Сонгууль бол ард иргэд дөрвөн жилд нэг удаа засаглалын эрхийг гартаа авч, ирээдүйгээ сонгодог ардчилсан нийгмийн хамгийн чухал бүрдэл хэсэг юм. Энэ үйл явцад иргэн бүр гар бие оролцож, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх учиртай. 

Монгол Улсын хувьд насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгддэг зүй тогтолтой. Тиймдээ ч жил жилийн сонгуулийн үеэр яригдсаар дасал шахуу болсон нэг том асуудал нь 18-35 насны "залуу" хэмээх тодотголтой иргэдийн оролцоо.

Хэдхэн хоногийн өмнө болсон 2024 оны УИХ-ын сонгуульд:
- 18-19 настай залуусын 62.1 хувь
- 20-24 настай залуусын 50.3 хувь
- 24-29 настай залуусын 56.8 хувь нь
- 30-35 настай залуусын 65 хувь нь тус тус саналаа өгчээ. 

Бусад насныхан 65-70 хувийн ирцтэй саналаа өгч байхад залуусын ирц яагаад дунджаар 60 хүрэхгүй хувьтай байдаг вэ? Уг асуултын хариултыг сонгогчийн боловсрол, улс төрийн оролцоо, хувь хүний сонголт, хариуцлагатай холбож шүүмжлэх нь элбэг.

Тэгвэл бид энэ жилийн сонгуульд оролцож чадаагүй 18-35 насны 10 залуугаас өөрсдөөс нь “Та бүхэн яагаад сонгуулиа өгөөгүй вэ?” гэх асуултыг асууж, хамгийн бодитой хариултыг олохыг хичээсэн юм. 

Тэд хариулахдаа…

О.Майцэцэг


21 настай, оюутан.

Би АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод амьдардаг. Өмнө нь гадаадаас сонгууль өгч үзсэн туршлага байхгүй учраас урьдчилан бүртгэл хийлгэдэг талаар огт мэдээгүй. Бүртгэл нь дуусах өдөр буюу зургаадугаар сарын 15-ны орой л энэ талаарх мэдээллийг Сиэтл дахь монгол танилаасаа мэдсэн. Энэ танил маань өөрөө гэхэд цахим хуудас, мэдээллийн сайтуудаас биш Монгол дахь найзаасаа мэдсэн байгаа юм.

Бүртгэл хийлгэсэн иргэд ч Чикаго, Сан Франциско зэрэг хэдхэн хотод байрлалтай Монголын Элчин сайдын яамд очиж сонгуулиа өгнө. Сиэтлээс хамгийн ойрхон Элчин сайдын яам Сан Францискод байдаг бөгөөд тийшээ 15-16 цаг машинаар явж хүрдэг. Тэгэхээр Сиэтл дэх монголчууд бүтэн хоёр өдрийн хичээл, ажлаа зохицуулж бас багагүй зардал гаргаж сонгууль өгөх шаардлагатай болж байгаа биз. Тиймээс тархан суурьшиж буй монголчууд ихтэй газруудад цахимаар санал өгөх боломжийг нь бүрдүүлчихвэл гадаад дахь бүхий л монголчууд сонгуульд идэвхтэй оролцох юм шиг санагдсан.

Сонгуулийн ухуулга, сурталчилгаа цахим сүлжээгээр хангалттай түгэж байдаг ч яг сонгууль өгөхөд хэрэгцээтэй мэдээлэл буюу жишээ нь, гадаад дахь монголчууд хэрхэн сонгууль өгөх, хэрхэн бүртгүүлэх талаарх мэдээлэл нь маш замбараагүй, зохион байгуулалтгүй, хангалтгүй явсан юм шиг ээ. Эсвэл ер нь ийм байдаг юм болов уу? Миний бодлоор энэ мэт чухал мэдээллийг ikon, gogo, zarig зэрэг томоохон мэдээллийн сайтууд нэг нийтлэл оруулаад орхилгүй, харин ч долоо хоногт нэг удаа ч юм уу тогтмол сануулж, хүртээмжтэй байдлаар түгээх байж дээ гэж бодсон. Эсвэл намуудын сурталчилгаа, ухуулгыг төлбөртэй хийж буй нөлөөлөгч нар энэ талаар сошиал хаягаараа мэдээлэл хүргэж болох байсан гэж ойлгож байна.


М.Баярмаа


18 настай, МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан.

