Уншигч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн учран золгодог Үндэсний номын баяр 38 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн 10 ертөнц, 10 өнцөг буландаа бид аль болох олны  хараахан мэддэгүй  хэдий ч  өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 хэвлэлийн газрын захирал, үүсгэн байгуулагч, редакторуудыг онцолж байна. 

Хэвлэлийн газруудын тухайд Номын баяр бол уншигч олондоо шинэ бүтээл хүргэх хөшүүрэг, гол түлхүүр болдог ач холбогдолтойгоос гадна уншигчдынхаа хүсэл, сонирхлыг тольдож, дараагийн зохиол бүтээлийн чигээ гаргахад хамгийн чухал үүрэгтэй, соёлын арга хэмжээ болохыг онцоллоо. 

Ташрамд дурдахад, энэ удаагийн Номын баяраар манай редакц Unread Books-ийн анхны бүтээл “Тогоруут агуй” шидэт реалист романаа уншигчдын хүртээл болгож буй. Та бүхэн манай асраар зочлон тус бүтээлийг болон "ГЭЖ ЮУ ВЭ?" шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийн шинэхэн дугаарыг худалдан аваарай.

Холбоотой нийтлэл: 38 дахь удаагийн Номын баяраас онцлох 38 бүтээл


 
1. Nomad хэвлэлийн газрын Ерөнхий редактор Б.Шижир


Номад хэвлэлийн газар нь 2018 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй Номын баярт оролцож байна. Энэ удаагийн бидний эрхлэн гаргаж буй ном “Лүүншотууд” бол инновацын гарч ирэх орчныг бүрдүүлэх тухай бөгөөд зохиогч Сафи Бахкал нь физикч, биотехнологийн компанийн үүсгэн байгуулагч хүн. Тэгэхээр бизнесийг шинэ нүдээр буюу эрдэмтний нүдээр харсан бүтээл юм. Мөн баримтат ном зохиол нь уран зохиолоос дутахгүй том төрөл шүү дээ нөгөө талаараа бидэнд маш ойр зүйлийг хүргэх, бодитой мэдлэг олгож чаддаг учраас хүмүүст илүү их хүргэхийг зорьдог.

Бид зөвхөн намтар, баримтат, бизнесийн чиглэлийн номоос гадна энэ жил хүрээгээ илүү өргөжүүлэн танин мэдэхүйн хүүхдэд зориулсан “Мэдэхийг хүсэж байна” нэртэй цуврал ном гаргасан. Энэ нь хүүхэд бүр багаасаа шинжлэх ухаан, байгаль орчны талаар танин мэдэх, мөн мэргэжлүүд тэдгээрийн ялгаа, онцлогуудын тухай мэдлэг олгоход туслах бүтээл болсон. Манай хэвлэлийн газар дэлхий дахинд юу тренд болж байгааг аль болох уншигчдад цаг алдалгүй хүргэх болон бүтээлийн чанар, орчуулагчдад чухал ач холбогдол өгдөг. Ийнхүү чанартай бүтээлүүд нь уншигч хүмүүсийн тоог илүү их нэмээсэй гэж хүсдэг.

Уншдаг хүмүүс зөвхөн уран зохиолоор хязгаарлагдахгүй байгаасай.

Б.Шижир

2. Болор судар хэвлэлийн газрын Редактор Н.Цэрэнбат


Болор судар хэвлэлийн газар Номын баяр зохиогдож эхэлсэн цагаас жил бүр оролцсон. Манайх сүүлийн хоёр жилд хүүхдийн зохиол бүтээлдээ бүрэн шинэчлэл хийж нийт 200-250 гаруй ном бүтээл гаргасан өндөр үр бүтээлтэй ажиллаа. Энэ хүрээнд “Монголын нууц товчоо"- г график зохиол хэлбэрээр хэвлэн гаргасан нь хүүхдүүд уншихад хөнгөн хэлбэрээр, зураг дизайны хувьд сонирхолтой байхаар хэвлэгдсэн. Үүндээ бид монгол уран бүтээлчдээ илүү дэмжин хамтарч ажилласан. Сүүлийн үед энэ талын манай боловсон хүчин бол дэлхийд өрсөлдөхүйц чанартай болсон нь хамтран ажиллахад үнэхээр таатай байгаа.

