Гэрэл зургийн тайлбар: Лос Анжелесийн шүүх сошиал медиа платформуудыг хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэв. Шүүхийн гадаа сошиал донтолтоос болж амиа алдсан хүүхдүүдийн эцэг эх цугларчээ.
Reuters
1 гол сэдэв
Юу болов?
Монгол Улсын 34 дэх ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. 126 гишүүнтэй парламентад олонхийг бүрдүүлж буй МАН-ын голцуу 73 гишүүн түүнийг чөлөөлөх хуралд оролцож, 59 гишүүн нь дэмжжээ. Уг хуралд АН оролцсонгүй.
Яагаад унав?
Гацсан төр: Хаврын чуулган эхэлснээс хойш Монголын улс төр гацаанд ороод байв. Сөрөг хүчний зүгээс эрх баригч намын дарга парламентын спикерээр ажиллаж байгааг эсэргүүцэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хурлыг бойкотлож эхэлсэн. Үүнээс гадна чуулган эхлээд хоёр долоо хоноход нэг ч хуралдаж чадаагүй нь МАН-ын дотоод хуваагдалтай шууд холбоотой. Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон экс спикер Д.Амарбаясгалангийн фракцын 20 гаруй гишүүн хуралдаа суухгүй байсан нь 80 гишүүнтэй эвслийн ирцийг бүрдүүлэхэд бодит саад болсон юм. Чухам энэ гацааг арилгах үүднээс улс төрийн шийдвэр гаргаснаа Г.Занданшатар өөрөө ч нуусангүй.
Гадны нөлөө: Үүнээс гадна тэр “Рио Тинто”-той хийж буй Монголын нөхцлийг сайжруулах хэлцэл түүний засгийн газар огцорч байгаад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа хэмээн чуулганы танхимд хэд хэдэн удаа дурдсан нь анхаарал татав. Тэрээр ерөнхий сайдаар ажиллах сүүлийн өдрүүддээ Риогийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзаж, зээлийн хүүг бууруулж, Монголын талын ашиг хүртэх хувийг нэмэгдүүлж, хугацааг наашлуулах шаардлага хүргүүлээд байв. Мөн “Оюу толгой” ХХК-д усны төлбөрөө төлөхгүй бол усыг нь таслана гэдгээ хүртэл мэдэгдээд байв. Тэрээр ерөнхий сайдын хувиар хэлсэн сүүлийн үгэндээ “төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой” хэмээн тодотгосон нь ч үүнтэй холбоотой мэт байлаа.
Юу үлдээв?
Г.Занданшатарын хувьд ердөө 9 сарын өмнө буюу 287 хоногийн өмнө л засгийн газраа байгуулсан. Монголын орчин үеийн түүхэнд ажилласан хугацаагаараа түүний засгийн газар 4-т бичигдэнэ. Ш.Гунгаадорж (1992), Ц.Элбэгдорж (1998), Ж.Наранцацралт (1999) нарын засгийн газар л үүнээс богино хугацаанд ажиллаж байжээ.
Цэцийн дэмжлэг: Тэрээр өнгөрсөн намрын чуулганаар огцрох дөхсөн. Тодруулбал, 10-р сарын 17-нд УИХ-ын гишүүдийн олонх түүнийг огцруулахаар санал өгсөн ч Үндсэн хуулийн цэцээс санал хураалтыг хүчингүйд тооцож, түүнийг суудалд нь үлдээж дөнгөсөн. МАН-ын даргын сунгаатай холбоотой албан тушаалын төлөөх тэмцэлд тэр ялсан мэт харагдаж байвч дахиад нэг чуулган тэсэж чадсангүй.
