1 гол сэдэв
Юу болов?
ОХУ-ын сар луу илгээсэн Luna-25 хөлөг газардах үеэрээ осолдож, холбоо тасарчээ. Тэд 1976 оноос хойш анх удаа сар луу хөлөг явуулж, сарны өмнөд туйлд буусан анхны улс болох амбицтай байсан юм.
Одоо яах вэ?
Оросын сансрын агентлагийн хувьд энэ осол хүнд цохилт болох нь дамжиггүй. Дайны улмаас төсөв эрс багасаж, олон улсын эвслээс шахагдаж гарсан тэдний хувьд дараагийн төслөө хэрхэх нь тодорхойгүй байна. 8-р сарын 11-нд Амур орчмоос хөөрсөн Luna-25-ын хувьд өнгөрсөн Лхагва гарагт сарны тойрог замд орсноо зарлаад байсан билээ.
Дараа нь яах вэ?
Тэднээс гадна Энэтхэг улс мөн сарны өмнөд туйлыг судлахаар Chandrayaan-3 нэртэй хөлгөө илгээгээд байгаа. Тус хөлөг сарны тойрог замд амжилттай нэвтэрч, 8-р сарын 23-нд газардах төлөвлөгөөтэй байгаа юм. Эрдэмтэд сарны энэ хэсэгт хөлдүү ус, үнэтэй түүхий эд байх боломжтой хэмээн үздэг билээ.
2 чухал тоо
735.000.000 - Сингапурын цагдаа мөнгө угаасан байж болзошгүй хэргийн хүрээнд 735 сая доллартай тэнцэх хөрөнгийг хураан авч, 10 хүнийг баривчилжээ. Энэ бол тус улсын түүхэн дэх хамгийн том гүйцэтгэх ажиллагааны нэг болж байна. Уг бүлэглэл бэлэн мөнгөнөөс гадна 94 үл хөдлөх, 50 машин болон алтан гулдмай, үнэтэй брэндийн цүнхээр мөнгө угааж байжээ.
1 - Испани улс анх удаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо. Австрали, Шинэ Зеландад зохиогдсон ДАШТ-ий финалд тэд Английн шигшээг 1:0-ээр буулган авсан юм. 9 дэх удаагийн ДАШТ үзэгчдийн тоо, орлогоороо дээд амжилт тогтоожээ.

