100 метр = 9.58 секунд
42 км = 1 цаг 59 минут 30 секунд

Дээрх хоёр цагийн хэмжүүр бол хүн төрөлхтөн бидний өнөөдрийг хүртэл тогтоож чадсан хурдны дээд хязгаар юм.

Одоогоос 18 жилийн өмнө домогт гүйгч Усэйн Болт 2008 оны Бээжингийн олимпод 100 метрийн гүйлтийн дэлхийн рекордыг 9.58 секундээр шинэчилж, хамгийн хурдан хүн гэх алдрыг хүртсэн билээ. Харин өнгөрөгч сард Кенийн гүйгч Сабастиан Саве Лондонгийн марафонд 1 цаг 59 минут 30 секундэд барианд орж, хөнгөн атлетик гэлтгүй хүний хөгжлийн түүхэн дэх хамгийн хэцүү даваануудын нэгийг даваад байна.

Түүхэнд тодоор бичигдэх энэхүү амжилтын ард тамирчны хичээл зүтгэл, сахилга бат, тэсвэр хатуужлаас гадна арван жил үргэлжилсэн технологийн өрсөлдөөн нуугдаж буй.

Сабастиан Саве дэлхийн рекордыг эвдэв.

БИЕЛЭГДЭШГҮЙ ДААЛГАВАР: 42 КИЛОМЕТРЫГ 2 ЦАГТ

Орчин цагийн марафоны үүсэл гэж хэлж болох 1896 оны Афины Олимпын марафонд 2 цаг 58 минутын амжилтаар Грекийн Спиридон Луис хэмээх тармирчин түрүүлж байв. Тийнхүү гараанаас гарсан марафончид жил бүр амжилтаа минут минутаар ахиулсаар XXI зуун гарахад мэргэжлийн гүйгчид 42 км зайг 2 цаг 10 минутад багтаан туулж чаддаг болжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт: Тоглоомын дүрмийг өөрчилсөн 20 настай гүйгчийн бахдам түүх

Гэсэн ч тэдний хэн нь ч 2 цагаас бага хугацаанд энэхүү замыг туулж чадахгүй хэвээр байлаа. Энэ бол хүний бие физиологийн чадамжаас хэтийдсэн зүйл гэдгийг шинжлэх ухааны судалгаа хүртэл харуулж байв. Гэвч хүн гээч амьтан боломжгүйг боломжтой болгох, хязгааргүйн ханыг бага багаар цохисоор эцэстээ нурааж чаддаг гайхамшигт хүчтэй билээ. Тэрчлэн бие физиологийн хязгаараас гадна үүнд нөлөөлөх өөр нэгэн хүчин зүйл дөнгөж эхэлж байсан нь гүйлтийн технологи буюу гүйлтийн гутал.

Дэлхийн Их зургаан марафоны медальт, марафоны гүйгч Б.Үйлсзаяа

Хязгаарыг эвдэх хүчээ Технологиос

Спортын брэндүүд “супер гүйлтийн гутал” бүтээх өрсөлдөөнийг арав гаруй жилийн өмнөөс эхлүүлжээ. Nike компани 2013 онд марафонд зориулсан тусгай гутал бүтээж эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа “Breaking2” нэртэй төслийг зарлаж байв. Nike-ийн зорилго мэдээж дээрх хоёр цагийн рекордыг эвдэх байлаа.

Аугаа том амжилтыг эвдэнэ гэдэг спортын компаниудын хувьд маркетингийн маш том боломж байдаг. Жишээ нь, 1927 онд Mercedes Gleitze хэмээх бүсгүй Английн сувгийг сэлж туулсан анхны Британи эмэгтэй болохдоо хүзүүндээ Rolex Oyster цагийг зүүсэн байв. Хүйтэн далайн усанд 10 гаруй цаг байсны дараа ч Oyster ямар ч асуудалгүй, хэвийн ажиллаж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж, өнөөгийн Rolex-ийн эхэн цагийн амжилтыг тодорхойлсон билээ.

