1 гол сэдэв

Юу болов?

Японы Айчи-Нагояад 20 дахь удаагийн Азийн наадам явагдаж өнгөрлөө. Уг наадам цар хүрээний хувьд зөвхөн Олимпын наадмын ард л бичигддэг. Нийт 45 орны 10 мянга гаруй тамирчин 43 спортод 469 багц медалийн төлөө өрсөлдөв. Наадамд багийн дүнгээр БНХАУ-ын баг илт тасархай тэргүүллээ. Тэд 169 алт, нийт 341 медаль хүртэв. Талбайн эзэн Японы баг 83 алт, 269 медаль хүртсэн бол БНСУ-ын баг 39 алт, 150 медальтай дараагийн байруудад жагслаа. Нийт 40 улс ямар нэгэн медаль хүртжээ.

Тэмцээний шилдгүүд хэн байв?

Тэмцээний хаалтын өдөр MVP буюу хамгийн үнэ цэнтэй тамирчдыг мөн зарласан. Эмэгтэйчүүдээс Хятадын 13 настай залуу сэлэгч Юү Жиди усанд сэлэлтийн төрөлд 3 алтан медаль хүртсэнээрээ онцлогдлоо. Тэрээр Азийн наадмын түүхэнд хамгийн залуу MVP болж байна. Харин эрэгтэйчүүдээс Тайландын гүйгч Боонсон Пүридол шилдгээр тодров. Тэрээр хамгийн хурдан төрөл болох 100, 200 метрийн зайд түрүүлэхдээ Азийн наадмын рекордыг нийт 4 удаа шинэчилжээ.

Монголчууд хэр амжилт үзүүлэв?

Монголчуудын хувьд энэ удаагийн наадмыг 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна. Энэ бол манай багийн хувьд 2002 оны Бусаны наадмаас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм. Багийн дүнгээр дөнгөж 27-рт эрэмблэгдсэн нь ч уг наадамд анх оролцож эхэлсэн 1974 оноос хойшхи хамгийн муу байр боллоо.

Ганц алт: Манай багийн цорын ганц алтыг жүдогийн төрлөөс К.Ёолк хүртсэн. ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан тэрээр эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд түрүүлж, Монголоос төрсөн 27 дахь Азийн аварга боллоо. Жүдочид энэ наадамд Монголын багийн нүүрийг талхалж нийт 7 медалийг эх орондоо авчирсан юм.

Анхны медаль: Харин Азийн наадмын түүхэнд Монголчуудын хамгийн өндөр амжилт үзүүлдэг чөлөөт бөхийн төрлөөс гурван хүрэл медаль л хүртсэн чамлахуйц гэж хэлэх болох амжилт юм. Харин сонгомол бөхийн төрөлд ОУХМ Г.Ганхуяг хүрэл медаль зүүсэн нь уг төрлөөс Монголчуудын хүртсэн Азийн наадмын анхны медаль боллоо.

Багийн амжилт: Цахим спортын төрөлд Mobile Legends-ийн тамирчид хүрэл медаль хүртсэнээр багийн спортоос авсан цорын ганц медаль болов. 3 жилийн өмнө Ханжоугийн наадамд манай тамирчид Dota 2-ийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Давхар цохилт: Энэ наадмын онцлох тамирчин нь дугуй тамирчин С.Жамбалжамц байв. Тэрээр өмнөх наадмын амжилтаа бататгаж, Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Тэрчлэн боксоос Т.Билгүүнсайхан, жиү-жицүгээс Б.Наранхишиг нар тус бүр гуравдугаар байр эзлэв.

Чамлахуйц дүн: Монголын баг тамирчид энэ наадамд 303 тамирчинтай оролцсон. Медаль хүртэх боломжтойд тооцогдож байсан топ төрлүүд болох буудлага, байт харваа, 3х3 сагсан бөмбөг, курашийн тамирчид хоосон хоцорлоо. Лос Анжелесийн олимпын цикль дундаа эхэлсэн байгаа үед түүхэнд бичигдэхүйц муу амжилт үзүүлсэн нь манай баг тамирчдад цочрол өгсөн нь гарцаагүй биз ээ. Дараагийн Азийн наадам 2030 онд Катарын Доха хотноо явагдана.

2 чухал тоо

3,000,000,000: 77 тэрбум долларын хөрөнгө удирддаг Citadel-ийг үүсгэн байгуулагч Кен Гриффин Майами хотноо дэлхийн түвшний топ их сургууль байгуулахад зориулж 3 тэрбум долларын хандив өргөжээ. Уг хандивын хүрээнд Карнеги Меллоны их сургууль 3500 оюутанд зориулсан цоо шинэ кампус байгуулна гэнэ. Энэ нь Америкийн дээд боловсролын салбарын түүхэнд бичигдэх хамгийн өндөр дүнтэй хандив болжээ. К.Гриффин Майамиг дараагийн санхүүгийн төв болно гэж үздэгээ нуудаггүй. Тэрээр Citadel-ийн Майамигийн оффисийг байгуулахад 2.5 тэрбум доллар зарцуулж байгаа билээ.

