Дэлхийн уран зохиол өнгөрсөн зуунд хэд хэдэн томоохон шинэчлэлт өөрчлөлтийн нүүрийг үзсэн билээ. Латин Америкаас эхэлсэн Шидэт реализмаас эхлээд модерн болоод пост-модерн хүртэл олон янзын урсгалын бүтээл, зохиолчид шил шилээ даган Нобелийн шагнал хүртэж, хэдэн арваны турш уншигчдыг байлдан дагуулсаар буй. Хүн төрөлхтний уран зохиолын ай савд нэгэн чухал дуу хоолой мөн л өмнөх зуунаас эхлэн цуурайтаж эхэлсэн нь Постколониалист уран зохиол буюу “Колоничлолын дараах үеийн уран зохиол” юм.
Үүнд Франц, Их Британи, Бельги, Испани, Португал зэрэг Өрнийн колоничлогч улсуудаас салан тусгаарлаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн авсан улс орнуудын уран зохиолуудыг хамаатуулдаг. Тодруулбал өмнө нь Номын тухай нийтлэлээрээ танилцуулж асан “Шөнө дундын хүүхдүүд” ном бол энэ төрлийн нэгэн томоохон төлөөлөл билээ. Тэгвэл бид энэ удаа Африкийн уран зохиолын эцэг гэгддэг алдарт зохиолч Чинуа Ачебегийн сор бүтээл “Бүх зүйл нурав” (Things Fall Apart) романы тухай танилцуулахаар бэлтгэлээ.
Холбоотой нийтлэл: “Шөнө дундын хүүхдүүд” номын тухай
Ташрамд дурдахад, Монсудар хэвлэлийн газрын хам олонд дэлхийн уран зохиолын мөн нэгэн сонирхолтой, сод туурвилыг эх хэлнээ орчуулан гаргасанд талархал дэвшүүлье.
Зохиолчийн тухай
Зохиолч бээр 1930 онд Британийн колони асан Нигери улсад төрсөн бөгөөд бага нас нь уламжлалт Игбо соёл болоод колоничлолын үр дүнд дэлгэрсэн Христийн шашны нөлөөнд өнгөрчээ. Улмаар өнөөгийн Ибадан хотын Их сургуульд суралцаж төгсөөд улсынхаа үндэсний радио хороонд ажилласан байна. Тэрээр оюутан ахуй цагаасаа эхлэн Өрнийн уран зохиолд Африкийг хэрхэн дүрслэн ирсэнд ширүүн шүүмжлэлтэй хандах болсон бөгөөд 28 насандаа буюу 1958 онд өөрийн анхны, мөнхүү хамгийн нөлөө бүхий бүтээлээ туурвисан нь өнөөдрийн бидний өгүүлэх “Бүх зүйл нурав” роман болсон байдаг.
Зохиолч өөрийн бүтээл туурвилаа англи хэлээр бичдэг байсан бөгөөд “English and African Writer” нэрт эсээ туурвиж байв. Тэрчлэн англи хэлээр бичихийг үргэлж сайшаан үздэг байсны дээр үүнийгээ колоничлогч улс орны хүн ардад хүрэх нэгэн арга хэрэгсэл хэмээдэг байжээ. Чинуа Ачебе бээр Өрнийн уран зохиол болоод хүн ардын Африкийн төсөөлдөг төсөөлөл, дүрслэлийг ямагт буруушаан эсэргүүцэж ирсний нэгэн томоохон илрэл нь “An Image of Africa: Racism in Conrad's Heart of Darkness” (мөн англи хэлээр бүтээлээ туурвидаг асан Польш зохиолч Ж.Конрадын алдарт тууж) нэрт 1975 онд АНУ-ын “University of Massachusetts” Их сургуульд тавьсан лекцээс нь илэрхий харагддаг.

Чинуа Ачебе 1958 онд анхны романаа хэвлүүлснээс хойших 10 хүрэхгүй жилийн хугацаанд дөрвөн бүрэн хэмжээний роман бичжээ. Түүний 1960 онд бичиж хэвлүүлсэн “No Longer at Ease”, 1964 оны “Arrow of God” бүтээлүүд “Бүх зүйл нурав” романтай нэгдэн “Африкийн гурамсан роман” гэгддэг. Түүнийг Африкийн уран зохиолын эцэг хэмээх нь бий ч тэрээр өөрөө энэхүү өргөмжлөлийг үргэлж няцаадаг байжээ. Зохиолчид 2007 онд уран зохиолын замналд нь Олон Улсын Бүүкерийн шагналыг гардуулсан юм.
Номын тухай