Зургийг: Nike


Nike-ийн хувьд боломжгүйн хязгаарыг эвдэхийн тулд гүйлтийн гутлын технологид хэд хэдэн чухал инновац нэвтрүүлсэн байдаг. Эхнийх нь карбон файбер материалыг (Carbon Fiber Plate) гутлын хавтан буюу уланд ашигласнаар гүйх үед доороос түлхэж дэмждэг болов.

Мөн өмнө нь гүйлтийн гутлын ул нь зөвхөн доргилт зөөлрүүлэх үүрэгтэй байсан бол орчин үеийн “супер гутал”-ын гол нууц нь PEBA суурьтай шинэ төрлийн хөөсөн материал болжээ. Энэхүү материал нь гишгэх үед шахагдаж, дараа нь пүрш мэт эргэн тэлэхдээ тамирчны нэг алхалтад зарцуулсан энергийг буцаан өгдөг аж. Ингэснээр марафончид урт зайд бага энерги зарцуулан, ядралт бага, хурд ихтэй гүйдэг болсон нь сүүлийн жилүүдэд дэлхийн рекорд олноор шинэчлэгдэх гол шалтгаануудын нэг болоод байна. Үүний үр дүнд мэргэжлийн гүйгчид хурдаа 4 хүртэл хувиар ахиулах боломжтой гэгдэж байв. 4% гэдэг чамлахаар тоо мэт сонсогдож байвч дэлхийн рекорд эвдэхэд хангалттай үзүүлэлт байв.


“Breaking 2” төслийн хүрээнд гарсан Vaporfly 4% нэртэй загвар нь гүйлтийн спортын алтан стандартыг тогтоож, дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос гутлын улны зузаан болон хавтангийн тоонд хязгаарлалт тогтоох журам хүртэл гаргаж байв. Уг технологийн ачаар Nike салбарын тэргүүлэгч болсон ба 2025 оны эхэн гэхэд пүүзний зах зээлээс 30 орчим тэрбум долларын орлого олжээ.

Нийт 500 сая долларыг уг төсөлд зарцуулсан Nike-ийн мөрөөдөл 2019 онд бодит болсон байдаг. Энэ онд тэдний гутлыг өмссөн алдарт гүйгч Элиуд Кипчоге хоёр цагаас доош хугацаанд барианд орох тусгай сорилтод 1:59:40 цагийн амжилт үзүүлсэн юм. Гэвч энэ нь албан ёсны марафон биш байсан тул дэлхийн рекорд хэмээн бүртгэгдээгүй юм. Үүнээс хойш Nike брэндийн зорилго нь албан ёсны тэмцээн дээр энэ амжилтыг дахин батлах байв.

NIKE-ИЙН МӨРӨӨДЛИЙГ ADIDAS ХУЛГАЙЛАВ


Гэвч өнгөрсөн сард Лондонгийн марафонд Nike-ийн мөрөөдлийг Adidas хулгайлав. Adidas-ийн гутлыг өмссөн гурван гүйгч дэлхийн рекордыг эвдэж, дэлхий нийтийг алмайруулсан юм.

Кенийн тамирчин Сабастиан Саве 1:59:30 цагийн амжилт үзүүлснээр дэлхийн рекордыг шинэчилсэн бол Этиопын гүйгч Ёмиф Кежелча Савегаас ердөө 11 секундын дараа (1:59:41) барианд оров. Мөн гуравдугаар байрын эзэн Жэйкоб Киплимо өмнөх рекордыг 7 секундээр ахиулсан нь бүр ч гайхалтай тохиолдол болов.

Түүхэн амжилт тогтоосон тус гурван тамирчин гурвуулаа Adidas-ийн Adizero Adios Pro Evo 3 гуталтай байв.


Түүнчлэн тус марафоны Эмэгтэйчүүдийн ангилалд Этиопын гүйгч Тигст Ассефа 2:15:41 цагийн амжилтаар түрүүлж, энэ төрлийн марафоны дэлхийн рекордыг дахин шинэчилсэн ба ингэхдээ бас л Adizero Adios Pro Evo 3 загварын гутлыг өмссөн байв.

