Удаан хугацааны шуум биеллээ олж Apple эцэст нь хиймэл оюуны өрсөлдөөн дэх гол хамтрагчаараа Google-ийг сонголоо. Ингэснээр энэ жил хийгдэхээр хүлээгдэж буй Siri-гийн томоохон шинэчлэлтэд Gemini дайчлагдах нь ээ. Үүний цаана Apple экосистемдээ хиймэл оюуныг хэрхэн нэвтрүүлэх, Siri-тэй нэгдсэн ChatGPT яах эсэх зэрэг олон асуултууд урган гарч байна. Уг нийтлэлээр гар утасны зах зээлийн хамгийн том тоглогч AI эринд ямар стратеги баримталж буйг тайлбарлалаа.
ЮУ БОЛОВ?
Google хэдхэн цагийн өмнө Apple-тай эхлүүлж буй шинэ хамтралаа зарлалаа. Уг мэдэгдэлд тус хоёр компани олон жил хамтарч ажиллахаас гадна Apple-ийн суурь моделд Google-ийн Gemini хиймэл оюуны загвар болон үүлэн технологийг нь ашиглана гэдгийг онцолжээ. Мөн мэдээж Siri-г илүү ухаалаг болоход Gemini-ийг ашиглана.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Bloomberg-ийн технологийн сэтгүүлч Марк Гурман тус хамтралын талаар анх мэдээлж байв. Үүний дараа нэг жилийн 1 тэрбум долларын гэрээ байгуулах шуум хөвөрч байлаа. Одоо харин энэ бүх албан бус мэдээлэл баталгаажиж байгаа нь энэ юм. Google-ийн хувьд хайлтын системээ default байдлаар ашиглуулахын тулд Apple-д хэдэн арван тэрбум долларыг жил бүр төлсөөр ирсэн. Одоо харин Apple Google-д төлөх цаг иржээ.
Энэхүү хамтрал өнөөдөр олны чихэнд хүрч, анхаарал татаж байгаа боловч арав гаруй жилийн өмнөх шийдвэрүүдээс эхлэлтэй.
APPLE-ИЙН AI-ТАЙ ХОЛБООТОЙ ТҮҮХ
Apple хиймэл оюуны салбарт бусад томчуудаас түрүүлж алхсаар ирсэн. Тэд 2010 онд Siri-г худалдан авч, жилийн дараа iPhone-д нэвтрүүлж байсан түүхтэй. Харин Google дөрвөн жилийн дараа Google DeepMind-г өөрсөддөө нэгтэж, 2016 онд хиймэл оюунд суурилсан туслах Google Assistant-г танилцуулж байв. Олон жил Siri хамгийн ухаалаг хиймэл оюунт систем гэж нэрлэгддэсэн байсан ч одоо хамгийн “тэнэг” нь болжээ.
Siri-г ийм түвшинд авчирсан компани бол OpenAI. 2022 оны сүүлчээр ChatGPT тоглоомын дүрмийг өөрчилж, бүх зүйл хиймэл оюунтай холбоотой болов. Хүчирхэг процессор, супер камер, илүү хурдан гэх үзүүлэлтүүд хэрэглэгчдийн сонирхолыг татахаа больж зах зээл асар хурдан өөрчлөгдөв. Төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд богино хугацаанд энэхүү өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай болсон юм.
Үүнд технологийн томчууд дундаас хамгийн сайн бэлтгэлттэй байсан нь Apple биш Google байлаа. Учир нь тус хоёр компанийн хиймэл оюуны салбарт баримталсан стратеги өөр өөр байсан юм. Apple хиймэл оюуны нэгждээ Siri-г хөгжүүлэхийг даатгасан бол Google илүү шинжлэх ухааны суурь судалгаанд хөрөнгө оруулж байв. Үүнийхээ ачаар тэргүүлэх хэлний загваруудыг хөгжүүлж, бүтээгдэхүүнүүддээ ашиглаж ирсэн. Харин Apple хэлний том загварын (LLM) талаар дурддаг ч үгүй байв.