Романы үйл явдал Колоничлолын үеийн Нигери улсад өрнөнө. Тэгэхдээ “Умуофиа” нэрт зохиомол Игбо овгийн удирдагч, бөхийн аварга, нутаг нугадаа алдар цуу нь түгсэн Оконквогийн хэрхэн колоничлол, Христийн шашныг эсэргүүцэж буй түүхийг өгүүлнэ. Гол дүрийн аав Унока бээр лимбэ хөгжимддөг хөгжимчин хүн агаад өр зээл тавиагүй айл амьтангүй болтлоо хоосорч ядуурсаар эхнэр хүүхдээ авч явж чадалгүй хорвоог орхисон тул Оконкво бага балчир наснаасаа эхлэн юм бүгдийг өөрийн гараар бүтээн босгохоор хөдөлмөрлөн мэрийж, хатуу ширүүн нэгэн болон өсөж өндийнө.
Зохиолч тус романыхаа нэрийг Ирландын яруу найрагч У.Б.Йийтс (W.B.Yeats)- ийн “The Second Coming” найраглалын мөрөөс авсан байдаг (Turning and turning in the widening gyre / The falcon cannot hear the falconer; / Things fall apart; The center cannot hold; / Mere anarchy is loosed upon the world) бөгөөд уг зохиол нийт 25 бүлгээс бүрдэнэ.
Бүх зүйл нурав роман Англид хэвлэгдсэн даруйдаа уншигчдын сайшаалыг хүлээж олон дахин хэвлэгдсэн бөгөөд түүнээс хойш 50 гаруй хэл рүү орчуулагдан Африкийн уран зохиолыг дэлхий дахинд гаргаж ирсэн түүхтэй.
Яагаад унших вэ?
АНУ-ын Time сэтгүүл “Бүх зүйл нурав” романыг 1923-2005 онд англи хэлээр бичигдсэн шилдэг 100 номын жагсаалтад оруулсан байдаг. Түүнчлэн 2019 онд BBC уг романы хамгийн нөлөө бүхий 100 романы жагсаалтдаа багтаасан бол алдарт Britannica нэвтэрхий толь Хамгийн шилдэг 12 романы жагсаалтдаа Анна Каренина, Кихот ноён, Зуун жилийн ганцаардал зэрэг бүтээлүүдийн хамт нэрлэж байжээ.
Хүн төрөлхтний уран зохиолыг бид голчлон Америк, Европын уран зохиолоор төсөөлөх нь элбэг байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Гэтэл дэлхий дахинд олон арван улсын, хэдэн зуун сая хүний хувь тавилан, амьдралыг өөрчилсөн колоничлол, түүний үр дагаврыг мэдэх нь өнөө цагийн хүн бүхэнд нэн эрхэм чухал явдал билээ. Харин үүнд уран зохиолын ач тусыг дурдаад баршгүй биз ээ. Зохиолчийн өөрийн ард түмний онцлогийг Өрнийн шашин шүтлэг, соёл уламжлалтай хослуулан “үнэн” Африкийг цааснаа буулгах хүслээс энэ бүтээл төрсөн гэдэг нь эргэлзээгүй бөгөөд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн бүтээлтэй танилцах нь бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах нь гарцаагүй.
Уншигчийн сэтгэгдэл
Роман уншихад тун сонирхолтой санагдсан нь үлгэр домгийн агаад шулуун шууд бичлэгтэй нь холбоотой болов уу гэж бодогдоно. Үг хэл, найруулгын хувьд “гоёчилсон” зүйлгүй хэр нь нэгэн урт үргэлжилсэн үлгэр уншиж буй мэт санагдана. Зохиолчийн хэв маягийн хувьд их өвөрмөц агаад зарим талаараа Э.Хемингуэйг санагдуулам.
Зохиолч түүхэнд тохиолдсон бодит явдлыг уран зохиолын хэв шинжид хөрвүүлэн хүн хоорондын харилцаа, амьдрал, аж байдал, түүнчлэн шашин шүтлэг, ёс уламжлал, гадаад ба дотоод гэх олон гүн гүнзгий сэдвийг нэгэн овгийн түүхээр хүүрнэсэн нь гайхамшигтай. Ингээд уншигч танд номоо дэлгэн уг түүхээр өөрөө аялахыг хүсээд энэ удаагийн нийтлэлээ жаргаая.

Сэтгэгдэл бичих