Цэгцрэх хөдөлгөөн: Гэхдээ түүний хувьд дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ цаг үед тодорхой амжилтууд гаргасныг тодотгох хэрэгтэй. Түүхэнд анх удаа төсвөөс 2.2 их наядын хэмнэлт хийж, төрийн албан хаагчдын 9%-ийг цомхотгож, олон төрийн өмчит компаниудыг татан буулгах амаргүй шийдвэр гаргасны хүчинд төсвийн тэнцэл эерэг болж, зээлжих зэрэглэл тогтвортой хэмжээнд очоод байгаа юм. Нүүрсний экспорт 90 саяд тоннд хүрч, жуулчдын тоо ч 1 саяд дөхсөн нь түүний том амжилт. Гэвч “цэгцрэх хөдөлгөөн”-өө эрчимжүүлэх хангалттай цаг, хангалттай боломж түүнд хангалттай байсангүй. Тиймдээ ч тэр эрх баригч намаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн магадлалтай эрхэмд тооцогдсон хэвээр байх болно.
Одоо яах вэ?
Одоо түүний халааг МАН-ын хамгийн залуу дарга Н.Учрал авах болно. Д.Амарбаясгалан-Г.Занданшатарын тулаан дундуур намын даргын суудалд суусан тэрээр МАН-ын Бага хурлын гишүүдийн 99.7%-ийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Түүнд эвслийн засгийн газар байгуулж, намын эв нэгдлийг ханган ирэх жилийн сонгуульд оролцох хүндхэн даалгавар оноогдож буй. Хэнтэй эвсэх, хэрхэн сайд нараа сонгохоос их зүйл хамаарна.
АН-ын хувьд энэ бол улс төрийн том ялалт боллоо. Ерөнхий сайдыг огцруулах хуралд оролцоогүй тэд МАН өөрсдөө л засгаа унагасан шүү гэдэг мессежийг хангалттай өгч чадлаа. Намын дотоод сонгуулиа амжилттай хийсэн тэдний нэгдэл дараагийн сонгуулийг улам өрсөлдөөнтэй болгох нь гарцаагүй. Улс төрийн шинэ цикл-хаврын улс төр ийнхүү албан ёсоор эхэллээ.
2 чухал тоо
18,000,000: Netflix-ээр шууд дамжуулсан BTS-ийн тоглолтыг 18 сая хүн үзэж, дэлхийн 24 улсад үзэлтээрээ тэргүүлсэн юм. Гэхдээ энэ нь М.Тайсон, Ж.Пол нарын боксын тоглолтыг 108 сая хүн үзсэнтэй харьцуулахад “даруухан” тоо. Өнгөрсөн сард Тайпэйн 101 давхар цамхагийг эзлэх шууд дамжуулалтыг 6 сая хүн үзэж байв. BTS-ийн эргэн ирэлтийн эхлэл болж буй уг тоглолтыг Сөүлд 104 мянган хүн биетээр цуглан үзжээ. Хотын захиргаа 200 мянган хүн үзнэ хэмээн тооцоолж, 7000 гаруй цагдаагийн ажилтнуудыг бэлэн байдалд ажиллуулсан гэжээ. Цэргийн алба хаах шалтгаанаар хэсэг уран бүтээлээсээ хөндийрсэн BTS энэ онд “Arirang” нэртэй шинэ цомгоо гаргаж, 82 тоглолттой дэлхийн аяллаа эхлүүлж буй. Уг тоглолтоос л гэхэд тэд 1 тэрбум долларын орлого олох төлөвтэй байгаа юм.
40,000,000,000: SoftBank 40 тэрбумын зээл авчээ. Японы технологийн топ компаниудын нэг OpenAI-д 30 тэрбум долларын хөрөнгө оруулах зорилгоор уг зээлийг авч буй. 12 сарын хугацаатай уг зээл тус компанийн хувьд маш том бооцоо гэж хэлж болно. Гэвч үүсгэн байгуулагч М.Сонын хувьд эрсдэлтэй үйлдэл хийдгээрээ алдартай. Тэрээр удахгүй эхлэх төлөвтэй байгаа SpaceX-ийн IPO-д 10 тэрбум доллараар орох зорилготой байгаагаа нуухгүй байгаа билээ.