Google-ийн зарим AI бүтээгдэхүүн зах зээл дээр бүтэлгүйтэж, шуугиан дэгдээж байсан ч андройд үйлдлийн систем дээр хамгийн сайн нь байв. Эцэст нь Apple 2024 онд Apple Intelligence нэртэйгээр хиймэл оюуны стратегиэ танилцуулан iPhone 16-тай хамт хэрэглээнд нэтрэнэ гэж амалсан ч бүтэлгүйтэж, гол маркетинг хийж байсан функцүүдээ энэ жил рүү хойшлуулсан билээ. Тэр цагаас хойш тэд хамтрагч хайж эхэлсэн юм. Үүнд Anthropic, Perplexity, Alibaba яригдаж байсан ч Google-г сонгожээ.
Ийнхүү 2026 оноос эхлэн Apple Google-ийн Gemini-г ашиглан өөрсдийн шинэ фунцүүдээ хөгжүүлэх нь.
iPhone 19 нас хүрлээ: Халаасанд багтсан хувьсгал
Unread
SIRI-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?
Энэ жил Siri-ийн хоёр жилийн өмнөх шинэ дизайн, илүү ухаалаг болон эргэн ирнэ. Siri iPhone дээрх хэрэглэгчийн мэдээлэллийг Gemini-тай нэгтгэн илүү хувийн асуултуудад хариулах чадвартай болно. Мөн ярианы өнгө, зураг засварлах, genmoji үүсгэх, текст янзлах зэрэг хиймэл оюунд суурилсанд функцүүд нь илүү сайжирна.
Gemini iPhone-д нэвтэрснээр хоёр жилийн өмнөөс Siri-тэй хосолж ажиллаж эхэлсэн ChatGPT тодорхойгүй байдал оров. Siri-ийн хариулж чаддаггүй асуултуудыг ChatGPT хариулах үүрэгтэй. Ингэхдээ хэрэглэгчийн мэдээллийг чанд хадгална гэж Apple амалж байв. Уг хамтралын гэрээн өөрчлөлтөд орохгүй гэж Apple мэдээлжээ. Тэгэхээр iPhone дээр Siri, ChatGPT, Gemini гэсэн хиймэл оюун нэгдэх нь.

Эндээс бид Apple-ийн CEO Тим Күүк-ийн алсын хараа бодит болж буйг харж болно. Тэрээр Apple-ийн төхөөрөмжийг дэлхийн хамгийн хүчирхэг хиймэл оюунуудыг нэгтгэх цэг болгохыг зорьж буй. Тэр ч утгаараа хиймэл оюуныг ажлуулах чип хөгжүүлэлтэд төвлөрсөн юм. Apple-ийн A болон M цувралын чип ухаалаг гар, лаптоп дээр хиймэл оюуны загварыг хамгийн үр өгөөжтэйгээр ажлуулахад шилдэгт тооцогдож байна.
Siri ямар байдлаар ажиллах уу, Gemini болон ChatGPT яаж хорших бол гэдэг асуултын хариулт зуны WWDC 2026 дээр нэг тийш шийдэгдэх болов уу.
ЯАГААД GOOGLE ГЭЖ?
Хөрөнгө оруулалтын салбарын амьд домог Уоррен Баффет технологийн өрсөлдөөнд хэн ялах нь тодорхойгүй байдаг учраас хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй гэж хэлж байсан удаатай. Apple-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг тэрээр тус компанийг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэж хардаг. Гэсэн ч түүний компани оны өмнөхөн бусад хувьцаануудаа зарж Google-ий хувьцаанаас 4,3 тэрбум доллароор авсан нь тун хачирхалтай.
Харин хайлтын системийн гигант Google 2025 онд хэн гэдгээ батлан харуулав. Өнгөрөгч хавар Gemini 2.5 Pro загвар хөгжүүлэгч нараас сайн үнэлгээ авсан бол саяхан танилцуулсан Gemini 3.0 дээр харилцан ярианы чадвар нь эрс сайжирч хэрэглэгчид хошуурав. Gemini-ийн хэрэглэгчийн тоо өнгөрөгч оны 3-р сараас хойш 350 саяар нэмэгдэж, 650 сая болоод байна. Харин ChatGPT 800 сая хэрэглэгчтэй.