Мэдээж нийтийн зохиол бүтээлээ ч мөн орхилгүй 2025 ондоо 100-150 гаруй шинэ бүтээл гаргасны 40 гаруй нь уран зохиол, намтар, хувь хүний хөгжил, баримтат бүтээл бөгөөд дэлхийн томоохон зохиолчдын романыг цувралаар гаргаж уншигчдадаа танилцуулахаар зорьж ажиллаж байна. Тухайлбал, Дон Делиллогийн “Цагаан шуугиан” бүтээлийг гаргасан бол дараагийн удаа бидэнд танил болсон Милан Кундерагийн зохиолыг орчуулан хүргэхээр төлөвлөж байна.

Номын баяр бол хэвлэлийн газруудын хувьд олзуурхууштай, талархууштай барууны номын соёлыг нутагшуулах гэсэн зорилготой том үйл ажиллагаа гэж хардаг. Мөн зохиолч, уран бүтээлч, хэвлэлийн газруудын шинэ ном, бүтээл гаргах түлхүүр нь болдог. Хэвлэлийнхэн өдөр болгон уншигчидтай уулзах боломжгүй учраас энэ үеэр уншигчид юуг илүү уншихыг хүсэж байна, дараагийн бүтээлээ ямар чиглэлээр гаргах уу гэсэн судалгааг хийж мөн зохиол бүтээлүүдийнхээ алдаа оноо, сэтгэгдлийг сонсож уншигчдын хандлагыг илүү ойроос мэдэрч чаддаг. Номын соёлыг өргөжүүлэх хүмүүсийг уншдаг болгоход бол энэ баяр маш чухал үүрэгтэй.

Хүүхдүүд багаасаа номтой ойр нөхөрлөөсэй гэж хүсдэг.

Н.Цэрэнбат

3. Chimeebooks хэвлэлийн газрын Захирал Д.Чимгээ


Чимээ хэвлэлийн газар 2022 оноос эхлэн Номын баярт оролцсон. Бид жил бүр аль болох шинэ ном, бүтээлтэйгээр оролцохыг эрмэлздэг. Шинэ ном, зохиол, бүтээл гаргах мотиваци өгдөг нь номын баярын хамгийн том ач холбогдол. Энэ жилийн номын баярт гурван шинэ номтой оролцож байна. Зохиолч Салман Рушдигийн алдарт “Шөнө дундын хүүхдүүд” роман, Японы тархи судлаач эрдэмтэн Накано Нобүкогийн “Шударга ёсны хордлого”, зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн “Есдүгээр сар ба энэ зам” шүлгийн түүврийг мөн шинээр хэвлэж байна.

Уран бүтээлч, зохиолч, зураач, орчуулагч, уншигч зэрэг номд хайртай хүмүүс нэг дор цугларч сонин содон зүйлсээ хуваалцаж ярих, мэдээлэл солилцох, хамтран ажиллах санаа оноо гарах гээд сайхан зүйл олон. Энэ удаагийн Номын баяраар бидний уншигчдадаа бэлтгэсэн Накано Нобүкогийн “Шударга ёсны хордлого” ном нь “шударга ёсны донтолт”, “нийцлийн дарамт” гэх мэт шинэ нэр томьёог уншигчдын хэрэглээнд нэвтрэх байх гэж бодож байна.

Манай нийгэмд хүн бүрд ойрхон байгаа ч нэрлэж хэлэх үггүй байсан үзэгдлийг шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж, тодорхой ойлголт болгон цаасан дээр буулгаж өгсөн. Түүнээс гадна тархи судлалтай холбоотой бүтээл манайд ховор гардаг учраас уншигчдад шинэлэг, ач холбогдолтой ном болж чадна гэж найдаж байна.

Ном, бүтээл гаргадаг хүний хувьд номын баярыг наадам шиг л санаж хүлээж догдолдог.

