2015 онд батлагдсан Монгол хэлний тухай хуулийн дагуу энэ оны эхний өдрөөс төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах болсон. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн нийтлэлд маань залуус өдөр тутмын амьдралдаа монгол бичгийг хэрхэн хэрэглэж буй талаар сонирхолтой түүхээсээ хуваалцсан юм. Тэд монгол бичгийг ингэж ашигладаг. 

С.Эрдэнэболд

УИХ-ийн гишүүн

Би 1991 онд 50 дугаар дунд сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. 1-5 дугаар ангид бүх хичээл монгол бичгээр ордог байсан. Хүүхэд байхдаа "Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой" зохиолыг бүрэн хуулан бичиж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Самбуу абугайн монгол бичгийн гар бичмэлийг хөрвүүлэх ажлыг ч аавдаа туслан хийж байсан удаатай.

Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн нийт арван жил монгол бичиг заалгасан болохоор одоо өдрийн тэмдэглэл, ажлын төлөвлөгөө, найз нөхөд, дотно хүмүүстээ илгээх захидлаа монгол бичгээр бичдэг. Зөвхөн бичиг үсэг талаасаа гадна бичлэгийн хэв маяг, дүрслэл, нүүдэлчин соёлтой маань холбогдох байдлаараа монгол бичиг их яруу тансаг санагддаг юм. Мөн үгийн үндсээс нь монгол хэлний мөн чанарыг мэдэх боломжтой нь тун сонирхолтой.

Эмээгийн маань эгч Д.Сугар гэдэг хүн эртний судар бичгүүдийг монгол бичгээр бичээд есөн эрдэнээр чимдэг байсан юм. Тэр хүн "Миний хүү, монгол бичгээ битгий орхиорой" гэж надад захидаг байсан. Ер нь манай үндэстэн цөөн хүн амтай шүү дээ. Тийм ч учраас даяаршиж буй энэ дэлхийд орчин үеийн мэдлэг боловсрол эзэмшихээс гадна монгол хүний ялгарах онцлогийг тодруулж байж дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна гэсэн үг. Өнгөрсөн түүхээ судлахын сацуу сайны суртал, зөвийн илэрхийллийг бичиг соёлоороо дамжуулан өвлүүлэн үлдээх боломжтой гэж би боддог.

М.Маралмаа

“Орчлон” олон улсын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш

Миний хувьд монгол бичгийг дунд ангиасаа эхэлж сурсан. Харин ач холбогдол өгч, дурлаж суралцсан хугацаа нь 7 жил. Тодруулбал, би монгол бичгийг урлаг талаас нь маш их сонирхдог бөгөөд угалзан эвхмэл, уран бичлэгээр хичээллэдэг юм. Уран бичих чадвараа хөгжүүлэхийн тулд мэдээж үндэсний бичгээ сайн мэддэг байх нь чухал. Тиймээс мэдээ мэдээлэл унших, богино эх хөрвүүлэх зэргээр өдөр бүр давтан хэрэглэдэг. Мөн монгол бичгийг заан өвлүүлэх чухал үүрэгтэй багш учраас өдөр тутам хичээл, дасгал, даалгавраа бэлтгэх, хүүхдүүддээ уншуулах эх хайх, зааж зөвлөх гээд олон төрлөөр ашиглаж байна.

Монголчууд бид түүхэндээ олон зүйлийн бичиг үсэг хэрэглэж ирсэн ч хамгийн урт хугацааг туулан, хэрэглээнд байсаар ирсэн бичиг нь монгол бичиг. Тиймдээ эл бичигт монгол хүний сэтгэлгээний онцлог, ялгарал, түүх, ондоошил тээгдэн буй. Ингэж бодохоор монгол бичиг бол монгол хүн болсныхоо хувьд зайлшгүй сурах ёстой үүрэгт зүйл гэж хэлж болно.

МУИС-д багш нар маань “Монгол бичиг сурснаараа та Монгол Улсын ирээдүйд маш их хувь нэмэр оруулж байгаа шүү” гэж хэлдэг байсан. Үнэхээр л сурах тусам үүнтэй санал нийлдэг юм. Гагцхүү түүх соёл, сэтгэлгээний ондоошлыг хадгалан өнөөг хүртэл маш урт хугацааг туулан ирсэн монгол бичгээ бид л сурч эзэмшин, энэ цаг хугацааны өртөөг цааш үргэлжлүүлж, хойч үедээ өвлүүлэх учиртай.

