Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn


Та хамгийн сүүлд автомашинаа хэзээ үзлэгт оруулсан бэ? Хариулт нь шууд санаанд тань орж ирсэн бол дараагийн асуултад хариулаарай. Харин та өөрөө хамгийн сүүлд хэзээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бэ?
Өнөөдөр бид өвчнийг зөвхөн “хийсэж ирдэг” хэмээн төсөөлөхөө больсон цаг үед амьдарч байна. Ойртон ирж буй эрсдэлийг анзаарахгүй өнгөрөх нь аюулын харангыг чимээгүйхэн хүлээж суухтай адил хариуцлагагүй үйлдэл хэмээхэд хилсдэхгүй. Бие махбодь маань дуут дохио өгөхөөс өмнө түүнийг ойлгож, урьдчилан сэргийлэх нь ухаалаг иргэний хийдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. 

Сүүлийн жилүүдэд эрт илрүүлгийн үзлэг эрчимжиж буй нь сайшаалтай ч хангалттай хэмжээнд байгаа юу гэвэл үгүй. Өнгөрсөн жилийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэгт 1.5 сая иргэн буюу нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан бөгөөд насанд хүрэгчдийн 68.7 хувь нь артерийн судас хатуурах эрсдэлтэй, дурангийн шинжилгээнд хамрагдсан 15 мянган хүний 80 хувь нь ходоодны архаг үрэвсэлтэй гэх сэтгэл сэрдхийлгэм дүнгүүд гарчээ. 

Өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэхэд шаардагдах зардал нь эмчилгээний зардлаас хэд дахин бага байдаг нь маргаангүй үнэн. Дэлхий нийт энэ чиглэлд бодлогын түвшинд дорвитой алхам хийж буйг 2030 он гэхэд  халдварт бус өвчнөөс шалтгаалсан цаг бусаар нас баралтыг 25 хувиар бууруулах  НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтоос харж болно. 

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлын шинэ дугаарт эрүүл мэнддээ анхаарч, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулахын ач холбогдлыг онцолж байна.

1. Яагаад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг чухал вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) судалгаагаар нийт нас баралтын 74 хувь нь халдварт бус өвчнөөс, тухайлбал зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин зэргээс шалтгаалдаг аж. Жил бүр 41 сая хүн эдгээр өвчнөөр амь насаа алдаж байна. Гэвч тэдгээрийн ихэнх нь амьдралын хэв маягаа өөрчилж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар илэрч болох байсан.

Жишээлбэл, зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг архаг өвчний 80 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч олон хүн өөрийгөө эрүүл гэж бодож, шинжилгээ хийлгэхээс татгалздаг. Цусны даралт зэрэг “чимээгүй” өвчнийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр л илрүүлдэг. Мөн хорт хавдрын хувьд ч урьдчилан сэргийлэлт маш чухал. Жишээ нь, хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл таван жилийн амьд үлдэх магадлал 99 хувь. Харин хожуу шатанд оношлогдвол энэ тоо эрс буурна.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхний 11 сарын байдлаар цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэгт 18-аас дээш насны нийт 1.36 сая хүн хамрагдсан байна. Тэдгээрийн 39.9 хувь нь эрэгтэй, 60.1 хувь нь эмэгтэй байсан бөгөөд нийт үзлэг хийлгэсэн иргэдийн 0.6 хувьд өвчний онош батлагджээ. Мөн 35-аас дээш насны 1.1 сая хүн чихрийн шижин өвчний илрүүлэгт хамрагдсан бөгөөд 0.2 хувьд нь уг өвчин оношлогдсон байна. Элэгний хорт хавдрын илрүүлэгт 40-65 насны 304 мянга гаруй хүн оролцсоноос 64 тохиолдолд хорт хавдрын онош тогтоогджээ.

Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээний хүрээнд зорилтот насны 77 мянга гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд нийт шинжилгээний 3.7 хувь нь эсийн өөрчлөлттэй гарч, үүнээс 29 хорт хавдрын шинэ тохиолдол илэрсэн гэх дүн бий.

sdg meme


2. Урьдчилан сэргийлэх үзлэг хувь хүн, нийгэмд ямар үр ашигтай вэ?

