Зохиолч, хэвлэн нийтлэгч, уншигчдын уулзах цэг, учрах тохиол болсон Номын баяр ийнхүү 38 дахь удаагаа улсын маань нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулагдах гэж байна. Бид уламжлал ёсоороо уншихуйд тань хөтөч болохоор Үндэсний Номын баяраар худалдаалагдах, ойрмог гарсан онцгой бүтээлүүдээс дээжлэн хүргэж буйг хүлээн авна уу.
Энэхүү жагсаалтад дотоод болон гадаад зохиолчдын туурвисан яруу найргийн түүвэр, үргэлжилсэн үгийн зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээлүүд гээд төрөл бүрийн сонирхолтой ном багтсан тул өөрийн уншдаг жанр, дуртай төрлийн номоо сонгоход тань луужин болно гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой нийтлэлүүд:
34 дэх удаагийн Номын баяраас онцлох 34 ном
35 дахь удаагийн Номын баяраас онцлох 35 бүтээл
36 дахь удаагийн "Номын Баяр"-аас онцлох 36 бүтээл
37 дахь удаагийн “Номын баяр”-аас онцлох 37 бүтээл
unread originals
Unread-ийн хамт олон арван жилийн турш үл тасарсан "Би хэрхэн ажилладаг вэ" цувралын ярилцлагуудаа ном болгон хэвлүүлснийг уншигч та хэдийн мэдэх биз ээ. Уг цувралын эхний гурван номд 45 мэргэжилтний ажлын арга, амьдралын зарчмыг нэгтгэн оруулсан бөгөөд 38 дахь удаагийн Номын баяраар манай асарт худалдаалагдах юм. Та бүхэн хүрэлцэн ирээрэй.
Бид мөн шинжлэх ухааны Gej Yu Ve? хүрээлэлтэй хамтран "ГЭЖ ЮУ ВЭ?" шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгүүлийг гаргаж эхэлсэн билээ. Энэхүү сэтгүүл нь улирал тутам тогтмол хэвлэгддэг бөгөөд шинжлэх ухааны агуулгыг илүү энгийн, сонирхолтой байдлаар хүргэх зорилготой. Бид өнгөрөгч хавар эхний дугаараа "Квантын эрин" сэдвээр бэлтгэн хүргэсэн бол энэ удаагийн дугаартаа "Роботын хувьсгал" сэдвийг онцоллоо. Та бүхэн 38 дахь удаагийн Номын баяр дээр хүрэлцэн ирж, сэтгүүлээ худалдан аваарай!
уран зохиол
Бидний “Unread Books” нэрийн дор эрхлэн гаргаж буй эхний бүтээл залуу зохиолч А.Пүрэвдоржийн “Тогоруут агуй” нэртэй шидэт реалист роман билээ. “Тогоруут агуй” романы үйл явдал нь хоёр зууны тэртээх Монгол Улс болон өнөөгийн Улаанбаатар хот гэсэн хоёр цаг үед өрнөнө. Зохиогч өвөө, эмээгээсээ сонссон түүхээ баяжуулахын зэрэгцээ өөрийн аж төрж буй шинэ цагийн агуулгыг шингээсэн нь уншигч танд уйдах зав олгохгүй.
Яруу найрагч, зохиолч Д.Урианхай энэ удаагийн Номын баяраар хос бүтээлээ хэвлүүлж буй. Тэдгээрийн нэг нь зохиолчийн сүүлийн үед бичсэн гүн ухааны эргэцүүлэл болон хүмүүний мөн чанар, оршихуйн тухай “Салхи уншсан, одоо…” нэртэй өгүүллэгийн түүвэр билээ. Хэвлэлийн газрын зүгээс “Түүний өгүүллэгүүд нь хүн хоорондын харилцаа, өнөөгийн технологи давамгайлсан нийгэмд хэрхэн мөн чанараа гээлгүй "хүн хэвээр үлдэх", үнэт зүйлсээ дотоод сэтгэлдээ яахин ухамсарлах талаарх сэдвийг уудалсан” хэмээжээ.
