Өнөөдрийн дугаартаа бид “Оюу толгой” компанийн Гүний уурхай төслийн захирал Жак Ван Тондертой ярилцлаа. “Рио Тинто” компанийн Өмнөд Африк дахь салбараас ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр Палабора, Рөүб Валли, Кэйп Ламбэрт, Хөүп Даунс 4, Аргайль зэрэг уурхай, боомтод гүйцэтгэх удирдлагын алба хашсан туршлагатай. Ингээд уул уурхайн салбарт 22 жил ажиллаж буй түүний ажил болоод амьдралын арга барилтай танилцъя.

Байршил: Моннис Тауэр XII давхар
Эрхэлдэг ажил: “Оюу толгой” компанийн Гүний уурхай төслийн захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
Сошиал хуудсууд: Jacques van Tonder (ЛинкэдИн)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ? 

Хүүхэд байхдаа хэзээ ч уул уурхайн салбарт ажиллана гэж бодож байгаагүй. Өмнөд Африкт өссөн хүүхдүүдийн ихэнх нь нисгэгч болоод дэлхийтэй танилцах мөрөөдөлтэй байхад 18 настай би цэргийн алба хааж, хожим амьдралд маань хэрэг болох тэвчээр хатуужил, зарчимч байдал зэрэг олон чанарт суралцсан. Цэргийн албаа хаачхаад өөрийгөө сорьсон, утга учиртай зүйл хийж бүтээх хүсэлтэй байлаа. Тухайн үед манай гэр бүлийн зарим нь уул уурхайн салбарт ажилладаг байсан учраас инженерээр суралцаж, ажлын гараагаа Рио Тинто компаниас эхэлж байв. Дараа нь цөмийн эрчим хүчний салбарт ч туршлагажиж амжсан.

Өнөөдрийн байдлаар би уул уурхайн салбарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Харин “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирлын албан тушаалыг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн хугацаанд оролцож байсан онцлох төслүүд гэвэл Палабора, Рөүб Валли, Кэйп Ламбэрт, Хөүп Даунс 4, Аргайль зэргийг дурдаж болох юм.



2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын өдрүүд адилхан өнгөрнө гэдэг цөөн. Өдөр бүр л ямар нэг шинэ зүйл, шинэ сорилттой нүүр тулна.

Миний хувьд өглөө 5:30 цагт босоод юун түрүүнд хүйтэн шүршүүрт орж, дасгал хийдэг. Мөн жюү жицүгээр хичээллэнэ. Ажил эхлэхээс өмнө дасгал хөдөлгөөн хийх нь ямар нэг зүйлийг хийж бүтээсэн мэт мэдрэмж өгч сэтгэл санаа дэмжиж өгдөг юм. Харин орой нь маргаашийн ажлуудаа төлөвлөж, хийхийг хүсэж буй болон хийсэн ажлуудаа тэмдэглэдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ажилдаа таван хувийн зарчмыг баримталдаг. Тодруулбал, нийт ажлын 85 хувийг бүх хүн хийж чадна. Магадгүй арван хувийг нь мэргэжлийн хүмүүсийн хийж чадах ажлууд бүрдүүлэх байх. Харин үлдсэн таван хувийг зөвхөн чи л хийж, хамгийн их үнэ цэн авчирч чадна. Тиймээс би тэрхүү таван хувьд бүх анхаарлаа хандуулдаг. Бусад хүний хийж дөнгөх 85 хувь дээр анхаарахыг хүсдэггүй гэсэн үг.

Түүнчлэн багийнхныгаа урамшуулж, дэмжих нь нэлээн чухал. Нэгэнт л хүн бүрийн ажлыг зохицуулж, хийж чадахгүйгээс хойш бусдадаа зорилгоо тодорхой ойлгуулж, хариуцлагыг өөрт нь өгч, хэрэгтэй зүйлсээр нь хангаж итгэл хүлээлгэх ёстой юм билээ. Тиймдээ ч хэн бүхэнд миний өрөөний хаалга үргэлж нээлттэй. Ажлын хувьд ямар нэг асуудалтай тулбал шууд ирээд ярилцаж болно.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Апп-ын хувьд бусадтай адил Microsoft Teams, LinkedIn зэргийг тогтмол ашиглана. Нэлээн хуучинсаг хүн болохоор бичиж тэмдэглэх дуртай. Ер нь аливаа агуулгыг зурж, бичсэнээр тайлбарлахад илүү хялбар болдог.