2200: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп саяхнаас AI буюу хиймэл оюуны нэршлийг өөрчилж супер оюун буюу SI болгох санаачилгыг гаргаад байгаа. Тэрээр 9-р сарын 30-ны өдөр тусгай зарлиг буулгаж, супер оюуны нэршлийг төрийн хэрэглээнд нэвтрүүлэхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн .si нэртэй домэйнийн эрэлт эрс өсөв. Зөвхөн 30-ны өдөр гэхэд 24 мянган шинэ хаяг зарагджээ. Уг хаяг бол Словен улсыг илэрхийлдэг товчлол. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд шинэ домэйнийн эрэлт 2200%-аар өссөн байна. Сонирхуулахад, Америкийн тэргүүн хатагтай Мелани Трамп Словени гаралтай билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Paramount, Warner Bros-ийн нэгдэл Skydance нэрийн дор ажиллана

- Сүүлийн 18 сарын хугацаанд Холливүүдийн хоёр том компанийг худалдан авсан тэрбумтан Дэвид Эллисон шинэ нэгдлээ Skydance гэж нэрлэнэ гэдгээ зарлалаа. Тэрээр хамгийн анх 2025 оны 8-р сард Paramount-ийг эгнээндээ нэгтгэсэн бол сүүлд Warner Bros.Discovery-г 110 тэрбумаар худалдан авсан билээ.

- Oracle-ийг үүсгэн байгуулагч, нэгэн үе дэлхийн хамгийн баян эрхэмд ч тооцогдож байсан Ларри Эллисоны хүү Дэвид 2006 онд ердөө 23 насандаа Skydance-ийг байгуулж байв. Улмаар Mission Impossible, Terminator, Top Gun зэрэг хит кинонуудыг бүтээсэн амжилттай. Тэрээр шинэ компаниа хоёр CEO-тойгоор ажиллана гэдгийг мөн зарлалаа. Д.Эллисоны хамтрагчаар дэлхийн тэргүүлэгч тоглоом үйлдвэрлэгч Mattel-ийн CEO-оор ажиллаж байсан И.Крэйц сонгогдсон гэнэ. Тэрээр 2018 оноос хойш тус компанийг тэргүүлэхдээ “Barbie”-ийн киног хийж, эзэмшиж буй дүрүүдээ илүү өргөн хүрээнд өргөжүүлэх, шинэ сэдэвчилсэн бүтээл гаргах чиглэлд ихээхэн амжилт олсон хэмээн үнэлэгддэг юм.

- Сонирхуулахад, Skydance-ийн хувьд одоо зөвхөн кино үйлдвэрлэл, кино студийн бизнесээс гадна стриминг платформ, телевизийн өргөн сүлжээтэй болж буй. Тус нэгдлийн харьяанд CNN, CBS, Cartoon Network, MTV, HBO, TNT зэрэг салбарын тэргүүлэгч брэндүүд багтаж байна. Мөн Paramount+, Discovery+, HBO Max гэсэн платформууд бий. Д.Эллисон эдгээр апп-уудыг нэгтгэх амбицтай байгаагаа мөн илэрхийлжээ.


II. Дэлхийн шилдэг их сургуулиудын чансаа зарлагдлаа

- Цар хүрээ, хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа дэлхийд тэргүүлдэг Times Higher Education-ийн 2027 оны шилдэг их сургуулиудын жагсаалт гарлаа. Уг жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ дараалан тэргүүлэв. АНУ-ын MIT болон Принстоны их сургууль топ 3 дахь байраа хадгалж үлджээ.

- Топ 10-т АНУ-ын 7, Их Британийн 3 сургууль багтав. Ази тивийн хамгийн өндөр чансаатай сургуулиар БНХАУ-ын Цинхуагийн их сургууль тодорлоо. Тус сургууль 11-р байрт бичигдсэн бөгөөд Европын холбооны хамгийн өндөр чансаатай Швейцарийн ETH Zurich-ийн урд гарч чаджээ. Тэдний араас Бээжингийн их сургууль (13), Сингапурын үндэсний их сургууль (15) тус тус бичигдлээ.

- Харин Монгол улсаас МУИС уг чансаанд багтсан бөгөөд 2001+ байрт жагслаа. МУИС-ийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал болон зах зээлд үзүүлж буй нөлөөгөөрөө хамгийн өндөр оноог авчээ.