Ж.Зоригт

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Олон улсын түншлэл хариуцсан менежер

Бага ангиасаа монгол бичиг сурах эхлэлээ тавьж, олимпиадад оролцдог байсан. Эхний хичээлүүдээр дүрэм, үсгийн бүтцийг ойлгоход амаргүй байсан ч удалгүй давтлага хичээлээр ойлгомжтой болж, сонирхол ихэд татаж байсныг одоо ч санадаг. Тэр мөчөөс хойш таталган бичиг болон төрөл бүрийн уран бичлэгийн хэлбэрүүдийг судалж улам сонирхож, улмаар хэл шинжлэлд дуртай болсон. Одоогоор 15 гаруй жил монгол бичигт суралцаж, ашиглажээ.

Оюутан байхдаа хичээлийн тэмдэглэлээ, харин ажлын талбарт гарснаас хойш уулзалт, хурлын тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлдөг болсон. Англи хэл дээрх хуралд монгол бичгээр тэмдэглэл хөтлөх нь надад өөрт минь ч их сонирхолтой санагддаг. Мөн баярын мэндчилгээ, захидал зэргийг монгол бичгээр бичих дуртай. Энэ нь гар бичвэрийг илүү утга учиртай, үнэ цэнтэй болгодог гэж боддог юм.

Монгол бичиг нь үгийн язгуур, дагавар, нөхцөлийг тод харуулдаг учраас тухайн үгийн утга, гарал үүслийг ойлгоход хялбар. Жишээ нь, чарга гэдэг нэр үг нь “чир-” гэдэг үйл язгууртай байна гээд л харагдчихна.

Үндэсний бичиг маань хуучирсан үсэг биш, харин орчин үед дасан зохицох, бидний өдөр тутмын хэрэгцээг хангах чадамжтай үсэг. Тиймээс түүхэн өвийг хадгалахаас гадна, шинэ урлагийн бүтээл, орчин үеийн бичвэр, сошиал контент зэрэгт ашиглах замаар бид ирээдүй хойчдоо өвөрмөц соёлоо уламжлан үлдээх боломжтой хэмээн үзэж байна.

Г.Цэнд-Аюуш

Posted.mn-ий Ерөнхий редактор, Бичилхэн хуудсын админ

Би монгол хэл, хэл шинжлэлч мэргэжилтэй. Монгол бичгийг 10 гаруй жилийн турш сурч судалж, өдөр тутамдаа хэрэглэж байна. Миний хувьд монгол бичиг сурах сонирхолтой хүмүүст заах, нийгмийн хариуцлагын үүднээс үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, цаашлаад өдөр тутамдаа тэмдэглэл хөтлөх байдлаар тогтмол үндэсний бичгээ ашигладаг. Тиймдээ ч дөрвөн жилийн өмнө залуус хоорондоо үндэсний бичиг, хэл соёлынхоо талаар үргэлж ярилцдаг байгаасай, тэдний өдөр тутамдаа ярьдаг сэдвүүдийн нэг нь энэ байгаасай, бие биедээ хуваалцаасай, үндэсний бичиг нь харсан зүг бүрд нь байдаг байгаасай, шинэ цагийн хөгжилд орхигдолгүй бидний сонирхол, трендэд нийцэн, үргэлж бидэнтэй хамт байгаасай гэж хүсээд Бичилхэн хуудсыг нээж байв. Цахим орчинд үндэсний бичиг, хэл соёлоо сурталчлах зорилготой уг төслийн үр дүнд үндэсний бичгээ сонирхдог, суралцдаг, хайрладаг хүмүүс олширч, нүдэнд нь хоногшиж эхэлсэнд миний зүгээс тун баяртай байдаг юм.

Бид үндэсний бичгээ мэддэг, хэрэглэдэг байх нь их чухал. Тиймдээ ч монгол бичгээ сэргээж, эргүүлэн албан ёсоор хэрэглээнд оруулах зорилгоор олон жилийн турш нухацтай бэлтгэсээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хос бичигтэн үндэстэн боллоо шүү дээ. Бичиг үсэг бол тухайн хэлний олон зуун жилийн туршид туулж ирсэн түүх, хувьсал хөгжил, тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний мэдрэмж сэтгэлгээ, тэдэнтэй холбогдох олон асуултын учрыг тайлж өгдөг нандин өв. Тиймээс бид үндэсний бичгээ хадгалж, хайрлаж, судалж, дэлгэрүүлж, өвлүүлж байх нь чухал.