Д.Урианхайн дараагийн ном бол түүний 1970-аад онд бичсэн бүтээлүүдийн түүвэр бөгөөд тухайн үед бичиж дуусгаагүй үлдээсэн бичвэрүүдээ засан сийрүүлж, өнөөгийн өндөрлөгөөс шүүн шигшсэн гэдгээрээ онцлогтой гэнэ.
Альмустафа хэмээх зөнч, арванхоёр жилийн цөллөгийн дараа нутаг буцахынхаа урьд өдөр Орфалес хотын иргэдэд өөрийн бодрол ухаарлыг хуваалцаж байгаагаар номын үйл явдал өрнөнө. Тэр бээр хайр, гэрлэлт, хүүхэд, ажил хөдөлмөр, баяр, гуниг, эрх чөлөө, нөхөрлөл зэрэг олон сэдвийг хамран сургаалт үгсээ айлдана.
Ливан улсаас гаралтай нэрт яруу найрагч, зураач Халиль Жибраны энэхүү алдарт “Зөнч” зохиол нь дэлхий дахинд 115 хэлнээ орчуулагдаж, 100 гаруй сая хувь борлогдсон байдаг.
1946 онд Нобелийн Утга зохиолын шагнал хүртэж байсан зохиолч Херманн Хэссэг бид "Талын чоно", "Сиддхарта" зэрэг романуудаар нь илүүтэй мэдэх болов уу. Энэ удаагийн Номын баяраар Ритм Паблишингийн зүгээс түүний "Демиан" гэх зохиолыг орчуулан хэвлэж байгаа юм. Зохиолч 1917 онд Эмил Синклер гэх хуурмаг нэрээр “Демиан” романаа гаргасан байна. Ритм Паблишингийн тодорхойлсноор “Демиан бол зохиолчийн өөрөө өөрийгөө харгалзан хорьсон бас өөрөө өөрөөсөө чөлөөлөгдөн мултарсан өнө удаан үйл явцын баримт нотолгоо болсон роман" аж.
“Би энэ хүүхдийг төсөөлж, хүлээснээс минь тэс өөр хүн болж өссөн ч, ер ямар ч нөхцөл болзолгүй хайрлаж чадах уу?”. Энэ бол зохиолч Сун Вон-Пёнг анхны хүүхдээ төрүүлээд өөрөөсөө асуусан асуулт. Хариулт нь түүний уран сэтгэмжид дүр болон амилснаар Бүйлс романы үр үндэс дэлгэрчээ. Хэвлэгдсэн цагаасаа хойш хориод хэлнээ орчуулагдаж, зөвхөн Солонгос улсдаа гэхэд сая гаруй хувь борлогдсон тус бүтээлийг Тагтаа хэвлэлийн газраас орчуулан гаргасан байна.
Анх Тагтаа хэвлэлийн газраас дээрх өгүүллэгийг Тагтаа рэвью сэтгүүлдээ орчуулан нийтэлж байсан бол энэ удаа тус өгүүллэгээр гарчиглан, зохиолч Этгар Керетийн бүтээлийн түүврийг орчуулан уншигчдын гарт хүргэж байна. Этгар Керетийн ном, богино хэмжээний кино зохиол бүтээлүүд нь 40 гаруй хэл дээр орчуулагдаад зогсохгүй өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино хийгджээ. Эл ном нь зохиолчийн анхны англи хэл дээр орчуулагдсан түүвэр бөгөөд түүний богино өгүүллэгүүдийн гол онцлог нь хурц, хошин, ёгт хэв маягтай гэдгээрээ онцлогтой аж.
Английн нэрт зохиолч Салман Рушдитай бид “Хутга” зохиолоор нь дамжуулан танилцаад байгаа билээ. Тэгвэл энэ удаа “Шөнө дундын хүүхдүүд” бүтээлийг нь Chimeebooks хэвлэлийн газраас хэвлэн гаргаж буйг онцолж байна. Тус зохиолоор 2012 онд Канадын найруулагч Дипа Мегта кино хийж, “Toronto international film festival”-д олон улсын үзвэр болгон гаргажээ. Дээрх ном нь шөнө дундад төрсөн эгэлгүй хүүхдүүдийн үйл явдлыг Энэтхэгийн улс төрд болж байсан бодит түүхтэй холбогдуулан шидэт реализмаар бичсэн аж.
