Маргааш Apple-ийн 50 жилийн ой тохионо. Бид Techworm буландаа Apple-ийн 50 жилийн ойд зориулсан хоёр тусгай нийтлэлийг хүргэх ба эхнийх нь Стив Жобсын харах өнцөг, өөрөөр сэтгэх чадварын талаар байх юм. Харин нөгөөх нь Apple-ийг Apple болгодог элементүүдийн тухай өгүүлэх болно.

Тус компани хагас зуун жилийн турш хүн төрөлхтний нөөц бололцоог шат ахиулах шинэ багаж бүтээсээр ирсэн билээ. Тиймдээ ч өдгөө 2.5 тэрбум хэрэглэгчтэй экосистемийг бүтээж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд болжээ.

Бараг л алим жимснээс ч илүү олонд танигдсан брэндийг үүсгэн байгуулсан Стив Жобс болон түүний бүтээгдэхүүний харах өнцөг туйлын онцгой. Магад С.Жобсын үлдээсэн өв нь Apple-ийн төхөөрөмжүүд гэхээс илүүтэй бүтээгдэхүүний харах өнцөг, үзэл санаа, аливааг бүтээх үйл байж мэдэх юм. Тэрээр Apple-ийн төхөөрөмжүүдийг бүтээх хугацаандаа өөрөөр сэтгэх, яаж шинэ багаж бүтээх, тэдгээрийг бусдад дизайны хэлээр хэрхэн ойлгуулж болохыг дэлхий нийтэд заасан нэгэн билээ.

Apple парк

“Би шайбын байгаа цэг рүү биш байх цэг рүү нь очдог"

С.Жобс-ийн хэлэх дуртай эшлэл

ШИНЭ УНАДАГ ДУГУЙ

Стив Жобс анхны хувийн комьютерыг бүтээснээс хэдхэн жилийн дараа Computers and People сэтгүүлд “Хувийн компьютерыг зохион бүтээхдээ бид шинэ төрлийн унадаг дугуй бүтээсэн” гэх гарчигтай нэгэн ярилцлага өгч байсныг саяхан олж уншсан юм. Дөчин жилийн өмнө бичигдсэн зургаан хуудас бүхий уг нийтлэлд өнөөдрийн бидний гол багаж болох компьютерын харах өнцгийг тов тодорхой тайлбарласан байв.

Computers and People дээрх нийтлэл

Стив Жобс шинжлэх ухааны Scientific American сэтгүүл дээрээс амьтдын хөдөлгөөн ба энерги зарцуулалтын (Locomotion efficiency) талаарх судалгаа уншжээ. Судалгаагаар аль төрөл зүйл А цэгээс Б цэг рүү хамгийн бага эрчим хүч зарцуулж хүрэхийг тодорхойлсон байв. Үр ашиг хамгийн өндөртэй нь кондор шувуу байсан бол хүн төрөлхтөн бид энэ жагсаалтад сүүл мушгих шахжээ. Харин хэн нэгэн унадаг дугуй унасан хүнийг туршиж үзэх санаа гаргасан аж. Харьцуулаад үзтэл хүн кондор шувуунаас хоёр дахин их үр ашигтай болж хувирав. Өөрөөр хэлбэл унадаг дугуйтай хүн дэлхий дээрх хамгийн өндөр үр ашигтай төрөл зүйл болно гэсэн үг.

Энэ бол хүний багаж бүтээх чадварыг харуулсан туршилт байлаа. Хүн унадаг дугуйг бүтээхдээ төрөлх чадвараа нэмэгдүүлэхүйц багаж бий болгосон нь энэ юм. Үүнийг уншсан Стив Жобс өөрсдийн бүтээсэн хувийн комьютерыг “оюуны ухааны унадаг дугуй”-тай жишин зүйрлэх болжээ. Үндсэндээ бидний төрөлх оюуны чадамжийг нэмэгдүүлэх 21 дүгээр зууны унадаг дугуй бол компьютер байсан юм.