Н.Гантуяа

Wikibilig цахим нэвтэрхий толийн Ерөнхий редактор

Миний хувьд Wikibilig цахим нэвтэрхий толийг эрхлэн явуулдаг. Гол зорилго нь монгол бичиг шинжлэх ухааны бичиг мөн, эрдэм мэдлэг дэлгэрүүлэх хэрэгсэл байж чадна гэдгийг батлан үзүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй. Хүн төрөлхтний аливаа хэл, тэр хэлтэйгээ хамт хөгжсөн бичиг нь мэдлэг, мэдээлэл тээх зорилготой байдаг төдийгүй тухайн нийгмийнхээ хөгжлөөс шалтгаалаад ямар төрлийн мэдлэг дамжуулах нь тодорхойлогддог.

Монгол бичиг маань хананд гоё бичиг өлгөчхөөд, түүнийгээ харж бахархаад суух төдийхнөөр хязгаарлагдахгүй. Энэ бичгээр бүх л явдлыг бичиж болно. Тиймдээ ч Wikibilig чөлөөт нэвтэрхий толийг 2018 оноос эхлүүлж, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн маш олон сэдэв бүхий нийтлэлийг оруулж ирсэн. Тухайлбал, манай нэвтэрхий тольд физик, квант механик, хими, түүх, математик, мэдээлэл технологи, газарзүй, амьтан судлал, биологи, ургамал судлал, анагаах ухаан, геологи, астрофизик, сансар судлал гэх мэт салбар бүрийн нийтлэлүүд бий.

Wikibilig нь чөлөөт нэвтэрхий толь учраас оюутан, сурагч, ажилтан, албан хаагч, сэхээтэн хэн бүхэн бүртгүүлээд сонирхдог сэдвээрээ нийтлэл бичих боломжтой. Тиймээс уншигч та бүхнийг нийтлэлээ оруулж байгаарай хэмээн уриалж байна.

У.Билигтсайхан

БНСУ дахь Уур амьсгалын ногоон сангийн Засаглалын хэрэг эрхлэх газрын ажилтан

Би бага ангидаа 23-р сургуульд Ч.Баярмаа багшийн ангид суралцдаг байлаа. Анх суурь мэдлэг маань маш сайн тавигдсан болохоор дунд, ахлах ангидаа гадаад хэл давамгайлсан сургуульд шилжсэн ч одоо хүртэл уншиж, бичиж чаддаг.

Найз залуу маань Монголд ажилладаг учраас би үргэлж захиа бичиж явуулдаг юм. Сүүлийн хэдэн сар шинэ ажлаас шалтгаалж, олон улс, хотоор нүүсэн болохоор тэр хэрээр олон захидал илгээжээ. Хамгийн сонирхолтой нь 2025 оноос хос бичгээр төрийн хэргийг хөтлөн явуулах шилжилтийг сонсоод одооноос өдөр тутмын хэрэглээ болгох үүднээс захидалдаа монгол бичгээр шүлэг бичиж байгаа. Дадал болгон ашиглахгүй л бол удахгүй илүү өргөн дэлгэр хэрэглээнд ороод ирнэ шүү дээ. Тиймээс өөрсдөдөө сонирхолтой байдлаар захидал бичихдээ ашиглаж байгаа нь энэ.

Миний бодлоор бид монгол бичгийг уншиж, бичиж чаддаг байх ёстой. Энэ бол бидний ондоошил. Гадаад найз нөхдөдөө монгол бичгээр бичиж үзүүлэхэд ихэд сониучирхан гайхдаг. Зарим хүнд энэ шилжилт цаг хугацаа их авахаас эхлээд төвөгтэй санагдаж магадгүй л дээ. Гэхдээ ирээдүйд бидний үр хойчдоо үлдээх нандин өв нь монгол бичиг байх болно.

Ц.Бат-Оргил

Чимэгэ Системс компанийн Ахлах програм хангамжийн инженер

Миний хувьд мэргэжлийн онцлогоос шалтгаалаад монгол бичгийг шууд хэрэглэх нөхцөл гардаггүй ч монгол бичгийн програм хөгжүүлж байгаа гэдэг утгаараа анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд ч манай Болорсофт компани монгол бичгийг цахим орчинд амьд байлгахын төлөө 20 гаруй жил ажиллаж байгаа учраас энэ үйлийг үргэлжлүүлэх эрхэм үүргийг манай компанийн хүн нэг бүр зорьж явдаг биз ээ.

