Та хэн ч байсан, хаана ч байсан, цэвэр ус хэрэглэх эрхтэй. Учир нь усны хэрэглээ бол амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрахтай яг адил хүний эрх юм. Тогтвортой хөгжил, түүнтэй холбогдох бүхий л сэдвүүдийг хөндөн энгийн үгээр сонирхолтойгоор хүргэж буй "2030" цахим товхимлын маань хоёр дахь дугаар маань дэлхийн усны өдөр хүрсэн билээ. Тиймээс бид уг дугаарт "чандмань эрдэнэ"-ийг онцолж, усны өдрийн тухай, цэвэр устай холбоотой тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх сэдэл санаачилга, сүүлийн үеийн мэдээллийг бэлтгэн хүргэсэн юм.

Дэлхий дахинд 9 хүн тутмын 1 нь буюу 844 гаруй сая хүн цэвэр ус хэрэглэж чадахгүй, 2,1 тэрбум хүн баталгаагүй ус хэрэглэдэг, 90 секунд тутамд нэг хүүхэд устай холбоотой өвчин эмгэгээс болж амиа алддаг гэх тоонууд бидэнд энэ асуудлыг зөвхөн усны өдөр л ярих бус, өдөр бүр, цаг тутам санаж, эерэг нөлөөтэй үйлдэл хийдэг байхыг сануулсаар байна. Ингээд манай цахим товхимлын хоёр дахь дугаартай танилцана уу.

Заавал нүүр тулж, зовлонг нь биеэр туулж байж санаа зовниж, үйлдэл хийж эхэлдэг уламжлалыг бид эвдэх нь зүйтэй. Жил бүрийн усны өдрийн уриалга, тоо баримтуудаас усны гачигдал, баталгаагүй уснаас үүсэх эрсдэл нүүрлэх нь гарцаагүй буюу маш ойрхон буйг хялбархан харж болно. Дээр дурдсан тэрбумаар тоологдох хүмүүсийн амьдралыг шийдэх, ерөөс энэ дэлхийн бүх хүнтэй хамаатай асуудал учраас Тогтвортой хөгжлийн зургаадугаар зорилгод “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” хэмээн тусгасан байдаг.

Үүний нэг тод жишээ нь ямар ч усны нөөцгүй болсон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэйп Таун хот бөгөөд гагцхүү гадаадын тусламж, борооны ус л тэдний усны нөөц болоод буй. Кэйп Тауны иргэд ундны усанд оочерлож, хотын захиргаанаас нэг хүний өдрийн усны хэрэглээг 25 литр болгон хязгаарлаж, борооны усыг ус хадгалах савуудад нөөцөлж цэвэршүүлэх байдлаар хэрэглэж байна. 25 литрийн хязгаар гэдэг бол манай Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчийн хэрэглээнээс 225 литрээр бага тоо юм. Бид 5 минут шүршүүрт орохдоо 50 литр ус зарцуулж байгаа нь өндөр хөгжилтэй хотын иргэдийн хэрэглээнээс ч давсан үзүүлэлт юм. Харин гэр хорооллын, худгаас усаа зөөдөг оршин суугчид өдөрт 6-8 литр ус хэрэглэдэг. Гэвч агаарын бохирдлоос хамааран бүгд орон сууц руу шилжих шаардлагатай байгаа гээд бодохоор ирээдүйд нөхцөл байдал ямар болохыг төсөөлшгүй.

Бид цэвэр усныхаа 70 гаруй хувийг зөвхөн усанд орох, суултуурын ус татахад зарцуулдаг. Мөн орон сууцанд амьдардаг ч бай, худгаас ус авдаг ч бай, бид усандаа тийм ч их мөнгө төлдөггүй. 1 литр усыг 1 төгрөгөөр үнэлдэг ч үнэндээ энэ нь усны тээвэрлэлт, хадгалалт, цэвэршүүлэлтэд л зарцуулагдаад дуусдаг байна. Тийм ч учраас Ус сувгийн удирдах газар жил бүр 15 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн дүн бий. Усны машин л гэхэд 7900 төгрөгийн зардлаар худаг руу ус хүргээд үүнийхээ хариуд 5000 төгрөг л олдог аж.

