Үерт сүйдсэн, сүйрсэн бүхнээ эргэн босоход ямар их хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа, сэтгэл зүтгэл шаардагдах бол гэхээс халшрам. Гэтэл Сэлх, Бэлх хавь зүгээр л дайраад өнгөрсөн төдий, жинхэнэ гамшиг өөр газар болсон байлаа. XXI зууны босго давсаар Улаанбаатар хот байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шалгалтад жинтэйнхэн орж буй анхны шахам тохиолдол. (Өнгөрөгч Бямба гарагийн үерт хохирсон иргэний яриа)

Энэ сарын тавны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буусан үерийн улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдаж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртөөд буй.

Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс гадна замбараагүй хот тэлэлт, газар олголт, шаардлага хангаагүй үерийн хамгаалалтын байгууламж зэрэг нь аюул, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлсээр.

Энэ нийтлэлдээ бид уур амьсгалын өөрчлөлт болон үер усны хамаарал, дэлхий даяарх энэ зуны гамшигт үзэгдлүүд, нийслэл хотын гамшгийн төсөв хийгээд гамшгийн үед иргэд ямар бэлтгэлтэй байх шаардлагатай вэ? гэхчлэн олон сэдвийг нэг дор зангидахаар хичээлээ.


БАЙГАЛИЙН ГАМШИГ=УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

2022 оны Пакистаны үер

Өнгөрсөн зун Пакистаны нутгийн зүүн өмнөд хэсгээр ширүүн үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, 1000 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал тохиосон. Нийт 30 сая гаруй хүн уг үерт өртөж, борооны улирлын үеэр буусан хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 700 хувиар давсан гэсэн тооцоо гарч байв. Энэ бол зөвхөн ганцхан жишээ.

Хятад, Япон, АНУ, Энэтхэг гээд дэлхийн өнцөг булан бүрд тохиож буй энэ зуны томоохон үер, ээлж дараалсан байгалийн гамшиг бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар. Тэгвэл хэрхэн их хэмжээний хур тунадас байгалийн гамшиг болон хувирдаг хэрэг вэ?

Дэлхийн дундаж хэм өсөхөд усны ууршилт нэмэгдэж, илүү хүчтэй, илүү өндөр давтамжтай аадар бороо ордог. Далайн усны хэмжээ, дундаж агаарын хэм нэмэгдэж байгаа нь агаарын чийгшлийг ихэсгэж, улмаар үүл хуралдах үйл явцыг илүү хурдасгана. Агаарын хэм нэмэгдэх тусам хуримтлагдах чийгийн хэмжээ өснө. Энэ нь цаашлаад дундаж хур тунадас, түүний үргэлжлэх хугацаа, давтамжид шууд нөлөөлдөг зүй тогтолтой.

Харин энэхүү их хэмжээний борооны усыг хөрс тэр чигт нь шингээж чадахгүй. Хөрсөнд шингэж амжсан багахан хэмжээний ус маш хурдтай уурших тул өнгөн хөрс хуурайшна. Энэ байдал удаан үргэлжилбээс гүний усыг ч ууршуулах аюултай. Энэ бүхний үр дүнд усаар тэтгэгдэх учиртай үржил шимт хөрс ургамал тэжээх чадалгүй болж хувиран ган гачиг үүсэж байгаа юм. Ийм үед их хэмжээний бороо нэмж орвол үер болно.

Манай улсын хувьд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хурдацтайгаар нэрвэгдэж байгаа улсуудын нэгээр тодроод буй. Аюул яг үнэндээ бидний хаалгыг тогших бус нэгэнтээ хойморт маань заларчхаад байгааг санууштай.


ДЭЛХИЙ ДАЯАР ЮУ БОЛООД БАЙНА?

Ил галын дэргэд оддоор хучуулан хонох дулаахан орой, нуурын эрэг дээрх үзэсгэлэнт өглөө, салхи татуулан давхих хөдөөгийн зам гээд бодох төдийд л нүүрэнд мишээл тодруулах учиртай зуны гурван сард бид үер усны мэдээгээр бөмбөгдүүлж, бороо орох төдийд сэтгэл түгшин өнгөрүүлж байна гэхэд хилсдэхгүй. Зөвхөн Монголд гэлтгүй дэлхий даяараа өнгөрсөн долоодугаар сард тэр чигтээ үер усны гамшиг, шил шилээ дарсан хэт халалтын рекордууд гол ярианы сэдэв болов.

