Жил гаруйн өмнө, цөлжилтөд өртсөн бүс нутагт жуулчид дурсамжаа мөнхлөн мод тарьж үлдээх санаа бүхий “Говийн дурсамж” нэртэй төслөө танилцуулахаар Casa Arte-ийн Б.Шижирбат биднийг зорин ирсэн юм. Бид Шижирээг нээлттэй хүлээн авч, Hub Innovation Center-ийн инкубатор хөтөлбөрт урин, санаагаа хөгжүүлэх боломжийг олгосон билээ. Ойн инженер мэргэжилтэй тэрээр Hub-д хэд хэдэн ногоон ургамал болоод чийгийн улаан хорхой авчран төвхнөсөн нь тун аятайхан уур амьсгалыг бий болгож билээ. Түүнээс хойш тэрээр байгаль орчны чиглэлээр хэд хэдэн төсөл, үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлснээс гадна мөнөөх бидэнд танилцуулсан төслөө “Шамбала2056” нэртэйгээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах том төсөл болгон тэлжээ. Улмаар олон арван чадварлаг залуусаар баг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орсныг нь бид онцолж байна. 

Төслийн нэр: Шамбала2056 - Инженерийн суурин, Говийн ирээдүйг бүтээх нь 2.0
Хаяг: Дорноговь аймаг, Эрдэнэ сум, Ар цацын ус
Үйл ажиллагааны чиглэл: Байгаль орчин, ногоон хөгжил
Үүсгэн байгуулагч: Б.Шижирбат
Үүсгэн байгуулагдсан: 2016
Цахим хуудсууд: Casa Arte (Фэйсбүүк)
Уриа үг: Идэвхтэй хамтын ажиллагаа, тууштай хөгжүүлэлт, урт хугацааны хамтын өсөлт

сэдэл

Өнөөдөр байгаль орчны асуудал өдөр бүр л хаа нэгтээ яригддаг, уйтгартай сэдэв болчихоод байна. Тэр дундаа Монгол орны цөлжилтийн тухай олон хүн ярьдаг ч дорвитой гаргалгаа, шийдэл бүхий ажил хэрэгжсэн нь ховор. Анх мэргэжлийнхээ дагуу говьд өөрөө очиж үзэхэд нөхцөл байдал бидний төсөөлдгөөс илүү дор байгааг хараад цөлжилтийн эсрэг ямар нэгэн зүйл заавал хийх хэрэгтэй гэсэн бодол төрсөн. Өнөөдрийн байдлаар Монголын газар нутгийн 76.8 хувь нь хөрсний доройтолд өртөөд байгаагийн дээр шаардлагатай арга хэмжээг авахгүй бол 2080 он гэхэд нийт газар нутгийн 92 хувь нь цөлжих төлөвтэй байгаа. Ингээд 2016 онд "Говийн дурсамж" нэртэй очсон хүн бүр өөрийн дурсамжийг мөнхлөхдөө мод тарьж үлдээх санаа бүхий аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл санаачилсан юм. Тухайн үед ТББ байгуулан, цэвэр сайн дурын үндсэн дээр ашгийн бус үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан боловч энэ чиглэлээр судалгаа хийхийн хэрээр төслөө урт хугацаандаа тогтвортой үлдээе гэвэл ямар нэг аргаар заавал бизнес санаа болгон хөгжүүлэх хэрэгтэйг ойлгосон. Ийнхүү 2019 онд ландшафт төлөвлөлт, ногоон байгууламжийн зураг төсөл, гүйцэтгэл хийдэг Casa Arte компаниа байгуулж төслийнхөө гарааны санхүүжилтийг бий болгосон.

Өнөөдөр "Говийн дурсамж" маань "Шамбала2056" нэртэйгээр хэрэгжиж эхлээд байна. Бид хил орчмын бүс нутгийн давуу талыг ашиглан байгальд ээлтэй үйл ажиллагаагаар дамжуулан зах зээлд өрсөлдөхүйц үйлдвэрлэл үйлчилгээ нэвтрүүлэх, түүнд орон нутгийн залуусын оролцоог нэмэгдүүлэн ажиллах, суралцах орчинг бий болгох төсөөллөөр энэхүү төслийг эхлүүлсэн. Яваандаа Улаанбаатар хотод төвлөрч байгаа гарааны бизнес болон үйлдвэрүүдийг тийш чиглүүлж, хотыг дагасан төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж харж байгаа.

