Ковер зургийн тайлбар: "80 насалъя" төслийн эрүүл мэндийн багийн зөвлөх Ч.Солонго

Он солигдох мөчид Алтан сарнай наадмын 21 дэх удаагийн ялагчид тодорсон билээ. Нийгэмдээ бодит үнэ цэн бүтээсэн төсөл, салбартаа тэргүүлэх гавьяа байгуулсан хүмүүсийг тодруулдаг уламжлалтай энэхүү наадмын 2024 оны ялагчдын түүхийг цувралаар өгүүлж, хийсэн бүтээснийг нь алдаршуулж байна. Ээлжит нийтлэлийн өнөөдрийн танилцуулах төсөл бол 80 насалъя. Эхлэхийн өмнө уншигч тантай нэгэн түүхийг хуваалцъя. Түүх ингэж эхэлдэг…


Аавынхаа ажлаасаа ирэх цагийг хуруу даран хүлээх бяцхан охин. Хэчнээн том болсон ч ажлаасаа ирэх бүрд нь өдөржин гадаа тоглосон хөлстэй духаа үнэрлүүлж, энгэрт нь эрхэлдэг хэвээрээ. Он цаг ээрсээр нэг л мэдэхэд охин мөрөөдөл зорилгоо биелүүлэхээр алс холыг зорино. Амьдралынх нь өмнө тодоос тод зурайх замаас өөрийг бодох сэхээгүй урам зоригоор жигүүрлэсэн охин эцсийн удаа аавдаа духаа үнэрлүүлж буйгаа яаж мэдэх билээ.

Харамсалтай нь яг энэ түүх "80 насалъя" төслийн гишүүний түүх бөгөөд Монголын мянга мянган гэр бүлийн бодит жишээ. Тухайлбал, 2021 оны дэлхийн статистик мэдээгээр эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 5 (эмэгтэй 73.8, эрэгтэй 68,4) харин Монголчуудын дундаж наслалтын зөрүү маш их буюу 10 гаруй байгаа нь (эмэгтэй 76,5, эрэгтэй 67) харамсалтай. Энэ асуудлыг үндэс сууриар нь шийдэхэд юун түрүүнд хамгийн барьцгүй, хэмжихэд хүндрэлтэй гэгддэг эрэгтэй хүний сэтгэлзүйтэй ажиллах хэрэг гарна. Энэхүү нөлөөллийн ажлыг эрчүүд давамгайлсан ажлын орчинтой байгууллагын нэг болох “Оюу толгой” компани 2021 онд эхлүүлсэн юм.

Эрчүүдийн эрүүл мэнд халаглаад өнгөрөх зүйл биш 

Зургийн тайлбар: "80 насалъя" төслийн баг

Монгол эрэгтэйчүүдийн наслалт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах байдал, сэтгэлзүйн байдал гээд олон зүйлсийг тоо баримтаар баталж, дурдаж болно. Гэхдээ бодит асуудал та бидний хажууханд, нүдэнд ил болж байдаг. Жишээ нь, эцэг эхчүүд эрэгтэй хүүхдэдээ илүү хатуу ширүүн хандаж байна уу? Тэднийг мэдрэмж сэтгэлээ нээхэд нь хэр сонсож хүлээж авч байна? Ажилд сургана гэх нэрийдлээр хүнд хүчир ажил байнга хийлгэдэг үү? гээд л асуудлууд эхнээсээ хөвөрнө.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хорвоод мэндэлсэн цагаасаа эхлээд нийгмийн эрс тэс нөлөөллөөс шалтгаалж тулгарах асуудлууд нь ялгаатай. Мэдээж нийгэмд тогтсон ойлголт, олон арван жилийн патриарх (эцгийн эрхт ёс) нийгэм, соёлын хор уршиг ч үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Гагцхүү бодит асуудлын нэн тулгамдсан хэсэг болох эрүүл мэндээс бүх шийдлийн суурь эхлэх нь зүйтэй болов уу. Их Британийн профессор Лес Мэйхьюгийн тооцоолсноор эрчүүд боломжит наслалтаасаа бага наслах болсон гол шалтгаан нь хорт зуршил болон эрүүл бус амьдралын хэв маяг хэмээн тогтоосон юм.