ЧИГ ХАНДЛАГА

Сүүлийн жилүүдэд усны технологиуд улам боловсронгуй, улам нарийн болсоор байна. Эдгээрээс хамгийн сонирхол татахуйц нь далайн уснаас цэвэр ус гаргаж авах, агаараас ус гаргаж авах, ус ашиглахгүйгээр хувцас хатаах технологиуд юм. Дэлхийн усны нөөцийн дийлэнхийг эзэлдэг далайн усны давсыг ялгаж цэвэр ус гаргаж авах оролдлого сонирхолтой хэдий ч маш их зардалтай тул бодитоор хэрэгжүүлэхэд нэлээд их цаг хэрэгтэй. Харин агаараас гаргаж авах боломжтой усны хэмжээ нь дэлхийн гадаргын уснаас ч их аж. Одоогоор өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүд хоногт 378 литр, харин зориулалтын станцууд өдөрт 400,000 литр усыг агаараас гаргаж авах боломжтой байгаа юм. Эдгээр төхөөрөмж нь нарнаас эрчим хүч авч ажилладаг.

Мөн монгол залуусын үүсгэн байгуулсан стартап "Beelog" өрхийн усны хэрэглээг хянах төхөөрөмж бүтээж байна. Уг төхөөрөмжийг усны тоолууртайгаа холбосноор айлууд усанд хэдэн төгрөг зарцуулж байгаа, хэчнээн литрийг юу юунд хэрэглэж байгаа, хэр их усыг хэрэгцээгүй урсгаж байгаа зэргээ тогтмол хянах боломж бүрдэх юм. Одоогийн бидний хэрэглэдэг усны тоолуур куб метрээр хэмжигддэг болохоор бодит хэрэглээний дүнг мэдэж чаддаггүй, түүнээсээ болж усыг замбараагүй хэрэглэдэг талтай.

ТА ХЭН Ч БАЙСАН, ХААНА Ч БАЙСАН, ТА ЦЭВЭР УС ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ. УЧИР НЬ УСНЫ ХЭРЭГЛЭЭ БОЛ ХҮНИЙ ЭРХ

2030

Бид бүгд л усаа хэмнэе гэж боддог ч бусад нь хэмнэхгүй байхад би ганцаараа хэмнээд ямар үр дүн гарах билээ гэж бодох нь олонтаа. Тиймээс хүн өөрөөсөө эхлэн усны хэрэглээгээ өөрчилж, өөрийн жишээгээр бусдад уриалах нь нэн чухал юм. Энэ жил НҮБ-аас усны асуудал дээр “Суралц, хуваалц, үйлд” хэмээн уриалж байгаа нь санаандгүй хэрэг биш. Яг одоо хэрэгжүүлж эхэлж болохуйц цөөн зөвлөмжийг хүргэе.

  • Шүдээ угаахдаа стакан ашиглан амаа зайлах (минутанд 6 литр ус хэмнэнэ)
  • Аяга тавгаа угаахдаа крантаа хааж хэвших (илүү сайн ч угаагдана)
  • Борооны ус тосож аван дахин ашиглах(арай бага ус шаардагдана)
  • Угаалгын машинаа байнга дүүргэж угаах (ус ч хэмнэнэ, тог ч хэмнэнэ)
  • Шүршүүрт өнгөрүүлэх хугацаагаа багасгах (цаг ч хэмнэнэ, ус ч хэмнэнэ)
  • Саарал ус ашигладаг машин угаалгын газраар үйлчлүүлэх
  • Өглөө эрт гэрийнхээ цэцгийг услах(хавьгүй бага ус зарцуулагдана)

Хэрвээ танд арай "ухаалаг" шийдэл хэрэгтэй байгаа бол Shower Watch, Drink Water Reminder & Tracker зэрэг аппуудыг санал болгож байна.

