Анхны албан ёсны марафон болох Бостон хотын марафон 1897 онд зохион байгуулагдаж байв. Өдгөө цар хүрээ, нэр хүндээрээ Токио, Бостон, Лондон, Берлин, Чикаго, Нью Йорк хотын марафонууд “Их зургаа” хэмээн хүндлэгдэн, гүйлтийн спортод дурласан хэн бүхний зорилго, мөрөөдөл болохын сацуу нийгэмд чиглэсэн олон агуулга, уриалга, үзэл санааг түгээн дэлгэрүүлсээр буй.
Одоогоор энэхүү “Их зургаа”-г дуусгаж, марафончдын мөрөөдөл болсон “6 од” медалийг авсан 13,000 гаруй гүйгч байдгаас зургаа нь монгол гүйгч юм. Тэдний нэг болох Б.Үйлсзаяаг бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тусгай дугаартаа урьж, гүйлтийн спортод дурласан түүх цаашлаад тун удахгүй Гиннесийн амжилт тогтоохоор зорьж буй талаар нь хөөрөлдсөн билээ.
Байршил: Ирланд улс, Дублин хот
Эрхэлдэг ажил: Марафон гүйгч, худалдааны менежер
Хэрэглэдэг гар утас: iPhone 12 Pro
Сошиал хуудсууд: Uilszaya Bodikhuu, MGL Running Channel

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Гүйлтийн спортод дурлах хүртлээ би айлын том охин, таван дүүгийнхээ эгч, хүний эхнэр, хоёр хүүхдийн ээж байлаа. Онцын хоббигүй, өмнөө тавьсан бодитой, барьцтай зорилго тэмүүлэлгүй 40 дөхсөн өөрийгөө хөгшин хэмээн голж, шинэ зүйл эхлүүлэхэд хэцүү, бүтэхгүй юм шиг л санагдаад хойш суух хандлагатай байсан юм. Цаг заваараа хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарах юм сан гэж явсаар 2015 онд “Ахиллис Монгол” ТББ-ын Үүсгэн байгуулагч Сараагийнхаа фэйсбүүк дээрээ Нью Йоркын марафонд гүйсэн тухай бичвэрийг нь уншаад үгээр хэлэмгүй их урам зориг авсан юм. Ингээд л тэр хавраас эхлэн гүйж эхэлсэн дээ. Ер нь пүүзээ өмсөөд гэрээсээ гарах л байсан юм билээ.
Удалгүй эмэгтэйчүүдийн 10 км-ийн марафонд (эрчүүд оролцохыг хүсвэл мини юбка, үсний гоёл гэх мэт эмэгтэйчүүдийг илэрхийлсэн ямар нэг зүйл өмсөж зүүдэг) оролцож, дараа нь 21 км-ийн хагас марафонд төлөвлөгөөтэй бэлдээд амжилттай оролцож чадсан. Ингээд эргэлт буцалтгүй 42 км 195 м буюу бүтэн марафоны гүйгч болох зорилготой болов. Ер нь бүтэн марафонд орно гэдэг орлогогүй мөртлөө зарлагатай ажил. Анхны бүтэн марафоны зардлыг гэрийн маань цахилгааны төлбөрөө төлдөг компани дааж байсан гээд л бод. Тэр жилийн марафоны үйл ажиллагааг цахилгааны компани маань ивээн тэтгээд, марафонд оролцох хүсэлтэй харилцагчдаасаа сонгоод бүртгэлийн зардлыг даасан нь тэр. Аз болж би тэрэнд нь сонгогдчихсон.
Үүнээс хойшхи хоёр жилд алба, амины олон ажилтай байсан болохоор тийм ч их тэмцээнд орж чадалгүй, хувьдаа гүйж явсаар 2018 оны аравдугаар сард Амстердам хотын марафонд гүйгээд, үргэлжлүүлэн 2019 оны дөрөвдүгээр сард Парисын марафонд гүйсэн юм. Тэнд Их зургаан марафонд оролцож, амжилттай барианд орсон гүйгчдэд олгодог “6 од” медалийг анх удаа нүдээр харж байлаа. Тэр мөчөөс хойш Их зургаан марафоны болзлыг хангаж, энэ медалийг өөрийн болгохоор бэлтгэж, яг нэг жилийн өмнөх энэ өдөр Токиогийн марафоноос Монголынхоо хоёр гүйгчийн хамтаар гурвуулаа болзлоо хангаж медалиа авч байсан. Биднээс өмнө АНУ-д амьдардаг дасгалжуулагч Ирис Мөнх маань Монголоос анх удаа авсан байдаг. Сүүлд, ердөө гуравхан хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 3-нд болсон Токиогийн марафоноос мөн хоёр гүйгч “6 од” медалиа авснаар одоо бид зургуулаа болсон.