ялгарал

Байгалийн хязгаарлагдмал нөөц дууссаны дараа улс орныг авч явах салбаруудыг тодорхойлж, тэдгээрийг бодлогоор дэмжин, хөрөнгө оруулж эхэлсэн сайн туршлагуудыг манай урд, хойд хөршийн жишээнээс харж болно. Үүнд сансар судлал, цөмийн эрчим хүч, био инженерчлэл, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарууд ордог. Манай орны хувьд сансар судлал болон цөмийн эрчим хүч зэрэг салбаруудыг хөгжүүлэхэд нөөц их шаардагдах тул үлдсэн гурван салбарын хүрээнд төсөл хэрэгжүүлэхэд боломжтой нь харагдсан юм.

Монголын говь бол нэг талдаа цөлжилт, байгаль цаг уурын маш хүнд хатуу ширүүн уур амьсгалтай боловч нөгөө талдаа зах хязгаар нь үл харагдах боломж гэж бид үздэг. Говийн бүсэд нарны гийгүүлэх хугацаа жилд 2900-3000 цаг бөгөөд нэг ам метр нэгж талбайд харгалзах нарны эрчимийн хэмжээ өдөрт 5.5-6.0 квт*ц/м2 байдаг. Энэ нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд маш том нөөц болохоос гадна говийн хөрсөнд био инженерчлэл хийн олон төрлийн эмийн ургамал тариалан, бизнес болгох боломжтой. Эдгээрийг орчин үеийн техник технологиор баяжуулан хөгжүүлэх, ухаалаг аялал жуулчлалыг бий болгоход үйл ажиллагааныхаа чиглэлийг хандуулаад байгаа.

Түүнчлэн зам, дэд бүтцийн хувьд Шамбала2056 төслийн талбай нь AH-3 олон улсын босоо тэнхлэгийн авто замаас 200 метрийн зайд, Улаанбаатар-Замын Үүдийн төмөр зам, Зүүн баян-Таван толгойн төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, Салхин цахилгаан станц зэрэг Монгол улсын эдийн засгийг ойрын ирээдүйд авч явах олон мега төслөөс 100 км-ийн радиуст байрлаж байна. Монгол улсын урд хил Замын үүд боомт хот болон БНХАУ-н хойд хилээс 85 км зайд, нийт 50 га газарт 36 жилийн төлөвлөлт хийн ажиллаж байгаагаараа онцлог.

Ухаалаг гэр 2.0 загварчлал

Шамбала2056 гэж юу вэ? 

"Шамбала2056" Инженерийн суурин бол Монгол орны экосистемийг хамгаалахаар урт хугацаанд бүтээлч шийдэл гарган ажиллаж буй залуусын нэгдэл юм.

Уг төсөл хэрэгжсэнээр бий болох инженерийн суурин дараах үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:

  • Сэргээгдэх эрчим хүчийг эргэлтэд оруулах, түүний бодит боломжуудыг судлах, ашиглах;
  • Био-Инженерчлэл: Эмийн ургамал тариалалт болон ухаалаг хүлэмжүүдийг хөгжүүлэх, Монгол оронд нэн ховордсон Улаан номонд орсон ургамлыг био технологийн аргаар үржүүлж хадгалах, хамгаалах;
  • Мэдээллийн технологи: Internet of Things буюу IOT технологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах нөөц боломжуудыг судалж хэрэглээнд нэвтрүүлэх;
  • Ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх: Байгалийн тогтоц бүхий газруудыг дагасан аялал жуулчлалаас илүүтэйгээр Монголын говьд технологи, инновац, үйлчилгээнд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх

нэр

Оюун санааны хот Шамбала гэж байдаг. Бүтээлч хүсэл тэмүүлэлтэй цэвэр ариун зүрх сэтгэлтэй жинхэнэ мэдлэгтэй хүн болгоны оршин байх хот гэсэн санаагаар энэхүү нэрийг өгсөн. Төсөл маань 2020 оноос эхлэн 36 жилийн хугацаанд алхам алхмаар хийгдэж дуусах урт хугацааны төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул эдгээрийг нийлүүлээд Шамбала2056 гэдэг нэрийг бий болгосон.

одоо

Бид энэ ондоо багтаан 3000 хайлаас мод тарихаар төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар 2500 орчим модны нүх ухаж, 600 гаруй мод тарьж, арчилгаа усалгаа нь өдөр тутам хийгдээд явж байна. Мөн саяхан ухаалаг эко жорлон барих, 3квт-ийн сэргээгдэх эрчим хүчний систем угсрах ажлаа дуусгаснаас гадна эмийн ургамал тариалах, хамгаалалтын ногоон зурвас байгуулах зэрэг ажлуудад төвлөрөн хийж байна.

Түүнчлэн, 07 сарын 17-19-ний өдрүүдэд ногоон хөгжлийн төлөөх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Ногоон Наадам 2020"-ийг #НогоонЭрчимХүчАшиглая, #УсааХайрлая, #ХоггүйНаадъя уриатайгаар Шамбала2056 төслийн талбайдаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү наадмыг бид Олон Улсын Залуучуудын Ногоон Наадмыг зохион байгуулагч багтай хамтран спортын таван төрөлд, 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй тэмцээн уралдааныг зохион байгуулах гэж байна. Мөн Шамбала2056 төслийн бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал Б.Батбилэгийн маань санаачлан хэрэгжүүлж байгаа Гэр 2.0 буюу монгол гэрийн сайжруулсан, гал, ус чийг, салхинд тэсвэртэй хувилбарын анхны загварыг НОГООН НААДАМ 2020 дээр танилцуулахаар төлөвлөөд байна.

БАГ 

Үндсэн баг маань барилгын инженер, цахилгааны инженер, ойн инженер, ландшафт архитектор, хот төлөвлөгч нараас бүрдэж, салбар салбарын олон мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор төсөл маань хэрэгжиж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тал дээр Ө.Мөнхбаатар захиралтай Green Solar Energy, төслийн талбайн бохирын асуудлыг С.Цэвэгсүрэн захиралтай Plastic Center, хог хаягдлын менежментийг Өнгө Нэм-ийн Н.Амгалан-Эрдэнэ, модны нүх ухах ажлыг Green Drill-ийн Б.Базарваань, төслийн олон нийтэд хүргэх продакшин багийн хувьд UB Comedy Club болон Molpedia, UB Dub Club-ийн Н.Мөнгөнтулга, Jack's Coffee-ийн Ц.Пүрэвжаргал, Ойм-ийн Б.Одгэрэл, AIM4R-ийн Б.Шижирболд нар хичээл зүтгэл гарган тусалж дэмжин ажилладаг юм. Төслийн менежментийн зөвлөхөөр Permaculture Mongolia-ийн Г.Жаргалан ажилладаг бол төслийн ерөнхий зөвлөхөөр Төв Азийн Хөрс судлалын холбоо болон АШУҮИС ахлах багш Биологийн ухааны доктор Ж.Байгальмаа нар ажиллаж байна.

Судалгаатай, хариуцлагатай, чин сэтгэлтэй байх нь бидний үндсэн зарчим гэж болно.

ИРЭЭДҮЙ 

Бидний алсын хараа бол Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хүрээнд Олон улсын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулж тогвортой ирээдүйг хойч үедээ үлдээх явдал. Жилээс жилд орхигдож байгаа Монгол орны говь нутгийн хөрсний доройтол цөлжилтийг сааруулж, байгалийн хязгаарлагдмал нөөц дууссаны дараа ч улс орны эдийн засагт бодит үр ашгаа өгөх дөрвөн салбарыг хөгжүүлэх нь бидний ирээдүй юм.

эрсдэл

Олон жилийн хугацаанд төлөвлөгдсөн энэхүү төсөл нь оролцогч талуудаас маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч чадал шаардана. Урт хугацаанд ачаалал даах тэвчээртэй, хүлээцтэй хүмүүсийн ажил гэж бодож байна.
Байгаль цаг уурын тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн төслийн бүтээн байгуулалтын ажил удаашрах нь бидний харж буй хамгийн том эрсдэл. Говьд хаврын өдрүүдэд нүдгүй шуурна. Залуус маань энэ шуургыг үл ажран хашаагаа барьж модны нүхээ ухсаар л байгаа. Хэдий байгаль цаг уурын орчин нөхцөл бидний алхам тутамд бэрхшээл үүсгэж болох ч бид зорилгоосоо няцахгүй урагшилсаар байх болно.