1 гол сэдэв
Юу болов?
OpenAI iPhone-ийн дизайнерийн компанийг худалдаж авлаа. Дэлхийн хамгийн шилдэг дизайнер хэмээн цоллогддог Жонни Айвийн байгуулсан “io” хэмээх стартап OpenAI-д харьяалагдах боллоо. OpenAI тус компанийг 6.4 тэрбум доллараар худалдан авчээ. Ингэснээр Ж.Айв OpenAI-ийн дизайн, бүтээлч үйл ажиллагааг хариуцан ажиллах болсон байна.
Одоо яах вэ?
Энэ бол OpenAI хиймэл оюунд суурилсан биет төхөөрөмж бүтээх амбицтай байгаагийн хамгийн том илрэл боллоо. 300 тэрбум долларын үнэлгээтэй болсон тус компани зөвхөн AI моделиос гадна өдөр тутмын масс хэрэглээнд нэвтрэхүйц бичил төхөөрөмж, робот туслах зэрэг бүтээгдэхүүнд ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байв.
Ж.Айв гэж хэн бэ?
2019 онд Apple-ийг орхисон Ж.Айв “Lovefrom” нэртэй зөвлөх үйлчилгээний компанийг байгуулсан. Тэрээр Airbnb, Ferrari, Christie’s зэрэг топ брэндүүдтэй ажиллаж, жилд 200 сая долларын орлогтой ажиллаж байжээ. Ж.Айв Apple-д ажиллах хугацаандаа iPod, iPhone, iPad, Macbook Air-ийн дизайныг гаргаж алдаршсан билээ.
2 чухал тоо
8.000.000.000 - OnlyFans 8 тэрбумаар үнэлэгджээ. Лондонд төвтэй тус компани голцуу насанд хүрэгчдэд зориулсан контент бүтээгчдийг нэгтгэснээрээ нэрд гарсан. Нийт 4.1 сая контент бүтээгч, 305 сая төлбөр төлдөг хэрэглэгчтэй гэгдэх тус платформ 8 тэрбумаар үнэлэгдэж, шинэ эзэнтэй болоход ойрхон байна гэнэ. Тус компани зөвхөн 2023 онд л гэхэд контент бүтээгчдэд 1 тэрбум долларын орлогыг хуваарилсан гэдгээ зарласан билээ.
70 - Дани тэтгэврийн насыг 70 болголоо. Уг шийдвэр 2040 оноос эхлэн хүчин төгөлдөр болох юм. Данийн парламент 2006 оноос эхлэн таван жил тутамд тэтгэврийн насыг шинэчилж байгаа бөгөөд 2030 онд 68, 2035 онд 69 болгон нэмэгдүүлэх гэнэ. Ингэснээр тус улс Европын улсууд дунд тэтгвэрийн нас хамгийн өндөртэйд тооцогдох болж байна. Сүүлийн саруудад тус улсад энэ сэдвээр хүчтэй хэлэлцүүлэг өрнөж, үйлдвэрчний эвлэлүүд удаа дараалсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй.
3 онцлох өгүүлбэр
I. Devsummit & Talent Summit явагдлаа
- Unread Media-ийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Devsummit 4 дэх жилдээ явагдлаа. Devsummit 2025 хиймэл оюун хөгжүүлэлтийн сэдвийг онцолж, 30 гаруй байгууллага, 800 гаруй оролцогчтойгоор явагджээ.
- Talent Summit-ийн хувьд 2 дахь жилдээ явагдаж буй. Уг арга хэмжээ нь ажил мэргэжлийн карьертаа анхаарч буй залуу мэргэжилтнүүдэд зориулсан цогц арга хэмжээ. Нийт 20 орчим байгууллага үзэсгэлэнд компаниа танилцуулан нэгдэж, 1000 гаруй хүн оролцжээ.
- Unread-ийн дараагийн арга хэмжээ "Хамгийн нөлөө бүхий мэргэжилтнүүд" жагсаалтын эхлэл болсон шилдэг маркетеруудыг танилцуулах "CMO Summit" байх болно.
II. Lilo & Stitch, Mission Impossible-ийн нээлт бокс оффисыг донсолгов.
- Холливүүдийн хамгийн өндөр хүлээлттэй байсан 2 кино энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Америкийн зах зээлд Disney-ийн шинэ анимэйшн “Lilo & Stitch 2” зөвхөн эхний өдрөө л 57 сая долларын орлого олж чартыг тэргүүлэх нь тодорхой боллоо. 2002 онд гарсан эхний анги нь дэлхий даяар 273 сая долларын орлого олж байсан. Тэгвэл шинэ анги нь уг амжилтыг эхний долоо хоногтоо ч эвдэх боломжтойд тооцогдож байна.