Ж.Р.Р. Толкины алдарт "Бөгжний эзэн" гурамсан романы гутгаар дэвтрийг ийнхүү Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргажээ. Хоёр дэвтэр дамнаж өрнөсөн ид шидийн ертөнц дэх адал явдал энэ дэвтрээр өндөрлөдгийг Бөгжний эзний шүтэн бишрэгчид андахгүй мэдэх биз ээ.
Сонирхуулахад, Монсудар хэвлэлийн газраас тус номын нээлтийг ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 21-нд Номын баярын үеэр хийх юм байна.
Уран зохиолын хүрээнийхний дунд Момо нэрээр алдаршсан Пүрэвхүүгийн Батхуяг агсны “Миний сэтгэл-Rock” туужийг “Хар муур” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргасан билээ. Зохиолч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг агсан уран зохиолын олон төрлөөр жигд туурвисан бөгөөд 2009 онд хэвлэсэн “Тэнгэр хэмээх шувуу” түүвэрт нь тус тууж багтаж байжээ.
Сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Б.Алтанхуягийн гурав дахь хүүрнэл зохиол “Мууран төрхтэй хүмүүс” хэмээх арван өгүүллэгээс бүрдсэн түүвэр уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Энэ түүвэр нь түүний 2019 оноос хойш бичсэн уран сэтгэмжит, уран зөгнөл хэлбэрийн өгүүллэгүүдийг багтаасан байна.
Зохиолч Гүр.Нямдорж нэгэнтээ “Би Ч.Мөнхбаярын “Өвгөнтэй тэнгис” туужийг уншаад өөрийгөө бор баазхан бичдэгийг ойлгосон” хэмээн бичиж байжээ. Тийнхүү үнэлэгдэж байсан зохиолч Ч.Мөнхбаярын "Өвгөнтэй тэнгис" болон “Юу ч биш” өгүүллэгийг багтаасан түүврийг Хар муур хэвлэлийн газраас “Pocketbook” цувралынхаа дөрөв дэх бүтээл болгон гаргаж байгаа юм байна.
Анх 2002 онд эх хэлнээ орчуулагдаж байсан “Муур миний өчил” романыг өнгөрсөн сард Нэпко хэвлэлийн газраас дахин орчуулан хэвлэжээ. Тус номын зохиолч Нацумэ Соосэкигийн хувьд Японы реалист романы сонгодог төлөөлөгчдийн нэг гэгддэг бөгөөд Боччан, Санширо, Кокоро тэргүүтэй олон бүтээлээрээ алдартай нэгэн. Түүний хамгийн анх гаргасан номуудын нэг нь “Муур миний өчил” хэмээх энэхүү бүтээл бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа Япон Улс, тус улсын түмнийг муурын нүдээр ажиглан харж, шүүн тунгааж буйгаар өгүүлдэг, хошин, егөөтэй зохиол юм.
Японы Эдгар Аллан По хэмээн нэрлэгддэг, нууцлаг, детектив, триллер зохиолуудаараа алдартай Эдогава Рампог уншигчид маань “Хүн сандал”, “Сүүдэрт гэтэх албин” зэрэг номоор нь сайн мэдэх болов уу. Тэгвэл энэ удаа Хар муур хэвлэлийн газраас Когоро Акэчи хэмээх мөрдөгчтэй цувралын нэгэн дэвтэр болох “Доктор Мэрагийн гэмт хэрэг” номыг орчуулан хэвлэжээ. Когоро Акэчи нь Шерлок Холмсын нэгэн адил Японы детектив зохиолын бэлгэ тэмдэг болсон дүр бөгөөд тус мөрдөгчийн тухай 6-7 томоохон зохиол байдгийн нэг нь эл бүтээл юм.
Компьютерын ухааны мэргэжилтэй Хван Бу Рым их сургуулиа төгсөөд долоон жилийн турш LG Электроникс компанид ажиллажээ. Түүнд корпорацын ажил тохирохгүй байсан тул ажлаасаа гарч, 30-аад наснаасаа бичихүйн талбарт шамдаж эхлэв.