Д.Чимгээ

4. Boobooks хэвлэлийн газрын Үүсгэн байгуулагч зохиолч, яруу найрагч Б.Батзаяа


Манай Boobooks хэвлэлийн газар олноороо туйлшран уншицгаадаг “Малд тавьж өгдөг тэжээл шиг” номуудаас татгалздаг. Хүчтэй мэдрэмж эрэлхийлсэн, цөөхөн уншигчийн хэрэгцээнд нийцүүлэн сонголт хийхийг чухалчилдаг. Тэдгээр нь ихэвчлэн уншихыг хориглосон ч маш чухал ач холбогдолтой, хаагдаж боогдсон дуу хоолой, зөв үзэл санаа, үнэт зүйлсийн төлөө тэмцдэг зохиолчдын бүтээл байдаг. Boobooks энэ удаа АНУ-ын өнөө цагийн нэрт яруу найрагч Билли Коллинсын “Өдийхнийг сананам” шүлгийн түүврийг танилцуулж байна. Энэ нь бидний гурван жилийн өмнөөс гаргаж эхэлсэн “Boopoems” цувралын гурав дахь бүтээл. Уг цувралыг яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадулам эрхлэн гаргадаг бөгөөд зорилго нь шүлэг сонирхон, уншдаг, анхлан бичиж буй залууст шүлгийг уламжлалт хүрээнээс өөр, чөлөөт байдлаар ойлгож мэдрэх боломж олгоход оршино.

Номын баяр биднийг уншигчидтай уулзах, бодит харилцаа тогтоох боломж олгодог, чухал үйл явдал. Хэвлэлийн газруудын хувьд шинэ бүтээлээ танилцуулах төдийгүй уншигчдын хандлага, сонирхлыг дэргэдээс нь мэдрэх, шинэ санаа авах, уран бүтээлчидтэй холбогдох, цаашдын бодлогоо тодорхойлох үнэтэй боломж. Гэвч нөгөө талаар том хэмжээний чуулганы хүрээнд зохиолч, уншигчдын уулзалтаас хэтрэхгүй, оюуны арга хэмжээ, бизнесийн түншлэл зэрэг бодит ажил хэрэг төдийлөн явагддаггүй нь харамсалтай.

Зохиолч, орчуулагч, хэвлэлийн газрууд хөрөнгө оруулагчтайгаар уншигчдийн гарт бүтээлээ хүргэх ёстой гэж хардаг. Гэвч ийм зүйл болж байгаа гэж харагддаггүй. Залуус, олон нийтэд зориулсан сурталчилгааг нөлөөлөгч нэгнээр биш номоор хийдэг байгаасай. Хэрэв тэгвэл хамтдаа илүү олон сайн номыг, илүү олон хүнд хүргэж чадна.

Ном уншигчийн гар дээр очих агшин бол зөвхөн худалдаа биш харин бүтээл “амьдралтайгаа” учирч буй мөч

Б.Батзаяа

5. AUM хэвлэлийн газрын Үүсгэн байгуулагч зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг


Энэ удаагийн Номын баярт анх удаа хэвлэлийн газрынхаа нэр дор оролцож байна. Манай хэвлэлийн газар энэ жил дөрвөн шинэ ном уншигч олондоо хүргэхээр бэлтгэсэн. Тодруулбал, миний өөрийн бүтээл болох “Мууран төрхтэй хүмүүс” өгүүллэгийн түүвэр зохиолч, яруу найрагч Д.Урианхайн хоёр өгүүллэгийн түүвэр болон зохиолч П.Дэлгэрбаярын “Тойрог” нэртэй кино тууж гаргасан. Дээрх бүтээл өнгөрсөн жил дэлгэцийн бүтээл болон гарсан бөгөөд кино зохиолоо тууж болгон хэвлэсэн. Цаашдаа ч мөн энэ чиглэлийн кино туужийн бүтээлүүд гаргах төлөвлөгөөтэй.

Мэдээж уран зохиол бол сэтгэлгээний онцлогтой зүйл. Тухайлбал, шинийг яаж сэтгэх үү, шинэ зүйл юу байна, шинэ дизайн чиг хандлага гэдгээс эхлээд “Шинийг яаж бий болгох вэ” гэдэг агуулга чухал болохоор түүнтэй холбоотой шинэ содон уран бүтээлчдийг сонгон гаргаж ирэх нь нэг төрлийн нийгмийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох, таниулахад нөлөөлөл багагүй байдаг. Номын баяр бол улс болгонд зохион байгуулагддаг үйл ажиллагаа, сар болгон ч болдог газрууд бий. Тухайлбал, Германы томоохон хотуудад сар бүр ээлжлээд Номын баяр зохион байгуулагддаг.

Мөн номын баяр сүүлийн үед зөвхөн номын худалдаа гэхээс илүүтэй маш олон уран бүтээлч, уншигчид хоорондоо уулзах, гадаадын зохиолчдыг урих, агентлаг, хэвлэлийн газруудтай туршлага солилцох зэрэг мөн жилдээ хоёр удаа зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна.

Уран зохиол хүнийг “хүн” болгож төлөвшүүлдэг.