Scientific American сэтгүүл дээрх судалгаа

Хувийн комьютер гарахаас өмнө 1960, 1970 онд 50 хүн хамтдаа нэг компьютер хэрэглэдэг байж. Асар өндөр зардалтай, хэдэн өрөө дамжсан нүсэр эд байсан учраас тэр юм. Харин микрочип хөгжиж, хэмжээ нь жижгэрч, үнэ нь хямдарснаар хүн бүр хувьдаа компьютертой болох технологийн нөхцөл бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл хүн, компьютер хоёрын дунд анх удаа хувийн харилцаа үүсэж эхэлсэн гэсэн үг.

Харин Стив Жобс болон Apple-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Возниак нар энэ боломжийг харж, тооцоолон бодох чадвартай шинэ төрлийн унадаг дугуйг 50 жилийн өмнөөс бүтээх ажилдаа орсон юм.

ДИЗАЙН БОЛ БҮХ ЗҮЙЛ

Хүмүүс дизайныг зөвхөн гаднаас харагдах өнгө үзэмж, хэлбэр дүрс гэж бодох нь олонтоо. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг нотлон харуулсан хүн бол Стив Жобс. Түүний дизайныг ойлгох үзэл санааг нэг үгээр тодорхойл гэвэл “энгийн” гэдэг үг яруу тохирох болов уу. Энгийн байна гэдэг төвөгтэй болхи байна гэсэн үг биш. Энэ бол бага зүйлээр ихийг илэрхийлэх санаа юм.

iPod, iPhone, MacBook зэрэг Apple-ийн бүх л бүтээгдэхүүний дизайныг нухацтайгаар бодоод үз дээ. Нэг ч илүү зүйл байхгүй мэт, ийм л байх ёстой юм шиг мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна. Энэ бол Apple-ийн 50 жилийн турш өөрсдийн бүтээсэн багаж бүхэнд шингээсэн санаа. Хэрэглэгч тэдний бүтээгдэхүүнийг авсан л бол ямар ч заавар уншихгүйгээр ажиллуулж чаддаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Жони Айвигийн бүтээсэн дизайнууд

Стив Жобсын энэхүү санааг амьдрал дээр бодит болгосон эрхэм бол Жони Айви билээ. Тэдний хамтрал технологийг хүйтэн хөндий бус хайр шингэсэн бүтээгдэхүүн болгосон гэхэд хилсдэхгүй. Жони Айви хөнгөн цагаан болон шилний материалыг маш гарамгай ашиглаж чаддаг гэдгээрээ алдартай бөгөөд үүнийг MacBook-ийн загвараас тод харж болно.

MacBook-ээс бид дизайн болон материал судлал хэрхэн хослон ажилладгийг ойлгох боломжтой. Үүнээс өмнөх зөөврийн компьютерүүд хооронд нь цавуугаар наасан олон жижиг хэсгүүдээс бүрддэг байв. Энэ нь лаптопыг зузаан, болхи харагдуулдаг байсан юм. Харин Жони Айви хөнгөн цагаан гулдмайг өндөр нарийвчлалтай машинаар ухаж, MacBook-ийн нэг цул их биеийг гарган авсан байдаг. Ингэж олон эрэг шургаас ангижирч, эгэл бөгөөд дэгжин дизайнтай, хаана ч ашиглах боломжтой оюуны ухааны “унадаг дугуйг” бүтээж чаджээ. Энэ технологийг iPhone дээрээс ч харж болно. Магад Жони Айвигийн эцэг мөнгөн эдлэл хийдэг дархан байсан нь түүний бүтээлч сэтгэлгээд нөлөөлсөн байж мэдэх юм.

Jony Ive x Sam Altman: Дэлхийг өөрчлөх супер хамтрал

THINK DIFFERENT

1997 он.