III. Starship тойрог замд анхны нислэгээ үйлдлээ

- Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн том пуужин Starship анх удаа дэлхийн тойрог замд амжилттай нэвтэрлээ. Сүүлийн гурван жилд 14 удаа туршилтын нислэг үйлдсэн уг пуужин тойрог замд Starlink-ийн 26 хиймэл дагуулыг амжилттай байршуулжээ.

- SpaceX-ийн хувьд энэ удаагийн нислэгийг хол замын бэлэн байдлыг хангах зорилгоор 10 цаг орчим үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан. Энэ хугацаанд Starship дэлхийг 6 удаа бүтэн тойрох төлөвлөгөөтэй байв. Гэвч байршуулалтын үеэр нэг хөдөлгүүрт гэмтэл гарсан учир аюулгүй байдлыг хангах үүднээс ердөө 3 цаг болсны эцэст ажиллагааг зогсоожээ. Starship-ийг хамгийн анх Ангараг гарагийг эзлэх зорилгоор санаачлан бүтээж эхэлсэн Илон Маск аюулгүй байдлыг нэгт тавьж, ажиллагааг эрт зогсоолоо хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ нь 124 метрийн урттай аварга пуужин дэлхийн тойрог замд гарсан хамгийн анхны түүхэн амжилт болсон гэдгийг онцолжээ.

- Сонирхуулахад, SpaceX-ийн хувьд уг пуужинг хөгжүүлэхэд 15 тэрбум доллар зарцуулсан гэсэн тооцоо бий. Тус компани ирэх зун эхлэх NASA-ийн сар луу нисгэгч илгээх Artemis хөтөлбөрийн нэг хэсэг болж, Starship-ийг хөөргөхөөр бэлтгэж байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Түүчээ эмэгтэй: Өнгөрсөн долоо хоногт явагдсан парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан “PAM” намын лидер Фатима Эл Мансури Мороккогийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд боллоо. Энэ бол Арабын ертөнцөд ч ховор үйл явдал. Түүнээс өмнө Тунист Н.Буден хэмээх эмэгтэй улс төрч 2021-2023 онуудад төрийн тэргүүнээр ажиллаж байв. Өдгөө 50 настай Эл Мансуригийн хувьд хамгийн сүүлд Марракеш хотын захирагчаар ажиллаж байсан. “PAM”-ийн хувьд нэг удирдагчтай бус хамтын удирдлагын систем хэрэгжүүлдэг онцлогтой учир хэнийг ерөнхий сайдаар томилох нь эцсийн мөч хүртэл эргэлзээтэй байсан. Улмаар Мороккогийн эзэн хаан Мухаммед VI түүхэн сонголт хийсэн нь энэ юм.

Утасгүй тоглолт: Америкийн уран бүтээлчид, дуучдын дунд тоглолтынхоо үеэр үзэгчдийг гар утсаа ашиглахыг хориглох тренд газар авч байна. Хамгийн сүүлд 32 настай поп од Пиби Брижэрс аялан тоглолтоо утасгүйгээр эхлүүлэхээ зарлав. Үзэгчид гар утас, ухаалаг шил зэрэг төхөөрөмжүүдээ зориулалтын түгжээтэй уутанд хийсний эцэст цэнгэлдэхэд нэвтрэх журам тоглолтын үеэр үйлчилнэ гэнэ. Уг түгжээтэй уут нь зөвхөн зөвшөөрөгдсөн цэгүүдэд онгойдог байхаар бүтээгджээ. П.Брижэрсийн өмнө Боб Дилан, Алишиа Кэйс зэрэг одод ижил шийдвэрийг гаргаад байсан юм. Тэд үзэгчдийг тоглолтоо бүрэн мэдэрч үзэхийг уриалж байгаа. Нөгөө талаас сошиал медиад тоглолттой холбоотой зураг, бичлэг орохгүй учраас тасалбарын эрэлт нэмэгдэх давуу тал ажиглагдаж байгаа гэнэ.

Сурагчдын жагсаал: Парисаас эхэлж Франц даяар явагдсан ахлах ангийн сурагчдын жагсаалд 1000 гаруй сургууль нэгджээ. Тэд боловсролын тогтолцоог шүүмжилж, анги танхимын гачигдал, багш нарын ачааллыг эсэргүүцэж байгаа юм. Зарим газар тэмцэл ширүүсэж, сургуулийн ойр орчмыг сүйтгэх болсон тул цагдаагийнхан 400 гаруй сурагчдыг баривчлан саатуулсан гэнэ.

