Өчигдөрхөн ил орхисон уурга өглөө босоход харагдахгүй болтол өвс ургамал нь өв тэгш ургадаг газар нутагтаа монголчууд бид эрх дураараа нүүдэллэж ирсэн ард түмэн билээ.

Харамсалтай нь, сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар бууран, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хурдацтайгаар нэрвэгдэж байгаа улсуудын нэгээр тодроод буй.

Угаас нийт нутаг дэвсгэрийнх нь 41 хувь говь, цөлийн бүсэд хамаарагддаг манай улсын газар нутаг бэлчээрийн даац хэтрэлт, хүний оролцооноос үүдэн маш богино хугацаанд 30 сая гаруй га нь цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд багтаад байгаа юм.

Зөвхөн цөлжилт газрын доройтол төдийгүй агаар, хөрсний бохирдол гээд олон асуудал уур амьсгалын өөрчлөлт, амьдралын чанарт нөлөөлж байгаа энэ цаг үед бид ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлынхоо энэ удаагийн дугаарт эдгээр асуудлыг цогцоор нь авч үзэхээр шийдлээ.



хөрсний доройтол, цөлжилт, бэлчээрийн харилцан хамаарал?

Цөл, цөлжилт гэхээр алсын Африк, Сахарын цөлийг дүрсэлж ойлгодог байсан цаг саяхан. Гэтэл малын бэлчээр доройтож, цөлжилтийн аюул нүүрлэж байгааг бид Улаанбаатараас холгүйхэн, Төв аймгийн нутаг дэвсгэр дэх өргөн хөндийгөөс тод томруунаар харж байна. Чухам яагаад яагаад манай улсын газар нутаг ингэж доройтож цөлжих болов?

Өнөөдрийн байдлаар Монголын газар нутгийн 76.8 хувь нь хөрсний доройтолд өртөөд байгаагийн дээр шаардлагатай арга хэмжээ авахгүй бол 2080 он гэхэд нийт газар нутгийн 92 хувь нь цөлжих төлөвтэй байгаа харамсалтай мэдээг юун түрүүнд дуулгая. Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай гаргасан мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн 40 гаруй хувьд бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн байгаа тухай онцолжээ.

Бэлчээрийн даац хэтрэлт, талхлагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж ихсэх, цөлжилт нүүрлэхийн үндсэн шалтгаан юм. Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай. Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээр, ургамалд ч мөн адил хамаатай.

Харамсалтай нь 1990-ээд оноос хойш бэлчээр ашиглалтад төрийн зүгээс хяналт тавихаа болсны уршгаар малын тоо үнэмлэхүй хэмжээгээр өсөж, малчид нүүх газар, сэлгэх бэлчээргүй болоод удаж буй.



залуус бид үүний эсрэг юу хийж чадах вэ?

Сүүлийн арван жилийн хугацаанд цөлжилтөд өртсөн бүс нутгийн 4338 га газарт хамгаалалтын ойн зурвас, 160 га газарт элсний нүүлтийг сааруулах хаалт хийж, бэлчээрийн талхлагдалтад өртсөн 150 га газрыг нөхөн сэргээсэн хэмээн БОАЖЯ-наас мэдэгдсэн хэдий ч цөлжилтийн хүчтэй зэрэглэлд багтсан 30 сая га газартай харьцуулахад энэ тоо өчүүхэн төдий.

Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгийн 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Залуусын зүгээс ч мөн төр засгийн гарыг харалгүйгээр байгаль орчны доройтлын эсрэг хамтдаа нэгдэж, эхнээсээ бодит алхмуудыг хийж буй. “Шамбала 2056” төслийн хүрээнд гэхэд өнгөрсөн хоёр жилд залуус 24 мянга гаруй мод Дорноговь аймгийн Эрдэнэ суманд тарьж, дөрвөн га газарт нөхөн сэргээлт хийсэн нь тун олзуурхууштай.

Ташрамд дурдахад, цөлжилттэй бүсэд мод тарьж, хамгаалах зурвас байгуулах ажил нь хөрсийг хамгаалах хамгийн үр дүнтэй ажил юм.



"GOOGLE"-ДЭХЭЭС ЗАЛХУУРСАН АСУУЛТ

Агаарын чанарын үзүүлэлт аюултай түвшнээс бууж чадсан уу?

ДЭМБ-ын 2010 оны судалгаагаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлж буй арван хотод жагсаж байсан бол өнөөдрийн байдлаар агаарын чанар харьцангуй сайжран, нийслэл хотын хамгийн цэвэр агаартай бүсэд PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 61 микрограм хэмжээтэй байна. Гэвч нөгөө талдаа агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн бронхит, астма зэрэг өвчлөлийн тоо буурахгүй хэвээр байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн арван жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн төдийгүй өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5-дахин нэмэгдсэн гэх сэтгэл шимшрэм судалгааны дүн бий.

Хүйтэн ширүүн өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүд их хэмжээний нүүрс түлж, тэр нь агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж буй энэ үед Засгийн газрын зүгээс иргэддээ шахмал түлш санал болгож буй. Харин Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд хамтран нүүрс түлдэг зуухыг цахилгаан халаагуур болон цахилгаан зуухаар сольж, сайжруулсан дулаалгаар орлуулах замаар шийдэх “Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ” багцыг иргэдэд хямдралтай үнээр худалдаалж, тодорхой хэмжээнд агаарын бохирдлыг эсрэг өөрсдийн хэмжээнд тэмцэж байгаа нь сайшаалтай хэрэг шүү.