Урьдчилан сэргийлэх үзлэг нь зөвхөн өвчин илрүүлэхээс гадна эдийн засгийн өндөр үр өгөөжтэй алхам юм. Судалгаануудын үр дүнгээс харахад өвчнийг хүнд шатандаа оношилж, эмчлэхтэй харьцуулахад эрт үед нь илрүүлснээр эмчилгээний зардлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэнэ.

Тухайлбал, АНУ жил бүр архаг өвчинтэй холбоотойгоор 4.1 их наяд ам.доллар зарцуулж байгаа нь тус улсын нийт эрүүл мэндийн зардлын 90 хувийг эзэлдэг аж. АНУ-д насанд хүрсэн иргэдийн зөвхөн 8 хувь нь шаардлагатай бүх үзлэг, шинжилгээндээ бүрэн хамрагддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Монгол Улсын хувьд ч нөхцөл байдал төстэй. Хорт хавдрын 60 гаруй хувь нь хожуу шатанд оношлогдож байгаа нь эмчилгээний үр дүнд шууд сөргөөр нөлөөлж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өгөөжтэй байдгийг Дэлхийн банк баталсан. Тэдний судалгаагаар урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний 1 ам.доллар тутамд 14 долларын эдийн засгийн өгөөж бий болдог байна. Мөн даатгалын байгууллагуудын мэдээллээр жил бүр үзлэг хийлгэдэг хүмүүс өвчнийг эрт илрүүлэх магадлал өндөр, улмаар тэдний эрүүл мэндийн байдал 30 хувиар илүү эерэг байдаг нь тогтоогдсон.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг нь зөвхөн эрүүл мэндээ хамгаалах хэрэгсэл биш юм. Энэ бол ирээдүйнхээ төлөө хийж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт гэсэн үг.



3. Дотоодын сайн туршлагаас хуваалцах нь

"Дээр дурдсанчлан эрүүл мэнд бол хүний амьдралын хамгийн чухал үнэт зүйл. Харин энэ үнэт зүйлийг хамгаалах хамгийн ухаалаг арга бол өвдөхөөсөө өмнө өөртөө анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах юм. Үүнийг олон нийтэд ойлгуулж, дадал болгон хэвшүүлэхэд ХААН Банк олон жилийн турш нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд тогтвортой ажиллаж байна. Тодруулбал, тус банк эрүүл мэндийн салбарт чиглэсэн хоёр том үндэсний аян-ыг зохион байгуулж, олон мянган иргэнд хүрч чаджээ.

Цусны даралт ихсэлтийн эсрэг аян

ХААН Банк 2017 оноос хойш Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ-тай хамтран "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цусны даралт ихсэх өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд энэ аян нь иргэдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт хийлгэх, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой юм.

2024 онд тус аян Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудад хэрэгжсэн бол өнгөрсөн 8 жилийн хугацаанд нийт 21 аймгийг бүрэн тойрч, 60 мянга гаруй иргэнд үзлэг оношилгоо хийжээ. Энэхүү аян нь зөвхөн оношилгоо, үзлэг хийхээс гадна эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулснаараа онцлог. 2025 онд мөн эрсдэл өндөртэй аймгуудад ажиллахаар төлөвлөж буйг хамтрагчид мэдэгдээд байгаа билээ.



Хавдрын эсрэг үндэсний аян

Нийгмийн хамгийн айдастай өвчний нэг болох хорт хавдартай тэмцэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг ХААН Банк 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран зохион байгуулдаг уг аян нь Монгол орны бүх аймгаар явж, хорт хавдрын эрт илрүүлэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм.

15 дахь жилдээ үргэлжилж буй энэ аян олон зуун мянган хүнд эрүүл мэндийн шалгалт, зөвлөгөө, боловсрол олгож, эмч мэргэжилтнүүдэд орон нутгийн иргэдтэй ойр ажиллах ховор боломжийг бүрдүүлжээ. 2024 оны хувьд тус аян Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад амжилттай хэрэгжсэн бол 2025 оны аян аль хэдийнээ эхлээд байна. Энэ өдрүүдэд гэхэд аяны баг Дорноговь аймагт ажиллаж буй бол 2025 оны 04-р сардаа багтан Архангай аймагт ажиллахаар төлөвлөж байна.

sdg dictionary


4. Хаврын улиралд дасгал хөдөлгөөн илүү хийх ёстой юу?

