Бид уншихуйг өдөр тутмын дадал болгон хэвшүүлж чадвал ажил, амьдралдаа олон эерэг өөрчлөлтийг бий болгож чадна. Шинэ ном авсан хэр нь уншиж дуусгалгүйгээр дахин өөр ном худалдан авч, номын сан, шүүгээгээ дүүргэхийг япончууд “цундоку” гэдэг. Таны номын шүүгээнд уншаад орхисон эсвэл шинэхэн "цундоку ном" хэр их байгаа бол? Бид энэ удаа хэрхэн аль болох бага зардлаар, эх дэлхийдээ ээлтэйгээр өөрийн дуртай номоо унших хөтчийг хуваалцаж байна.

ном солилцоо 

Бидэнд уншиж дууссан номоо хэн нэгэнд хандивлах, хямд үнээр зарах эсвэл солилцох зэрэг олон шийдэл бий. Гэвч энэ бүгдийг нэг дор хийх нэгдсэн шийдэл тун ховор. Тэгвэл хүргэлтээр дагнасан номын худалдааны анхдагч платформ болох Booklo.mn нь Улаанбаатар хотод ном солилцооны нэгэн сонирхолтой шийдэл нэвтрүүлээд буй юм. Booklo.mn дээр одоогоор 200 гаруй зохиолч, орчуулагч, хэвлэлийн компаниудын 500 гаруй шилмэл номуудыг худалдаалж буйгаас гадна уншигчид хоорондоо ном солилцох платформ бий болгожээ.

Уншигчид тус сайт руу нэвтэрч өөрт буй номыг байршуулахад тухайн номыг сонирхож буй өөр нэгэн уншигч хүсэлт илгээснээр "Booklo"-гийн хүргэлтийн ажилтан гэрт нь очиж номыг авах юм. Ингэснээр номоо байршуулсан уншигч нэг оноотой болж, хүсэлт гаргасан иргэн номоо хүргүүлэн авна. Дараа нь, тэрхүү оноогоо ашиглаад ном солилцоо хэсгээс дурын номоо сонгож, хүргүүлэн авах боломжтой аж. Хүргэлтийн төлбөр 3500 төгрөг төлөөд өөрийн хаягаар хүссэн номоо хүргүүлэн солилцоо хийж болно гэсэн үг. Номоо уншиж дуусаад бусадтай эргүүлэн солилцож болно.


  • Санал болгох нь

Онцлох бизнес: Booklo.mn

Номын сан 

Монгол Улсад хамгийн олон ном, хэвлэлийн фондтой Үндэсний номын санд Улаанбаатар хотын иргэдийн тав гаруйхан хувь нь үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Харин АНУ-ын Винсконсин мужийн төв номын санд гэхэд жилдээ нийт оршин суугчдын 60 гаруй хувь буюу гурван сая хүн очиж ном уншдаг аж. Манай улсын хэмжээнд өдгөө 1500 гаруй номын сан үйл ажиллагаа явуулж буй. Түүнээс 300 нь төрийн өмчит буюу нийтийн номын сан юм.

Тэдний дийлэнх нь цаасан хэвлэлийг танхимаар эсвэл гэрээр олгох үйлчилгээ үзүүлдэг. Үндэсний соёлын өвийг цуглуулж, хадгалан хамгаалах, сурталчлан таниулж түгээх зорилготой Үндэсний номын сангийн тухайд өдөрт 500-600 гаруй хүнд үйлчилдэг. Тэд дэлхийн 84 орны 124 номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ном солилцож, гурван сая орчим монгол, төвд, санскрит, манж, орос, англи, герман, франц, хинди, япон, испани зэрэг хэлний хэвлэмэл ба гар бичмэл хадгалж буй. Үндэсний номын санд хадгалагдаж буй гурван сая гаруй ном бүтээлээс нэг сая нь үнэт болон ховор нандин ном судар, гар бичмэл юм. Тухайлбал, дэлхийд цорын ганц хувь байдаг Есөн эрдэнийн Ганжуур, XVIII зууны үед цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичиж хийсэн Сандуйн жүд, Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунайн хэрэглэж байсан дал модны навчин дээр бүтээгдсэн Жадамба зэрэг үнэт, ховор бүтээл бий.

Мөн Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 2004 оноос хойш Монголд анх удаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим байгуулж, 1000 гаруй аудио бичлэг, 300 төрлийн 3000 ширхэг брайль номтой болсон. Уншигч ердөө 6000 төгрөг төлөөд дээрх ховор нандин бүтээлүүдтэй танилцаж, бүтэн жилийн турш дуртай номоо уншиж, номын санд нь тухлан үйлчлүүлэх боломжтой юм шүү.

  • Санал болгох нь:

Би хэрхэн ажилладаг вэ? - Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ
Номын унших дадлыг хэвшүүлэх 10 зөвлөгөө

Хуучин номын худалдаа 

Жил бүрийн тав болон есдүгээр сард болдог Үндэсний номын баяраар Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш номын үзэсгэлэн худалдаа болж, номд хайртай хэн бүхэн хуран цугладаг билээ. Энэ үеэр хэвлэгдэхээ больсон ховор, нандин хуучин номуудыг дэлгэж, уншигчид ч хайгаад олоогүй номуудаа олж авах боломж гардаг. Номын дэлгүүрт тун үнэтэй зарагддаг номыг хэд дахин хямд үнээр авах өргөн сонголт тэнд л байдаг. Мөн Арслантай гүүр, Төв шуудангийн булан, МУИС-ийн II байрын урдах талбай, Цамбагарав зэрэг хуучин ном худалдаалдаг төвлөрсөн цэгүүд бий. Хаалгаар орох бүр худалдагч нар нь “Ямар ном хайж байна?” гэж уйгагүй шалдаг учраас хайж буй номоо цаг алдахгүй даруйхан аваад гарч болно. Харин англи хэл дээрх хуучин ном сонирхож байвал УИД-ийн баруун урд талд "Books in English" хэмээх хөөрхөн номын дэлгүүр бий.

  • Санал болгох нь:

Номын баярын тухай + Үндэсний номын баяраар юу болдог вэ?
Unread-ийн санал болгож буй яг одоо уншиж эхлэх 100 ном

Цахим ном 

"Rakuten Intelligence" компаниас хийсэн судалгаагаар энэ онд АНУ-д хөл хорионы улмаас интернэт номын худалдаа өмнөх онтой харьцуулахад 30 хувиар өсжээ. Номын төрлийн хувьд өсвөр насныханд зориулсан уран зохиолын болон баримтат бүтээлүүд хамгийн эрэлттэй байгаа аж. Хөл хорионд орж, гадуур гарах явдал багасгаснаар иргэдийн ном унших дадал сайжирч, энэ төрлийн бизнесүүдийн орлого тун өсөлттэй байна. Хятадад гэхэд 2018 онд ном худалдан авах иргэдийн тоо 30 саяар нэмэгдсэн гэж интернэт худалдааны алдартай платформ Alibaba компанийн судалгаанд дурджээ. Интернэт худалдааны статистик мэдээлэлд үндэслэн хятад уншигчдын судалгааг хийхэд цахим ном худалдан авч буй иргэдийн 46 хувь нь 1990 оноос хойш төрсөн залуу үеийнхэн байжээ.

  • Санал болгох нь:

Ном унших ирээдүйн трэнд: Сонсдог ном
Цахим ном уншигч төхөөрөмжүүдийг харьцуулах нь