Би сонгуулийн маш өндөр идэвхтэй, сонгох эрхээ тун их хүндэтгэж, ач холбогдол өгдөг айлд төрж өссөн. Тэр ч утгаараа анхны сонгуулиа догдлон хүлээж, хэрсүү байж, олон зүйл уншиж судалж байж саналаа өгдөг, ойр тойрныхондоо үлгэр жишээ болохуйц иргэн байх болно гэж дотроо төсөөлөөд л, аль жилийн өмнөөс л догдолсон доо.

Гэхдээ хангалттай үлгэр жишээ байж чадсангүй. Хэнд саналаа өгөх вэ, ямар тогтолцоотой байх вэ гэдгээ л судлаад байснаас биш яаж сонгууль өгөх вэ? гэдгээ судлаагүй байсан. Одоо бодоход “Монгол улсын иргэн нь үнэн, иргэний үнэмлэхээ ч авчихсан” гэдэгтээ найдаад байсан юм билээ л дээ. Байгаа газартаа очоод л, иргэний үнэмлэхээ үзүүлээд сонгуулиа өгдөг гэх гэнэн бодолтой байсан. Тэгсэн хаягаа сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжүүлдэг, тэр хугацаа нь дууссан, тэгээд барахгүй одоо амьдардаг байх эсэх нь хамаагүй, хаягтай газартаа л санал өгдөг гэдгийг сонсоод бүр шоконд орсон. Би Сүхбаатар аймгийнх, манай нутагт сая маш хүнд өвөл болсон л доо. Тэр ч утгаараа хавар надад энэ мэт зүйлсийг хэлээд өгөх сөхөөтэй хүн байгаагүй, сургуулийн орчинд ч, найзуудын дунд ч энэ сэдэв нэг удаа ч хөндөгдөөгүй.

Энэ зуны хувьд ээж аавдаа ачаа бага өгөх үүднээс дараа жилийн сургалтын төлбөрийнхөө багахан хэсгийг ч атугай олоод, хэрэглээгээ бие даан шийдэхийн тулд амралтаараа заавал ажиллах шаардлагатай байгаа. Шуудхандаа бол нутаг явж амжихгүй, миний хувьд тийм зардал гаргахад хайран цаг үе таарсан, таараад байгаа гэсэн үг. Тиймээс хэчнээн хүссэн ч энэ жил яалт ч үгүй сонгуулиа өгч чадсангүй. Ер нь энэ мэт наад захын сонгуулийн болон сонгогчийн боловсролыг бидний насныханд бүх сувгуудаар өгч байхгүй бол том хүмүүст ойлгомжтой ч бидэнд бол хэлэхгүй л бол мэдэхгүй тийм холын сэдэв юм билээ. Эргээд харахад шал дэмий л хий хөөрөөд яваад байсан байна лээ.

Дамдинсүрэн


29 настай, телевизийн продюсер.

Удахгүй 30 хүрэх гэж байна. Гэтэл нэг ч удаа сонгууль өгч үзээгүй л байна. Ингэж хэлэхээр хүмүүс их гайхдаг, зарим нь загинадаг юм. Угтаа би үнэхээр сонгуулиа өгмөөр байдаг, өгөхөөр оролддог, хичээдэг л дээ. Гэвч зохицуулалт нь, боломж нь олдохгүй явсаар энд ирчихлээ. Ер нь сонгууль бүрээр хэл амны бай болдог манай 18-35 насныхан идэвхгүйдээ биш, харин ч амьдралын хэт идэвхтэй насан дээрээ байгаа болохоор сонгууль бүрээр тогтвортой хаягтай, нэг газраа суурин байх бараг л боломжгүй нийгмийн бүлэг болдог юм л даа. Үүнийг ойлгоосой, үүнд зориулж ажил хийгээсэй гэж боддог юм.

Миний хувьд гэхэд насанд хүрснээс хойш болсон сонгуулиудын хоёрт нь гадаадад сурч таарсан. УИХ-ын сонгууль бол хэзээнээсээ гадаадад байгаа иргэдэд (энэ жилийг хүртэл) хаалттай зохион байгуулагдаж ирсэн болохоор өгч чадаагүй. Сургуулиа төгсөөд Монголдоо ирэхэд аз дутаж жижүүртэй (цэргийн байгууллагад ажилладаг) болж таарсан. Харин энэ жил сонгуулийн халуун цэг дээр буюу телевизийн шууд дамжуулалт дээр ажиллаж байсан тул 28-ний өдөр нутаг явах боломжгүй байлаа. Хаягаа шилжүүлэх талаар бодоогүй биш бодсон. Тэгтэл бас л нэг асуудал гарч ирсэн нь газар өмчлөх ажил. Би Хөвсгөлд нутагтай. Өсөж төрсөн газартаа газартай болъё гэсэн чинь яасан ч их ажил байдаг юм. Ер бүтэж өгөхгүй л явж байна. Хаяг шилжүүлэх хугацаа дуусахаас өмнө бүтчих байлгүй гэж найдаж явсаар цаг тулсан даа. Ингээд л “хариуцлагагүй иргэн” гэдэг хочтой, сэтгэлдээ бол асар их идэвхтэй, хүсэлтэй хүн болж байна.

