УИХ-ын сонгууль болоход цөөн хоног үлдээд буй энэ үед бид зарим сонгогчдын сонгуулийн талаарх бодол санааг тольдохыг хичээлээ. Ингэхдээ бид нас, байршил, ажил хөдөлмөр зэргээрээ аль болох ялгаатай 10 хүнийг сонгож, дараах хоёр асуултыг асуун, дотоод ертөнцөөр нь аялсан юм:

1. Энэ жилийн сонгуулийг хэрхэн харж дүгнэж байгаа вэ?

2. Та сонгуульд ямар идэвхтэй оролцох вэ? Бусдыг яаж оролцоосой гэж хүсэж байна?

I. Б. Жанибек, 22 нас

Баян-Өлгий аймаг, АШУИС-ийг төгсөгч, нийгмийн идэвхтэй

1. Энэ жилийн сонгуулийн талаарх эерэг бодол гэвэл салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан, салбарынхаа асуудлуудтай нүүр тулгараад шийдэж ирсэн, бүр том өөрчлөлтийг хүсэж буй салбарын манлайлагч нар УИХ-д нэр дэвшиж байна. Сөрөг бодол нь хуучин улиг болсон, үүргээ биелүүлдэггүй нэр дэвшигчид дахин харагдсаар байна.

2. Миний бие энэ жилийн сонгуульд ач холбогдол их өгч байгаа. УИХ-д нэр дэвшиж буй хүмүүсийг ярилцлага болон сошиал медиагаас судалж, найз нөхөд, ойрын хүмүүстэйгээ санал солилцож байгаа. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дурдсанаар нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлж чадна гэж бодсон хүнд саналаа өгөх болно. Залуучууд бүгд сонгуульд ач холбогдол өгөх цаг нь ирсэн гэж бодож байна. Чи хэнд саналаа өгнө, тэр хүн улс орны болон чиний ирээдүйд шууд нөлөөлнө. Эргэцүүлэн бодоод нэр дэвшигчидтэй санал нийлэхгүй байсан ч та заавал сонгууль өгөх хэрэгтэй шүү! Хоосон буюу дугуйлахгүй явуулах нь ч санал болно!

II. Ц. ЭНГҮҮН, 19 НАС

Хийлч, дуучин, анхны сонгууль

1. Сошиал медиа дахь сонгуулийн сурталчилгаа маш бохир санагдаж байгаа. Эх орны ирээдүйтэй холбоотой том хариуцлага гэж ойлгуулахын оронд дүүрэг хороо, аймаг суманд хийгдсэн, хийсэн ажил ярьж жижиг хүрээнд оруулж байгаа нь таалагдахгүй байна. Улс төрд гарахыг хүссэн хүнийг биш, иргэдийг удирдах чадвартай хүнийг сонгох л ёстой байх.

2. Би сонгуульд идэвхтэй оролцож өөрийн ирээдүйд санаа тавина. Урлагийн хүний ёс зүйн хүрээнд бусдад хэн нэгнийг сайн муу гэж үзэл бодлоо ил илэрхийлэхгүй.

III. Ө.ЦЭРЭНДОРЖ, 55 нас

Барилгын жижүүр/хамгаалагч

Энэ жилийн сонгуульд ард иргэдийг урьд жилүүдээс илүү няхуур, хашир хандаасай л гэж хүсэж байна даа. Гучаад жилийн турш бид гоё сайхан амлалтуудад хууртаж ирсэн болохоор одоо юу нь биелэх, юу нь биелэхгүй, юу нь үнэний хувьтай, юу нь зүгээр л мөрөөдөл вэ гэдгийг ялгаж салгадаг болсон гэж найдна.

Миний хувьд улс төрд удсан хүмүүст найдахаа больсон тул энэ жил шинэ хүмүүсийг сайн харж, шинжиж байгаад сонгоно. Нөгөө талаас хотын алслагдсан дүүргүүд болон хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэхгүй бол энэ байдал ахиад хэчнээн жил ч яг энэ хэвээрээ явах юм байна гэж бодох болсон. Сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажилладаг холбогдох хүмүүсийг илүү сайн ажиллачихаасай, олигтойхон идэвх санаачилга гаргачихаасай гэж боддог юм. Тэгж л чадвал бусдыг тэгж, ингэж оролцоосой гээд хувийн хүсэл бодлоо ингэж яриад байх шаардлагагүй, бүгд хийх оролцох зүйлсээ хүнээр заалгаж, уриалуулаад байлгүй хийдэг болчих байх. Ер нь би улс төрд жаахан эсэргүү бодолтой явдаг хүн. Нэг сайн золиос гаргаж, одоогийн энэ тогтолцоонд байгаа бохир бүхний цэвэрлэх юм сан гэж хүсдэг дээ.