Б.Алтанхуяг

6. Хар муур хэвлэлийн газрын Үүсгэн байгуулагч Ө.Үлэмжтөгс


Манай хэвлэлийн газар энэ онд байгуулагдсан бөгөөд анх удаа Номын баярт оролцож байна. Энэ Номын баяраар бид дөрвөн шинэ ном танилцуулахаар бэлтгэсэн. Тухайлбал, “Pocketbooks” төсөл эхлүүлэн үүнийхээ хүрээнд халаасны жижиг номыг залуу зах зээлд зориулан товч тодорхой, цаг үрэхээргүй, нүсэр биш минимал хэв маягтай бүтээлүүд эрхлэн хэвлэсэн. Энэ нь хаана ч халааслаад явахад 30,40 минут уншаад л дуусчих богино түүврүүдийг багтаасан ном.

Мэдээллийн асар хурдтай амьдралын хэмнэлд хүмүүс зузаан ном байнга цүнхлээд явах мөн түүнийгээ уншихад жаахан төвөгтэй. Үүгээрээ шинэ залуу зохиолчдыг таниулах, мөн зохиолчийн нэг тууж, өгүүллэгийг уншигчдад хүргэхийг зорьж байна. Уран зохиолын ном яагаад асар том тоосго шиг байх ёстой гэж? Яагаад нимгэн, жижигхэн байж болохгүй гэж гэсэн санаанаас үүдэн энэ төслийг эхлүүлсэн.

Номын баяр хавар, намарт болдог нь уншигчийн хувьд соёл, мөн хүлээлт үүсгэдэг болсон. Энэ баярыг зорьж ирж ном авах хүмүүсийн хандлага үүссэн нь хэвлэлийн газруудын шинэ бүтээл гаргах гол түлхэц болж өгдөг.

Уран зохиолын ном гэхээрээ л яагаад асар том тоосго шиг байх ёстой гэж яагаад нимгэн, жижигхэн байж болохгүй гэж?

Ө.Үлэмжтөгс

7. Тагтаа хэвлэлийн газрын Гүйцэтгэх захирал, редактор Б.Дэлгэрмаа


Манай хэвлэлийн газар Үндэсний номын баярт арав дахь жилдээ оролцож байна. Бид энэ номын баяраар Солонгосын зохиолч Сун Вон Пёны “Бүйлс” нэртэй зохиолчийн анхны бүтээлийг орчуулан гаргаж байна. Агуулгын тухайд, халуун дулаан өсвөр насны хоёр хүүхдийн нөхөрлөл, ганцаардлын тухай хэдий ч хүн бүр л өсвөр насыг тойрох биш туулдаг учраас хэн бүхэнд таалагдах байх.

Мөн шинэ номоо гарган түүнийгээ Номын баяраар танилцуулах нь нэг том баяр шиг санагддаг. Уншигчидтайгаа гурван өдөр уулзан ном бүтээлийнхээ талаар ярилцах нь хэвлэлийн газрууд, зохиолч орчуулагчдад таатай санагддаг байдаг. Ийнхүү уншигч, зохиолч, орчуулагчдтайгаа уулзана гэдэг бол номын баярын хамгийн том ач холбогдол болдог. Мөн 2023 онд манай хэвлэлийн газар Нэпкотой хамтран “Дэлхийн зохиолчид Монголд” нэртэй төсөл эхлүүлсний анхны зочин хятадын зохиолч Үй Хуа уригдан ирж уншигч, зохиолчидтой тусгай уулзалт хийсэн эл Номын баяр бол бидний хувьд нэлээн хөлтэй номын баяр байсан. Энэ жишиг цаашдаа бүр олуулаа хамтран дэлхийн зохиолчидтой уулзах байх гэж бодож байна.

Мөн Тагтаа хэвлэлийн газрыг зарим уншигчид ном орчуулаад зардаг газар гэж ойлгодог байж магадгүй, гэхдээ урьд нь ч одоо ч бид илүү Үндэсний уран зохиол руу чиглэсэн зүйлийг түлхүү хийдэг. Тухайлбал, зохиолч Д.Норовын "Тэжээвэр тэргүүт бүтээлийн чуулган, П.Баярсайханы "Сармагчин бол сармагчин" бүтээлийн түүвэр гэх мэт номыг эрхлэн гаргасан, цаашдаа ч мөн хийхээр төлөвлөсөн. Бидний энэхүү ном орчуулах болон бусад зохиолчдын бүтээлийг танилцуулдгийн нэг чухал шалтгаан бол сайн уншигч, сайн зохиолчдыг бэлтгэх юм.