Apple дампуурахад ердөө 90 хоног үлдээд байв. Стив Жобс 12 жилийн дараа үүсгэн байгуулсан компанидаа эргэн ирлээ. Түүнд хамгийн эхэнд бүтээгдэхүүн биш, харин "итгэл үнэмшил" хэрэгтэй байсан юм. Стив Жобсийг эзгүй үед компанийн удирдлагууд хэт олон бүтээгдэхүүн хөгжүүлж учраа ололгүй явсаар зах зээл дэх байр сууриа хэдийн алдсан байлаа. Apple-ийг эргүүлэх шинэ салхи хэрэгтэй байв.

Тэрээр эргэн ирсэн даруйдаа 350 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 10 болтол нь багасгаж, түүхэнд тодоор бичигдсэн кампанит ажлаа эхлүүллээ. Энэ бол "Think Different" байсан юм.

Think different

Маркетингийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий уг кампанит ажил Жобсын ертөнцийг үзэх үзлийн толь байсан гэхэд болно. Apple-ийн хэрэглэгчдийг зүгээр нэг худалдан авагч бус, харин дүрэм зөрчигч, шинийг санаачлагч, ертөнцийг өөрчлөх хүсэлтэй галзуу хүмүүс гэж тодорхойлсон юм. Түүний хувьд эргэн ирснийхээ дараа RAM-ны хурд, үзүүлэлт, багтаамжийн талаар ярихаа зогсоож, хэрэглэгчдийнхээ оюун санаа, зүрх сэтгэлд хүрэхийг зорих болсон юм. Энэ нь тус Apple-ийг технологийн компаниас амьдралын хэв маягийг тодорхойлогч брэнд болгосон билээ.

ТӨГС ТӨВЛӨРӨЛ

XXI зууныг тодорхойлох үг олон бий. Мэдээллийн эрин, Технологийн зуун, Дижитал эрин, Хиймэл оюуны эрин… Эдгээр олон тодорхойлолтоос эл нийтлэлдээ Анхаарлын эдийн засаг (attention economy) гэх ойлголтыг нь тодотгож, Жобсын төвлөрөх арга барилыг тайлбарлая.

Өнөө цагт хүний анхаарал гэдэг хамгийн ховор, үнэ цэнтэй зүйл болоод байна. Контент бүтээгч, зар сурталчилгааны агентлаг, медиа компаниуд хэрэглэгчийн анхаарлыг татахын төлөө ширүүн өрсөлдөж, үүн дээрээс ашиг орлогоо бүрдүүлж байна. Гэвч энэхүү тасралтгүй өрсөлдөөн нь эргээд бидний төвлөрөх чадварыг сарниулж, хувь хүний бүтээмж буурах гол шалтгаан болж буйг дурдах нь зүй.

Стив Жобсын хувьд төвлөрөл гэдэг нь дуртай зүйлдээ “Тийм” гэж хэлэх бус харин олон зуун гайхалтай санаанд “Үгүй” гэхийг хэлэх ажээ. Үүнийг бид эргэн ирсэн даруйдаа хэрэгжиж байсан нийт төслийнхөө 90 гаруй хувийг шууд зогсоосноос нь харж болно.

Стив Жобс - 1982 он

Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг цөөлөхдөө 2х2 хэмжээтэй доорх хүснэгтийг ашигладаг байжээ. Багийнхаа гишүүдэд энэ дөрвөн нүдэнд тохирхох шилдэг компьютер хийхэд төвлөрүүлж, бусад бүх нэмэлт төслүүдийг цуцалдаг байсан юм. Тэрчлэн аливаа зүйлийн мөн чанарыг олж харах, илүү дутуу чимэггүй байлгахыг Зен Буддизмаас суралцжээ.

Харин өнөөгийн бидэнд шинэ төрлийн унадаг дугуй хэдэн янзаараа бий. Гэвч бидэнд төвлөрөл асар хомс байна. Багаж бүтээх нөөц бололцоо хүн бүрд байгаа. Гагцхүү анхаарлаа төвлөрүүлж, мөн чанарыг нь ойлгож, багаар ихийг бүтээж чаддаг нь тун цөөхөн билээ.

“Чи бусдын ашиглаж болохуйц өөрийн гэсэн зүйлийг бүтээж чадна.”

Стив Жобс