадридыг 2:0-ээр буулгаж авсан Барселона гурван тойргийн өмнө аваргын болзлоо хангалаа. Энэ бол тэдний 29 дэх түрүү. Харин Реал Мадридын хувьд гол оддын хагарал, дасгалжуулагчийн асуудлаа шийдэх даалгавартай хоцорлоо.

Герман: Байерн Мюнхен 35 дахь удаагаа Бундеслигад түрүүллээ. Энэ улиралд тэд 122 гоолыг оруулсан нь түүхэнд 1949 оны Ториногийн (125 гоол) ард л бичигдэх үзүүлэлт юм.

Шотланд: Дархан аварга Селтик сүүлийн тойрогт 10-р сараас хойш лигийг тэргүүлсэн Хартсийг 3:1-ээр хожиж аваргын цөм өргөлөө. Хартс 1960 оноос хойш лигт түрүүлээгүй байсан гэнэ. Шотландын лигт хамгийн сүүлд 1985 онд л Селтик, Рэйнжэрсээс өөр баг түрүүлсэн нь Сир Алекс Фергюсоны Абирдийн байжээ.

Португал: Ж.Моуриньогийн удирдсан Бенфика 34 тойрогт нэг ч хожигдолгүй улирлыг дуусгасан ч аварга авахад хангалтгүй байв. Тэдний урд Порто, Спортинг бичигджээ. Моуриньогийн хувьд ирэх улиралд Реал Мадридад эргэн ирэх магадлал өндөр байна.


III. Нийслэлийн төлөөх тэмцэл ширүүсэв.

- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа зарлалаа. Ингэснээр сүүлийн 30 жилд анх удаа ерөнхий сайд хотын даргыг шууд огцруулсан тохиолдол болж байна.

- Жил дамнан өрнөж байгаа МАН-ын хагарал өдийг хүртэл үргэлжилж байгаагийн илрэл нь энэ болов. Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдээр нөөцийн махтай холбоотой нөхцөл байдалд ихэд ундууцаж, улмаар АТГ, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж уулзах үедээ гэнэтийн шийдвэрээ зарлав. Энэ үеэрээ нийслэлийн удирдлагуудыг нарийвчлан шалгах үүрэг өгсөн нь улс төрийн том мессеж болов. 1 кг махны үнэ 40 мянган төгрөг давж, 18 мянган төгрөгийн үнэтэй байх ёстой нөөцийн мах зах зээл дээр олдохгүй болсон нь иргэдийн бухимдлыг нэмэгдүүлээд буй. Үүн дээр нэг удаад 200 сая төгрөгийн худалдан авалт хийсэн тохиолдол, мөн Х.Баттулгатай холбоотой гэх хоёр компани нөөцийн махны тендер авсан мэдээлэл нэмэгдсэн нь асуудлыг улам хурцатгав.

- Гэхдээ энэ шийдвэрийг гэнэтийн гэж хэлэхэд хэцүү. Туулын хурдны замын төслийг зогсоосноос хойш Н.Учрал, Х.Нямбаатар хоёрын зөрчил ил болсон гэж улс төрийн хүрээнд яригдах болсон. Х.Нямбаатарын хувьд экс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж тооцогддог. Тэрээр 2023 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын суудлаа орхин нийслэлд ирж, 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН-д түүхэн ялалт авчирсан юм. Нийслэлийн 45 суудлын 40-ийг авч, 9 дүүргийн 8-д ялалт байгуулсан нь МАН-ын хувьд урьд өмнө байгаагүй амжилт болсон. Тиймээс нийслэлийг хянах нь зөвхөн хотын асуудал биш, харин нам доторх эрх мэдлийн төвийг хэн атгах вэ гэсэн том тулаан болоод байв.

4 мэдүүштэй зүйл

Аюулт өвчин: Конгод эбола дэгджээ. Тус улсын зүүн хэсэгт орших Итури мужид өнгөрсөн баасан гарагт анхны эбола вирусын тохиолдол бүртгэгдсэн байна. Тархалт маш хурдацтай явагдаж, нас барагсдын тоо хэдийнээ 80 давжээ. Одоогоор батлагдсан 300 гаруй тохиолдлыг эмнэлгийн хяналтад авсан гэв. Хөрш Уганда улсад нэг тохиолдол илэрсэн бол Конгогийн нийслэл Киншасад хоёр иргэн халдвар авсан нь тогтоогджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус бүс нутагт онцгой байдал хэмээн зарлаж, хөл хөдөлгөөнийг хязгаарлах чиглэл өгсөн байна. Өмнө нь яг тус мужид 2018-2020 оны хооронд эболагийн халдвар эрчимтэй тархаж, 2200 гаруй хүн амиа алдаж байсан түүхтэй.