Яагаад Их зургаан марафон гээд байна гэхээр эдгээр уралдаануудад зүгээр л бүртгэлээ хийлгээд ороод гүйчихдэггүй онцлогтой. Оролцох эрхээ бусад марафоны амжилт, сугалаа, нийгмийн асуудалд зориулан хөрөнгө босгосон байдал, урилга гээд төрөл бүрийн аргаас сонгож биелүүлснээр оролцдог. Мэдээж өмнөх цагийн рекордыг ч харгалзаж үзнэ. Тийм болохоор л Их зургаад гүйх тийм ч хурдан, амархан биелдэг зорилго биш. Тодорхой хугацаанд уйгагүй бэлтгэж, зөв төлөвлөж байж биелүүлдэг.


Энэ бүхнийг хийсэн замналаа товчхон сонирхуулъя.
Берлиний марафон: 2021 оны есдүгээр сард зохиогдсон Берлиний марафонд оролцох эрхийг сугалаагаар олж авснаар Их зургаагийн аялал маань эхэлсэн түүхтэй. Энд амжилттай оролцсон ч 03:31:14 хугацаанд барианд орсон болохоор Чикаго, Бостон, Нью Йорк хотын марафонд оролцох эрхээ авч чадаагүй. Болзол нь гурван цаг 30 минутаас дотогш гүйх ёстой байдаг юм л даа, Токиогийнх бүр гурван цаг 15 минут болоод явчихна. Ингээд арга хайж явсаар, Ливерпүүл хотын марафонд тэнд байдаг монголчуудынхаа тусламжтайгаар яг болох өдөр нь амжин очиж оролцоод амжилттай гүйсэн.
Лондонгийн марафон: Тийнхүү Берлин болон Ливерпүүл хотын марафонуудын нийлбэр дүнгээрээ тэнцэж, урилгаар орсон.
Нью Йоркийн марафон: Цагийн болзлоо хангасан ч мэдээллээ амжиж илгээгээгүй болохоор бүртгүүлж чадаагүй. Сугалаанд орсон ч аз таараагүй. Ингээд өөр боломжийг атгаж, “Ахиллис Монгол” ТББ-ийн нэр дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафонд оролцох боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хөрөнгө босгож, олон нийтээс 3800 ам.доллар цуглуулан оролцох эрхээ авч байлаа.
Үргэлжлүүлэн Бостон, Чикаго хотуудын марафонд амжилттай оролцсон.
Токиогийн марафон: Тус марафон 2020-2022 онд завсарласан болохоор тэр гурван жилд дэлхий даяар нэг ч хүн “6 од”-ыг авч чадаагүй байсан юм. Тэр ч утгаараа Токиог зүглэх улам хэцүү, улам өрсөлдөөнтэй болсон. 30 мянган хүн оролцох марафонд 300 мянган хүн бүртгүүлсэн байлаа. Сугалаандаа орсон ч баталгаатай арга сонгохыг бодож марафонд оролцох эрх бүхий багцыг 2800 ам.доллароор авсан юм. Гэхдээ л азаар судалгаандаа сонгогдоод, марафондоо оролцон мөрөөдлөө биелүүлж, “6 од” медалиа авч чадсан билээ. Тэр жилийн Токиогийн марафонд 3330 хүн “6 од” медалийг хүртсэн нь Гиннест хамгийн олон хүн нэг зэрэг Их зургаагийн болзлыг хангаснаар бичигдсэн түүхтэй.