Тийнхүү эхний бүтээлээрээ эсээний түүвэр бичсэн ч хэвлэлийн газруудаас татгалзсан хариу авсан байна. Удалгүй, гурван сарын дараа анхны бүрэн хэмжээний үргэлжилсэн үгийн зохиолоо бичиж дуусгаад “Brunch” нэртэй утга зохиолын цахим платформд нийтэлж, цаашлаад Brunch-ийн зохион байгуулсан уралдаанд орж, түрүүлжээ. Ингээд цахим ном хэлбэрээр хэвлүүлэх эрх авсан бөгөөд ном нь гарсан даруйдаа л зарагдаж дууссанаар барахгүй, дотооддоо “бэстсэллэр” болж, 48 хэл рүү орчуулагдаад байгаа гэнэ. Тус бүтээл бол “Хюнам дахь номын дэлгүүрт тавтай морил” юм. Эрхлэн гаргагч Болор судар хэвлэлийн газраас энэхүү номыг “урам зориг, тайвшрал, амьдралын хамгийн жижиг аз жаргалыг сануулах бүтээл” хэмээн тодорхойлоод буй.
Зохиолч П.Майнбаярын ээлжит хүүрнэл зохиол "Цааснаас амилсан хүн" бүтээл хэвлэгджээ. П.Майнбаяр нь “Шар навчны сүнс", "Сарны бичээс” тэргүүтэй 10 гаруй яруу найргийн түүвэр, “Хагас нь эс хагас нь элс” нэртэй хүүрнэл зохиолын номтой. Энэ удаагийн бүтээл нь өнгөрсөн ба одоо цагийн уялдаа холбоог хүний оршихуй, дотоод ертөнцийн тэмцэлтэй холбон хүүрнэсэн гэдгээрээ онцлог аж.
Залуу зохиолч Э.Бүжинлхамыг уншигчид “Намрыг мартагсад” болон “Сүнс урлал” яруу найргийн түүвэр, “Ариан” тууж хийгээд цахим хуудсандаа нийтэлдэг шаргалтаж хуучирсан номын хуудсан дээрх шүлгийн мөртүүдээр нь мэдэх болов уу.
Тэр бээр энэ романыхаа санааг 2020 оны аравдугаар сарын нэгэн шөнө зүүдэлсэн зүүдэндээ олсон бөгөөд тэр зүүдэндээ энгэрээ уудалтал дөрвөлжилж нугалсан сонины тасархай дээр “Эрүгэ өртөө, үргэлжилсэн үгийн ажил” хэмээн бичсэн байсан гэнэ. Зохиолч энэ талаараа мөн л өөрийн цахим хуудсанд хуваалцсан бөгөөд тэр явдлаас хойш “Эрүгэ өртөө” хэмээх үргэлжилсэн үгийн зохиол бичихээр шамдсан нь энэ онд биеллээ олсон юм.
Тус романд хийсвэр орон зай хэмээх бэлгэдэлт ертөнцийг дүрсэлж, хүний сэтгэл ба гүний ухамсар, зөн совингийн талаар хүүрнэнэ.
Тус ном анх 1997 онд Уран зохиолын “Хүрээ хөвгүүд” бүлгэмийн анхны бүтээл болон хэвлэгдэж байв. Хүрээ хөвгүүд бол 90-ээд онд П.Батхуяг, Д.Дашмөнх, Г.Ням-Очир, Б.Бадрал, Г.Батнасан, Д.Энхболдбаатар нарын зургаан хөвгүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан утга зохиолын бүлгэм билээ. Шинийг эрэлхийлсэн залуусын нэгдэл, нөхөрлөлийн илэрхийлэл болсон тус номыг boobooks "Энэ ном бол зөвхөн “Хүрээ хөвгүүд”-ийн дурсамж бус, нэгэн үеийн их тэсрэлт, хотын уран зохиолын эхлэл, утга учиргүйг өөрсдийнхөөрөө тодорхойлох оролдлого, зам, үзэл санаа болсон юм" хэмээн тодорхойлжээ.