3 онцлох өгүүлбэр
I. NBA хоёр шинэ багтай болно
- Ингэснээр NBA нийт 32 багтай болно гэсэн үг. Хойд Америкийн хамгийн том сагсан бөмбөгийн лиг хамгийн сүүлд 2004 онд Шарлотт хотод шинэ багтай болох эрхийг олгож байв. Лигт шинэ баг элсүүлэх шийдвэрийг лигийн удирдлагуудаас гадна бусад багийн эздийн саналаар гаргадаг уламжлалтай.
- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Лас Вегас, Сиэтл хотуудад шинэ баг нээгдэх бололтой. NHL-ийн хамгийн шинэ баг Сиэтл Кракенийн эзэн С.Холловэй тус хотод Соникс брэндийг эргэн авчрах амбицтай гэдгээ илэрхийлсээр буй. Харин Лас Вегаст өрсөлдөөн ихэд ширүүн буй. Тэдэн дунд NBA-ийн супер одод болох Леброн Жэймс, Мэжик Жонсон нарын баг ч байгаа гэгдэж байна.
- Шинэ эзэд лигт элсэхийн тулд 7-10 тэрбум долларыг төлөх бололтой. Уг төлбөрийг бусад 30 багт хувааж олгох аж. Шинэ багууд 2028-29 оны улирлаас лигт тоглох боломжтой болох бөгөөд үүний өмнө бүх багуудаас тодорхой шалгуурын дагуу тоглогч сонгох драфт явагдах юм.
II. Анх удаа антиматерыг тээвэрлэжээ
- Швейцарийн Женевт байрлах CERN-ийн лабораторид хүн төрөлхтөн анх удаа антиматерыг нэг төхөөрөмжөөс нөгөөд амжилттай шилжүүлэн тээвэрлэх туршилт хийжээ. Ингэснээр антиматерыг зөвхөн үүсгэсэн орчинд нь биш, өөр лабораторид хүргэж судлах боломж нээгдэж байна.
- 30 минут орчим үргэлжилсэн энэхүү туршилт нь орчлон ертөнцийн үүслийг тайлбарлахад чухал ач холбогдолтой гэж үзэж буй. Одоогийн онолоор их тэсрэлтийн үед матери ба антиматер ижил хэмжээгээр үүссэн байх ёстой ч өнөөдөр орчлон ертөнцөд матери давамгайлж үлдсэн нь физикийн хамгийн том нууцуудын нэг хэвээр байна.
- Эрдэмтэд антиматерын шинж чанарыг илүү нарийвчлан судалснаар матери яагаад “давамгайлж” үлдсэнийг тайлбарлах, цаашлаад орчин үеийн физикийн зарим суурь ойлголтыг шинэчлэх боломжтой гэж үзэж байгаа. Энэ туршилт нь антиматерын судалгааг шинэ шатанд гаргах чухал технологийн дэвшил боллоо.
III. Meta, Google-ийг сошиал донтолтод буруутай гэж үзлээ
- Лос Анжелестийн шүүхээс гаргасан уг шийдвэр дэлхий даяар сошиал медиа болон сошиал платформуудын хэрэглээг хязгаарлан тодорхойлоход онцгой нөлөө үзүүлэх үйл явдал боллоо. Шүүхээс 20 настай Кэйли хэмээх бүсгүйн гаргасан сошиал платформууд түүний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, амьдралын чанарыг муутгасан гэх гомдлыг хүлээн авчээ. Улмаар 6 сая долларын нөхөн төлбөр олгох болсон байна.
- Шүүхээс Meta-ийн эзэмшдэг Instagram, Facebook, Threads, Whatsapp болон Google-ийн эзэмшдэг Youtube-ийг уг төлбөрийг гаргахыг шаарджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар анхны гомдолд дурдагдсан зарим платформууд хохирогчтой урьдчилан тохиролцсон гэнэ. Энэ мэдээний араас дэлхий даяар мянга мянган гомдол шүүхэд хүрэх төлөвтэй байна.