07/07-Испанийн зүүн хойд хэсэгт орших Сарагоса хотын гудамжнууд хүчтэй шуурга, аадар борооны дараа үерт автав. Онцгой байдлынхан аврах ажиллагаа явуулахаас өмнө үерийн уснаас зугтахын тулд хүмүүс машинаасаа гарч, ойролцоох мод руу авирч байв.


07/11-Японы баруун өмнөд хэсэг Кюсю аралд орсон хүчтэй аадар борооны улмаас орон сууцууд урсаж, эмнэлгүүд усанд автаж, гар утасны үйлчилгээ тасалдаж, олон зуун айлын цахилгаан, ус тасарсан төдийгүй зургаан хүн амиа алдаж, гурван хүн сураггүй алга болов.

08/04- Үерийн аюулыг албан ёсоор бүртгэж эхэлснээс хойш буюу 140 жилийн хугацаанд тохиосон хамгийн хүчтэй үер өнгөрсөн долоо хоногт Бээжин болон түүний ойр орчмын бүс нутгуудад тохиов. Үерийн улмаас нийтдээ нэг сая орчим хүн нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Хятадын үерийн нөхцөл байдал @NYTimes

Хятадын үерийн нөхцөл байдал @NYTimes

Үерийн дараах аврах ажиллагаа, Япон @NYTimes

Өнгөрсөн сарын турш үргэлжилсэн халууны давлагаа Техас, Мексикт төвлөрч, Калифорни дахь Үхлийн хөндий +54 градусын дэлхийн дээд амжилтыг давахад ойрхон ирж, Флоридагийн эрэг орчмын ус бараг л халуун ваннтай дүйцэхүйц болжээ.

Хэт халалтын улмаас өнгөрсөн жил Европ даяар 61 мянган хүний амь нас эрсэдсэн бол энэ жил тус тоо нэмэгдэхэд хэн ч гайхахааргүй халуун зун өнгөрч байна. Харамсалтай нь, эдгээр статистик баримтууд жил ирэх тусам улам нэмэгдэж, давтамж нь олшрох болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлснээр ”Бид амьд үлдэхийн төлөөх тэмцэлд ялагдаж явна. Бид халуун там руу хурдны замаар давхиж байна.”


МАНАЙ НИЙСЛЭЛД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

2023 оны 08 сарын 5. Амралтын нэг өдөр гэртээ суугаад тухтайхан зурагт үзэж байлаа. Угаас энэ жил бороо хур арвинтай байгаа тул өтгөн бараан үүл хуралдаж, бороо дусалж эхлэхэд “Ахин нэг ширүүн бороо” л гэж бодсон. Эхлээд салхи хуйсганаж, шивэрч байгаад хүчтэй болдог тэр дараалал огт оргүйгээр гэнэт л маш хүчтэй орж эхэлсэн тэр борооны эхний хоёр минут ээжтэйгээ хамт байшингийнхаа тал талын цонхоор харж, өвөр зуураа “Айхтар байна даа” гэсэн шүү юм ярилцаад тайван өнгөрөв.

Нэг хартал аав маань граш дахь ажлаа орхиод, өвдгөөс дээш татсан усан дунд хүрз барин хашааны хамгийн уруу хэсэгт зогсон сэтэлгээ хийж байх юм. Урсгалыг нь харж, тэр дагуух цонхоороо яаран очиж, доош харахад хашаагаар минь гол урсаж байлаа. Тэгэхэд л энэ хур зүгээр нэг бороо биш аадар болохыг, аадар аадартаа маш хүчтэй үер дагуулж байгааг нь ойлгосон.

Яаравчлан гарч хамгийн түрүүнд хамрын үзүүр нь юу юугүй усанд далдрах гэж байгаа хоёр нохойгоо нүдээ ч нээх боломжгүй ширүүн орох бороонд арайхийн суллаж, гражруу орох усны урсгалыг өөрчлөхөөр элс хүрздэж, хаягдал дугуй зөөн тавьж байлаа. Хэр удсан юм бүү мэд, ядрахаа ч умартан гурвуулаа бүхэлдээ норохын сацуу даарч, гадаа хэдийн харанхуй болсон байхыг анзаарлаа. Өмнө үер гэдгийг огтоос ойлгодоггүй байжээ. Бодох сөхөө, дүгнэлт хийх завдал ч бололгүй бүгдийг маш хурдан урсгаад л явдаг юм байна.