IV. Б. Рэнцэн, 28 нас

Сүхбаатар аймаг, Хятадад 8 дахь жилдээ сурч буй ч хөл хорио гээд түр ирсэн

1. Би урьд нь сонгууль гэдэг залуус бидэнд нэг их хамаагүй, мэддэг ойлгодог хүмүүс нь л тэр улс төрөө хөөгөөд, өөрийгөө л хичээгээд сурах ёстой зүйлээ тултал сураад явахад болно гэж боддог байлаа. Гэвч олон жил гадаад улсад суралцаад амьдраад ирэхээр өмнө нь зөв гэж боддог байсан зүйлс өөрчлөгдөж, цаашлаад бид ямар эх оронд амьдраад байна аа, хүмүүс яаж амьдраад байна аа гэх мэтээр бодож эхэлдэг санагдсан. Нэг жишээ бол миний суралцдаг БНХАУ хэдийгээр бүх талын хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг ч гэлээ тэндхийн залууст бидэнд байдаг шиг эрх чөлөөт сонголт, ямар нэгэн зүйл болохгүй байна гэж хэлэх эрх байдаггүй нь нэг талаараа сэтгэл өвтгөмөөр өрөвдөлтэй. Тиймээс залуус бид өөрсдөд байгаа их үнэ цэнээр олдсон эрх чөлөө, давуу талаа хэрэгтэй үед нь ашиглаасай гэж хүсдэг.

2. Энэ удаагийн сонгууль миний бодлоор өмнө жилүүдээс маш өвөрмөц, шинэлэг болох болов уу. Яагаад гэвэл дэлхий нийтээр коронавирусын халдварлал тархан маш олон хүн эх орондоо эргэн ирсэн нь өөрчлөлт шинэчлэлт хийхэд нэмэр болох байх. Би хувьдаа эн тэргүүнд сонгох хүнийхээ боловсролыг чухалчилж харна, судална. Дараа нь хувь хүний хүмүүжил (гэр бүлийн хүмүүжил, мөн өнгөрсөндөө хэр зэрэг хүндлэлтэй ханддаг гэх мэт. Хэрвээ өнгөрснөө хайрладаггүй бол одоо болон ирээдүйгээ хайрлах нь юу л бол), хамгийн сүүлд нь улс төрийн зорилго болон ямар асуудлыг шийдэх, ямар хууль санаачлах зэргийг нь харна. Яагаад гэвэл эдгээр хүмүүс бидний төлөөлөл болон сонгогдож, нийгэмд шаардлагатай гэсэн хуулийг л санаачлан батлах үүрэгтэй болохоос аль нэг эвдэрхий зам засах ажлыг хийдэг хүн биш гэж бодож байна. Тиймээс бас залуусыгаа сонголтоо хийхдээ хэн нэгэн хамаатны танил, эсвэл ээж аавын насаараа зүтгэсэн намын хүн гэх мэт ямар нэг гадны нөлөөллийг сонголтдоо бүү оруулаасай гэж хүсэж байна.

V. Э.Билэгсайхан, 22 нас

Тусгай хэрэгцээт иргэн, Блоггер @saikhnaapositive

1. Энэ удаагийн сонгуулиар тусгай хэрэгцээт иргэн бүр сонгох, сонгогдох эрх нь нээлттэй байж, онцгой хэрэгцээт иргэд сонгуулиа өгөхөд хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байх хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь, харааны бэрхшээлтэй иргэнд сонгууль өгөхөд бариал тэмдэг хэрэгтэй, тэргэнцэртэй хүнд орж гарахад налуу шат шаардлагатай гэх мэт. Ер нь аль болох хүн бүрд ижил тэгш, хүртээмжтэй байгаасай гэж хүсэж байна.

2. Нэн ялангуяа залуучууд маань сонгуулийг анхаарч, саналаа өгч, оролцох хэрэгтэй гэж бодож байна. Хувь хүн өөрөө хариуцлагатай, судалгаатай байж, ээж аавынхаа зааснаар биш өөрийнхөө судалж мэдсэнээр л сонгуулиа өгөөсэй.

VI. Г.ДОЛИНГОР, 58 нас

Боловсрол судлаач, ХААИС-ийн профессор багш

1. Энэ жилийн сонгууль дэлхий даяар цар тахал дэлгэрсэн, хөл хорио тогтоосон дэглэмтэй, масктай сонгууль болж байгаагаараа онцлогтой байна. 4 жил тутамд 6-р сард болдог УИХ-ын сонгуульд 6-р сарын 2-ны энэ өдрөөс нэр дэвшигчид үнэмлэхээ авч сурталчилгаагаа эхэлж байна. Энэ жил томсгосон 29 тойрогт 76 гишүүн тодруулна. Сонгуулийн эрхийн төлөөх тэмцэл ололт нь ардчиллын нэг томоохон шалгуур юм.