Мөн тус компани хайлт болон андройд үйлдлийн системийн бизнесээ салгах эрсдэлгүй болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам өдөөв. Ингэснээр нэгж хувьцааных нь ханш 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүллээ.
Google-ийн гартаа атгаж буй хүчирхэг технологиуд:
- Gemini 3.0: Хамгийн ухаалаг хиймэл оюун
- Nano Banana Pro: текстээс зураг үүсгэх чадвартай загвар
- Veo3: текстээс дүрс бичлэг үүсгэх чадвартай загвар
- Gemma: нээлттэй эхийн хиймэл оюуны загвар
- AI overview: хиймэл оюунд суурилсан хайлтын систем
- AlphaFold: Google-ийн эзэмшдэг DeepMind лабораторийн хөгжүүлсэн уургийн бүтцийг тодорхойлох платформ
- Waymo: хамгийн олон хэрэглэгчтэй жолоочгүй автомашин
- Google Wiilow: атганд багтах квант компьютерийн чип
- Хиймэл оюунд суурилсан андройд үйлдлийн систем
- Google Cloud: хамгийн том үүлэн технологийн дэд бүтцийн нэг
Тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Google-ийг дэлхийн хамгийн том лаборатори” гэж тодорхойлдгоо нэгэн ярилцлаган дээр хуваалцаж байв. Шинжлэх ухааны суурь судалгаанд олон жил тууштай хөрөнгө оруулсан тэд үр жимсээ хурааж эхэлж буй нь энэ.
APPLE-ИЙН БҮТЭЛГҮЙТЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР ГЭХДЭЭ
Томоохон компаниуд технологийн тектоник хөдөлгөөнд хөл нийлүүлж чадалгүй явсаар нэг л мэдэхэд нүсэр том хана мөргөн хөсөр унадаг. Олон томчууд энэ мөрөөр явахыг бид харж байсан. Apple-г ч бас ижил хувь заяа угтаж байх вий.
Apple дэлхийн хамгийн том технологийн компани. Тэд 3.8 их наяд доллароор үнэлэгдэж, орлого нь өдөр ирэх бүр өсөж, нэг улиралд л 100 тэрбум долларыг олдог болоод байгаа. Гэсэн хэдий ч бизнесийн салбарт аль ч компанид 100 хувийн дархлаа гэж үгүй.
Apple хиймэл оюунаас гадна өөр бусад зах зээлд ч бүтэлгүйтсээр байна. Өндөр хүлээлт дагуулсан Apple Vision Pro номын тавиур дээр тоосонд дарагдах 3500 доллар болж хувиржээ. Энэ жил илүү хөнгөн хувилбар нь ухаалаг шил хэлбэрээр танилцуулагдах хүлээлттэй байна. Мөн жолоочгүй автомашины төслөө зогсоож, багаа тараасан. Уг төслийн инженерүүдийг Apple-ын анхны роботын бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа гэсэн шуум бий. Гэсэн ч баталгаатай биш. Харин нөгөө талд Samsung 8 дугаар үеийн эвхэгддэг дэлгэцтэй утсаа зах зээлд нэвтрүүлж байхад Apple-д нэг ч алга. Энэ мэт олон шинэ инновацуудаас Apple хойш суусаар нэг л мэдэхэд том ханатай нүүр тулжээ. 2026 он тус компанийн хувьд хугарлын цэг байх болно. Оны өмнө удирдах багаас нь дөрвөн хүн ажлаа өгч буйгаа зарлаж, CEO Тим Күүк ч тэтгэвэртээ гарч магадгүй байна.
Гэхдээ Apple зөвхөн төхөөрөмж үйлдвэрлэгч биш өөр бусад том бизнесүүдтэй болсныг мартаж болохгүй. Эрүүл мэнд, стрийминг, төлбөрийн шийдэл, хөгжим, тоглоом гээд олон салбарт томоохон бизнесүүдтэй. Тэдний ашигтай том бизнесүүдийн ихэнх нь арваас дээш настай болжээ. Энэ зүй тогтлоос харвал Apple-ийн хиймэл оюуны салбарт гаргаж буй өнөөдрийн шийдвэр тэдний 10 жилийн дараах өнгийг тодорхойлох учиртай.

Сэтгэгдэл бичих