Энэ бүхнийг шийдэх нэг арга зам нь цахим хэрэглээ. Юун тулд хэдүүлээ И-Монголиатай боллоо. Үүнийгээ сонгуульдаа хүртэл тултал ашиглахсан гэж бодож байна. Дараагийн сонгуулиар хаана байхаа би үнэхээр мэдэхгүй байна. Юутай ч хаана байхаас минь үл шалтгаалан улс маань сонгуулиа хүртээмжтэй хийдэг болж дэвшсэн байгаасай.


Б.Мөнхцэцэг


22 настай, бэлтгэл ангийн оюутан.

Би одоо БНХАУ-ын Ши’Ан хотын Улс төр, хуулийн сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа юм. Уг нь энэ жил гадаадад байгаа иргэд УИХ-ын сонгуулиа өгөх боломжтой болсон ч улс улсад нэг л консул байгаа шүү дээ. Жижиг газар нутагтай улсад асуудал биш байж болох ч АНУ, БНХАУ, Энэтхэг гэх мэт том газар нутагтай улсуудын нийслэлээс зайтай хотод сурч байгаа оюутнуудад бол бараг боломжгүйтэй л адил болчихсон юм.

Миний хувьд сонгуулиа өгөхийн тулд заавал Бээжин хотод очих ёстой байсан. Сонгуулиа өгмөөр байсан болохоор судалж үзтэл нэг талдаа л тээврийн хэрэгслээсээ шалтгаалаад, бүр сарын өмнө захиаллаа гэхэд л наанадаж 1000-1500 юаны зардал гаргахаар болж байлаа. Бараг жоохон мөнгө нэмэхэд л шууд Монгол руугаа явчихаар хэмжээний төсөв гэсэн үг. Би чинь хэлний бэлтгэлийн оюутан болохоор тэтгэлэг авдаггүй. За яахав мөнгөө шийдээд, бүтэн нэг өдрөө зарцуулаад Бээжинд очлоо гэхэд түүнийгээ далимдуулаад уулзах хүн ч үгүй болохоор хөдлөх болгонд үргүй зардал гарна гэж бодохоор нүдээ аниад, анхныхаа УИХ-ын сонгуулийг өнжихөөс аргагүй болсон доо. Гэсэн ч насанд хүрсний дараа болж байгаа анхны минь сонгууль болохоор зайнаас ч гэлээ маш их мэдээлэл авч, хэрсүү байхыг хичээж, нэр дэвшигчдийн талаарх бодол, цуглуулсан мэдээллээ ээж аавтайгаа тогтмол солилцож, хэрэндээ идэвхтэй байсан шүү.

Ер нь гадаадад сурдаг оюутнуудын хувьд төгсөөд Монгол руугаа буцна гэсэн зорилготой залуус нь их байдаг юм шиг санагдсан. Тэр хэрээр бид эх орныхоо хөгжил болоод амьдрах орчин, бизнес эрхлэх боломж зэргийг эргэцүүлдэг юм. Үүний тулд сонгуульд харин ч идэвхтэй оролцохын сацуу зөв сонголтоо хийж чадна гэж итгэдэг. Хэрвээ бидэнд сонгууль өгөх боломжит олон арга байвал шүүдээ.

А.Адъяа


27 настай, талх нарийн боовны тогооч.

Хаягийн бүртгэл маань төрсөн нутаг Дорнод аймагт байдаг юм. Уг нь сүүлийн нэлээд хэдэн жил Улаанбаатарт амьдарсан, цаашдаа ч эндээ төвхнөх бодолтой байгаа ч одоохондоо орон сууц эсвэл газар авч чадахаар хэмжээнд биш байгаа тул энд ирсэн цагаасаа л түрээсийн байранд амьдарч, тогтмол хаяггүй болохоор бүртгэлээ шилжүүлэх боломжгүй байдалтай явж байна. Миний мэдэхээр сурч хөгжих, амьдралаа босгох зорилготой хотод орж ирээд, түүнээс хойш эндээ төвхнөсөн олон залуус энэ маягаар л амьдардаг.