Үнэхээр юу ч хийж чаддаггүй юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон. “Арай ч тэгэхгүй байлгүй дээ” гэж бодоод эргээд харах төдийд арай ч тэгчихсэн байхыг харах мөч. Үүнд ердөө хоёр секунд л хангалттай. Одоо энэ бүхнийг эргэн босоход ямар их хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа, сэтгэл зүтгэл шаардагдах бол гэхээс халшрам. Гэтэл Сэлх, Бэлх хавь зүгээр л дайраад өнгөрсөн төдий, жинхэнэ гамшиг өөр газар болсон байлаа. XXI зууны босго давсаар Улаанбаатар хот байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шалгалтад жинтэйнхэн орж буй анхны шахам тохиолдол. Энэ бол “23 оны их үер”.

2023 оны наймдугаар сарын тавны үерт хохирсон иргэдийн төлөөлөл болох Г.Оюунлхамын бичвэр

Үерийн дараах нөхцөл байдал @Tenger TV

Үерийн дараах нөхцөл байдал @Tenger TV

Үерийн дараах нөхцөл байдал @Tenger TV

Үерийн дараах нөхцөл байдал @Tenger TV


Өнгөрсөн сарын эхний долоо хоногт үргэлжлэн орсон усархаг аадар борооны үеэр Сэлбэ голын далан эвдэрсний улмаас нийслэл хотод 100 гаруй орон сууцны барилга, зам, гүүр, далан, цахилгаан дамжуулах шугам зэрэг дэд бүтцийн 702 объект эвдэрсэн.

Харин өнгөрөгч бямба гарагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буусан үерийн улмаас дөрвөн хүн /1 хүүхэд/ харамсалтайгаар амиа алдаж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн гэх мэдээллийг албаны хүмүүс өгөөд байна.

Сүүлийн 30 жилийг гурван арванд хуваавал 1989-1998 оны хооронд 29, 1999- 2008 онд 53, 2010-2021 онд 81 удаа гамшигт үзэгдэл тохиожээ. 30 жилийн өмнөхтэй харьцуулахад гамшигт үзэгдлийн тоо бараг гурав дахин үржсэн гэсэн үг.

Цаг уурын тулгуур 72 станцын дунджаар 1990-2020 оны хооронд шороон шуургатай өдрийн тоо 2, аадар бороотой өдрийн тоо 17 өдрөөр нэмэгдсэн байна. Хур тунадасны ахиу үе 1954- 1966, 1984-1995 онд ажиглагдсан бөгөөд дараагийн ахиу үе 2012 оноос эхэлж одоог хүртэл үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: 1212.mn

Эх сурвалж: 1212.mn


Улаанбаатар хотын төсвийн задаргааг мөшгөн харваас гамшгаас урьдчилан сэргийлэх нийслэлийн төсөв ердөө ганцхан тэрбум гэвэл та итгэх үү? 1.6 сая хүн амтай, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй буюу 1742 сая.төгрөгийн төсвийн ердөө 0.06 хувийг гамшгаас сэргийлэх ажилд баталсан байна.

Бүүр ч хачирхалтай нь, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-д “.Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгана.” гэжээ. Хуулийн дагуу бид дор хаяж энэ жил 17 тэрбум төгрөгийг болзошгүй гамшгаас ард иргэдээ хамгаалахын төлөө зарцуулах ёстой байв.

Эх сурвалж: Нийслэлийн 2023 оны төсөв

үертэй холбоотой таны уншвал зохих нийтлэлүүд:

Улаанбаатар хот үерт автсаар байх уу...
Сурвалжлага: Авлига авч, барилгын хог жалганд булсан нь Дарь-Эх, Монел үерт өртөх нэг шалтгаан болжээ
Улаанбаатар хотод тохиолдож байсан томоохон үерүүд


гамшгийн үед иргэд ямар бэлтгэлтэй байх шаардлагатай вэ? +УТСАН ДЭЭРЭЭ ТАТСАН БАЙВАЛ ЗОХИХ АППУУД

Төр засгаас үл хамааран бид “хэлж ирэхгүй, хийсэж ирэх” гэнэтийн үзэгдэлд дор бүрнээ анхааралтай байж, бэлтгэл ажлаа хангах нь зүйн хэрэг. Иймээс уншигч танд урьдчилан аюулгүй байдлаа хангах үүднээс утсан дээрээ татсан байх шаардлагатай, Google, App Store-уудад байршиж буй аппуудын жагсаалтыг хүргэж байна.