Хавар бол байгаль сэргэж, дэлхий дахинд шинэ амьдралын эхлэл мэт санагддаг улирал. Гэхдээ байгаль өөрчлөгдөхийн хэрээр бидний бие махбод ч өөрийн гэсэн дотоод цаг буюу биологийн хэмнэлээр дамжуулан түүнд хариу үйлдэл үзүүлдэг байна.

Тухайлбал, хаврын улиралд өдөр урт болж, хийх зүйлс нэмэгдэн, оройн цагаар гар утас, зурагт, гэрлийн тусгалд илүү их хугацаа өнгөрүүлж эхэлдэг. Энэ бүх гэрэл нь шөнө болоогүй гэх дохиог тархинд илгээснээр бидний биеийн цаг хойшлогдох буюу "phase delay" гэх үзэгдэл үүсдэг байна.

Ийм өөрчлөлтөөс хамгийн түрүүнд өртдөг зүйл бол нойр. Хүний биеийг унтахад бэлддэг мелатонин дааврын ялгаруулалт удааширч, нойр хүрэх хугацаа хойшлох нь элбэг. The Journal of Clinical Endocrinology & Metabolism сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ердөө ганцхан цаг шөнө оройтож унтах, дэлгэц ширтэх нь мелатонины ялгаралтыг 90 минут хүртэл хойшлуулж болохыг тогтоожээ.

Ингэхээр бидний биологийн хэмнэл гэдэг нь зөвхөн нойр, сэрүүн байдалд нөлөөлөөд зогсохгүй дааврын ялгаруулалт, бодисын солилцоо, сэтгэл санаа, биеийн ерөнхий байдалд хүртэл нөлөө үзүүлдэг нарийн тогтолцоо болох нь илэрхий.

Тиймээс хаврын энэ үед биологийн хэмнэлээ тэнцвэржүүлж, өдрийн гэрэл, оройн хиймэл гэрлийн нөлөөг тэнцвэржүүлэх хамгийн үр дүнтэй арга бол өдөр тутмын дасгал хөдөлгөөн. Та заавал фитнест явах шаардлагагүй. Өдөр бүр 20–30 минут алхах, дугуй унах, гэртээ йог хийх зэрэг энгийн хөдөлгөөн ч таны биед хангалттай сайн нөлөө үзүүлнэ гэдгийг санууштай.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.



5. Амин дэмийг уух үедээ юунд анхаарах вэ?

Өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай яриа эхлэхтэй зэрэгцэн бидний толгойд хамгийн түрүүнд орж ирдэг зүйл бол амин дэм буюу витамин. “Витамин уугаад л байвал ханиад хүрэхгүй, дархлаа дэмжинэ” гэх нийтлэг ойлголт нийгэмд түгсэн. Гэвч бүх зүйл ихэдвэл хор гэдэг шүү дээ. Ялангуяа амин дэмийн хувьд бол энэ үг бүр ч үнэн.

Заримдаа бид өвдөхөөсөө айсандаа өмнөөс нь биеэ "өвтгөчихдөг" талтай. Амин дэм уух нь уухгүй байснаас хамаагүй дээр гэж боддог ч үнэндээ тэдгээр нь эсийн өсөлт, нөхөн төлжилтөд шууд оролцдог биологийн идэвхтэй нэгдлүүд юм. Хэрэв та буруу тунгаар, буруу цагт, эмчийн зөвлөгөөгүй хэрэглэвэл таны биед нуугдаж буй хавдрын эсүүдэд “шатахуун нэмж өгөхтэй” адил үр дүн бий болгож болзошгүй.