- Гэхдээ Google, Meta-ийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй хэмээн давж заалдана гэдгээ мэдэгджээ. Дэлхий даяар хүүхдүүдийн сошиал хэрэглээг хязгаарлаж байгаа үед энэ мэт хэргүүд сошиал орчныг илүү эмх цэгц, илүү журамтай хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх нь гарцаагүй.
4 мэдүүштэй зүйл
Хариуцлага тооцов: Непалд экс ерөнхий сайдаа баривчилжээ. Өнгөрсөн есдүгээр сард тус улсад болсон залуусын жагсаалаар үүрэгт ажлаасаа огцорсон Шарма Оли өдгөө 74 настай. Түүнээс хойш шинэ засгийн газар жагсаалын үеэ амиа алдсан 76 хүний амийг нэхэж, хайхрамжгүй ажилласан хэмээн буруутгаж байна. Түүнээ гадна тухайн үед дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Р.Лехакийг баривчилжээ. Непалд энэ сарын дундуур парламентын сонгууль явагдаж, 35 настай Катманду хотын дарга Бален Шахын нам илт давуу ялсан. Тэрээр гурван удаа ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан Ш.Олиг өөрийнх нь төрөлх нутагт, ялж дадсан тойрогт нь очиж ялсан билээ.
Төлөвлөж эхлэв: NASA 2028 оноос эхлэн саран дээр байнгын ажиллагаатай бааз байгуулна гэдгээ зарлалаа. Уг төслийн эхний өртөг 20 тэрбум доллар байх ажээ. Артемис хөтөлбөрөөр сар луу нисгэгч илгээхээр зэхэж буй тэд сарны тойрог зам дээр станц байгуулахаар төлөвлөж байсан юм.
Арайхийн ялав: Данийн сонгуульд 2019 оноос хойш тус улсыг удирдаж буй ерөнхий сайд Метте Фредериксенийн тэргүүлсэн Социал Демократ нам нийт 179 суудлын 38-ыг нь л өөрийн болгож, арайхийн ялав. Сонгогчдын 21%-ийн саналыг авсан нь тус намын хувьд 1903 оноос хойшхи хамгийн муу амжилт юм. Европын хамгийн тогтвортой гэгдэх улсад нийгмийн талцал маш өндөр түвшинд хүрсэн нь сонгуулийн үр дүнгээс харагдлаа. 10-аас дээш суудал авсан 10 нам гарсан нь үүний баталгаа. М.Фредериксенийн хувьд 5 намтай эвсэл байгуулахаар хэлцлийг эхлүүлээд байна.
Хэлэлцээр эхлэв: Ираны талаас Ойрх Дорнодод өрнөөд буй дайныг зогсоож, Ормузын хоолойн тээврийг сэргээх 5 заалттай шаардлагаа хүргүүлжээ. Үүнд нь бүх довтолгоог зогсоож, дайны нөхөн төлбөр олгон, Ормузын хоолойн хяналтыг үлдээх зэрэг орсон нь талууд тохиролцоонд хүрэхэд ихэд хол байгаагийн илрэл болов. АНУ-ын зүгээс дайны зорилго бараг биелсэн тул цэргийн ажиллагаа удахгүй зогсоно гэсэн мессежийг өгсөөр байгаа. Гэвч энэ нь бодит нөхцөл байдал гэхээс хөрөнгө оруулагчдыг тайвшруулах арга гэж зарим шинжээчид үзэж байна. Газрын тосны үнэ сарын өмнөхөөс 2 дахин өссөн хэвээр л буй.