Тухайлбал, тамхи, согтууруулах ундааны хэрэглээ нь Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болох зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд энэ шалтгаанаар эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр насалж байна. Судалгаагаар эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ өндөр байснаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг 2.4 жилээр нэмэгдүүлдэг аж. Харин 2013 оны байдлаар Монгол улсад насанд хүрсэн эрчүүдийн 56.1 хувь буюу арван эрэгтэй тутмын зургаа нь тамхи татаж байгаа нь бусад улс оронтой харьцуулахад нэлээд дээгүүр байр эзэлж буй.



Түүнчлэн урьд өмнө социалист байсан орнуудын нэгэн адил Монгол Улсад ч мөн согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгаа нь ялангуяа эрчүүдийн дунд ноцтой асуудал хэвээр байна. Монгол эрэгтэйчүүдийн 39,7 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ үзэгдэл эмэгтэйчүүдийн дунд 15,1 хувь буюу 2,5 дахин бага байна.

2016 оны байдлаар өвчлөлийн бус нас баралтын шалтгааны нэгдүгээрт амиа хорлолт (387 эрэгтэй, 63 эмэгтэй), хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох, өртөх (352 эрэгтэй, 58 эмэгтэй) байгаагаас эрэгтэйчүүдийн тохиолдол илүү давамгайлж байгаа юм. Энэ мэт олон баримт, судалгаанаас харахад Монгол эрчүүд эрүүл бус амьдралын хэв маягтай байгаа нь илэрхий.



Энэ мэт амьдралын буруу хэвшлээс болж олон өвчин эмгэгт өртөмтгий болох, дээрээс нь хүнд өвдсөн ч эмнэлэгт хандахгүй байх хандлага нь дундаж наслалтад мөн ноцтой нөлөөлж буй нь гарцаагүй. Тухайлбал, 2016 онд эрүүл мэндийн байгууллагад хандан үзүүлсэн давтамж дунджаар эрчүүдийн хувьд таван удаа байгаа бол эмэгтэйчүүд зургаан удаа байна (жирэмсний хяналтын үзлэг үүнд хамаараагүй болно). Мөн түүнчлэн 2023 оны эхний арван сард 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд байна. Өвчний улмаас нас барсан эрчүүдийн 20 хувь нь зүрх судас, 15 хувь нь хавдар, 23 хувь нь элэг цөс, 15 хувь нь уушги, амьсгалын замын өвчнөөр харин 13 хувь нь гэмтэл, хордлогын шалтгаантай байсан юм.

Үүн дээр нэмээд эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд зам тээврийн ослоор нас барах нь 2.8, амиа хорлох нь 5.8, бусдад хорлогдох тохиолдол 4.1 дахин их байдаг аж. Тиймээс эрчүүдийг өвчлөл, осол бэртлээс сэргийлэхэд зөв амьдралын хэв маяг, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн чухал болох нь илэрхий. Үүнийг шийдэх нийгэмд зөв мэдээлэл түгээх, эрчүүдийг эрүүл амьдралын хэв маягтай болоход туслах мөн тогтсон ойлголтыг халахаар “80 насалъя” төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Тогтсон ойлголтыг өөрчлөх нь 

Жил бүрийн нэгдүгээр сард эрэгтэйчүүдийн бие болон сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дэлхий дахинд “Movember” хөдөлгөөнийг зохион байгуулдаг билээ. Энэ хөдөлгөөнд Оюутолгой компани ч мөн адил нэгдэж, ажилчдадаа зориулсан нөлөөллийн ажлыг жил бүрийн нэгдүгээр сард хийдэг ба яг энэ төслийг хэрэгжүүлэхдээ гурван хэсэгт хуваан хэрэгжүүлсэн юм.