3 онцлох өгүүлбэр
I. Зүүн Азийн Залуучуудын Наадам Улаанбаатарт эхэллээ.
- Энэ бол Монгол улсын хувьд анх удаа олон улсын олон спортын наадмыг зохион байгуулж буй тохиолдол юм. Үүнээс гадна энэ жилээс эхлэн Зүүн Азийн наадам анх удаа залуучуудын ангилалд зохиогдох болсон нь энэ билээ.
- Зүүн Азийн бүсэд дэлхийн спортын тэргүүлэх улсууд болох БНХАУ, БНСУ, Япон багтдаг. Үүнээс гадна Хонгконг, Тайван, Макао, Монгол гэсэн нийт 7 улсын 870 тамирчин спортын 11 төрөлд 88 багц медалийн төлөө өрсөлдөнө.
- Одоогийн байдлаар тэмцээний медалийн хүснэгтийг Хятадын баг 21 алт, 50 медальтайгаар тэргүүлж байна. Харин 255 тамирчинтай оролцож буй манай багийн хувьд 3 алт, нийт 22 медальтайгаар 5-р байрт бичигдэж байна. Манай эрэгтэй баг 3х3 сагсан бөмбөгийн төрөлд түрүүлснээс гадна жүдогийн 44 кг-ийн жинд Т.Отгонжаргал, боксын 54 кг-д О.Энхсайхан нар алтан медаль хүртжээ.
II. Вьетнамын автомашин үйлдвэрлэгч 86 тэрбумын үнэлгээтэй боллоо.
- Энэ бол Ford, General Motors, Stellantis зэрэг салбарын акулуудаас өндөр тоо. VinFast нэртэй уг компани нь цахилгаан машин үйлдвэрлэлээр дагнасан бөгөөд зөвхөн энэ оны эхний хагаст л гэхэд 11,3 мянган машиныг зах зээлд нийлүүлжээ.
- Уг тоо нь тэдний хувьцаа Nasdaq бирж дээр урвуу нэгдэл үүсгэх замаар IPO хийсэн даруйд 270%-аар өсөх үндэс болсон юм. VinFast Хойд Каролина мужид 2 тэрбум долларын өртөгтэй шинэ үйлдвэр байгуулж, Америк даяар түгээлтийн сүлжээ үүсгэх амбицтай байгаа юм.
- Гэхдээ энэ тасралтаас хойш тэдний хувьцаа 3 өдөр дараалан унасан. Энэ нь VinFast-ийн ердөө 1% л зах зээлд нээлттэй борлуулагдаж, үлдсэн 99%-ийг нь Вьонг Фам Нят хэмээх эрхэм эзэмшиж байгаатай холбоотой гэж хэлж болно. Тэрээр Вьетнамын анхны тэрбумтан, хамгийн чинээлэг эрхэмд тооцогддог юм.
III. И.Маск блок үйлдлийг хорино.
- Тэрээр өөрийн эзэмшиж буй X платформ дээрээ хэрэглэгчид бие биенээ блоклодог үйлдлийг хориглоно гэдгээ зарлалаа. Өмнө нь И.Маск блоклохоос илүү сайн сонголтыг үүсгэнэ хэмээн амалж байсан удаатай.
- Гэхдээ энэ нь App Store, Play Store-ийн журамтай зөрчилдөж байгаа хэрэг. Блоклох үйлдлийг сошиал медиад модератор хийж, зохицуулах нэг хэлбэр гэж үздэг учраас тэд хөгжүүлэгчдээс заавал байх ёстой хэмээн шаарддаг юм.
- Үүнээс гадна И.Маск твиттер хэрэглэгчдийн дунд алдартай бүтээгдэхүүн Tweetdeck-ийн нэрийг өөрчилж, X Pro болгосноо зарлалаа. Олон хуудас хөтлөх, статистик дата харах зэрэг олон давуу талыг олгодог уг бүтээгдэхүүнийг одоо зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчид ашиглах боломжтой болжээ.
4 мэдүүштэй зүйл
Шинэ эхлэл: Насанд хүрэгчдийн видеоны хамгийн том сан Pornhub-ийн толгой компани рибрэнд хийж, нэрээ солилоо. Тэд MindGeek нэрээ Aylo болгон өөрчилсөн нь хувийн мэдээлэл, контент модераторын асуудалтай холбоотой сөрөг ПР-ийн эсрэг үйлдэл болно хэмээн найдаж байна.
Технологи эрэгч: GM хиймэл оюуны тусламжтайгаар батарейн технолои хөгжүүлэгч Mitra Chem-д хөрөнгө орууллаа. Тус компани нь хамгийн үр ашигтай бөгөөд үр дүнтэй бүтцийн дизайныг гаргах судалгааны ажилд голчлон төвлөрдөг ажээ.
Ухаалаг туслах: Хамгийн нууцлал сайтай веб хөтчийн нэгт тооцогддог Opera хиймэл оюунд суурилсан шинэ ухаалаг туслахаа танилцууллаа. Тэд OpenAI-тай хамтран Aria нэртэй туслахыг үндсэн програм болон апп-даа интеграц хийв. Уг үйлчилгээг хэдийнээ 1 сая хэрэглэгч туршаад эхэлжээ.
Төгс дэлгэц: OnePlus премиум ангиллын шинэ утас Ace 2 Pro-оо Хятадын зах зээлд танилцууллаа. Snapdragon 8 Gen 2-оор тоноглогдсон хүчирхэг үзүүлэлттэй уг утсын хамгийн гол давуу тал нь дэлгэц нь юм. Тэд бороотой үед буюу нойтон гадаргуун дээр дэлгэцээ чөлөөтэй ашиглаж болох анхны ухаалаг утас хэмээн онцолж байгаа нь энэ. 400 доллараас эхлэн борлуулагдах уг утас хэдийгээр олон улсад нээлттэй болох нь тодорхойгүй байна.
5 сонин хачин
1. DC-ийн шинэ супер баатрын түүх "Blue Beetle" бокс оффисыг тэргүүлж, Барбигийн давамгайллыг зогсоолоо. Гэхдээ тэд нийт 43 сая долларын орлого олсон нь DC-ийн хувьд тийм ч өндөр амжилтад тооцогдохгүй. 4 долоо хоногийн турш чартыг манлайлсан Barbie-ийн хувьд хэдийнээ бүх цаг үеийн жагсаалтын топ 25-д бичигдэх болсоныг онцолъё.
2. LG аялагчдад зориулсан цүнхэн дэлгэцийг танилцууллаа. LG StandbyME нэртэй уг төхөөрөмж нь аяллын цүнхэн хэлбэртэй, дотроо 27 инчийн дэлгэц, 20 ваттын чанга яригч болон цэнэглэгч батарейгаар тоноглогджээ. уг дэлгэцийн үнэ 999.99 доллар байх гэнэ.

3. Telegram стори функцээ бүх хэрэглэгчдэд нээлттэй болголоо. Тэд өнгөрсөн сараас төлбөрт хэрэглэгчдэд энэ нэмэлтээ танилцуулаад байсан юм. Хүссэн үедээ засах боломжтой, устах цагаа сонгодог гэдгээрээ онцлогтой уг стори нэмэлтээ тэд 10 жилийн ойн бэлэг хэмээн тодотгожээ.

4. Whatsapp AI-аар бүтээсэн стикерийг туршиж эхэллээ. Тэд хэрэглэгчдийг өөрийн хүссэн текстээсээ стикер бүтээж ашиглах боломжоор хангах гэнэ. Meta-ийн хувьд үүгээр дамжуулан өөрсдийн Midjourney, Dall-E-ийн өрсөлдөгч моделийг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.

5. Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini анхны 100 хувь цахилгаан машинаа танилцууллаа. Lanzador нэртэй уг концепц машин нь 2+2 суудалтай, 1300 морины хүчтэй байх гэнэ. 2024 оноос хойш зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй машин борлуулах амбицтай байгаа тус компани Lanzador-ийг 2028 онд худалдаанд гаргана гэнэ.
10 уншууртай мэдээ
Ухах: Apple-ийг аварсан С.Жобсын стратеги /Wired/
Үзэх: MovieTok-ийн сэргэн мандалт /NYTimes/
Баясах: iMac-ийн 25 жилийн ойд /The Verge/
Гайхах: Улсаасаа том үнэлгээтэй Дани компани /WSJ/
Тоглох: Starfield-ийн 27 жилийн зөгнөл /Kotaku/
Ойлгох: Spider Man: Lotus-ийг тайлбарлах нь /Yahoo/
Тооцох: Телевизийг үзэлт анх удаа 50%-аас буурлаа /CNBC/
Эмээх: Канадын түймэр айдас дагуулж байна /BBC/

Сэтгэгдэл бичих

