Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, хувь тоглогчдод очдог шагналуудын нэг болох Баллон Д’Ор буюу Алтан бөмбөгийн төлөөх өрсөлдөөн улам ойртсоор байна. Францын France Football сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг энэхүү шагнал нь тухайн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулдаг. Анх 1956 онд олгож эхэлсэн цагаасаа хойш Баллон Д’Ор нь хөлбөмбөгчдийн хувийн амжилтыг үнэлэх хамгийн нэр хүндтэй шагнал болсон юм.
XXI зуунд уг шагналын түүхийг Лионель Месси болон Криштиану Роналду нарын нэргүйгээр төсөөлөхөд бэрх. 2008-2021 оны хооронд тэд тус шагналыг ээлжлэн хүртэж, дэлхийн хөлбөмбөгийн ноёрхлыг олон жилийн турш хоорондоо хуваалцсан. Энэ хугацаанд тэдний ноёрхлыг тасалж чадсан цорын ганц тоглогч нь 2018 онд шагналыг хүртсэн Хорватын хагас хамгаалагч алдарт Лука Модрич байлаа.
Гэвч сүүлийн жилүүдэд дүр зураг эрс өөрчлөгдөв. 2022 оноос хойш Карим Бензема, Лионель Месси, Родри, Усман Дембеле нар тус бүр нэг удаа Алтан бөмбөгийн эзэн болоод байна. Өөрөөр хэлбэл, Месси, Роналду хоёрын урт хугацааны ноёрхлыг шинэ үеийн тоглогчид хуваалцах болсон нь шагналын өрсөлдөөнийг илүү нээлттэй болгожээ.
Энэ удаагийн Алтан бөмбөгийн төлөөх өрсөлдөөн урьд өмнөхөөсөө илүү ширүүн өрнөх төлөвтэй. Клубын улирлын амжилтаас гадна дэлхийн хамгийн том тайз болох ДАШТ-д үзүүлсэн тоглолт, гаргасан үр дүн өрсөлдөгчдийн байр суурийг улам ойртуулж байна. Тиймээс энэ жилийн шагналын эзнийг тодруулах мөч хүртэл хэн түрүүлэхийг таахад амаргүй байх нь.
Тэгвэл та бүхэнд Баллон Д’Ор шагналын хүртэх боломжтой 8 тамирчинг онцолж байна. Уншигч та бас өөрийн таамгаа хуваалцаарай.
Холбоотой нийтлэл:
Европын хөлбөмбөгийн шинэ улирлын өмнө: 25 клуб, 25 асуулт
Харри Кейн (Байерн Мюнхен, Англи)

Яригдаж буй нэрсээс ялах магадлал хамгийн өндөр тамирчин нь гарцаагүй Английн шигшээ багийн ахлагч, өнөө цаг үеийн хамгийн шилдэг 9 номер Харри Кейн билээ. Тэрээр өнгөрсөн улирлын хугацаанд шигшээ болон клубын төлөө нийт 73 гоол оруулж түүхэн амжилт тогтоосон нь онцлууштай. Зөвхөн хувийн үзүүлэлт бус түүний клубтээ болон шигшээ багтаа үзүүлдэг нөлөө асар их. Байерн Мюнхэн клуб дотоодын лигтээ үнэмлэхүй түрүүлж, Аваргуудын лигт хагас шигшээ шатанд хүрсэн. ДАШТ-д Английн шигшээ баг хүрэл медал хүртсэн мөн л үүхэн амжилт болжээ. 2001 онд Майкл Оуэн тус шагналыг хүртснээс хойших анхны Англи тамирчин болж чадах болов уу?
Усман Дембеле (Парис Сен-Жермен, Франц)