- Харин Т.Круйзийн домогт франчайз “Mission Impossible”-ийн долоо дахь буюу хамгийн сүүлийн анги олон улсын бокс оффисыг эзэгнэж байна. Тэд эхний өдрөө л олон улсын зах зээлээс 76 сая долларыг цуглуулжээ. Нийт 400 сая долларын төсөвтэй уг кино франчайзын анхны тэрбум долларын босго давсан кино болох амбицтай байгаа. Одоогийн төлвөөр ч өмнөх ангиудын амжилтыг давах нь тодорхой байгааг онцлох хэрэгтэй.
- Энэ долоо хоног түүхэн дэх хамгийн борлуулалттай "Memorial Week" боллоо гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
III. Хамтарсан засаг хагарлаа.
- 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр ирлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой хэтийдсэн хэрэглээтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал 10 дахь хоногтоо үргэлжилж буй энэ цаг мөчид эрх баригч МАН-ын Бага хурал хуралдсан юм. Уг хурлаар улс төрийн нөхцөл байдал, нийгмийн уур амьсгалын талаар хэлэлцүүлэг өрнөж, 40 гаруй бага хурлын гишүүд ерөнхий сайдаас асуулт асуусан гэнэ. Улмаар хамтарсан засгийн газарт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, гэрээгээ зөрчиж буй намд хариуцлага тооцох тухай санал хураалт явагдаж, олонхийн саналаар дэмжигджээ.
- Ингэснээр АН-ыг хамтарсан засгийн газраас гаргах болсон тухай мэдээлэл гарав. АН-ын зүгээс “гэнэтийн” гэж хэлж болох энэхүү шийдвэр олон нийтийг ихэд гайхшруулав. “Огцрох амархан” нэрийн дор жагсаж буй жагсагчид орлогоо нотлохыг шаардаж, ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Үүний хоморгонд АН өртөж, хамтарсан засгаас “хөөгдөхдөө” тулав. АН-ын дарга, шадар сайд Л.Гантөмөр “итгэл алдарч байгаагаа” нуулгүй илэрхийлж, намын даргын албаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. АН-ын зүгээс МАН-ын бага хурлын шийдвэрээс тайлбар хүсэж, албан бичиг өгөхийг шаардаад байна.
- МАН-ын хувьд одоогийн байдлаар албан ёсны мэдээлэл гаргаагүй хэвээр л байна. АН-ыг засгаас гаргавал үүрэгт ажлаа үргэлжлүүлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн гэх ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч одоогоор өргөдлөө өгөөгүй байна. Энэ долоо хоногийн улс төрийн хамгийн гол сэдэв чухам үүнтэй холбоотой өрнөх нь гарцаагүй.
4 мэдүүштэй зүйл
Рекорд ханш: Биткойны ханш 111 мянган долларыг давлаа. Өнгөрсөн пүрэв гарагт биткойны ханш 111,861 долларт хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Энэ он гарснаас хойш биткойны ханш 19%-аар нэмэгдээд буй. Нийт нийлүүлэлтийн 15% орчмыг буюу 349 тэрбум доллартай тэнцэх биткойныг нээлттэй хувьцаат компаниуд эзэмших болсон нь уг криптовалютыг макро эдийн засгийн үйл хөдлөлүүдтэй шууд уялдаатай болгосон гэж хэлж болно. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын конгресс криптовалюттай холбоотой анхны томоохон хуулийн төслийн хэлэлцүүлгээ эхлүүлж, Coinbase S&P 500-д багтах болсон зэрэг томоохон үйл явдлууд тохиосон билээ.
Шинэ тоглогч: Xiaomi чип үйлдвэрлэнэ. Хятадын технологийн тэргүүлэх компаниудын нэг Xiaomi ирэх 10 жилд хамгийн багадаа 50 тэрбум юань буюу 6.9 тэрбум долларыг чип хөгжүүлэлтэд зарцуулна гэдгээ зарлалаа. Тэд АНУ-Хятадын худалдааны нөхцөл байдалтай уялдуулан өөрсдийн хөгжүүлсэн чипийг ухаалаг утас зэрэг төхөөрөмжүүддээ ашиглах стратегийг баримтлах болсноо онцолжээ.
Эргэн ирэлт: И.Маск бизнестээ эргэн анхаарна. Тэрээр Катарын эдийн засгийн форумд оролцох үедээ энэ тухай дурдсан байна. Он гарснаас хойш Д.Трампын захиргаанд төрийн үргүй зардлыг танах, бууруулах чиглэлд төвлөрөн ажиллаж байсан тэрээр хамгийн багадаа 5 жилийн туршид Tesla-г удирдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өнгөрсөн сард Tesla-ийн борлуулалт 20%-аар буурсан нь түүнийг улс төрд хэт их цаг зарцуулж байгаагаас боллоо хэмээн буруутгах шүүмжлэгчид байсан билээ. И.Маск үүнд хариу өгч, бизнесийн “малгайгаа” өмсөх цаг болжээ хэмээн жиргээд удаагүй байгаа юм.