Жишээ нь, В12 витамин буюу кобаламин нь цусны улаан эсийн бүтцэд чухал ач холбогдолтой. Гэвч сүүлийн жилүүдэд хийгдсэн зарим судалгаагаар энэ амин дэм хавдрын эсийн өсөлтийг дэмжих нөлөөтэй байж болзошгүй хэмээн үзэх болсон. Учир нь В12 нь ДНХ-ийн нийлэгжилт, эсийн метаболизмд оролцдог тул тун ихсэх үед зөвхөн хэвийн эсүүд төдийгүй хавдрын эсүүд ч илүү эрчимтэй өсөх боломж бүрддэг. Тухайлбал, уушги болон ходоодны хорт хавдартай хүмүүст В12-ийн түвшин өндөр байх тусам хавдрын томрол илүү хурдацтай болж, эмчилгээний явц хүндрэх эрсдэл нэмэгддэг болохыг зарим судлаачид анхааруулжээ.

Товчхондоо, амин дэм хэрэглэх нь өвчнөөс сэргийлэх ухаалаг алхам байж болох ч эхлээд амин дэм, эрдсийн шинжилгээ өгөөд үүн дээр үндэслэн эмчийн зааврын дагуу л үр дүнтэй хэрэглэхээ мартуузай.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.



шинэ нээлт, сайн туршлага

Хавдрын эсийг устгах шинэ эмчилгээг нээлээ

Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгосын судлаачид хавдрын эсийн хуваагдлын урьд өмнө мэдэгдээгүй завсрын үе шатыг илрүүлж, эрүүл эс болгож хувиргах боломжийг нээж илрүүлэв.

Хавдрын эсийг хими болон туяа эмчилгээгээр шууд устгах байдлаар эмчлэх нь бусад эд эрхтнийг ноцтой гэмтээдэг гаж нөлөөтэй. Харин тодорхой үе шат дээр нь эсийн хуваагдлыг зогсоож чадвал хавдрын цоо шинэ эмчилгээ бий болох боломжтой аж.

Дэлгэрэнгүй

Хүний тархин дахь бичил хуванцрын хэмжээ эрс нэмэгджээ

Энэ оны хоёрдугаар сард Nature Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд 2024 онд авсан хүний тархины эдээс илэрсэн бичил хуванцрын хэмжээ 2016 оныхоос даруй 50 хувиар их байсныг баталжээ.

Судлаачдын мэдээлснээр, 2024 оны 24 хүний тархины эдээс илэрсэн бичил хуванцрын дундаж агууламж нэг грамм эдэд ойролцоогоор 5000 микрограмм байсан байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний тархинд дунджаар 7 грамм хуванцар хуримтлагдсан байж болзошгүй бөгөөд энэ нь нэг удаагийн хуванцар халбага эсвэл таван ширхэг усны савны тагтай тэнцэх хэмжээ юм.

Дэлгэрэнгүй



САНАЛ БОЛГОХ НЬ:

Ном: Дархлаа

Өдөр бүр, хором тутамд таны дотор хэдэн зуун сая дархлааны эс тулалдаж, дайснуудыг бут цохиж байдаг. Хүний дархлаа ер нь хэрхэн ажилладаг юм бол?

Подкаст: Та хавдартай гэдгээ мэдэхгүй ч байж магадгүй

Хавдар судлалын үндэсний төвийн химийн эмчилгээний тасгийн их эмч, Шинжлэх ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч З. Цолмонтуяагийн оролцсон, хавдрыг эрт илрүүлэх ямар чухал ач холбогдолтой тухай ярилцлагыг эндээс сонсоорой.

Кино: What the Health

Тус баримтат кино нь эрүүл мэндийн байгууллагуудын хоол хүнсний салбартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шүүмжилснээрээ олон нийтийн дунд шуугиан дэгдээсэн билээ.

Видео: The intestine - The body’s underappreciated control center and gut health

Гэдэс бол зөвхөн хоол боловсруулах эрхтэн биш, жинхэнэ гайхамшигт тогтолцоо юм. Гэдэс нь дархлааны системтэй нягт холбоотойгоор зогсохгүй, сэтгэл зүйн байдалд ч хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг энэхүү видео шинжлэх ухаанчаар тайлбарлана.