Adios Pro Evo 3 загварын гол нууц дизайны шийдэлдээ нуугдаж буй. Марафоны хоёрдугаар хагаст хамгийн хурдан тамирчдын гүйлтийн хэмнэл хүртэл төгс байхаа больдог аж. Харин Adios Pro Evo 3 загвар хөлийн дунд хэсгээрээ газардах боломжийг олгож, сүүлийн 5-10 км-т түгээмэл ажиглагддаг хөлийн хэт хазайлтаас сэргийлдэг байна.

Мөн ердөө 97 грамм жинтэй бөгөөд өмнөх загвараас 30%-иар хөнгөн юм. Гутлын дизайн болон хөнгөн материал нь гүйж байх үед яг л агаар дээр дэгдэж буй мэт мэдрэмж төрүүлэх ба тамирчдад дунджаар 1.6 хувиар цагаа ахиулахад туслах аж. 1.6% гэдэг чамлахаар тоо мэт боловч хоёр цагийн рекордыг эвдэхэд хангалттай байжээ. Түүнчлэн гутлын дизайныг бүтээхдээ хүний хөлийн ясны бүтцийг дуурайлган хийжээ. Мөн дээд хэсгийнх нь синтетик материалыг дарвуулаас санаа авч маш нимгэн бөгөөд гэрэлтдэг нэхмэл байдлаар хийжээ. Улны зузаан нь 39 мм бөгөөд дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос тогтоосон хязгаар 40 мм байдаг.

500 долларын үнэтэй энэхү ид шидийн мэт гутал худалдаанд гарсан даруйдаа дэлгүүрүүдэд урт дараалал үүсгээд буй. Тэр ч бүү хэл хоёрдогч зах зээлд үнэ нь хэд дахин нугарч 3,000-4,000 долларын үнээр зарагдаж байгаа гэнэ. Түүнчлэн Pro Evo цуврал сүүлийн гурван жилд хамгийн өндөр борлуулалттай гүйлтийн гутал байсан юм. Энэ хугацаанд томоохон марафонуудаас 7 алтан медал авахад тусалжээ.

Мөнхийн өрсөлдөөн

Apple VS Samsung, Mac VS Windows гэсэн өрсөлдөөн цаг ямагт өрнөдөг шиг Adidas болон Nike-ийн хооронд ч олон арваны турш хэн нь гуталны зах зээлийг атгах вэ гэсэн өрсөлдөөн өрнөсөөр иржээ. Жишээ нь, 1970-аад онд Adidas олимп, хөлбөмбөгийн ертөнцөд ноёрхож байх үед Nike Америкийн гүйлтийн соёлыг ашиглан зах зээлд хүч түрэн орж байв. Тэд 1984 онд залуу сагсан бөмбөгч Michael Jordan-тай хамтарч, Air Jordan-ийг бүтээснээр спортын пүүзийг зөвхөн тамирчны хэрэглэлээс илүү соёлын бэлгэ тэмдэг болгож байв.

Улмаар 2016 онд карбон хавтан болон PEBA хөөсийг хослуулсан “супер гутал”-ын эрин үеэ эхлүүлж, үүний дараахан дэлхийн шилдэг марафончдын дийлэнх нь Nike өмсөх болжээ. Түүхийг эргэн харахад 2016-2023 оны хооронд эвдэгдсэн томоохон марафоны рекордуудын ихэнх нь Nike-ийн Alphafly болон Vaporfly загвартай холбоотой байх аж.


Өрсөлдөөнд хожигдож эхэлсэн Adidas энэ үед инженерүүдийн шинэ баг байгуулж, Япон болон Европын лабораториудад хөнгөн материалын туршилтуудыг эрчимжүүлсэн юм. Үүний дүнд 2023 онд Adizero Adios Pro Evo 1 загвараа танилцуулсан нь дэлхийн гүйлтийн ертөнцөд цахиур хагалжээ.Харин энэ удаа хүнийг хоёр цагийн дотор марафоны замыг туулах өрсөлдөөнд Adidas ялалт байгууллаа. Дараагийн өрсөлдөөнд хэн нь ялах бол?