Мөн энэхүү товхимлыг хамтран бэлтгэдэг ХААН Банк гэр хорооллын байшинг стандартын дагуу дулаалах замаар дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт үүсгэн, агаарын бохирдлын гол эх үүсвэр нүүрснээс ялгарах утааг багасгах “Дулаан шийдэл” төслийг “Жерес” ОУТББ-тай хамтран хэрэгжүүлж буй. Энэхүү төсөлд нийт 1,618 өрх хамрагдаж байшингаа дулаалснаар 2,000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3,000 гаруй тонноор бууруулж чадсан бөгөөд ХААН Банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээл олгож, иргэдийг байшингаа дулаалах боломжоор хангаж ажилласан юм.



Хөрсний бохирдлын тухайд цөөн үг

Монгол орны ундны усны чанарын судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн ундны ус цэнгэгээс цэнгэг буюу маш сайн ангилалд багтаж байгаа боловч гэр хорооллын зарим гүний худгийн ус чанарын шаардлагад нийцэхгүй байгаа тухай судлаачид анхааруулж байна.

Тодруулбал, хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог бөгөөд нүхэн жорлонгийн бохирдол хөрсний гүнд 6-10 метр хүртэл нэвчсэн болохыг илрүүлжээ.

Мөн улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаа нь хөрсний бохирдлын үндсэн шалтгаануудын болж буйг ч мартаж боломгүй.

ЗӨВЛӨМЖ:

Та дараагийн удаа аяллаар явахдаа нэг удаагийн хэрэгслүүдээс татгалзаж, оронд нь олон удаа хэрэглэж болохуйц доорх бүтээгдэхүүнээс сонгоорой. Мөн худалдан авалт хийхдээ аль болох савлагааг салган дахиврын цэгүүдэд тушааж болохуйцаар зохицуулалт хийгээрэй.



САЛБАРЫН ОНЦЛОХ МЭДЭЭ: 

-Нийслэл хотын Агаар дахь тоосонцрын хэмжээ буурч байгаа ч хүхэрлэг хийн хэмжээ өсөж байна гэж судлаачид үзэж байна. Сайн чанарын нүүрсээр шахмал түлшийг үйлдвэрлэх буюу хагас кокосын орцыг 10-15 хувиар нэмбэл агаарын бохирдол 70 хүртэл хувиар буурах боломжтой аж.

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран скүүтэр түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэх гэж байна.

Тодруулбал, 2023-2024 онд нийт 1000 ширхэг цахилгаан скүүтэрийг иргэд 3-11 дүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой. Түрээсийн үнэ, төлбөрийг хувийн хэвшил өөрсдөө тогтоож, төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм.

-2025 оны дөрөвдүгээр сараас хойш Японы нийслэл Токио хотод баригдах орон сууцны ихэнх байшин барилга заавал нарны эрчим хүчний эх үүсгүүртэй байх зохицуулалтыг энэ долоо хоногт тус хотын иргэдийн хурал баталжээ.

-АНУ-ын эрдэмтэд цөмийн нэгдэх урвалын туршилтыг амжилттай хийж, анх удаа зарцуулснаасаа их хэмжээний эрчим хүчийг гарган авснаа мэдэгдлээ. 1 аяга уснаас бүтэн өрхийн жилийн хэрэгцээг хангах эрчим хүч гаргах боломжтой гэгдэх уг технологийг эзэмших нь цаашдын хөгжлийн гол тулгуур болох учиртай.



САНАЛ БОЛГОХ НЬ:

ВИДЕО:

Агаарын бохирдол жирэмсэн эхийн эрхтэн тогтолцоо, цаашлаад ургийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тус видеоноос үзээрэй.

АГААРЫН БОХИРДОЛ ЖИРЭМСЭН ЭХ БОЛОН УРАГТ ХЭРХЭН НӨЛӨӨДӨГ ВЭ?

КИНО:

Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн давтагдашгүй, өвөрмөц газар нутаг, соёл, ёс заншлыг онцолдог Tracks суваг өнгөрсөн жил “Говийн нуугдмал эрдэнэс: Азийн хамгийн том цөл” хэмээх гайхалтай баримтат бүтээлийг толилуулсан билээ. Хасах 40-өөс нэмэх 40 хэмийн хоорондох эрс тэс байгалийн нөхцөлд, хүн амьтан хамтдаа бие биесээ түшин амьдардаг говь нутгийн үзэсгэлэнг гаднын уран бүтээлчдийн нүдээр дахин нэг удаа өөртөө нээхийг хүсвэл энэхүү бүтээлийг сонирхоорой.

UNEXPLORED MYSTERIES OF THE GOBI DESERT | DESERT AND LIFE

ПОДКАСТ:

Монгол Улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн туршлагатай, Д.Ачит-Эрдэнэ захирлын зочноор оролцсон Sustainable Mongol подкастын шинэхэн дугаараас тогтвортой эдийн засгийн талаарх суурь ойлголтыг аваарай.

ТОГТВОРТОЙ ЭДИЙН ЗАСАГ

НОМ:

Эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэргэжилтэн Вацлав Смил бол Билл Гейтсийн хамгийн хайртай зохиолчдын нэг. Энэ онд шуугиан тарьсан ээлжит бүтээлдээ хүн төрөлхтний хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлсэн түүхий эд болох чулуужсан түлш нь бидний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

HOW THE WORLD REALLY WORKS



Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран "Тогтвортой хөгжил-2030" цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread media & Khan Bank