2. Би нийслэлийн ХУД-ийн 15-р хорооны иргэн, аль ч шатны сонгуульд гэр бүлээрээ их ач холбогдол өгч оролцдог уламжлалтай. УИХ-ын 2020 оны 29-р тойрогт нэр дэвшсэн 30 хүнээс гурвыг нь шалгаруулан сонгоно. Дэлхийн болоод монголчуудын иргэний эрхийн чухал ололт болсон сонгуулийн эрхээ бид бүгдээрээ эдлэх ёстой. Энэ эрхээ эдлэх боломжтой улсын иргэний хувьд энэ эрхээ алдаж болохгүй. Сонгуульд ач холбогдол өгч оролцвол ирц сайн болж дахих, нөхөх зэрэг элдэв чирэгдэлгүй болохоос гадна элдэв луйвар, будлиангүй болчихоосой гэж хүсэж байна. Монголын сонгуулийн түүхэнд хар толбо болсон 7-р сарын 1-ний үйл явдлыг гаргуулахгүй байх бэлтгэлийг сонгуулийн хэсэг, тойрог, СЕХ, ҮАБЗ онцгой анхаарах хэрэгтэй. Сонгогчдын боловсролыг тасралтгүй дээшлүүлэх хэрэгцээ ч Монголын нийгэмд байсаар байна.

VII. AM-C, 25 нас

Артист

1. Энэ жилийн сонгуульд залуус их нөлөө бүхий байхаар ажиглагдаж байна. Өмнөх жилийн сонгуулиудад угаасаа жаахан ч байсан, төдийлөн их ач холбогдол өгч тоодоггүй, бараг л аав ээжийнхээ үгээр сонгодог байсан. Одоо бол том болоод, нас нэмэгдэх тусам өөрийн эрхгүй сонгууль хамааралтай болж байна. Нийгэм, улс төрөөс эрүүл мэнд, хувь хүний эрх чөлөө гэх чухал ойлголтууд шууд шалтгаалж байдгийг залуучууд нарийн ажиглаж эхэлсэн шинжтэй. Гэхдээ зарим талаар тэр нь сөрөг байдлаар илэрч, залуучууд сонгуулийг тоглоом шоглоом болгож ярих, эсвэл хэтэрхий туйлшран үзэн ядаад байгаа нь жаахан харамсалтай. Ер нь бүх зүйлийг хэтэрхий үзэн ядаад байдгаа болих хэрэгтэй.

Сонгуульд нэг хүн сонгоод бүх юм өөрчлөгдөхгүй гэдгийг угаасаа залуус мэдэж байгаа гэж итгэж байгаа ч нэгэнт дэвшсэн байгаа хүмүүс дундаас байж болох хамгийн дажгүйг нь сонгохыг хичээх нь бидний одоогоор хийж чадах хамгийн зөв үйлдэл. Энэ жил сонгуулиас болоод нэг л юманд маш их итгэж, хүсэж байгаа нь залуус бид өөрсдөөсөө эхлэхийг эрмэлзэх. Хүсэж байгаа хүн нь тойрогт нь байхгүй бол өөрөө тэр хүн нь болох гэж хичээх хэрэгтэй. Асуудлыг өөрсдөөсөө эхэлж, соёл боловсролдоо анхаарвал хэн нэгнийг сонгосон сонгоогүй угаасаа бүх юм сайхан болно гэж итгэж байна.

2. Ихэнх хүмүүсийн дотор нэг ийм бодол байх шиг байна: Олны танил, нөлөөлөгч хүмүүс дуу хоолой, үзэл бодлоо хэлэх хэрэгтэй/шаардлагатай гэсэн. Гэхдээ тэр хүмүүсийг хэлсэн хэлээгүй хүн болгон дотроо өөрсдийн гэсэн үзэл бодолтой байдаг гэж би боддог. Тэрийгээ л хүн болгон сонсоосой гэж хүсэж байна. Товчхондоо үзэл бодлоо худалдсан хүмүүсийг аль болох сонсохгүй, хэн нэгэн, ямар нэгэн медиагийн нөлөөлөлд автахгүй, тойргийнхоо хүмүүсийг судалж, бусдаас хамааралгүй бие даан шийдвэрээ гаргаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