Хариу айлчлал: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болжээ. Уг айлчлалын үеэр тэрээр БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хэлэлцээр хийж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцоно гэв. Энэхүү мэдээ нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын шуугиан тарьсан айлчлалын дараа явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Цөм ялагдал: Их Британи даяар явагдсан орон нутгийн сонгуульд эрх баригч Хөдөлмөрийн нам ялагдал хүлээж, ерөнхий сайд К.Стармерын байр суурь хүчтэй ганхлаа. Тэд нийт сонгогчдын ердөө 17%-ийн саналыг авч, бараг 1500 гаруй суудлаа алдсан байна. Тэрчлэн олонхийн байр суурьтай байсан Уэльсийн парламентад ердөө 9 суудалтай үлдэж, Шотландад зургаан сонгууль дараалан ялагдал хүлээлээ. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн гол дүр нь “Reform UK” нам байв. “Brexit”-ийн гол авторуудын нэг Н.Фаражийн шинээр байгуулсан тус нам хамгийн өндөр буюу 26%-ийн дэмжлэгийг олон нийтээс авсан юм.

Түлшгүй орон: Куба улс түлшгүй болжээ. Тус улсын дизель түлш, мазутын нөөц бүрэн дууссан учраас эрчим хүчний систем бүрэн хямралд оржээ. Засгийн газраас АНУ-ын тавьсан түлшний хоригийн эсрэг хэлэлцээрийг үргэлжлүүлсээр байгаа боловч дорвитой үр дүн гарахгүй л байна. Зөвхөн хоригоос гадна дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой үнийн өсөлт, тээврийн саатал ч тус улсад нөлөөлж байгаа нь энэ юм. Одоогоор зөвхөн нийслэл Хаванад л гэхэд өдөр бүр 20-22 цагийн цахилгааны хязгаарлалт хийж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. Каннын кино наадам эхэллээ. 79 дэх удаагийн наадам 5-р сарын 23 хүртэл явагдана. Наадмын нээлтийн үзвэрээр Францын найруулагч П.Салвадоригийн комеди бүтээл “The Electric Kiss” тодорчээ. Энэ наадмын үеэр гурван эрхэмд хамгийн дээд буюу “Хүндэт дал модны алтан навч” шагналыг олгосон байна. Эхнийх нь “The Lord of The Rings”, “Hobbit”-ийн цувралаараа алдартай найруулагч П.Жэксон байв. Тэрчлэн нэрт жүжигчин Ж.Траволта, Б.Стрэйзанд нар уг шагналыг гардан авчээ. Ж.Траволтагийн хувьд энэ наадамд найруулагчийн хувиар дебют хийж, “Propeller One-Way Night Coach” киногоо нээж байгаа аж.

2. Eurovision-ийн 70 жилийн түүхэнд Болгар улс анх удаа аваргаллаа. 27 настай поп од Дарагийн хувьд “Bangaranga” дуугаараа үзэгчдээс хамгийн өндөр санал авчээ. Дараагийн байруудад Израйль, Румын, Германы оролцогчид бичигджээ. Дэлхийн хамгийн том хөгжмийн тэмцээнд энэ удаад 35 улс оролцлоо. Израйлийн төлөөллийг оролцуулах шийдвэрийг эсэргүүцсэн нийт таван улс тэмцээнийг бойкотлосон байна. Үүнд Испани, Нидерланд, Исланд, Словен, Ирланд улсууд багтжээ.

3. Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Д.Бекхэмийн хөрөнгө 1.5 тэрбум доллар болжээ. Тэрээр Их Британийн хамгийн чинээлэг эрхэмүүдийн танилцуулдаг “Sunday Times Rich List”-д анх удаа багтсан нь энэ юм. Манчестер Юнайтед, Реал Мадрид, Лос Анжелес Галакси клубүүдэд өнгөрүүлсэн карьераа 2013 онд дуусгасан тэрээр өдийг хүртэл Adidas, Hugo Boss зэрэг топ брэндүүдийн нүүр царайгаар ажилласаар байгаа. Мөн Л.Мессигийн хүчин зүтгэж буй Интер Майами хөлбөмбөгийн клубыг эзэмшиж буй. Сонирхуулахад, уг жагсаалтад спортын салбарынхны F1-ийн босс Б.Экклестоун л түүний урд бичигджээ.

4. The New York Times-ийн хамгийн алдартай тоглоом Wordle ирэх жилээс эхлэн реалити шоутай болно гэнэ. Уг шоуг NBCUniversal болон алдарт Жимми Феллон нар хамтран хөгжүүлэх ажээ. Шоуны нэг дугаар 30 минутын урттай байх бөгөөд бэлэн мөнгөний шагналтай байх гэнэ.

5. Америкийн чип үйлдвэрлэгч Cerebras 95 тэрбум долларын үнэлгээтэйгээр IPO хийж, 5.5 тэрбум долларыг босгожээ. Энэ нь 2019 оны Uber-ээс хойшхи Нью Йоркт хийгдсэн хамгийн том IPO-д тооцогдож байна. AI-ийн тэсрэлтийн үеэр улам бүр эрэлттэй болж буй тус компанийн хувьцааны ханш эхний өдрөө л 68%-аар нэмэгдсэн байна. Nvidia-г гол өрсөлдөгчөө хэмээн тодорхойлсон тус компанийн орлого 2025 онд 76%-аар нэмэгдэж, 510 сая доллар болжээ.