Чухал хэрэгцээтэй боловч цэгцтэй мэдээлэл багатай сэдвүүдийг энгийн үгээр, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах зорилготой "Тайлбарлах нь" цувралын шинэ дугаарт тавтай морил. Өнөөдрийн сэдэв бол залуусын улс төрийн оролцоо.

Өдгөө дөрвөн хүн тутмын хоёр нь 25-аас доош настай залуус эзэлж буй. Шинэ үеийн залуусын амьдралын хэв маяг, хандлага эрс өөрчлөгдөж, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлэх оролцоо улам өргөжин тэлсээр байгаа билээ. Бидний ирээдүйд хийх ажил эцэг, эх, эмээ, өвөөгийн хийж байсан ажлаас тэс ондоо болж, өөрчлөгдсөөр байгаа нь гайхах зүйл биш. Энэ хэрээр нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо, орон зай үгүйлэгдсээр байна. Тиймээс энэ удаа бид залуусын оролцооны сэдвийг онцолж, бидэнд тулгарч буй асуудал, түүнийг шийдэх ямар боломж байгааг сонирхуулъя.

Улс төрийн оролцоог ухуулах нь 

Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг эзэлж буй 15-34 насны залуус бол өнөөгийн ардчилсан нийгэмд, шинэ үзэл бодол, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй өсөж торниж буй анхны үеийнхэн билээ. Тэд асуудлыг дэлхийн хэмжээнд сэтгэж, урьд өмнөхөөс илүү харилцаа холбоог бий болгож чадах өөрчлөлт шинэчлэлийн зоримог хүч гэж хэлж болно. Гэвч залуучуудын улс төрийн оролцоо хангалтгүй, шийдвэр гаргах түвшинд манлайлал хязгаарлагдмал хэвээр байна. Залуус сонгуулийн нийт ирцийн 45 хувийг бүрдүүлдэг ч өнөөдөр таван залуу тутмын нэг нь л сонгуульд саналаа өгч байгаа нь улс төр дэх залуусын оролцоо сул байгааг харуулж байгаа юм.

Зөвхөн улс төрийн оролцооноос гадна залуусын дунд ядуурал, ажилгүйдлийн түвшин өндөр хэмжээнд байгааг Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлд дурдсан байдаг. НҮБ-аас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар их, дээд сургуулиа төгссөн залуус ажлын байртай золгох гэж Азийн бусад орнуудтай харьцуулахад хоёр дахин урт хугацааг зарцуулж байгааг онцолжээ.

Германы алдарт зохиолч Бертолд Брехт “Улс төрд оролцдоггүй хүн бол өөрөөр нь улс төр хийхийг зөвшөөрсөн хүн юм” гэсэн байдаг. Оролцохгүй, ажиглагч байх нь таны сонголт хэдий ч юу ч өөрчлөхгүй юм.

цаг хугацааны товьёог

Шинэ үндсэн хууль: Манай улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар шууд ардчилал, иргэний оролцооны хэлбэр шинэ шатанд хүрсэн. Энэ үеэр сонгуулийн шинэ тогтолцоог хэлэлцэж, олон мандаттай мажоритар системийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ монгол орныг 26 тойрогт хувааж, тойрог бүрд 2-4 гишүүн сонгохоор шийдсэн юм.

Анхны сонгууль: Монголын анхны чөлөөт ардчилсан бүх нийтийн сонгууль 1992 оны 7-р сарын 22-нд боллоо.

Анхны санал хураалт: Манай улсад 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө манай улсад иргэний оролцоо байгаагүй биш юм. 1945 онд болсон БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай Ард нийтийн санал асуулгад нийт хүн амын 99 хувь нь оролцож, үндэстнийхээ үнэт зүйлсийг хамгаалахад хувь нэмрээ оруулжээ.

тооны хэлээр 

6: Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш тус бүр 6 удаа болжээ.

50: Монгол Улсын 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны хоёр хүн тутмын нэг нь сонгууль өгөөгүй байна. Харин 60-аас дээш насныхны 97 хувь нь сонгуульд саналаа өгчээ.

67: Монгол Улсад 1992 онд зохион байгуулсан анхны УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо 95 хувь байсан бол 2016 оны сонгууль хүртэл аажмаар буурч 73 хувьд хүрээд байна.

73: Дэлхий даяар 1990-ээд оноос хойш иргэдийн сонгуульд оролцох буурч, өдгөө дунджаар 63 хувьд хүрээд буй. Энэ нь залуусын хүн амд эзлэх хувьд өссөн ч оролцоо буурсаар байгаатай холбоотой хэмээж үзэж буй.

Нэр томьёоны лавлах 

Мажоритар тогтолцоо (Олонхиор тооцох)

Сонгуулийн дүнг тооцох хамгийн анхдагч аргачлал болох уг тогтолцоо нь тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Манай улс 1992 оноос хойш таван удаа мажоритар системээр зохион байгуулсан юм.