Даанч сонгууль болгоноор хаягийн бүртгэлийн асуудал над шиг олон мянган залуусын урд урган гарч ирдэг л дээ. Бараг уламжлал гэмээр. Угтаа бол хотод өмчилсөн үл хөдлөх хөрөнгөгүй залуу хүмүүс чинь орсон ажилдаа өдөр алдахгүй ажиллах шаардлагатай, тэгэж байж түрээсээ төлж, амьдралаа авч явдаг. Нөгөө талаас мэдээж иргэн хүнийхээ хувьд сонгуулиа өгмөөр санагдана. Гэвч ганц сонгууль өгөхийн тулд ажлын өдрүүдээ алдаж, хэдэн өдрийн цалингаараа зардал гаргаж явах маш их зардалтай, ачаалалтай, хохиролтой шийдвэр болж хувирдаг. Тэгээд л арга буюу өнжсөн. Даанч энэ бүхний цаад учир шалтгааныг тодруулалгүйгээр хариуцлагагүй, хэнэггүй байдал мэтээр мэдээлсэн нь шүүмжлэлтэй санагдсан. Цахимаар эсвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээрээ л байгаа бол хаанаас ч сонгуулиа өгөх боломжтой болчихвол бүгд л идэвхтэй оролцох байх.

С.Болдбаатар 


30 настай, уурхайчин.

Би Оюу Толгойд 14/14-ийн ээлжээр ажилладаг уурхайн салбарын хүн. Энэ жил ажиллах хуваарь маань яалт ч үгүй сонгуулийн өдөртэй давхацчихсан. Уг нь уурхайн зүгээс ажилтнуудынхаа сонгох эрхийг хангах үүднээс сонгуулийн өдөр тусгай нислэг гаргаж, өдөрт нь Улаанбаатарт хүргэн, саналыг нь өгүүлээд эргээд нисэж ирэх зохицуулалтыг хийсэн юм. Шууд утгаараа найман цагийн цалинтай чөлөө гэсэн үг. Угаас Улаанбаатарт хаягтай залууст маань бол асуудалгүй. Гэтэл би Дорнодод хаягтай. Улаанбаатар очсон ч нутаг явж сонгуулиа өгнө гэвэл надад найман цаг биш дор хаяж гурван өдөр хэрэгтэй болж байгаа юм. Ингээд арга буюу энэ сонгуулийг өнжлөө.

Маш харамсалтай байгаа. Бид ид хийж бүтээх насан дээрээ явж байна. Тэр ч утгаараа улс орны ирээдүй надад, бидэнд үнэхээр их хамаатай тийм цаг үе. Гэтэл төрөл бүрийн гарц гаргалгаа байж болохуйц дижитал платформ, цахим хэрэглээ хөгжсөн өнөө үед иймхэн шалтгааны улмаас сонгуулиа алгассан гэж бодохоор тун харамсалтай. Өнөөдөр уул уурхайн салбарт хэдэн хүн ажиллаж байгаа билээ. Ганц Оюу Толгойд л гэхэд дөрвөн ээлжинд 20 мянга орчим хүн ажилладаг. Нэг удаагийн ээлжинд 5000 орчим хүн буюу 14 хоногт өдөр, шөнийн ээлжиндээ нийлээд ойролцоогоор 9000-10,000 орчим хүн уурхайн талбар дээр ажиллаж байна. Үүнээс хэд нь над шиг асуудалтай байсан бол, хэр олон хүн хэдий хүссэн ч сонгох эрхээ эдэлж чадахгүй ингэж алгассан бол гэж бодоход л нэн даруй энэ асуудлыг шийдэх ёстой юм шиг санагддаг.