Et Ousmane, Ballon d'Or! Өнгөрсөн улирлын алтан бөмбөгийн эзэн энэ удаад цомоо хамгаалж чадах уу? Францын шигшээ багтайгаа ДАШТ-д түрүүлчихсэн бол энэ нийтлэлийг бичих шаардлагагүй, тэрээр өрсөлдөгчгүй Аалтан бөмбөгөө дахин хүртэх байлаа. Гэхдээ түүний хувьд шигшээ багтайгаа мөн л чамгүй амжилт үзүүлж 6 гоол оруулсан бол клубийн түвшинд өөрийгөө Европын шилдэг багийн шилдэг тоглогчдын нэг нь гэдгээ дахин батлан харуулсан. Харин энэ удаад салхи өөрөөр эргэсэн байж магадгүй. Францын шигшээд түүний анд К.Мбаппе ДАШТ-р түүх бүтээсэн бол клубийн түвшинд өнгөрсөн улирал шиг нуруун дээрээ чирсэнгүй, магадгүй түүнээс илүүтэйгээр шилдэг тоглогч нь байсан байж болзошгүй. Ингээд харвал түүний шагналаа хамгаалах хэцүүхэн л харагдаж байна даа.
Килиан Мбаппе (Реал Мадрид, Франц)

Өнөө цагийн дэлхийн супер од Килиан Мбаппегийн хувьд дэндүү онцлууштай, ид үеийн Роналду Назариог санагдуулам улирал болж өнгөрчээ. Энэ ДАШТ-д тэрээр 10 гоолтойгоор мэргэн бууч болсон нь 1970 онд алдарт Гёрд Мюллерээс хойш нэг тэмцээнд оруулсан хамгийн их гоол болж, бүр ДАШТ-ын бүх цаг үеийн мэргэн бууч болж алдарт Мирослав Клозегийн тогтоосон рекордыг эзэмших болов. Ердөө 3 дахь ДАШТ-дээ 22 гоол! Дахиад 2-3 тэмцээн байгаа гэж бодоход л аймшигтай. Энэ улирлын хувьд тэрээр оролцсон бүх тэмцээндээ мэргэн бууч нь болов. Испаний Ла Лиг, Аваргуудын Лиг, ДАШТ… Харамсалтай нь нэг ч цом үгүй. Үнэхээр л Баллон Д’Ор хувийн үзүүлэлтээр дүгнэж шагнадаг бол Мбаппе авахаас өөр аргагүй дэндүү ганган улирал байлаа. Гэхдээ урьд өмнө нь цом аваагүй тоглогч тус шагналыг авч байсан түүхгүй. Харамсалтай байна даа, Мбаппе минь.
Ламин Ямаль (Барселона, Испани)

Залуу гайхал Ламин Ямалийн хувьд энэ улиралд мөн л өөрийгөө ямар хэмжээний тоглогч гэдгээ батлан харууллаа. Түүний хувьд дотоодын лигтээ түрүүлж шилдэг тоглогчоор шалгарсан бол хамгийн том амжилт нь мэдээж Испаний шигшээ багийн хамт ДАШТ-д түрүүлсэн явдал юм. Гэвч нэлээдгүй хүмүүс түүнийг энэ удаагийн ДАШТ-д Испаний шигшээ багийн гол тоглогч байгаагүй, өөрийгөө бүрэн дүүрэн харуулагүй гэж үзэж байгаа. Харин Ламин Ямалийн энэ хэмжээнд үнэлэгдэж буй гол шалтгаан бол чухал тоглолтуудад үзүүлэх нөлөө буюу өөр дээрээ эсрэг багийн хамгаалалтын анхаарлыг татаж, ачаалал үүсгэн бусад тоглогч нарт довтлох орон зай олгодог гайхамшигтай чадвар билээ. Ингээд бодвол түүний шигшээ багтаа үзүүлсэн нөлөөг үгүйсгэх аргагүй юм.
Родри (Манчестер Сити/Барселона, Испани)