Пропорциональ тогтолцоо (хувь тэнцүүлэх)

Аль нэг нам эвсэл тойргийнхоо нийт сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан бол тус тойрогт ногдох парламентын суудлын мөн хувийг авах ёстой гэсэн хувь тэнцүүлэх зарчмыг баримталдаг. Дийлэнх сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдог буюу санал гээгдэх явдал бага хэдий ч аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн газар байгуулагддаг.

Холимог систем

Дээрх хоёр системийн хосолсон хэлбэр. Парламентын суудлын 50 хувийг улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн төлөөх санал хураалтаар, үлдсэн 50 хувийг намуудад өгсөн сонгогчдын саналыг харгалзан намын нэрсийн жагсаалтаар бүрдүүлдэг. Манай улс УИХ-ын 2012 оны сонгуулийг мажоритар ба пропорционал хослуулсан хэлбэрээр зохион байгуулсан билээ.

Түгээмэл асуулт хариулт 

1. Улс төрд залуус хэр их байна вэ?

Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош насныхан эзэлж байгаа ч тэдний зөвхөн хоёр хувь л Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна. Нөгөө талд түүнээс хоёр дахин их буюу нийт залуусын 20 хувь нь ямар ч боловсролгүй, тогтсон ажил эрхэлдэггүй ажээ. Нийгмийн олон салбарт залуусын орон зай үгүйлэгдэж, тэдний нөлөөлөл, дуу хоолой дутагдаж байгааг энэ мэт олон жишээ батлан харуулна.

2. Монгол Улсад залуу улс төрч бий юу?

Манай улсад 2008 оноос хойших УИХ-д 35 хүртэлх насны ганц гишүүн сонгогджээ.

3. Залуус улс төрийг сонирхохгүй байна уу?

“Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгаанд оролцогчдоос дэмждэг болон дургүй улс төрчдийнх нь талаарх санаа бодлыг тодруулахад залуусын 59 хувь нь дэмждэг улс төрч байхгүй эсвэл нэрлэж мэдэхгүй байсан бол 70 хувь нь “дургүй улс төрч байхгүй”, “нэрлэж мэдэхгүй байна” хэмээн хариулжээ. Энэ нь шинэ үеийнхний 60 хувьд нь улс төрийн орчны талаар эерэг, сөрөг ямар ч мэдрэмж байхгүй, иргэний хувьд улс төрийн хариуцлагын талаарх төсөөлөл үгүй байгааг харуулж байна. Гэвч залуу нэр дэвшигчийг шинэ үеийнхний 51 хувь нь дэмжих хандлагатай байгааг онцлох нь зүйтэй.

Ирээдүйгээс ирсэн захидал 

Залуу хотын дарга

Лондонгийн Левишом дүүргийн удирдлага жил бүр орон нутгийн залуусын оролцоог дэмжих зорилгоор тус дүүргийн сургууль, коллежид суралцдаг 13-18 насны залуусыг Залуу хотын дарга хэмээх нэмэлт албан тушаалд нэр дэвших эрх олгож, залуу зөвлөхүүдийн бүлэг байгуулдаг ажээ. Тэд долоо хоног бүр уулзаж, орон нутгийн залуустай холбоотой асуудлыг дүүргийн удирдлагуудтай хэлэлцдэг байна. Уг санаачилгыг 15 жилийн өмнөөс хэрэгжүүлснээрээ Их Британид хамгийн тогтвортой, удаан хугацаанд амжилттай хэрэгжиж буй залуусын оролцооны төсөлд тооцогдож байна.

Улс төрийн боловсролын төв

Герман улс сонгогчдынхоо улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд нэлээн ач холбогдол өгдгөөрөө Европын орнууддаа үлгэр жишээ болдог. Тэд муж, дүүргүүддээ Улс төрийн боловсролын төв байгуулж, түүнийг улсын төсвөөс санхүүжүүлэн иргэдэд гарын авлага, ном, бусад материалыг үнэ төлбөргүй тараадаг ажээ.

Таны мэдээгүй сонирхолтой баримт 

Торгууль: Дэлхийн 22 оронд сонгуулийн насны иргэдийг заавал саналаа өгөхийг хуульчилсан байдаг ажээ. Австрали улсад сонгуульд оролцоогүй бол мөнгөн торгууль ногдуулдаг бол Перу, Грек улсад зарим төрийн байгууллагаас үйлчилгээ авах эрхийг хасдаг ажээ. Харин Бразилд сонгууль өгөөгүй бол дараагийн сонгууль өгөх хүртэл нь иргэний үнэмлэхийг нь хурааж авдаг гэнэ шүү.

3000 гишүүн: Дэлхий хамгийн том парламент бол 3000 гишүүнтэй БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал юм. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжилж, жилд нэг удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаг.

Онлайнаар санал өгөх: Эстони улс 2005 оноос хойш сонгууль өгөх үйл явцыг зөвхөн биеэр очиж өгөх бус онлайнаар өгөх боломжийг нээсэн. 2015 онд гэхэд нийт сонгогчдын 30 гаруй хувь нь онлайнаар саналаа өгчээ.


Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аяны хүрээнд энэхүү контентийг бэлтгэв.