2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Манай гэр бүл 2004 онд Ирланд улсад нүүж ирээд, 2009 онд бага охиноо төрүүлснээс хойш Дублин хотод суурин амьдарч байна. Ирландын хувьд гүйлтээр хичээллэхэд нэн тохиромжтой, сайхан цаг агаартай улс. Тийм ч болохоор долоо хоногт 3-4 удаа өглөө эртлэн босож бэлтгэлээ хийчхээд ажилдаа явдаг. Одоогоор өндөр бэлтгэлийн үе биш болохоор өдөрт 10 км гүйж байна. Өнөөдөр бол 21 км дуусгаад орж ирсэн. Бүтэн марафонд цагийн рекорд тогтоох зорилготой оролцож байгаа үед бол өглөө таван цагт босож 20-оос дээш км гүйдэг.
Бие хөнгөн, нойр гүн байх тусам гүйхэд дөхөм байдаг тул согтууруулах ундааны хэрэглээг бүрэн халахын сацуу 19 цагаас хойш хоол идэхээ больсон. Харин оройн хоолны дараа хувиараа хийж буй бизнесийнхээ ажлуудыг нугалдаг. Ингээд 22 цагт, оройтлоо гэхэд 23 цагаас хэтрэлгүй орондоо ордог юм. Шөнөдөө гүн нойр авахад их анхаарна. Яаж ч сайн бэлтгэл хангаад нойрны чанар муу л бол тэр бүх хүч хөдөлмөр хийсэн оддог болохоор бат бөх унтахыг үнэнхүү чухалчилдаг. Тиймдээ ч унтахын өмнө өрөөний температураа урьдчилж багасгаад, гэрлээ бүдэгрүүлж, өөрт байгаа бүх зүйлдээ талархдаг.
3. Таны ажлын нөү-хау?
2015 онд гүйж эхлээд удаагүй байхдаа цаашид энэ спортоор хичээллэх хүн юм байна гэдгээ ойлгосон юм. Тэр үед ямар ч тохиолдолд гүйхдээ цаг гаргаж сурах нь л хамгийн хэцүү байсан. Зарим өдөр залхуурч хойш суухгүйн тулд ажлаасаа орж ирмэгцээ гүйлтийн хувцсаа өмсчхөөд, хоолоо хийж дуусгаад л шууд гардаг байлаа. Харин одоо бол учраа бүрэн олчихсон. Өглөө эртлэн босож, ажил эхлэхээс өмнө гүйдэг. Энэ нь төлөвлөлтөнд ч, сэтгэлд ч хамгийн амар, үр дүнтэй нь юм билээ. Ер нь аливаа нэг чадварыг өөртөө хэвшил болгоё гэвэл өглөөний цагийг ашиглавал зүгээр юм шиг санагддаг.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Garmin брэндийн ухаалаг цаг, Nike-ийн гүйлтийн бэлтгэл хангагч апп болон Brooks, Puma, Mizuno, Saucony брэндийн гүйлтийн гутлууд (гүйлтийн гутлууд нь маш хөнгөн бөгөөд гүйх үед өсгийнөөс тодорхой хэмжээнд түлхэлт өгдөг онцлогтой) байна даа. Цаг маань зүрхний цохилт, зүрхэнд өгч буй хүчилтөрөгчийн хэмжээ, алхалтын тоо, нойрны чанар зэрэг олон үзүүлэлтүүдийг хэмждэг болохоор үнэхээр хэрэглээтэй байдаг.
Nike-ийн аппдаа гүйлтийн гутлуудаа оруулаад тухайн өдөр ямар гутал сонгосноос шалтгаалан бэлтгэлийн хугацаа, хэмжээ түүнд тохирч өөрчлөгддөг нь их таалагддаг. Сонирхуулахад, дундаж бэлтгэлийн пүүз 600-1000 км туулаад элэгдэж дуусдаг юм.
Залруулж хэлэхэд, анхлан гүйж байгаа хүмүүс үүнийг уншаад гүйхийн тулд олон юм бэлддэг юм байна гэж бодох вий. Дөнгөж гүйж эхэлж байгаа бол зүгээр л байгаагаа өмсөөд гүйж эхэл, юуг хэзээ сонгож авах нь явцдаа ойлгогдож ирдэг юм шүү.