Бид Office Word програм дээр кириллээс монгол бичиг рүү шууд хөрвүүлдэг бүтээгдэхүүнээ хөгжүүлж буй. Үүний үр дүнд академик түвшний монгол бичгийн мэдлэггүй байсан ч монгол бичгээр баримт бичиг гаргах боломжтой болох юм. Мөн монгол бичгээр бичдэг хүмүүстээ зориулан үнэ төлбөргүй Тунгаамал загвар, толь гаргасныг хэрэглэгчид маань андахгүй болов уу. Энэ толь маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учраас алдаа мадаггүй контент бүтээхэд цаашид чухал үүрэг гүйцэтгэх юм.

Би монгол хүн байхын гол онцлогийг бидний хэл, соёл гэж боддог. Тэр дундаа монгол бичигт гарал үүсэл, утга учир нэвт шингэсэн учраас тэр хэрээр монгол сэтгэлгээний онцлог оршдог. Тиймээс монгол бичгээ мэддэг байхын сацуу олон нийтээрээ ашиглах нь соёл онцлог маань урт удаан хугацаанд оршин тогтнох боломж болох юм. Жишээ нь би гадуур явж байхдаа их бага нь хамаагүй монгол бичгээр бичсэн зүйлс уншихыг эрмэлздэг.

П.Болортуяа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 3-р түвшний оюутан, “Poetry Fellows” яруу найргийн нөхөрлөлийн хамтран үүсгэн байгуулагч

Бидний үеийнхэнд үндэсний бичиг хэрэглээ бус хичээл хэлбэрээр хоногшсон. Тиймдээ ч манай улсын боловсролын тогтолцоогоор хамгийн анх зургаадугаар ангидаа сурч эхэлсэн болохоор анх сурснаас хойш 11 жил болж байна. Багш маань самбарт миний нэрийг тодоос тод үндэсний бичгээр бичиж өгсөн нь монгол бичгийн гоо үзэсгэлэнг таних эхлэл минь байв. Үүнээс хойш хийж бүтээж буй бүхий л зүйлдээ үндэсний бичгээ шингээхийг эрмэлзэж яваа.

Хэрэглээний хувьд нэн тэргүүнд гарын үсгээ үндэсний бичгээрээ зурдаг. Гуравдугаар ангид монгол хэлний багшийнхаа бичиж байхыг үзээд сэдэл авсан минь тэр. Хаа ч явсан бүхий л үйл хэрэгт миний нэр үндэсний бичгээр үлдэж байгаа нь сайхан. Арканзасын их сургуульд сурч байхдаа төгсөлтийн баярт зориулсан бяцхан хананд “Монгол, хайр, бахархал, эрдэм” гэж үндэсний бичгээр бичээд үзэсгэлэн болгож хадсан. Тэнд байсан бүх оюутан сонирхож үзээд л, надаас олон зүйл асууж байсныг одоо ч мартдаггүй. Тэдний дурсамжид Монгол Улс босоо бичигтэй гээд үүрд үлдчихсэн гэсэн үг шүү дээ. Монгол соёлынхоо үргэлжлэл байхын асар их хариуцлага хийгээд цэнгэлийг тэгэхэд би мэдэрсэн.

Үндэсний бичиг эх оронч, эрэлхэг хичээнгүй хүмүүн байхад сургадаг. Түмэн янзын соёл, иргэншил, түүхийн зам мөрийг танин судлахын зэрэгцээ эх хэлээ эрхэмлэж эх оронч хүн байх нь газар нутгийнхаа төлөө тулалдаж байгаагаас өөрцгүй их үйл гэдгийг ойлгосон. Түүнчлэн америк оюутнуудтай зэрэгцэн сурч үзээд л айлын хүүхдүүд ахуй соёлдоо ийм хайртай бас хэрсүү ханддаг юм байна гэдгийг ухаарч байв. Заримдаа бид хөгжил дэвшилд хэт шунаад гаднын зүйл гэхээр л хамгаа бариад гүйчихдэг шүү дээ. Гэвч дэлхийн олон арван улсад хүсээд хүсээд ч ийм үнэ цэн, оюуны цэнгэг уламжлал олдохгүй. Тиймээс бид үндэсний бичиг ийм нандин учиртай, нэжгээд сонирхолтой өв соёл юм шүү дээ гээд л сайн сайхнаар ярьж явах учиртай. Эл эрхэм соёлоо бид л хайрлаж үе хойчдоо уламжлахгүй бол өөр хэн хайрлана гэж хүлээх вэ?