Хамгийн түрүүнд эрэгтэй хүн 67-оос дээш наслах боломжтой хэмээх ойлголтыг уриа лоозон төдийд дэвшүүлээд зогсоолгүй тогтсон ойлголтыг өөрчлөхөд кампанит ажлын эхний жил зарцуулагдсан аж. Энэ ажлын хүрээнд "80nasalya" веб дээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой судалгааны ажил, нийтлэлүүдийг оруулж, мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран “Хаалгыг минь тогшооч” хэмээх эрэгтэйчүүдийн нөхөрлөлийг бататгаж, хоорондоо асуудлаа ярилцдаг болгох зорилгоор Оюутолгойн 400 ажилчдын дунд уг хөтөлбөрийг зохион байгуулсан юм.

Түүнчлэн 80 хүртэлх насалсан эрэгтэй тамирчид, бөхчүүдийн түүхийг өгүүлэх байдлаар зөв эрүүл амьдралын хэв маягт хөтөлсөн юм. Ингэхдээ телевизийн ярилцлага, подкаст, бичвэр зэргээр эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар нээлттэй ярилцах талаар өөрсдийн түүхээ хуваалцсан. Үүнээс онцлох олонд хүрсэн ярилцлага, түүхээс цухас дурдвал “Оюутолгой” компанийн Гүний уурхай төслийн захирал Жак Ван Тондер Unread-ийн "Би хэрхэн ажилладаг вэ?" булангийн нийтлэлд өөрийн сэтгэл гутралд орж байсан түүхээ хуваалцсан нь 6000 гаруй хандалттай мөн MANDUULERO подкастад эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярьсан нь 18,000 гаруй үзэлттэй байгаа юм.



Эршүүд эрэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголтыг өөрчлөх реклам, “Андын цаг” радио контент хийх зэргээр маш олон төрлийн эх сурвалжаар олонд хүрэх ажлыг хийсэн нь удалгүй олон хүний сонорт хүрч хүмүүс ч нааштай хүлээж авч өөрсдийн түүхээ давлагаалан хуваалцсаныг онцлууштай. Тухайлбал уг нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байх хугацаанд буюу 2022 онд нэгэн эрэгтэй өөрийн сэтгэл гутралд орсон түүхээ 80 насалъя төслийн багтай хуваалцсан нь олон нийтэд хүчтэй сэтгэгдэл үлдээсэн юм. Саяхан буюу өнгөрөгч арванхоёрдугаар сард л гэхэд Говь-Алтай аймаг дундаж наслалтыг 80 хүргэх "80 насалъя" хөтөлбөрийг баталсан байна.

Энэхүү хөтөлбөр нь 2024 оноос таван жилийн хугацаанд хэрэгжих ба иргэн бүрд 80-аас дээш наслах хандлагыг бий болгох гол зорилготой бөгөөд үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжээс эхлэн хоёр шатлалын байгууллага оролцохоороо онцлогтой юм. Ард иргэдийн дундах өвчлөл, тэдний нас баралтын шалтгааныг бууруулахад ахиц гаргасан сум, өрхийн эмнэлгийн хамт олныг багаар нь шалгаруулж, 50 хүртэлх сая төгрөгөөр шагнан урамшуулна хэмээн хурлын үеэр Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цохон тэмдэглэжээ.

Хэмжихэд бэрх ч хэмжээлшгүй өөрчлөлт


Нийгмийн нөлөөллийн ажлыг тоогоор хэмжихэд хүндрэлтэйн дээр хэмжих нь ч уг төслийн эрхэм зорилго биш аж. Хамгийн чухал нь нийгмийн бага ч болов хувийн тогтсон ойлголтыг өөрчилж, мэдээллийг ил болгож, идэвхгүй байдлаар ч болов энэ талын мэдээллийг эрчүүд авах боломжтой болох, мэдрэмж, сэтгэл, асуудлаа бусадтай хуваалцах нь энгийн зүйл хэмээх ойлголтыг түгээсэн явдал л уг төслийн үнэ цэн оршиж буй. Тиймээс тэдний хийж бүтээсэн ажлын гүйцэтгэл, үр дүн хэмжиж, тоолоод тавих тооцооноос илүүтэй урт хугацаанд үр нөлөө нь ажиглагдах зүйл болох нь 2021 оноос хойш хэрэгжсэн уг төслийн үр дүн нь 2023 онд төсөл боловсруулах сэдэл болсноос харагдаж байгаа биз ээ.

Хамтдаа жаргалтай 80 насалъя.