Гэнэтийн хориг: Харвардыг гадаад оюутан элсүүлэхийг хориглолоо. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын захиргаа тус сургуулийг “хүчирхийлэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийг өөхшүүлсэн”, “Хятадын коммунист намтай хамтран ажилласан” зэрэг үндэслэлээр буруутгасан юм. Улмаар гадаад оюутны солилцоо, элсэлтийн зөвшөөрлийг нь цуцлах шийдвэрийг гаргасан билээ. Энэ шийдвэрийг Харвардын их сургууль эрс эсэргүүцэж, шүүхэд зарга үүсгээд байна.
5 сонин хачин
1. Каннын наадмын шилдгээр иран кино тодорлоо 78 дахь удаагийн Каннын кино наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Алтан далдуу модны мөчир”-ийн эзнээр иран найруулагч Ж.Панахигийн “Un Simple Accident” нэрлэгдлээ. Ж.Панахи өмнө нь 1995 онд тус наадмаас “Шилдэг дебют кино”-ны шагналыг хүртэж, 2018, 2022 онд “шилдэг кино зохиол”, шүүгчийн нэрэмжит тусгай шагналыг тус тус хүртэж байсан туршлагатай юм.
2. Booker Prize-ийн ялагчаар энэтхэг зохиолч тодорлоо. Утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналын нэгт тооцогддог уг шагналыг өдгөө 77 настай Б.Муштак “Heart Lamp” хэмээх бүтээлээрээ хүртсэн байна. Тэрээр богино өгүүллэгийн түүврээрээ уг шагналыг хүртсэн анхны зохиолч болсон нь энэ юм. Шагналыг 50 мянган фунт дагалддаг юм. Сонирхуулахад, түүний зохиол анхлан каннада хэмээх энэтхэгийн өмнөд хэсгийн 65 сая орчим хүн харилцдаг хэлээр бичигджээ.
3. 7 тэрбумын өртөгтэй аварга парк ашиглалтад орлоо. Орландо хотноо сүүлийн 8 жилийн турш баригдсан “Epic Universe” нээлтээ хийлээ. Энэ бол Universal-ийн хувьд паркийн бизнестээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Шинэ парк ашиглалтад орсноор тэд энэ зах зээлд тэргүүлэгч Disney-тэй өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байна. Шинэ парк нь дөрвөн гол хэсгээс бүрдэнэ. Эдгээр нь хэдийнээ үе үеийнхний хамгийн хайртай дүрүүдийг багтаасан Harry Potter, Super Nintendo World, How To Train Your Dragon, Dark Universe юм. Dark Universe-д Дракула, Франкенштэйн зэрэг домог болсон дүрүүд багтжээ.
4. Тоттенхэм Европа лигт аваргаллаа. Солонгосын супер од Сон ахлагчтай Тоттенхэм финалд Манчестер Юнайтедыг 1:0-ээр буулгаж авснаар ирэх улиралд Аваргуудын лигт тоглох эрхээ авлаа. Тус 2 баг Премьер лигт 16, 17-р байрт бичигдэж тааруу формтой байсан тул энэ тоглолтод маш их ач холбогдол өгч байв. Тоттенхэмийн хувьд 2008 оноос хойшхи анхны цомоо гардаж байгаа нь энэ билээ.
5.“Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-25 оны улирлын аваргаар “Хасын Хүлэгүүд” тодорлоо. Энэ бол тэдний лигийн 9 дэх түрүү. “Хүлэгүүд” шигшээ цувралд “Бишрэлт Метал”-ыг 4:2-оор илүүрхсэн нь энэ юм. Тэд сүүлийн 4 жилд 3 дахь удаагаа аваргын цомыг өргөлөө. Харин “Метал”-ын хувьд гурван жил дараалан шигшээд үлдсэн ч цом хүртэж чадсангүй. Шигшээ цувралын шилдэг тоглогчоор “Хасын Хүлэгүүд” багийн И.Миллер нэрлэгдэв. 33 настай америк эр сүүлийн тоглолтод 19 оноо авч багаа тэргүүлэн, цувралын 4 тоглолтод 20-оос дээш оноог багтаа авчирчээ. Ташрамд дурдахад, “Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн Супер лигт оролцох эрхээ авчээ. Уг тэмцээнд тэд Япон, БНСУ, Тайвань, Филиппин, Макао, Хонгконгийн аваргуудтай өрсөлдөх юм.