Зохиолч, яруу найрагч М.Уянсүх нь яруу найраг, хүүрнэл зохиолын хорь гаруй бүтээлтэй. Түүний 2014 онд бичсэн шүлгийн нэрээр нэрлэсэн эл бүтээлийг Чимээ хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Сонирхуулахад, зохиолчийн “Хонхот хүүхэлдэй” бүтээл нь 2023 онд “Алтан өд” шагнал авчээ.
Америкийн яруу найрагч Билли Коллинсийн шүлгүүдээс сорчлон сонгож, boobooks-ээс орчуулан хэвлүүлжээ. Тэдний дурдсанаар, "Орчин цагийн яруу найргийн ертөнцөд хэн нь ч Билли Коллинс (1941) шиг олонд танигдаагүй, түүнийх шиг хэмжээний алдар нэрийн оргилд хүрээгүй гэхэд хилсдэхгүй. Түүний оролцох яруу найргийн уншлагын тасалбар хэдэн мянгаараа зарагдаж, хэвлэлийн газрууд шинээр хэвлэгдэх түүвэрт нь зургаан оронтой тоогоор хэмжигдэх урьдчилгаа өгдөг байсан нь саяхан. Өдгөө 80 хэдийнээ гарсан ч долоо хоног бүр цахимаар уншлага хийхэд нь хэдэн арван мянган хүн түүнийг шууд сонсдог нь хэвээрээ байна" гэсэн нь зохиолч нэр хүндийг бэлхнээ харуулж байгаа болов уу.
Баянтүмэн, Эрээнцавын төмөр замын өртөөнд олон жил ажиллаж, “Эрээнцавд бороо орох сайхан” хэмээн шүлэглэсэн яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хоёр түүврийн дахин хэвлэлтийг бид онцолж байна. Эдгээр нь 1988 онд гарсан “Хаврын урсгал", 1990 онд гарсан "Сэтгэлийн байгаль" түүврүүд бөгөөд бидний сайн мэдэх алдартай шүлгүүд эдгээр номд багтсан байдаг.
Дурсамж, намтар, тэмдэглэл
Мэдээлэл технологийн эрин зууны салхийг эрчилсэн Майкрософт (Microsoft) компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Билл Гэйтс энэ онд 70 насыг зооглож буй. Мэргэшсэн салбараасаа гадна байгаль орчин, нийтийн эрүүл мэнд, боловсролын салбарт ч нөлөө бүхий санаачилгыг гарган ажилладаг түүний хүүхэд ахуй нас, Майкрософт компанийг үүсгэн байгуулсан он жилүүдийн тухай бид хэр ихийг мэдэх бол? “Эх код: Миний эхлэл” ном Билл Гэйтсийн хувь хүн, зан төрхийг бүтээхэд онцгой нөлөө үзүүлсэн бүхий л цаг мөч, дурсамжийн хуудсыг нямбай гэгч эргэн сөхнө.
Unread-ийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Ганзоригийн шинэ ном "Сэтгэлгээ тэлэх бэсрэг эсээнүүд" тодотголтой. Тэрээр бодохуй, бүтээхүйн талаарх бичвэрүүдээ "Товшлолууд" нэрт цахим шуудангаа сүүлийн хэдэн жилийн турш уншигчдад илгээсээр байсан бөгөөд тэдгээрийгээ эмхэтгэн ийнхүү ном болгожээ. Энэхүү номд хүн хэрхэн дотогшоо өнгийж өөртэйгөө ажиллах вэ, хэрхэн бүтээлч хийгээд бүтээгч байх вэ, хэрхэн цэвэр тунгалаг сэтгэх вэ, ажил карьерын талбарт хэрхэн өөрийгөө ахиулах вэ зэрэг сэдвээр бичсэн 48 бэсрэг эсээ багтжээ.
Энэхүү номд зохиолч Харүки Мүракамигийн 1990, 2000-аад онд Мексик, Япон, Америк, Хятад зэрэг орнуудаар аялсан тэмдэглэл багтсан бөгөөд хамгийн сонирхолтой нь Монголд, тэр дундаа Дорнод аймгийн Халх голын байлдаан болсон газарт очсон тухай нь мөн гардаг. Мүракамигийн “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” тэргүүтэй хэд хэдэн номыг орчуулсан О.Жаргалсайхан энэхүү номыг орчуулжээ.
Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Их эзэн Чингис хааны ач хүү, Сорхугтани хатны хайрт хүү Хубилай нь Их Монгол Улсын зургаа дахь хаан бөгөөд эзэнт гүрний төвөө өнөөгийн Хятад, тэр дундаа Бээжин рүү шилжүүлж, тэндээ Юань Улсыг үүсгэн байгуулан 34 жилийн турш тогтвортой хаан суужээ. Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс нь тухайн үедээ дэлхийн хамгийн хүчирхэг усан флотыг удирдахын зэрэгцээ газрын зураг, байлдааны хөлөг онгоцыг ч бүтээж байв. Аав, ах, авга ах нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн сацуу нүүдэлчин монголчуудын урьд хожид хэзээ ч ойртож байгаагүй далай, тэнгист гарч, зөвхөн аян дайн бус худалдаа наймаа эрхэлсэн түүнийг “Хятадыг үндэслэгч” хэмээн тодорхойлдог судлаач, түүхчид цөөнгүй.
Тэдний нэг нь АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жак Уэтерфорд. Амьдралынхаа даруй 25 жилийг монгол судлалд зориулсан энэ эрхмийн бүтээл танд монголчуудын бий болгосон соёл, урлаг, улс төр, засаг захиргааны өвүүд нь өнөөгийн дэлхийг хэрхэн загварчилсан бэ гэдэгт хариулт өгөх нь гарцаагүй.
Холбоотой нийтлэл: Жак Уэтерфордын “Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн”
“Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тайлбар” буюу “The Federalist Papers” нь АНУ-ын Үндсэн хуулийг батлуулахын тулд 1787-1788 оны хооронд Александр Хамилтон, Жэймс Мэдисон, Жон Жэй гэх гурван эрхмийн бичсэн эсээ, өгүүллүүдийн цуврал юм. Нэпко хэвлэлийн газрын дурдсанаар “Энэхүү ном нь АНУ-ын улс төр, эрх зүйн үзэл санааны суурь бүтээлд тооцогддог бөгөөд өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн тайлбар, эрх зүйн шүүхийн шийдвэрт чухал нөлөө үзүүлсээр байгаа” гэнэ. Түүнчлэн улс төр судлал, эрх зүйн онол, түүхийн чиглэлээр суралцагчдын зайлшгүй унших ёстой суурь бүтээлүүдийн нэг аж.
АНУ-ын дипломатч, улс төр судлаач, Нобелийн шагналт Хенри Альфред Киссинжер нь 1973-1977 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар, 1969-1975 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатайн дээр цөмийн зэвсэг болон гадаад бодлогын чиглэлээр олон улсын хэмжээнд нэр хүндтэй шинжээч байсан билээ. Тэр бээр “Дэлхийн дэг журам” бүтээлдээ барууны либерал үнэт зүйлс дээр тулгуурласан өнөөгийн ойлголт бусад иргэншлийн дотоод тогтолцоог үл тоомсорлож байгааг анхааруулж, хамтын ойлголцол, харилцан хүндлэл, соёл иргэншлийн онцлогийг хүлээн зөвшөөрсөн ухаалаг дипломат бодлогоор л дэлхийн дэг журмыг тогтоож болно хэмээн дүгнэсэн байдаг.
Зүүн өмнөд Ази судлаач, дэлхийн мэдээний сэтгүүлч, зохиолч Билл Хэйтоны эл бүтээлийг уншсанаар БНХАУ-ын гадаад бодлого, геополитикийн сорилт бэрхшээл, өөртөө засах орны төвхнөл зэрэг томоохон сэдвүүдийн зангилаа руу өнгийн харах боломжтой. XIX-XX зуун хэрхэн орчин үеийн Хятадын хөгжлийн бодлогын суурийг цутгав? 5000 жилийн настай соёл иргэншлийн жим ирээдүйн тухай чухам юуг өгүүлж чадах вэ? Эдгээр болон бусад сонирхолтой асуултын хариуг “Хятадыг зохиосон нь” номоос хүлээн аваарай.