5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Мультитаскинг буюу нэг зэрэг олон зүйлс амжуулах. Мэдээж нэг зэрэг анхаарал шаарддаг хоёр зүйл хийнэ гэж үгүй л дээ. Зүгээр л хослуулан амжуулж болох зүйлс юу байж болохыг нарийн анзаарч, тэр ажигласнаараа хийдэг гэсэн санаа. Бэлтгэлдээ гарахдаа будаагаа агшаагаад явна, хоол хийхдээ угаалгын машинаа зэрэг ажиллуулна гэх мэтээр.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Марафонуудын хуваарь харьцангуй тодорхой байдаг. Тийм болохоор хийх ажил минь ч дагаад ойлгомжтой болдог. Тэгэхээр элдэв арга ухаан гэхээс илүүтэй толгойдоо сайн төлөвлөөд л, эхнээс хийгээд явдаг даа.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Оюуны хувьд бусдаас үлгэр дууриал авч эрч хүчээ сэлбэдэг юм шиг байна. Дээр ярьсанчлан Сараагаасаа гүйх сэдэл авч байсан гэх мэтээр.
Бие физиологийн хувьд гол нь нойр, хоол. Мөн нэмэлтээр маш сайн төрлийн мультивитамин, эрдэс, минералуудыг авч хэрэглэдэг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Анх Дублин хотод ирээд л маргааш өглөө нь шууд хүнсний франчайз дэлгүүрт ажилд орсон юм. Энэ газартаа одоог хүртэл тасралтгүй ажилласаар туршлага хуримтлуулж, одоо оффис болон кофе шопоо хариуцсан менежрээр ажиллах болсон. Саяхнаас бас өөрийн бизнесээ эхлүүлж, гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн борлуулж байгаа.
Мөн гүйлтийнхээ чиглэлээр “Дэлхийн Монголчуудын гүйлтийн суваг” НҮТББ-д дөрвөн жил ажиллаж байна. Гүйлтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, уриалах хүсэл сонирхлоор нэгдсэн хамт олон маань. Бид “Mgl Running Channel” фэйсбүүк группээрээ дамжуулаад Их зургаан марафон болон дэлхийн гүйлттэй холбоотой тэмцээн уралдаан, бүртгэлийн талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй түгээхийн сацуу жилийн турш олон төрлийн цахим гүйлтүүдийг зохион байгуулдаг. Мөн Дублин хотдоо “Бүтэнсайны гүйлт”-ийг зохион байгуулж, монголчуудаараа 72 дахь гүйлтээ саяхан хийгээд байна.



9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?
Онцлог сайн тал гэвэл энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш өөртөө итгэх итгэл үлэмж нэмэгдсэн. Зорилготой, мөрөөдөлтэй болсон. Мөн эрүүл мэндийн хувьд эрс сайжирч, гүйдэг болсноос хойш булчингийн масс нэмэгдэж, дархлаа сайтай болсон байна.
Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл хөрөнгө санхүүгийн асуудал л байна даа. Олон улсын марафонуудад ороход хөрөнгө мөнгө гарцаагүй хэрэг болно. Нэмээд миний хувьд марафон бүрд охиноо дагуулж явдаг юм. Онгоцны тийз, хот доторх тээвэр, хоолны мөнгө, бэлтгэл хангах зардал гээд л явж өгдөг дөө.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Энэ талаар бодоход л шууд сэтгэл догдолж байна. Энэ жил өөртөө тавьсан хоёр том зорилго байгаа.
Эхнийх нь, Гиннесийн амжилтад бүртгүүлэх. Юу гэхээр аливаа марафонууд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг гэх мэтээр нийгмийн асуудлуудад хандсан уриалга дор нэгдэж, тэр зүгт олны анхаарлыг хандуулахад чиглэдэг. Түүнээс гадна зарим хүмүүс марафоны үеэр хачин жигтэй хувцас, хэрэглэлтэй гүйдэг нь Гиннесийн амжилт тогтоох зорилготой байдаг юм. Миний бие энэ дөрөвдүгээр сард болох Лондонгийн марафонд бүтэн монгол хувцастайгаа гүйхээр төлөвлөөд, Гиннессийн хороонд хүсэлтээ өгч, хувцсаа батлуулан бэлтгэлдээ ороод байна.