1. cpr and first aid


Уг аппт анхны түргэн тусламж үзүүлэх анхан шатны зурган хичээлүүд бий. Тус хичээлүүдийг урьдчилсан байдлаар бие дааж суралцах, нэн яаралтай үед ашиглаж болохоороо давуу талтай. Нас насныханд зориулан хиймэл амьсгаа хийх шат дараалсан зурган зааварчилгаа бүхий хичээлүүд байхаас гадна хахах, ухаан алдах, харвах, эм хэтрүүлэн хэрэглэх зэрэг үеүдэд ашиглах хичээлүүдийг та эндээс үзэж болно.

Android | IOS

 2. disasteready 


Байгалийн гамшгийн үед сонсогдох дуут дохиог хүн бүр мэднэ. Үер бууж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд ойр байршиж буй иргэн бүр тус аппын дуут дохиог ашиглан эргэн тойрны хүмүүсийнхээ анхаарлыг татах, анхааруулга өгөх боломжтой. Түүнчлэн байгалийн үзэгдлээ сонгож, дараад яаралтай үед шаардлагатай багаж, хэрэгслийн жагсаалтуудыг ч харж болох.

Android | IOS

3. lifecircle 360


Zenly аппын нэгэн адил байршил заадаг тус аппт гэр бүл, хайртай, дотнын хүмүүсээ бүртгүүлээд яаралтай үед гар утасны GPS байршлаар хаана байгааг нь тогтооно. Гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ”Safety” цэс рүү ороод яаралтай үед харилцах гишүүдээ нэмж, аюул ослын үед нэгэн зэрэг бүх хүмүүст аюулын дохио өгч анхааруулах хэсэгтэй нь хамгийн том давуу тал. Сарын төлбөр 3.99 доллар.

Android | IOS

4. windy



Windy аппын 50 гаруй цэсийн тусламжтайгаар салхи, бороо, шуурга зэрэг байгалийн үзэгдлүүдийн талаарх мэдээллийг авч болно. Өөрийн байгаа орчны цаг уурын мэдээллийг авахын тулд гар утасны байршил тогтоогчоо асаасан байх шаардлагатай бөгөөд баруун доод буланд байрлах гурван зураас дээр дарвал үндсэн цэсүүд болох байгалийн үзэгдлүүд бүхий сонголтууд гарч ирнэ.

Тухайн байгалийн үзэгдлүүд таны байршилд илэрч байвал ямар өнгө, дүрсээр харагдах нь зургаар өгөгдсөн байгаа тул ялгаж харахад огт төвөггүй. Дэлхийн, тэр ч бүү хэл Монголын өнцөг булан бүр дэх цаг агаарын нөхцөл байдлыг өндөр нарийвчлалтайгаар харж болох тул аадар бороо ихээр орж, үерийн аюул нүүрлээд буй энэ үед ард иргэд тус аппыг утсандаа татан, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Android | IOS

emergency alert system-ийн тухай


Дэлхийн олон оронд гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэддээ мэдээлэл хүргэх зорилгоор “EMERGENCY ALERT SYSTEM”-ийг ашигладаг. Монгол улсын хувьд цар тахлын үеэр иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй хүргэх зорилгоор Exposure Notification системийг ашигласныг та санаж байгаа нь лавтай. Харамсалтай нь, бусад гамшигт үзэгдлийн үеэр ухаалаг утсанд мэдэгдэл ирдэг систем бидэнд одоог хүртэл алга.

БНСУ-д иргэдийн гар утсанд “Олон нийтийн аюулгүй байдлын сэрэмжлүүлэг” хэд хэдэн төрлөөр ирдэг бөгөөд тэдгээрийг товч танилцуулбал:

-Байгалийн гамшиг, цаг агаарын аюулт нөхцөл байдал
-Хүн алга болсон тохиолдолд тухайн хүний харагдах байдал шинж тэмдэг болон хүн амины хэрэг гарсан тохиолдолд хэрэг гарсан байршил зэргийн талаарх мэдэгдэл
-Газар хөдлөлтийн үед гар утасны чичиргээ автоматаар дуугарч, хаана, хэдэн баллын газар хөдлөлт болсон талаар тохирох зөвлөмж
-Халууны улиралд хэт халах тохиолдолд “Өнөөдөр 40 градус хүртэл халах тул иргэд та бүхэн ус сайн ууж, сэрүүн газар байгаарай” гэх зэрэг зөвлөмжүүд
-Тэр бүү хэл “Хойд Солонгосоос манай оронд пуужин илгээсэн тул иргэд та бүхэн болзошгүй аюулаас сэргийлж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.” гэх утгатай мэдэгдэл хүртэл ирдэг байна.