VIII. Жонан ханчин Гэгээнтэн, 30 нас

Шашин, сүсэг бишрэл

За юуны өмнө би бол лам хүн. Ерөнхийдөө улс төр, нам сонирхдоггүй ч ардчилсан, чөлөөт нийгэмд амьдарч, аж төрж байгаагийн хувьд сонгох эрхээ эдэлж сонгуулиа өгнө. Энэ жилийн сонгууль гэлтгүй ер нь бүх л сонгуулийг хамгийн гол нь үнэн зөв, бодитой яваасай гэж хүсдэг. Би биш Бид гэсэн өнцгөөс хардаг хүнийг сонгох нь чухал. Биднийг төлөөлөх хүнийг сонгож байгаа болохоор нэр дэвшигчдийг яг ямар хүн бэ, бусдын төлөө гэсэн сэтгэл, үнэмшил байгаа эсэхийг судлах нь зүйтэй болов уу.

IX. Б.САРАНГЭРЭЛ, 41 нас

Говь-Алтай аймаг, Аймгийн музейд ажилладаг, нийгмийн идэвхтэй

1. Миний бодлоор УИХ-ын бүрэн эрхийн хугацаа урт, 6 жил баймаар санагддаг. Энэ жилийн сонгуульд танихгүй маш олон хүмүүс нэр дэвшиж байгаа нь сонголт хийхэд хүндрэлтэй санагдаж байна. Мөн өвчний үед сонгууль зохион байгуулж байгааг буруу гэж үзэж байна. Ер нь сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах нь их буруу. Хүүхдийн мөнгө, ноолуур гэх мэт.

2. Миний бие энэ жилийн сонгуульд маш идэвхтэй оролцоно. Ер нь ч сонгуульд идэвхтэй оролцдог. Төрөөс мөнгө зарцуулж сонгууль зохион байгуулдаг учраас бусдыг уриалж идэвхтэй оролцуулна даа.

X. З.Баярмаа, 26 НАС

LGBT төлөөлөл, активист

1. Энэ жилийн сонгуулиар залуучууд өмнөх сонгуулийг бодвол илүү ач холбогдол өгч байгаа юм шиг ажиглагдаж байна.Энэ жилийн сонгуулиар манай тойрогт ямар ямар хүн нэр дэвших нь аль хэдийн тодорхой болсон. Эхнээс нь судлаад л явж байна. Бас Google дээр ямар илэрц гарч ирж байгааг нь харж байна, баттай эх сурвалжаас мэдээлэл олж авахыг хичээж байна. Мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгч байгаа. Энэ жил ядаж л ЖДҮ-тэй холбогдсон, хүний эрхтэй холбоотой хуулиудыг хүчингүй болгосон болон эсрэг хууль баталсан тийм хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийг дахин сонгомооргүй байгаа юм. Намайг төлөөлөх тэр хүнийг би юу юунаас илүү хүний эрхийн мэдрэмжтэй тийм хүн байгаасай гэж хүсэж байна. Энэ нийгэмд олон янзын хүмүүс байгаа. ЛГБТ хүмүүс, үндэсний цөөнх, тусгай хэрэгцээт хүмүүс гээд л... Жишээ нь, ижил хүйсийн гэрлэлтийн тухай хууль батлахыг дэмждэг тийм гишүүд сонгогдоосой. Хоорондоо хайртай хоёр хүн насаараа хамтарч амьдралаа босгоод явж байхад нэг нь хүнд өвдөхөд хуулиар гэрлэхийг зөвшөөрөөгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй болохоор хайртай хүнийнхээ чухал хагалгаанд орох үгүйг нь шийдэж гарын үсэг зурж чадахгүй, цуг байрны зээл авч чадахгүй гээд асар олон саад бэрхшээл тийм хууль байхгүйгээс гардаг. Тийм болохоор нийгмийн цөөнхийн асуудлыг анхаардаг, бүгдэд тэгш боломж нээх бодлого боловсруулах хүний эрхийн мэдрэмжтэй хүн УИХ-д сонгогдоосой гэж хүсэж байна.

2. Бусад залуучуудад хандаж хэлэхэд сонгуулиа заавал өгөөрэй. Чиний санал дутдаг юм шүү. Цаг гаргаад өөрийнхөө төлөө судлаад сонгуульд саналаа заавал өгөөрэй. Бид улс төрд итгэлээ алдаад саналаа өгөхгүй хойш суувал хэн ч залуучуудыг анхаарч бодлого хэрэгжүүлэхгүй, тэтгэвэр тэглэх хүмүүс л сонгогдоно шүү. Бас сонгууль өгөөд ч нэмэргүй болсон зарим улс орны хажууд хэдүүлээ арай ч балраагүй ардчилалтайгаа цуг байгаа шүү.

Залуусын улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой "Надад 1 санал байна" медиа аяны хүрээнд энэхүү контентийг бэлтгэв.