Түрүүнд дурдсанчлан, Испаний шигшээ багийн амин чухал тоглогч бол гарцаа байхгүй Родриго Эрнандес буюу Родри билээ. Тэрээр өнгөрсөн ДАШТ-ын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. 2024 онд мөн адил Испаний шигшээ баг ЕАШТ-д түрүүлэхэд Родри шилдэг тоглогчоор шалгарч улмаар тухайн жилийн Баллон Д’Ор шагналыг хүртэж байсныг санах хэрэгтэй. Олны нүдэнд гялтайж гангарч харагддаггүй, олон гоол оруулаад байдаггүй түүнийг хэт өндөрөөр үнэлэгдсэн гэх яриа олон бий. Гэвч тэрээр тоглосон баг бүрийнхээ хөдөлгүүр нь байдаг. Хөлбөмбөгийн хамгийн чухал байрлал болох тулгуурын хагас хамгаалалтанд түүнтэй энэ зэрэгцэх хөлбөмбөгчин үгүй биз. Шилдэг багийн шилдэг, хамгийн чухал тэмцээний хамгийн чухал тоглогч тэрээр яагаад Баллон Д’Ор-г дахин хүртэж болохгүй гэж.
Майкл Олисе (Байерн Мюнхен, Франц)

Энэ улирал клубтээ болон шигшээ багтаа хамгийн том үүрэгтэй оролцсон, үзүүштэй уран тоглолтуудаараа олонд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа нэгэн залуу од бол яахын аргагүй Майкл Олисе билээ. Хагас хамгаалалтын аль ч байрлалд тоглож чаддаг түүний хамгийн чухал шинж бол тоглолт найруулах болон гоолын боломж үүсгэх чадвар юм. Өнгөрсөн ДАШТ-р тэрээр түүх бүтээсэн. Нэг тэмцээнд хамгийн олон ассист буюу оновчтой дамжуулалт өгсөн агуу Пелегийн рекордыг эвдсэн юм. Тэр бол Францын шигшээ багийн хамгийн чухал тоглогчдын нэг гарцаагүй мөн. Клубын амжилтыг нь ч мөн үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн улиралд Германы Бундеслигийн шилдэг тоглогч болчихсон шүү дээ.
Лионель Месси (Интер Майами, Аргентин)

39 настай түүний хувьд бас нэгэн гайхамшигтай ДАШТ болж өнгөрлөө. Магадгүй түүний хамгийн шилдэг ДАШТ нь байсан гэхэд хилсдэхгүй. Хүссэн цомоо өргөж чадаагүй түүнд мөнгөн медаль, мөнгөн бөмбөг, мөнгөн шаахай үлдлээ дээ. Хөлбөмбөгийн хамгийн том тайзан дээр 39 настайдаа найман гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгч, финалд хүрсэн нь өөрөө түүний замналын бас нэгэн гайхамшигтай бүлэг байсан нь гарцаагүй. Харин энэ гайхалтай улирлаа Алтан бөмбөгөөр төгсгөж чадах болов уу? Гол нь түүний хувьд тоглож буй лиг нь тийм ч өндөр чансаатай бишээс гадна клубтэйгээ хамт төгс гэмээр амжилт ч үзүүлсэнгүй. Ууль нь Аргентиний шигшээ багтайгаа ДАШТ-д түрүүлсэн бол шаанс нь арай л нэмэгдэх байлаа.
Хвича Кварацхелия (Парис Сен-Жермен, Гүрж)

Энэ улирлын Баллон Д’Орын шагналд нэр дэвшсэн 30 тоглогчоос 2026 оны ДАШТ-д зодоглоогүй цор ганц тоглогч бол Хвича Кварацхелия юм. Клубын түвшинд тэрээр гарцаагүй шилдэг багийн шилдэг нь байж, үүнийгээ ч батлан харуулж Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт Францын Парис Сен-Жермен клуб түүхэндээ хоёр дахь удаагаа, хоёр дахиа дарааллан түрүүлэхэд үнэтэй хувь нэр оруулан, улирлын оны шилдэг тамирчинг хүртсэн билээ. Энэ жил ДАШТ болоогүй, эсвэл магадгүй Гүржийн шигшээ багтайгаа оролцоод тодорхой амжилт үзүүлчихсэн бол энэ улиралын Алтан бөмбөгийг авчих байлаа даа.
Сэтгэгдэл бичих