Үндэсний уран зохиолоо танилцуулахыг илүү чухалчилдаг.

Б.Дэлгэрмаа

8. Ритм хэвлэлийн газрын Редактор Н.Өнөржаргал


Ритм хэвлэлийн газар Номын баярт гурав дахь удаагаа оролцож байна.Манай хэвлэлийн газар энэ удаа Херман Хэссэ зохиолчийн "Демиан" хэмээх бүтээлийг уншигчдадаа хүргэж байна. Бид Херман Хэссэ зохиолчийг "Талын чоно", "Сиддхарта" зэрэг бүтээлүүдээр нь маш сайн мэдэх байх. Херман Хэссэ дайны үед концлагерт ажиллаж, өдөрт хэдэн мянган гэмгүй хүн үхэж үрэгдэж буйг харж, мөн дээр нь сэтгэцийн хүнд өвчтэй болсон эхнэрээсээ салж, сэтгэлийн гүн хямралд орон, улмаар сэтгэл зүйч Карл Юнг дээр удаан хугацааны сэтгэл засал хийлгэснийхээ дараа "Демиан" бүтээлээ туурвисан. Зохиолчийн "Демиан" нь түүний өөрийгөө хорьж дөнгөлсөн, мөн өөрөөсөө чөлөөлөгдөн мултарсан тэрхүү үйл явцыг сэтгэлзүйн уран зохиолын аргаар хүүрнэн өгүүлсэн зохиол юм. Мөн нэг хүний сэтгэлзүйн хөгжил гэхээсээ дайны үеийн Европын болоод хүн төрөлхтний мөн чанарыг ч эргэцүүлэн шингээсэн байдаг.

Бидний анхны номын баяр хамгийн дурсамжтай баяр байсан. Рик Рубиний "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Тэдний хэлэх гэсэн бүхэн" гэх өгүүллэгийн түүврээр бид нээлтээ хийж байсан. Шинэ хэвлэлийн газар боловч уншигчид маань их хайрлаж, хүндэтгэж хүлээж авч байсан учраас их тод дурсамж үлдээсэн. Номын баярын гол ач холбогдол нь уншигчидтайгаа шууд уулзах, ярилцах, номынхоо талаар зөв, ойлгомжтой мэдээлэл уншигчдад хүргэх гэж боддог.

Номын баяраар ном зохиол туурвиж, орчуулж, хэвлэн нийтэлж байгаа хүмүүс нэг дор цуглаж уулзсанаар шинэ санаа, шинэ бүтээл туурвилд ойр байх, мөн хуучны бүтээлүүдээс ч өнөө үед зохицсон, хэрэгтэй санаа, үзэл баримтлалыг сэргээн санал солилцдог нь сайхан.

Анхны номын баяраар шинэ хэвлэлийн газар хэдий ч уншигчид хайрлаж, хүндэтгэж хүлээж авсан.

Н.Өнөржаргал

9. Арвис хэвлэлийн газрын Үүсгэн байгуулагч Д.Ганзориг


Арвис хэвлэлийн газрын тухайд уран зохиолын бус, баримтат бүтээлд төвлөрдөг. Намтар, эсээ, бизнес, хувь хүний хөгжлийн төрлөөр өнөө цагийн болон он цагийн шалгуур давсан сонгодог бүтээлүүдийг шилж сонгон гаргадаг. Ийнхүү манай хэвлэлийн газар энэ Номын баярт 115 орны хэлэнд орчуулагдсан, дэлхий даяар хэдийнээ 100 гаруй сая борлуулагдсан Халиль Жибраны “Зөнч” хэмээх бүтээлийн орчуулга болон миний өөрийн бэсрэг эсээнүүдийн эмхэтгэл бүхий хоёр шинэ номтой оролцож байна. "Зөнч" бол цэвэр яруу найраг ч биш, цэвэр философи ч биш, хуний амьдралдаа санаж баримталбал зохих зүйлсийг үргэлжилсэн үгийн яруу найраг хэлбэрээр буулгасан, нууцлаг агаад философилог өнгө аястай бүтээл.