Хэрэгсэл гэвэл бараг л хүн бүрийн адилаар ухаалаг утас гэж хариулна. И-мэйл, уулзалт гээд бүх зүйлээ ухаалаг утсаараа л амжуулж байна. Мөн тухтай, сайн чанарын чихэвч заавал байх ёстой гэж боддог.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө эрт сэрэх. Бусдын амарч байгаа цагт сэрж, 2-3 цагийг ямар нэг зүйлд сатаарахгүйгээр хамгийн чухал ажлууд дээрээ төвлөрч ажилладаг. Удирдах албан тушаалтны хувьд ингэж ажилласнаар ажил эхлэхээс өмнө гарч болох асуудлуудыг урьдчилан тооцоолох, багийнхандаа саадгүй ажиллах боломжийг бүрдүүлдэг юм.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Миний ажлын 80 хувь нь аль хэдийн урьдчилан төлөвлөсөн байдаг. Тиймээс ажлын өдрийн өмнөх орой нь маргааш хийх ажлуудаа харж, тэдгээрт шаардлагатай материалуудтай танилцах, санаагаа тэмдэглэх зэргээр бэлдэнэ.

Харин үлдсэн 20 хувиа гэнэтийн ажлуудад зориулдаг гэж хэлж болох юм. Ажлын онцлогоос хамаарч харилцан адилгүй цагийн бүсэд ажиллахыг шаарддаг болохоор заримдаа өглөөний таван цагт эсвэл оройн арван цагт уулзалт хийх ч үе бий. Тийм тохиолдолд дараа нь заавал нөхөж амарч байж үр бүтээмжээ алдахгүй байж чаддаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ихэвчлэн биеийн дасгал хөдөлгөөн хийж эрч хүчээ авдаг. Жишээлбэл, жюү жицүгээр хичээллэж байх үед зөвхөн дасгалдаа л төвлөрч, өөр ямар ч зүйлд сатаардаггүй. Товчхондоо, яг тухайн цаг мөчдөө байхыг шаарддаг гэсэн үг. Энэ нь оюун санааны хувьд маш сайн амралт болдог.

Амралтын өдрүүдэд ихэвчлэн ажиллахгүй байхыг хичээнэ. Ялангуяа ням гарагт хангалттай нойр авах, алхах, саунд сух, хоол хийх зэргээр ажлаасаа хөндийрч эргэн тойрны хүмүүстэйгээ хамт цаг өнгөрүүлдэг. Өөрийгөө анхаарах нь ажлын хурд, бүтээмжээ алдахгүй байх хамгийн чухал арга шүү дээ.

Ажлын орчинд бид багаараа өглөө бүр бие биеийхээ сэтгэл санаа ямар байгааг асуудаг дадалтай. Ингэснээр ажлын уур амьсгал ч эерэг, хамт олон маань ч эрч хүчтэй болдог юм шиг санагддаг.



8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Монголд ирснээс хойш ихэнх хоббиноосоо түр завсарлага авсан. Гэхдээ хуучны автомашин, мотоцикл аваад засаж янзлаад, эргүүлээд хүмүүстэй солилцох дуртай хэвээрээ.

Энд ирээд өмнө нь хийж байгаагүй ямар нэг зүйл хийхийг хүссэн. Одоогоор жюү жицүгээр хичээллээд хоёр жил болж байна. Бие хамгаалах урлагт суралцахаас гадна, сэтгэл санаанд их тустай. Үргэлж чамаас илүү чадварлаг байдаг учраас даруу байх, сурах зүйл их байгааг мэдрүүлдэг юм. Энэхүү спортоор эмч, хуульч, цагдаа гээд олон төрлийн мэргэжилтэй хүмүүс хичээллэдэг тул олон ч хүнтэй танилцсан.

Түүнчлэн жюү жицүгийн холбооны хүрээнд бид гэр хорооллын хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн олон ажил зохион байгуулдаг. Сонирхуулахад, 2023 онд Монгол Улс анх удаа жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсныг энэ ташрамд дуулгая.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өөрөөсөө том ямар нэг зүйлийг бүтээж, эргээд бодоход Монгол Улсад хэрэгтэй томоохон зүйлийн өчүүхэн ч гэсэн нэг хэсэг нь болж, урт настай зүйл бүтээлцэх боломжтой нь миний ажлын хамгийн том давуу тал. Харин сул тал гэвэл гэр бүл, хайртай хүмүүсээсээ хол байх юм болов уу. Хүү маань энэ жил 25 настай. Бид хоёр ойрд уулзаагүй. Ирэх сард хүүтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.



10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Яг одоо ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөнд анхааран ажиллаж байна. Уг төлөвлөгөөгөө хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, зөвшөөрөл авах ёстой. Мөн уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах, ажилчдын аюулгүй байдалд онцгойлон анхаарч, хэн нэгэн бэртэж гэмтэхээс сэргийлэх тал дээр чухалчлан ажиллаж байна.

Үүнээс гадна ДЭМБ-аас арваннэгдүгээр сарыг эрчүүдийн эрүүл мэндийн сар болгон зарласантай холбогдуулан манай компани “80 насалъя” мэдээллийн аян зохион байгуулж байгаа. Улс орнууд энэ сарыг эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд олон үйл ажиллагааг санаачлан ажиллаж ирсэн. Юун түрүүнд энэхүү аяны талаар илүү дэлгэрэнгүй ярихаас өмнө нэгэн түүхийг хуваалцах хэрэгтэй болов уу.