Чухал уулзалт: Сүүлийн өдрүүдэд AI-ийн эрсдэл, хэт хурдтай хөгжлийн асуудал олны анхаарлыг татаж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп AI-ийн салбарын тэргүүлэгчидтэй уулзаж, хамтарсан тунхаг бичиг гаргажээ. Уг уулзалтад Трампын хоёр талд түүний “анд” Илон Маск болон Nvidia-ийн Ж.Хуанг суусан байв. Мөн Antrophic, Meta, Palantir, Alphabet, Microsoft-ийн CEO нар хүрэлцэн иржээ. OpenAI-ийг төлөөлөн С.Алтман бус дэд ерөнхийлөгч Г.Брокман зоог барьжээ. Трампын хувьд AI-ийн асуудал эрхэлсэн 10 хүнтэй тусгай зөвлөл байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаад удаагүй байгаа. Мөн хурлын дараагаар AI хөгжүүлж буй компаниуд эрсдлийн үнэлгээг хараат бусаар хийж, бие даасан зохицуулалт хийнэ гэдгээ амлажээ.

5 сонин хачин

1. OpenAI шинэ агентуудаа зарлалаа. Dots нэртэй уг агент нь хэрэглэгчдийн өмнөөс тодорхой үйлдэл хийж, туслах үүрэг гүйцэтгэх чадвартай. Заавал Codex эсвэл ChatGPT-г эхлүүлэхгүйгээр хамгийн бага ачаалалтайгаар арын албанд ажиллана гэдгээрээ онцлогтой. Хэрэглэгчид өөрийн Dot-доо нэр өгч, аватараа сонгох боломжтой. Цаашлаад уг дотыг байгууллагын хэрэгцээнд нэвтрүүлж, Slack, Teams зэрэг платформуудтай интеграц хийх гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Meta-ийн зүгээс ижил төстэй Muse нэртэй агентуудыг гаргасан нь зах зээлээс эерэг үнэлгээ аваад байгаа юм.

2. Bose-ийн 11 жилийн дараа анх удаа утастай чихэвч гаргажээ. USB-C оролттой уг чихэвч 99 долларын үнэтэй байх ажээ. Утастай чихэвч нь дугаралт, чанарын хувьд зах зээл дэх хамгийн өндөр үзүүлэлттэй хэмээн тодорхойлогджээ. Мөн шинжээчид дуу тусгаарлах технологи нь өндөр түвшинд байгааг онцолсон байна. Сүүлийн үеийн хэрэглэгчдийн дунд хуучны ретро загварын төхөөрөмж эрэлттэй байгаагийн нэг илрэл нь энэ боллоо.

3. Дэлхийн тэргүүлэгч ухаалаг бөгж үйлдвэрлэгч Oura нээлттэй компани болох үйл явцаа хойшлуулж байгаагаа зарлалаа. Тэд 11 тэрбум долларын үнэлгээтэйгээр 2.5 тэрбум доллар босгохоор зэхэж байсан юм. Oura-ийн хувьд ухаалаг төхөөрөмжийн зах зээлд эрүүл мэндийн цоо шинэ категорийг үүсгэсэн хэмээн үнэлэгддэг. Тус компани сүүлийн 12 сард 1.4 тэрбум долларын борлуулалт хийж, 59 саяын цэвэр ашигтай ажиллажээ. Гэвч тэд Ираны дайн, AI-ийн тодорхойгүй байдал зэрэг шалтгаануудын улмаас зах зээлд гарахад бэлэн биш байна гэж үзсэн нь энэ аж.

4. Disney Мессигийн түүхээр цуврал бүтээнэ. “Messi and Giants” нэртэй уг анимэйшн цувралд 12 настай Месси хүү зөвхөн үлэмж биетнүүд нутагладаг газар гацаж, хөлбөмбөгийн хүчээр тэднийг ялан гэртээ харьдаг түүхийг өгүүлнэ гэнэ. Өнөө цагийн хамгийн агуу хөлбөмбөгчин Месси уг спортын фантази цувралын ерөнхий продюсерээр ажиллах бөгөөд 2027 оноос эхлэн Disney+-аар цацагдах аж.

5. Google шинэ модель танилцууллаа. Gemini 4 Argon бол тус компанийн бүтээсэн хамгийн хүчирхэг хиймэл оюуны модель болж байна. Тус моделийн суурь үзүүлэлтүүд кибер аюулгүй байдал, санхүү, хууль зэрэг бодит хэрэглээний чадвараараа бусдаасаа илүү үр дүнг харуулжээ. Google-ийн хувьд уг моделийн аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээг хараат бус шинжээчдээр үнэлүүлж, зах зээлд тодорхой үе шаттайгаар нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ нь сүүлийн үед AI-ийн чадвар эрс нэмэгдэж, зарим салбарт эрсдэл үүсгэх хэмжээнд хүрсэнтэй холбоотой авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.