Судалж үзсэн л дээ. Жишээ нь, Европын холбооны гишүүн улсуудад зайнаас сонгуулиа өгдөг долоон төрлийн аргачлал байдаг юм билээ. Эрүүл мэндийн болон ажлын шаардлагатай байгаа хүмүүс цахимаар өгч болдог бол бидэн шиг олноор ээлжинд ажилладаг хүмүүсийн хувьд бол сонгуулийн хайрцгийг нь аваад ирдэг, бүр боломжгүй тохиолдолд ар гэрийн төлөөлөл итгэмжлэлтэй очдог гэх мэт. Тэр дундаас хамгийн супер нь улсынхаа нутаг дэвсгэр дээр явж л байгаа бол хамгийн ойрхон тусгайлан байгуулсан сонгуулийн штаб дээр очоод бүртгэлээ баталгаажуулаад, бүртгэлтэй тойргийнхоо саналын хуудсыг аваад саналаа өгдөг шийдэл. Тийм тусгай штаб байж болмоор л санагдаад байгаа юм. Яг сонгуулийн үеэр томилолттой, ар гэрийн асуудлаар орон нутагт очсон, эсвэл орон нутгаасаа яаралтай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, төлөвлөөгүй гэнэтийн бас бус асуудлаар харьяа газраасаа хол яваа хүмүүс байж л байгаа шүү дээ. Ер нь бид сонгуулийн боловсрол олгоно, сонголт өгөх эрхийг хангана гэх чамин үгсийг ойрын жилүүдэд их сонсдог болоод байгаа ч нэн түрүүнд Монгол улсын иргэн хэзээ ч, хаанаас ч сонгуулиа өгөх боломжтой экосистемийг бүрдүүлэх нь илүү чухал байгааг өөрийн эрхгүй мэдэрч байна даа.

О.Өгөөмөр


22 настай, МУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан.

И-Монголиагаар бүртгэлээ солиулах гэж долоо хоногийн турш хэд хэд оролдоод чадаагүй байсаар дөрөвдүгээр сарын 29 болгочихсон хүн нь байна өө.

Би Хөвсгөлд хаягтай. Гэхдээ аав ээж маань хотод байр авчихсан болохоор энэ хаягруу шилжихэд ямар ч асуудалгүй болчихсон байгаа юм. Тэгээд л И-Монголиа руу нэвтрээд хаягаа цахимаар шилжүүлэх боломжтой тухай мэдээлэл авмагцаа утсаараа орж шилжүүлгээ хийх гэж оролдлоо, болсонгүй ээ. Тэгээд утаснаас орохоор болохгүй байна гэж ойлгоод, бас хариулж мэдэхгүй нэлээд хэдэн асуулттай таарсан болохоор нь хэд хоногийн дараа бүх бичиг баримтаа бэлдээд, компьютерынхоо ард тухтайхан суусан. Бас л болоогүй. Яагаад ч юм болоогүй. Яаж ч мэдээллээ оруулаад “Хүсэлт амжилтгүй” гээд болдоггүй шүү.

Миний компьютерт асуудал байна уу гэж бодоод хэд хоногийн араас найзынхаа компьютерыг гуйж аваад ахиад л эхнээс нь байрны регистр, ордер гээд нэхсэн бүх л мэдээллийг бөглөөд бас л амжилт олоогүй. И-Монголиа болоогүй юу? Би болоогүй юу? учрыг нь сайн олж чадаагүй ээ. Тэгээд л сонгуулиа гарцаагүй өнжихөөд байж байна даа. Хөвсгөл явах унаагаа, зардалтайгаа шийдсэн ч хоёр өдрийн цаг зав байгаагүй, бүтэн цагаар ажиллаж таарсан.

Д.Мөнхбаясгалан 


26 настай, оюутан.

Би аз болж өдөртөө багтаад сонгуулиа өгч чадсан л даа. Гэхдээ сонгуулийн өмнөх өдрийг хүртэл өгч чадах эсэхээ үнэхээр мэдэхгүй байсан тул тэр түүхээ хуваалцъя. Түрүү жил 25 нас хүрсэн тул иргэний үнэмлэхээ солиулах болсон юм. Зуны амралтаараа Монголдоо ирээд бичиг баримтуудаа хөөцөлдөөд, хэрэндээ жин тан болгосон ч хэвлэлтээс гарч амжаагүй байхад нь буцах хугацаа болчихсон. Иргэний үнэмлэх болохоор зөвхөн өөрт нь л өгөх журамтай. Уг нь И-Монголиа руу орохоор зураг маань хэдийн солигдчихсон байгаа юм. Гэсэн хэрнээ одоог хүртэл “хугацаа дууссан” гэдэг тодорхойлолттой, мэдээлэл нь шинэчлэгдэхгүй жил тойрчихоор нь гайхаад л байлаа.