Орчин үед технологийн хөгжлийн ачаар бид байгалийн нөөцөө зөв удирдах, хэмнэлттэй хэрэглээг өдөр тутамдаа хэвшүүлэх боломж бүрдсээр байна. Энэ боломжийг ашиглан сайн жишээ харуулж буй байгууллага бол ХААН Банк. Бидний нэрлэсэн "Улаанбаатарын хамгийн таатай оффисын жагсаалт"-д багтаж байсан тус банкны цамхаг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон бөгөөд ариун цэврийн өрөөнүүд нь бүгд мэдрэгчтэй гоожууртай төдийгүй ажилтнууд усны гамтай хэрэглээг эрхэмлэн нэг удаагийн савтай уснаас татгалзаж, давхар бүр дэх цайны өрөөний ус цэвэршүүлэгчээс ундны усаа хэрэглэж хэвшжээ. Энэ мэтчилэн усны нөөцийг гамтай хэрэглэх асуудалд олон байгууллага идэвх санаачилгатай ажиллаж буйг энэ далимд дурдъя.

дусал уснаас далай шиг хэмнэлт

Гэр хорооллын 600 гаруй худагт УСУГ ухаалаг худгийн систем нэвтрүүлж эхлээд байна. Иргэд карт уншуулж литрээ тохируулан усаа авдаг болсноор оочер багасаж, усыг үргүй асгах явдал арилахаас гадна устай холбоотой маш чухал мэдээлэл агуулсан дата сан үүсэх учиртай. Төлбөрийг нь ХААН Банкны данс, интернэт банк, экспресс банк ашиглан төлөх боломжтой.

Ухаалаг шүршүүр гэж сонссон уу?

Nebia бол технологийн дэвшлийг ашиглан усны зохистой хэрэглээг уриалж буй үлгэр жишээ стартап. Тэд усны дусал бүрийг шинжилдэг өөрсдийн онцгой технологидоо суурилан гоожих хэмжээ, халуун хүйтэн, даралт зэргийг хэрэглэгч болгонд тохируулан өөрчилж байна. Уг стартапыг дэмжигчид дотор Apple-ийн CEO Т.Күүк багтдаг гэнэ шүү.

тогтвортой хөгжлийн тайлан 2018

“2030” цахим товхимлыг хамтран бэлтгэж буй ХААН Банк 2017 оны сүүлээс тогтвортой хөгжлийн асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлсэн юм. Тэд хийж, хэвшүүлсэн бодитой ажлууд, үр дүнгээ тайлагнахаар "Тогтвортой хөгжлийн тайлан"-г жил бүр гаргадаг болжээ.

Санал болгох: 

Унших: Дэлхийн усны өдөрт зориулан бичсэн "Дэлхийн усны өдөрт: Тэг өдрийн өмнө" нийтлэлийг та бүхэнд санал болгож байна. Цахим товхимолд маань дурдагдсан Кэйп Таун хотын нөхцөл байдал болоод дэлхийн усны өдрийн талаарх сонирхолтой мэдээллийг эндээс унших боломжтой.
UNREAD: Дэлхийн усны өдөрт: Тэг өдрийн өмнө

Үзэх: Дэлхийн усны өдрийн талаар, энэ жилийн "Хэнийг ч ардаа орхихгүй" уриалгын талаар цогц мэдээлэл авахыг хүсэж байвал энэхүү 2 минутын видеог заавал үзээрэй.
WORLD WATER DAY 2019: Leaving no one behind

Үзээд алдах: Хэрвээ танд цэвэр усны асуудлыг шийдэх, энэ чиглэлд бодитой өөрчлөлт гаргах бизнесийн санаа, төсөл байгаа бол бага, дунд орлоготой орнуудын энтрепренерүүдэд зориулсан энэхүү хөтөлбөрийг сонирхоорой.
CALL FOR APPLICATIONS: Young Water Fellowship Programme