5 сонин хачин
1. “Spider-Man: Brand New Day”-ийн трэйлэр рекорд тогтоолоо. 7-р сард нээлтээ хийх уг киноны сүүлийн трэйлэрийг 24 цагийн дотор 718 сая удаа үзжээ. Энэ нь 2024 оны “Deadpool and Wolverine” болон “GTA VI”-ийн тогтоож байсан рекордыг бараг 2 хоёр дахин ахиулсан үзүүлэлт юм. Тус трэйлэрийн үзэлт ердөө 3 хоногийн дотор 1 тэрбумын босгыг давсан нь мөн л хамгийн хурдан амжилт болжээ.
2. Насанд хүрэгчдийн контент бүтээгчдийн хамгийн том платформ OnlyFans-ийн эзэн Л.Радвински 43 настайдаа хавдрын улмаас таалал төгслөө. Украйнд төрсөн ч багадаа Америкт цагаачилсан тэрээр өсвөр наснаасаа болзооны апп, порно бичлэгийн вебсайт хөгжүүлж эхэлжээ. Улмаар 2018 онд OnlyFans-ийг худалдаж авсан байна. Тэрээр бүх төрлийн контент бүтээгчдэд фенүүдээсээ орлого олох боломжийг нээх зорилготой уг платформыг дэлхийн хамгийн том “+18” апп болгон өргөжүүлж чадсан юм. OnlyFans зөвхөн 2024 онд л гэхэд контент бүтээгчдэдээ 7.2 тэрбум долларыг тараасан гэв. Гаднаас нэг ч хөрөнгө оруулагчаас санхүүжилт татаагүй гэх тус компанийн үнэлгээ 10 тэрбум доллараар хэмжигдэж байна.
3. Робот арми үүсгэх амбицтай Amazon хоёр долоо хоногийн хугацаанд хоёр робот бүтээгч стартапыг эгнээндээ нэгтгэлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Rivr нэртэй компанийг худалдаж авсан. Rivr-ийн хувьд дөрвөн хөлтэй, шатаар явах чадвартай робот бүтээдэг. Amazon-ийн хувьд Rivr-ийг хүргэлтийн үйлчилгээндээ ашиглах төлөвтэй байна. Энэ долоо хоногийн тэдний бай нь Fauna Robotics байлаа. Google, Meta-ийн инженерүүдийн байгуулсан тус компани 50 мянган долларын үнэтэй, 90 см-ын урттай туслах робот бүтээдэг. Disney, Hyundai зэрэг компаниуд тэдний эхний хэрэглэгчид болсон бөгөөд оффисын туслах ажлыг гүйцэтгүүлдэг аж.
4. 12 тонн KitKat хулгайлагджээ. “Инээдмийн баярын гарчиг” гэмээр уг үйл явдал бодитой гэдгийг Nestle баталжээ. 12 тонн буюу 413 мянган ширхэг шоколад хулгайлагдсан нь Улаан өндөгний баярын үеэр Европын зах зээлд хомсдол үүсгэж болзошгүйг компаниас анхааруулав. Шоколад Италиас Польш руу тээвэрлэгдэх үедээ хулгайлагдсан гэнэ.

5. Ердөө хагас жилийн өмнө нээгдсэн даруйдаа сошиал орчинд шуугиан тарьж байсан Sora апп бүрэн хаагджээ. OpenAI-ийн хөгжүүлж байсан тус апп нь бодит мэт богино хэмжээний видео бүтээх боломжийг олон нийтэд олгож байв. Энэ бол маш гэнэтийн шийдвэр байв. OpenAI-ийн гол өрсөлдөгчид бүгд видео, зураг үүсгэх модель хөгжүүлсээр байгаа. Дээрээс нь тэд саяхан Disney-тэй 1 тэрбум долларын гэрээ хийсний гол үндэс нь Sora байсан гэгдэж байсан. Энэ мэдээний дараа уг хэлэлцээр цуцлагдсаныг хоёр тал баталжээ.

Сэтгэгдэл бичих