М.Жавхлан

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор

1991-1993 онд Монгол бичигт шилжих тухай төрийн бодлогоор сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудад тогтолцоотойгоор зааж байсан. Тэр үед анх цэцэрлэгт зурлага, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиасаа л монгол бичгээр бүх хичээлээ заалгаж эхэлсэн дээ. Тооцоод үзэхээр төгссөн цагаасаа МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Эх бичиг алтай судлалын тэнхимийн цагийн багш, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш гээд 18 жилийг монгол бичигтэй холбосон байна.

Би МУИС-ийн ерөнхий суурийн монгол бичгийн хичээлийг заахдаа оюутан, залууст илүү ойлгомжтой хэрэглээнд тулгуурлан хэрхэн заах, мэргэжлийн ангийн монгол хэлний түүх, сурвалж судлал гэх мэт хичээлийг орохдоо илүү эртний дурсгалуудыг тайлж унших, бичгийн хэлний онцлогийг лавшруулан ойлгуулах тал дээр хичээн ажилладаг. Өөрийн онцлогоос хамаараад монгол бичгийн янз бүрийн тигээр бичих, оюутан залуусыг хөгжүүлэх зорилгоор оюутны нэгдэл, дугуйланд зөвлөх гээд өдөр тутмын хэрэглээ болгон ашигладаг гэх үү дээ.

Ач холбогдлыг хэдхэн үгээр хэлэхэд хэцүү ч монгол бичиг нь монгол туургатны хэл аялгууг тэмдэглэж, олон зуун жилийн түүхийг уламжлуулсан бидний эх хэл, эв нэгдэл, эрдэм мэдлэг, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм нандин гэрч төдийгүй хүн төрөлхтний оюуны соёлын өв, монгол хүн таны оршихуйн дархлаа билээ.

Ц.Мажигсүрэн

Unread медиа компанийн сэтгүүлч

Монгол хэл, бичиг, уран зохиолын багш ээжтэй учраас бага ангид байхаасаа монгол бичигтэй танилцаж байв. Гэрээр дүүрэн сурах бичиг, тарааж өгөх материал байсан тул өөрийн эрхгүй сонирхон харж, дуурайн бичихийг оролдоно. Гэсэн хэдий ч албан ёсоор сурч эхэлсэн үе гэвэл үеийн нөхдийн адилаар дунд ангид орсон жил буюу 2012 он байлаа. Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн багшаар мэдээж манай ээж.

Багаасаа сонирхож шохоорхсон монгол бичгээ сурах цаг ирэхэд зөв галиглаж, зөв залгавар залгах нь хамгийн хэцүү санагдаж билээ. Тэр үеэс тод үлдсэн дурсамж нь олимпиадад оролцохоор ээжийн шавь нар болох дээд ангийн эгч нар манайд ирж бэлддэг байсан тэдгээр өдрүүд. Би ихэвчлэн тэдэнтэй хамт суугаад бас л олимпиадад бэлддэг байв. Тийнхүү шамдан, шахуулан сурсны эцэст одоо ч монгол бичгээр уншиж, бичих чадвараа гээгээгүй явна.

Миний хувьд монгол бичгээр аль чадахаараа эх, бичвэр уншихыг хичээдэг. Яалт ч үгүй өдөр тутам хэрэглэх шаардлага гардаггүй учраас арван жилд байсан чадвар маань зэвэрснийг нуух юун. Гэхдээ оны эхээс төрийн байгууллагын албан хэргийг кириллээс гадна монгол бичгээр хөтлөн явуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бид ч бас монгол бичгээ тогтмол ашиглах шаардлагатай хэмээн үзэж буй. Тиймдээ ч сониныхоо 20-р дугаарыг эрхлэн гаргах хүсэлт тавьж, уншигч та бүхэнд ч мөн адил хэрэглээндээ нэвтрүүлэх сэдэл өгөхийг хүссэн минь энэ.