Хорвоо ертөнцтэй танилцах тусам таньж мэдмээр зүйлс үй олноороо хөвөрнө. Тэр бүрийд хариулт эрдэг сониуч уншигчдад зориулан физикийн ухааны доктор, арбитрч Н.Тэгшбаяр “Яагаад ийм юм бэ?” нэртэй, шинжлэх ухааны хялбаршуулсан нийтлэлийн номоо хэвлэжээ. Тэр бээр эл номынхоо талаар “хүүхдүүдэд төдийгүй, эцэг эх, багш, оюутан, судлаач, шинжлэх ухаанд дуртай хэн бүхэнд зориулагдсан, 8–88 насны хүн бүрийн мэдлэгийн цангааг тайлах, сониуч сэтгэлийг хөглөх гэж би чин сэтгэлээсээ хичээнгүйлэн бүтээлээ” хэмээн цахим сүлжээндээ бичсэн байна.
Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан, этологийн шинжлэх ухааны анхдагчдын нэг Конрад Лорэнцийн бүтээл “Соломон Хааны бөгж”-ийг эх хэлээрээ унших боломжтой болжээ. Этологи нь амьтны зан үйлийг судлахад чиглэдэг ба тэртээх 1949 онд зохиолч эл номдоо тус шинжлэх ухааныг тун ойлгомжтой, энгийн хэллэгээр буулган хүргэсэн гэдгээрээ олонд танигдсан аж. Түүнчлэн амьтан ба хүний араншны холбоо, зангилааг философийн өнгө аястай хоршуулан тайлбарласныг онцлууштай.
Үүргэвчинд багтдаг компьютер, хүн дүрст робот, хэдэн зуун хүнийг тээвэрлэх чадалтай агаарын хөлөг нь цагтаа галзуу, биелэмгүй санаанууд буюу англи хэлэнд “loonshots” хэмээгддэг байв. Зохиолч Сафи Бахкал нь физикч, биотехнологийн энтрепренер бөгөөд шинжлэх ухаан, технологи, тэр байтугай зэвсэгт хүчний салбарт ч хүчээ авсан агуу санаанууд анх хэрхэн үл тоомсорлогдож, няцаагдсанаас үл хамааран амжилтад хүрсэн тухай нэг бүрчлэн өгүүлдэг. Байж боломгүй мэт инновацыг хэрхэн бодит төрхөө олох хүртэл хөгжүүлсэн тухай “Лүүншотууд” номоос уншаарай.
Технологийн салбарын хамгийн алдартай блоггер, Үбэр (Uber), Скайп (Skype), Майкрософт, Скайсканнер (Skyscanner) зэрэг компанид ажилласан хур их туршлагатай инженер, технологийн салбарын хамгийн алдартай блоггер Гэргэй Урусын “Софтвэйр инженерийн хөтөч ном” монгол хэлнээ орчуулагдан гарсан билээ. Тус ном нь софтвэйр (программ хангамжийн) инженер болон инженерүүдийн менежментийн ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тэдгээр хүмүүст тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, гаргалгааг олж харахад туслах зорилготой юм.
Судалгааны аргыг тоон, чанарын, холимог хэмээн гурав хуваадаг. Эдгээрт ямар ямар судалгааны арга багтах уу, судалгааны ажил эхлэхийн өмнө юу юуг төлөвлөх үү, ямар асуулт тавих уу, хэрхэн өгөгдөл цуглуулах вэ гэх мэт судалгаатай холбоотой нарийн ширийн бүхнийг эхнээс нь зааж өгөх ном бол Жон В.Кресвеллийн "Судалгааны дизайн: Чанарын, тоон, холимог аргын хандлага" ном юм. Хэвлэлийн газрын зүгээс, тус номыг "эрдэм шинжилгээний сэтгүүлийн өгүүлэл, докторын диссертаци, магистрын дипломын ажлын төсөл, саналыг боловсруулах гэж буй болон судалгааны санхүүжилтийн төлөвлөгөө гаргахад арга зүйн дэмжлэг шаардагдаж буй оюутан, судлаач, багш хэн бүгдэд зориулсан" хэмээжээ.