Манай хадам аав сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж амиа егүүтгэсэн харамсалтай үйл явдал тохиож байсан юм. Гэр бүлийнхний маань хувьд тун цочирдом хэрэг болсон нь мэдээж. Энэ үйл явдлаас хойш эрчүүдийн эрүүл мэндийн асуудал, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр би онцгой анхаарал хандуулах болсон. "Оюу толгой" компанийн хувьд ч ажилтан нэг бүрийнхээ сэтгэл зүйд ихээхэн анхаарч, "Өдөр бүр хүндэтгэе", "Are you okay?" зэрэг аян зохион байгуулж байлаа. Харин энэ удаа бид ажилтнуудаа эргэн тойрныхоо баг хамт олон, гэр бүл, нийгэмдээ нээлттэй байгаасай гэсэн зорилгоор ээлжит аянаа эхлүүлж байна.

Зөвхөн “Оюу толгой” гэлтгүй “Рио Тинто” группийн хэмжээнд ч эрчүүдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарч үздэг гэдгийг энэ ташрамд дурдах нь зүйтэй байх.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Тасралтгүй суралцах нь асар чухал гэж боддог. Хэрвээ чи цаг тутам суралцахгүй бол үргэлж суралцаж байдаг хэн нэгэн чамайг гүйцэх л болно. Миний хувьд жил бүр нэг шинэ зүйл сурахыг хичээдэг уламжлалтай. Жишээлбэл, энэ жил төлбөрийн картын систем нэвтрүүлэх сургалтад хамрагдсан. Ирэх жил олон улсын компанийн ТУЗ-ийн гишүүдэд зориулсан сургалтад суухаар төлөвлөж байна.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?

Австрали зохиолч Скотт Папын “The Barefoot Investor” нэртэй номыг санал болгоё. Энэ номд мөнгөө хэрхэн зарцуулах, хөрөнгө оруулах тухай өгүүлдэг юм.

Дуу гэвэл Billie Eilish-ийн “Everything I Ever Wanted” дууг сүүлийн үед их сонсож байгаа. Ер нь дууны хувьд бүх л урсгалын дууг сонсдог.

Харин киноны тухайд “Dead Poets Society” (1989), “The Shawshank Redemption” (1994) зэрэг уран бүтээлийг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хоёр зөвлөгөө бий. Эхнийх нь илүү амьдралтай холбоотой. Цэрэгт байхад хэцүү нөхцөл байдал тулгарах бүрд ахмад маань “Хэцүү байна гэж бүү бод. Зүгээр л бэлтгэлдээ итгэ” гэж хэлдэг байсан юм. Юуг хийхээ бодох бус өөртөө болон бэлтгэлдээ итгэж, ямар нэг аргаар даваад гарна гэдгээ бодох нь чухал санагддаг.

Хоёрдугаарт, хүн бүр өөрийн гэсэн онцлогоо олох нь чухал. Заримдаа хэцүү ажлыг гардаад авах л хэрэгтэй. Миний хувьд ихэвчлэн хүмүүсийн тэр бүр авахыг хүсдэггүй хүндхэн ажлуудыг хариуцахыг эрмэлздэг байлаа. Ямар ч ажилд хожигдол гэж үгүй. Чи хийж чадахгүй бол хүмүүс түүнийг хэцүү ажил байжээ л гэж бодно. Харин хийж чадвал хүмүүс чамайг сайшаан магтана. Мэдээж ямар ч ажлаа хамтран ажиллагсдын маань хүчин чармайлтгүйгээр төсөөлшгүй шүү дээ.



14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Миний бодлоор өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Учир нь буруу хүрээлэлтэй хүмүүс ахиц дэвшил гаргахгүй байх нь элбэг. Чамайг амжилтад хүрээсэй гэж хүсдэг нэгэн чиний бурууг чин үнэнээр нь хэлж чадах хүмүүс. Эсрэгээрээ чамайг үргэлж магтаад байвал чиний найз биш л гэсэн үг. Тийм ч учраас миний сайн найзууд миний хамгийн том шүүмжлэгчид байдаг.

Амьдарч үзээгүй улсдаа ирээд хөл хорионд орох мэдээж хэцүү байсан. Энэ хугацаанд хамгийн сайн ойлгосон зүйл гэвэл хэрэв чи бие махбодын хувьд эрүүл, идэвхтэй байвал оюун санааны хувьд ч эрүүл бөгөөд дасан зохицох чадвартай байдаг юм билээ. Цар тахал ч гэлтгүй өдөр тутмын болон нийгмийн стрессээс ангид байхын тулд бие махбодын хувьд эрүүл байгаарай. Үүнээс гадна аливаа асуудлын талаар нээлттэй ярилцаж болох хүнтэй байх нь чухал. Хүн бүрд л хэцүү үе тохиолддог. Гагцхүү тэр үедээ хэн нэгэнтэй санааг чинь зовоож буй зүйлсийн талаар ярилцах хэрэгтэй шүү.