Би сонгуулийн өмнөх өдөр яаран яаран Монголд ирсэн юм. Ирсэн өдрөө шууд Улсын бүртгэлрүү шинэ үнэмлэхээ авахаар яарсан. Сонгуулиа өгөхөөр очихдоо заавал иргэний үнэмлэхгүй байсан ч хурууны хээгээр орж болох байсныг мэдсэн. Энэ мэт сонгууль өгөх үйл явц, бүртгэл зэрэгтэй холбоотой эргэлзээтэй мэдээллийг ер нь эртнээс, цэгцтэй өгмөөр санагдсан шүү.

Б.Баттулга


19 настай, завсар жил авсан.

Би ЕБС-аа төгссөний дараа их сургуульд оролгүйгээр сонирхлоо даган компьютерын ухаан тэр дундаа систем хамгааллын чиглэлээр суралцаад хоёр жил болж байгаа. Яг одоо бол кибер аюулгүй байдлын олон улсын тэмцээнд оролцохоор БНСУ-д ирсэн байна. Ноднин энэ тэмцээнд Монголоос нэг баг явахыг хараад “дараа жил үүнд заавал тэнцэж оролцоно доо” гэж зориод шаргуу бэлдсэн юм. Үүний дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард эцсийн шатны шилдэг 20 багийн нэгээр шалгараад, сүүлийн шатандаа орохоор ирсэн байгаа нь энэ л дээ. Гэтэл нөгөө талаас энэ чухал цаг үе минь анхны маань сонгуультай яг давхацчихсан. Харамсалтай л байна. Уг нь энд ердөө хоёр долоо л хонож байгаа юм. Бусад үед Монголдоо л байж байдаг.

Мэдсэн бол өмнө нь хүсэлт өгч болох байсан юм билээ. “Энэ үед БНСУ-д байх болохоор, тэнд сонгуулиа өгье” гээд. Гэхдээ БНСУ-ын виз чинь их хэцүү юм билээ. Гарах гарахгүй нь тодорхойгүй байж байтал цаг нь тулчихдаг. Ийм төрлийн зүйлсээ төлөвлөх боломж гараагүй гэх юмуу. Тэгэж явсаар арай гэж бүх зүйл тодорхой болох үед хэдийн хүсэлт авах хугацаа нь дуусчихсан байсан даа. Би бас хамт ирсэн манай багийн найзууд сонгуулиа өгөхийг хүссэн юм шүү.

А.Хүслэн

18 настай, 12 дугаар ангийн сурагч.

Би зүгээр л хаанаас эхэлж, юу уншихаа бас үзэж дуулсан болгоныхоо тухай юу гэж бодохоо мэдэхгүй байсан юм. Тухтай суугаад нүдэнд харагдтал сайхан тайлбарлаад өгөх хүн ч байгаагүй, сургууль дээр бол багш нар ЭЕШ л ярьж байсан. Гэр бүлийнхэн маань ч энэ шинэ тогтолцооны талаар хангалттай сайн ойлголттой байгаагүй. "Энэ хувь тэнцүүлэх нь яг яах юм болоо, ингэдэг нь яг ямар учиртай юм болоо?" гээд бие биеэсээ л асуугаад байсан. Миний хувьд энэ бүхнийг ойлгоход үнэхээр туршлага дутаад байгаа. Тэгээд л тэр.

Намайг хариуцлагагүй, сэтгэлгүй гэх байх л даа. Тийм ч байж болох юм, тэрийгээ ч мэдээд зургаа хуваалцахыг хүссэнгүй. Гэхдээ миний өнцгөөс бол би зүгээр л сонгуульд саналаа өгөхөд бэлэн биш, шууд утгаараа мэдлэг боловсролын хувьд үнэхээр түүхий байгаа. Түүнийгээ сонгууль ойртох үед бүр хүчтэй мэдэрч байсан. 18-19 настнуудын ирц дутуу байна, ирээч ээ гэх пост харах болгонд эмээгийн хэлдгээр яс хавтайж байсан. Гэлээ гээд яах юм бэ? би очоод юу ч мэдэхгүй шүү дээ. Ийм чухал зүйл дээр "бинго" хийж, шалгалтанд буудаж байгаа юм шиг хандаж болохгүй л гэж бодсон юм. Гэхдээ дараагийн сонгуулиас илүү боловсорсон байх болно оо гэж өөртөө амалж бодоод өнгөрлөө.

Ташрамд хэлэхэд бас өөрийгөө жаахан өмөөрөхөд бидэнд сайн ойлголт өгөөгүй байж, буруутгаад байж болохгүй биз дээ.

Санал болгох: 10 ертөнц, 10 өнцөг: 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай