Дэлхийн түүхэнд дайн дажинд үрэгдсэн нийт хүмүүсийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг усны хомсдол учруулах аюултай.

Луй Фашон

Дэлхийн усны консулын ерөнхийлөгч

Алт, зэс, газрын тос зэрэг байгалийн ихэнх баялаг өөрийн гэсэн үнэ цэн, мөнгөөр үнэлэгдэх зах зээлтэй бол усны тухайд тийм биш. Ус бол хүн төрөлхтний хувьд үнэт баялаг хэдий ч мөнгөн дүнгээр бодитоор үнэлэгдэж байгаагүй, хэн нэгэнд өмчлөгдөөгүй онцгой шинж чанартай "гайхал" билээ.

Ийм онцгой шинж чанартай ус нь улс орны эдийн засгийг хөгжүүлэх, нийгэмд баялгийг бий болгох, хүний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг учир бид усны талаар, түүний шинж чанар, хэрэглээ, хязгаарын талаар танин мэдэж, хайрлаж, хамгаалах нь нэн чухал билээ.

Гэвч бид хэрэглэсэн усныхаа дийлэнхийг дахин боловсруулахгүйгээр шууд урсган хаяж буй нь дэндүү үрэлгэн хэрэг. Тиймээс алхам бүрдээ хариуцлагатай байх дадал зуршил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг тогтоохын тулд ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын энэ удаагийн дугаарт усны хэрэглээгээрээ тэргүүлж буй хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг онцолж, усыг хайрлах ухаалаг шийдэл эрэлхийлэхээр энэхүү дугаарыг хүргэж байна.

тоогоор тайлбарлах нь 

69%: Дэлхий дахинд хэрэглэж буй нийт усны 69 хувийг хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаа, 19 хувийг аж үйлдвэрлэл, 12 орчим хувийг хотын оршин суугчдын унд, ахуйн хэрэглээнд ашиглаж байна.

80%: Дэлхий даяар хаягдал усны 80 хувийг дахин цэвэршүүлэхгүйгээр хаяж байна.

3 дахин: Хаягдал бохир ус нь цэвэршүүлсэн бохир устай харьцуулахад гурав дахин их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулдаг.

34: 2019 онд хийсэн усан хангамжийн судалгаагаар манай улсын 34 сумын ундны ус стандартын шаардлага хангахгүй байна.

45 тэрбум: Монгол Улсын Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ус ашигласны төлбөрт 45-аас 48 тэрбум төгрөг жил бүр улсын төсөвт төвлөрдөг.


ой санамжид уях баримтууд 

Хаягдал ус дахин цэвэршүүлэх нь байгаль орчноо хайрлан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой. Тэр тусмаа нүүрсхүчлийн хий болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэх юм.

Мөн хөгжиж буй орнуудад бохир ус ундандаа хэрэглэснээр булчин задрах тахал, цусан суулга, хижиг, халдварт саа өвчнөөр хэдэн зуун мянгаараа өвчилж буй нь харамсалтай. Тиймээс хаягдал усыг зөв ашиглах нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал алхам болно.

Усыг дахин ашиглах нь тогтвортой хөгжлийн зорилгод нийцэх төдийгүй эдийн засаг, санхүүгийн хувьд олон давуу талтай. Хөгжингүй орнуудад хэрэглэж буй усныхаа 70 хүртэлх хувийг дахин цэвэршүүлэх дэд бүтэц, санхүүгийн нөөц боломж буй бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт дөнгөж 8 хувьтай байгаа юм.

 "Google"-дэхээс залхуурсан асуулт

Манай улсад бохир усыг цэвэршүүлэн ашиглаж ямар сайн туршлагууд байна вэ?

Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлдэг тэргүүлэх салбаруудаас усны менежментийг хамгийн сүүлийн үеийн технологи, шийдэлд тулгуурлан амжилттай хэрэгжүүлж буй жишээ цөөнгүй салбарт харагдах болсон. Ус нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны салшгүй хэсэг учраас усны менежментгүйгээр ямар ч үйлдвэр ажиллах боломжгүй юм.

Тиймээс зарим компани хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлсний дараа тоосжилт дарах, зүлэг, мод услах, тоног төхөөрөмж хөргөх, угаалга цэвэрлэгээ, гал түймэр унтраахад өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал, энэ чиглэлд чамгүй туршлага хуримтлуулж буй "М-Си-Эс Кока-Кола" компанийн хувьд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулсан нь хүнсний үйлдвэрүүдээс анхдагч болжээ. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь коксжих нүүрсний Ухаа Худаг ордын тухайд ус хангамжийн ухаалаг системийг нэвтрүүлэн, хэрэглэсэн усныхаа 96 хувийг эргүүлэн ашигладаг аж.

Сайн туршлагыг хуваалцах нь 

1970-аад оноос эхлэн олон улсад хаягдал усыг өндөр чанартай технологиор цэвэршүүлсний эцэст дахин ашиглаж эхэлсэн түүхтэй. Тэрхүү цэвэршүүлсэн усаар ногоон байгууламж услах, гудамж талбай цэвэрлэхэд түгээмэл ашиглаж буй.

Тухайлбал, хуурай уур амьсгалтай, гадаргын цэвэр усны нөөц хомс Израиль Улс усны менежментээрээ дэлхийд тэргүүлдэг. Хаягдал ус дахин цэвэршүүлэх, далайн усны давсыг шүүн цэвэрлэх туршлагаараа дэлхийд үлгэрлэж буй тус улсын газар тариаландаа ашиглаж буй нийт усны 90 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлдэг ажээ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй, боломжийн үнэтэй ундны усаар хангах зорилт тавьж, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавьсан билээ. Хэрэв бид хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэдэг болбол хүлэмжийн хийн ялгарлыг гуравны нэгээр бууруулах боломжтой ажээ.

зөвлөгөө

Айл өрх, албан байгууллагууд ундны ус зөөх, хадгалахдаа зориулалтын бус савыг ашиглах нь түгээмэл. Энэ нь усны чанар, хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ган, хөнгөн цагаан, төмөр, зэс, шил, шаазан, шавар сав суулга хэрэглээрэй.


санал болгох нь 

ВИДЕО: Хаягдал усыг хэрхэн ариутган цэвэршүүлдэг тухай энгийн ойлголт өгөх сонирхолтой анимэйшн үзээрэй.

WASTE WATER TREATMENT

НОМ: Хүүхэд, залууст цэвэр усны ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах зорилгоор ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан бүтээлийг дүү нартаа уншиж өгөөрэй.

УСНЫ ТУХАЙ НАДАД ЯРЬЖ ӨГӨӨЧ

КИНО: Дэлхийн улс орнууд усны хямралтай хэрхэн нүүр тулж буй талаар болон үүнийг шийдвэрлэх технологийн ямар шийдэл хэрэгтэй байгааг өгүүлэх баримтат нэвтрүүлэг үзээрэй.

BRAVE BLUE WORLD

ПОДКАСТ: Боловсруулах үйлдвэрүүд усыг хэрхэн зохистой ашиглах тухай Ус сувгийн удирдах газрын мэргэжилтнүүдийн яриаг сонсоорой.

ДУСАЛХҮҮ ПОДКАСТ


Бид тогтвортой хөгжлийн тухай сэдвийг хүн бүрийн ой тоонд шингээж, алхам бүрдээ хариуцлагатай байх дадал хэвшил, эх дэлхийгээ хайрлах ухамсрыг бүтээхийн тулд Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг бэлтгэн хүргэдэг билээ.

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтойгоор тайлбарлан давхар блог нийтлэл болгон хүргэж байна.

Цахим товхимолд бүртгүүлэх 2030.mn

Unread