МУИС-ийг антропологи, Мэлбөрний их сургуулийг хөгжил судлалын мэргэжлээр тус тус төгсөн, одоо Оксфордын их сургуулийн хүмүүний газар зүйн докторын хөтөлбөрт суралцаж байгаа судлаач Г.Мөнх-Эрдэнийн бүтээл хэвлэгджээ. Тэр бээр энэхүү бүтээлдээ "хөгжил судлал" хэмээх ухааны үндсэн ойлголтыг тайлбарлаж, хөгжлийн үзэл санааны түүх, монголчуудын хөгжлийн талаарх төсөөлөл, хөрш улсуудын баримталж буй бодлого гэх мэт өргөн агуулгыг багтаажээ. Зохиогч нэгэнтээ "Та энэ номыг уншвал Хөгжлийг судалдаг энэ ухааны үндсэн ойлголтыг мэдэж авахаас гадна өнөөх ХӨГЖИЛ гээч чинь таны боддогоос их өөр зүйл байсныг ч ойлгох болно" хэмээснийг онцлууштай.
хүүхдийн ном
Бидний мэддэг алдар цуутай хүмүүсийн түүхийг хүүхэд ахуй цагаас нь өгүүлэх “Монгол хүн” цувралын хамгийн сүүлийн дугаарт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн талаар өгүүлжээ. Аавынхаа ярьж өгдөг хүчит бөхчүүдийн тухай үлгэрийг сонсож өссөн жаал хүү хэрхэн ээждээ өгсөн амлалтаа биелүүлсэн түүхийг энэ номоос уншаарай.
Мэдээллийг хайхаа больж, мэдээлэл бидэн дээр өөрөө ирдэг болсон энэ цаг үед хэвлэл мэдээллийн боловсролтой байна гэдэг зайлшгүй шаардлага болжээ. Тийм ч учраас зарим улс орнууд дунд, ахлах сургуулийн сургалтын хөтөлбөртөө хэвлэл мэдээллийн боловсролын хичээлийг багтаасан байдаг. Тэгвэл мэдээллийн шуурган дунд өсөж өндийж буй таны хүүхэд ч ялгаагүй энэ боловсролыг олж авах нь зүйтэй. Харин тийнхүү мэдээллийн боловсролоо дээшлүүлэхэд зохиолч Крис Хаутоны “Мэдээллийн түүх” ном бага ч атугай туслах нь дамжиггүй.
Холбоотой нийтлэл: Крис Хаүтоны “Мэдээллийн түүх” номын тухай
Хүүхдийн номын Жангар редакц нь “Энэ бол Улаанбаатар”, “Төмөр зам”, “Эх орон” тэргүүтэй танин мэдэхүйн цуврал гаргадаг бөгөөд хамгийн сүүлд “Музей” номоо гаргасан билээ. Энэхүү номд музей гэж юу болох, үүсэл хөгжлийн түүх, Монгол ба дэлхийн алдарт музейнүүд, музейд байдаг үзмэрийг хэрхэн бэлддэг зэрэг агуулгыг багтаасан тул уншигч хүүхдүүд музейн талаар ойлголтыг нэг дороос, цэгцтэй, бас сонирхолтой байдлаар мэдэж авах боломжтой юм.
Нөхөрлөл, үнэнч байдал, хайр, хорвоогийн мөнх бус гээд гүн гүнзгий утга агуулгыг хүүхдийн номд нэг дор эвлэгхэн өгүүлсэн гэдгээрээ хэвлэгдэн гарснаасаа хойш Америкийн хүүхдийн номын салбарт томоохон байр суурийг эзэлсэн “Шарлоттын тор”-ыг номын сандаа нэмээрэй. Тус ном нь анх зөвхөн хүүхдийн ном хэмээн нэрлэгддэг байсан ч цаг явах тусам нас хамаарахгүй уншихыг зөвлөдөг классикуудын эгнээнд зүй ёсоор нэгдсэнийг онцлууштай.