Оролцох ангилал нь “Traditional Mongolian women dress” буюу Монгол үндэстний эмэгтэй өмсгөл. Өмнө нь энэ төрөлд тогтоосон рекорд байхгүй болохоор надад цагаа өөрөө сонгох эрх өгсөн. Дундаж амжилт маань гурван цаг 30 минут болохоор дөрвөн цагаар бүртгүүлсэн байгаа. Үндсэндээ өмсгөлөө өмсөөд дөрвөн цагийн дотор барианд орж ирсэн тохиолдолд энэ зорилгоо амжилттай биелүүлж, Геннисийн амжилтад бүртгүүлж чадна. Энэ марафонд оролцох дээл хувцсыг маань “Эртний Монгол хийц” урлангийн дизайнер О.Уранцэцэг урлаж өгсөнд үнэхээр талархаж байгаа. Мөн уг марафонд У.Ганзориг маань монгол гуталтай гүйж амжилт тогтоохоор бэлтгэж байгаа.
Дараагийнх нь, Парисын олимпын нэг хэсэг болох. Парисын Олимпын марафон гүйлтийн эрэгтэй, эмэгтэй төрлүүд ирэх наймдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдана. Зохион байгуулах хорооны зүгээс 10-ны 21 цагт бидэн шиг гүйгчдэд зориулсан 40 мянган оролцогчтой 10 км-ийн болон бүтэн марафон зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ бол миний хувьд магад олимп үзэхээс илүү сэтгэл хөдөлгөм боломж. Үүнд оролцохын тулд бүртгэлээ үүсгэж, клубт нь элсээд гурван жилийн хугацаанд зарласан сорилтуудад идэвхтэй оролцох ёстой ба цуглуулсан оноогоороо эрхээ авах дүрэмтэй. Үүнд таван км дугуй унах, 10 км алхах гээд л тухайн өдөрт нь багтааж хийх төрөл бүрийн даалгаврууд багтана. Миний хувьд нийт 42 даалгавар гүйцэтгэснээр оролцох эрхээ авч чадсан.
2024 онд ийм л хоёр зорилготой байна даа.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Нас, сэтгэл ханамжийн хувьд ч одоо надад карьер хөөж, хүнтэй өрсөлдөж, мастер, доктор хийх гэж зүтгэх шаардлага харьцангуй байхгүй болсон л доо. Гэхдээ л өөрт хэрэгтэй зүйлдээ аль болох мэргэжлийн хичээлийг нь авч, хол ойрын зүйлс уншиж судлахыг боддог. Цар тахал гарахаас өмнө ч эндхийн Техникийн их сургуульд мэргэжлийнхээ дагуу элсэж, хоёр жил суралцаад дуусгасан.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
“Монгол тулгатны 100 эрхэм” контентуудад их дуртай. Эх орноо, ялангуяа тэнгэрт одсон аавыгаа санахдаа Б.Лхагвасүрэн гуайн орсон дугаарыг нь үздэг юм. Мөн “100 дуу цуврал”-ын дуунуудыг их сонсоно. “Зулай цагаан алтай” дууны үнэнч сонсогч нь. Номын тал дээр шим тэжээл судлаач Л.Энхзулын “Сахар” номд дуртай.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Их зургаан марафонд оролцож, зургаан одны эзэн болсон анхны монгол гүйгч, дасгалжуулагч Ирис Мөнх маань надад “Марафоны үеэр зүгээр л тэр хүртэл хийсэн бэлтгэлдээ, түүнд зориулсан хүч хөдөлмөртөө итгээд бусдыг нь тухайн цаг мөчдөө даатгаад орхиж бай. Яах бол?, Цагийн нормоо хийж чадах болов уу? Энд муу оролцвол дараагийн эрхээ авч чадахгүй дээ гэх мэтээр дэмий зүйл бодож өөрийгөө зовоолгүй, гүйж эхэлсэн л бол чин сэтгэлээсээ тэр цаг мөчөө мэдэрч, жаргаж гүй.” гэж хэлсэн нь гүйгчийн хувьд их өгөөжтэй зөвлөгөө болсон.
14. Бусдад шидэх санаа?
Ямарваа ажлыг чин сэтгэлээсээ л хий. Ингэж чадсан цагт ажил, амьдрал аяндаа цэгцэрдэг гэж хэлмээр байна.
Мөн гүйлт бол эрүүл мэнд гэдгийг хэлье. Тийм ч болохоор гүйлтэд дурлана гэдэг нь гэр бүлийнхнээ хайрлаж, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж байгаагийн тод жишээ юм шүү.



Сэтгэгдэл бичих