Харин “Товшлолууд” номын тухайд, би “Товшлол” хэмээх цахим товхимол бичдэг болоод бараг таван жил болох гэж байна. Энэ нь ихэвчлэн хүн ажил карьерын талбарт яаж өөрийгөө ахиулах вэ, хэрхэн бүтээлч бас бүтээгч байх вэ, яаж цэвэр тунгалаг бодож сэтгэх вэ гэдэг сэдвээр уншсан дуулснаа товчхон и-мэйлээр хуваалцдаг. Энэ орон зайдаа бичсээр нэг харахад “бэсрэг эсээ” гэж тодорхойлж болох 100 гаруй нийтлэлтэй болсон байна. Эдгээрээс заримыг нь сонгон шигшээд илүү олон хүнд хүртээмжтэй болгох, бас уншигчдад илүү хүндтэй бөгөөд тухтай хэлбэрээр бичвэрүүдээ санал болгох зорилгоор ном болгон эмхэтгэсэн.

Номын баяр бол бичээчид, орчуулагчид ба хэвлэлийн компаниудыг дэмжих ёстой, ном уншигч ба бүтээгчийг холбох, уулзуулах арга хэмжээ гэж ойлгодог. Номын худалдаа бол нэг л хэсэг нь. Манай зах зээл хэдий жижигхэн ч том, жижиг хэвлэлийн газрууд их сайн ажиллаж байгаа гэж би боддог. Хэвлэлийн газрууд өрнө, дорны сайн ном зохиолуудыг монгол хэлээр гаргаж байгаа. Тийм болохоор уншигчид маань хэдэн мянган төгрөгийн хямдрал гэхээсээ илүүтэй сайн ажиллаж буй газруудыг дэмжих зорилгоор номын баярт ирж ном авдаг байгаарай гэж энэ далимд хүсье.


Өнөө цагийн болон он цагийн шалгуур давсан бүтээлүүдийг сонгохыг чухалчилдаг.

Д.Ганзориг

10. Долоон од хэвлэлийн газрын Үүсгэн байгуулагч Ц.Дэлгэрмаа


Манайх энэ хавар байгуулагдсан шинэ хэвлэлийн газар. Хэвлэлийн газраа нээгээд өнгөрсөн удаагийн Номын баярт өөрийн маань "Шагундалагийн ертөнц" роман, "Баавгай нэртэй шувуу" хүүхдийн зурагт номыг хэвлэн гаргаж, гурван шинэ номтой оролцож байсан бол энэ удаа шинэ бүтээл хараахан хэвлүүлж амжсангүй. Өнгөрөгч Номын баяраар шинэ хэвлэлийн газарт маань урам хайрлан чин сэтгэлээсээ дэмжиж, баяр хүргэсэн хүмүүс олон байсанд талархдаг.

Номын баяр бол зохиолч, хэвлэн нийтлэгчид, номд дуртай, ном уншихыг амьдралын хэв маягаа болгосон хүмүүсийн хувьд баярт үйл явдал. Мэдээж үүний хажуугаар саар тал ч бас анзаарагддаг. Жилдээ хоёр удаа ном хямдралтай худалдаалахыг л хүлээдэг, ном хямдрах ёстой гэсэн ойлголт нийгэмд үүсээд байх шиг. Нэг номын цаана зохиолч, редактор, орчуулагч, мөн хэвлэл, зохиогчийн эрх, дизайнер гээд олон хүний хөдөлмөр шингэсэн байдаг учраас үүнийг уншигчид хүндэтгэх хэрэгтэй гэж боддог. Хүмүүс тогтмол ном худалдаж аваад байдаггүй шүү дээ. Гэвч ихэнх ном бүтээгчид, ялангуяа зохиолчид ашгийн бус бүтээлд төвлөрч ажилладаг, түүнийгээ орлогоороо тогтмол санхүүжүүлэх ёстой учраас борлуулалтын энэ тогтмол бус байдал ном бүтээгчид болон дэлгүүр гээд энэ салбарын дэд бүтэц хөгжихөд саад болох магадлалтай.

Тэгэхээр номын баярыг хямдралтай худалдаа, яармаг гэдэг чиглэлээр нь биш ном бүтээгчдийн жил бүр цугларч туршлага, ололт, мэдээллээ солилцдог оюунлаг талбар болгож хөгжүүлээсэй гэж хүсдэг.

Номын баярыг ном бүтээгч, орчуулагч, хэвлэлийн газруудын хөгжих боломжтой оюунлаг талбар байгаасай гэж хүсдэг.

Ц.Дэлгэрмаа