Зуны сар үргэлжилж, завгүй амьдралаас жаахан ч болов амсхийх далимд уншина гээд амжаагүй номоо уншихаар зэхэж байна уу? Тэгвэл бид таны жагсаалтыг арвижуулан, зургаадугаар сард шинээр хэвлэгдсэн дараах номуудыг санал болгож байна. Амралтаа ая тухтай өнгөрүүлж, сэтгэлийн цэнгэл эдлээрэй.

1. Сэтгэлийн байгаль, хаврын урсгал


Зохиолч: Д.Нямсүрэн
Үнэ: 50,000₮
Нүүрний тоо: 132

Баянтүмэн, Эрээнцавын төмөр замын өртөөнд олон жил ажиллаж, “Эрээнцавд бороо орох сайхан” хэмээн шүлэглэсэн яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хоёр түүвэр энэ сард шинээр хэвлэгджээ. Тэдгээр нь 1988 онд гарсан “Хаврын урсгал", 1990 онд гарсан "Сэтгэлийн байгаль" түүврүүд бөгөөд бидний сайн мэдэх алдартай шүлгүүд эдгээр номд багтсан байдаг.

…Хамаг юм, сайн сайхнаас эхэлнэ
Хамгийн хөөрхөн чиний гараас цай уухаас эхэлнэ
Хар модон ээрүүлтэйгээ эмэг эх үүрэглэхээс эхэлнэ
Харанхуй шөнийг гал гийгүүлэхээс эхэлнэ

"Сэтгэлийн байгаль" номын шүлгийн хэсгээс

2. Миний сэтгэл-Rock


Зохиолч: П.Батхуяг
Хэвлэлийн газар: Хар муур

Уран зохиолын хүрээнийхний дунд Момо нэрээр алдаршсан Пүрэвхүүгийн Батхуяг агсны “Миний сэтгэл-Rock” туужийг “Хар муур” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргахаар зэхэж буйгаа саяхан дуулгасан билээ.

Зохиолч, яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг агсан уран зохиолын олон төрлөөр жигд туурвисан бөгөөд 2009 онд хэвлэсэн “Тэнгэр хэмээх шувуу” түүвэрт нь тус тууж багтаж байжээ.

"Хар муур" хэвлэлийн газраас “Pocketbooks” төслийг эхлүүлж буй бөгөөд овор хэмжээний хувьд хаана ч авч явсан халаасанд багтах хэмжээтэй, триллер, детектив, андерграунд, урбан жанрын зохиолуудыг сонгон хэвлэж эхлээд байгаа юм. Тэгвэл цувралын эхний номоор тус бүтээлийг сонгосон нь удахгүй уншигчдын гарт хүрэх гэж байна.


3.  Х.Баянмөнх


Зохиолч: Б.Алтанхуяг
Зураач: Б.Энх-Оюун
Эрхлэн гаргагч: Жангар редакц
Үнэ: 26,900₮
Нүүрний тоо: 64

Жангар редакцаас эрхлэн гаргадаг “Монгол хүн” цувралын ээлжит дугаар гарчээ. Цувралын энэ дугаарт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэгч Х.Баянмөнхийн тухай өгүүлсэн байна.

Тус цуврал нь бидний мэддэг алдар цуутай хүмүүсийн түүхийг хүүхэд ахуй цагаас нь өгүүлэх бөгөөд мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж чадвал болохгүй зүйл байхгүй болохыг хүүхэд багачуудад үлгэрлэн харуулдаг.

Түүнчлэн уншигчдадаа зориулан үгийн тайлбар, алдартны амьдралын түүхийг харуулсан цаглаврыг багтааж өгсөн нь үйл явдлыг ойлгоход илүү дөхөм болгожээ.

Аавынхаа ярьж өгдөг хүчит бөхчүүдийн тухай үлгэрийг сонсож өссөн жаал хүү хэрхэн ээждээ өгсөн амлалтаа биелүүлсэн түүхийг энэ номоос уншаарай.


4. Цагаан шуугиан


Зохиолч: Дон Делилло
Орчуулагч: Г.Сугиррагчаа
Хэвлэлийн газар: Болор судар
Үнэ: 39,000₮
Нүүрний тоо: 345

"Болор судар" хэвлэлийн газраас Орчин үеийн романы цувралыг гаргаж эхэлсэн билээ. Тэгвэл цувралын эхний номоор Америкийн зохиолч Дон Делиллогийн "Цагаан шуугиан" романыг орчуулан гаргажээ.

Дон Делиллогийн хувьд орчин үеийн нийгэмд хүмүүс хэт их мэдээлэлд дөжрөх болсныг шүүмжлэхийн сацуу улс төр, терроризм, технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг гүн ухааны үүднээс хөндөн бичдэг. Харин энэхүү ном нь Америкийн постмодерн уран зохиолын сонгомол жишээд тооцогддог бөгөөд зохиолд үхлээс айх айдастай нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг аж.

Зохиолч 1985 онд тус номоороо Үндэсний номын шагнал (National Book Award)-ыг хүртэж байсан бөгөөд “Болор судар” хэвлэлийн газрын зүгээс тус номыг “масс соёлыг шүүмжлэхийн зэрэгцээ үхэл амьдралын утга учрыг эрэлхийлж, хэлбэрийн сонирхолтой туршилт хийснээрээ онцгой” хэмээн тодорхойлсныг дурдах нь зүйтэй болов уу.


5.  Дорнод Европын түүх I,II боть


Зохиогч: Б.Чинзориг, Ж.Урангуа
Хэвлэлийн газар: МУИС Пресс
Үнэ: 87,300₮
Нүүрний тоо: 190

Түүхийн хуудсыг сөхөн харвал Төв Азийн нүүдэлчид Дорнод Европт ээлж дараалан очиж, улс төр, эдийн засгийн хувьд харилцаа тогтоон, улмаар хил залган нутаглаж байсныг бэлээхэн харж болно.

Тэгвэл тухайн бүс нутгийн түүхийн талаар сонирхож буй хэн бүрд хэрэгцээтэй нэгэн бүтээл энэ сард хэвлэгдсэн нь Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимийн багш Б.Чинзориг, Ж.Урангуа нарын “Дорнод Европын түүх” хэмээх хоёр дэвтэр сурах бичиг юм. Энэхүү ном нь Дорнод Европын талаар монгол хэлээр бичигдсэн анхны сурах бичиг болж байгаагаараа онцлог бөгөөд урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлыг хамарсан болохыг хэвлэлийн газраас онцолж буй юм.


6. Монголын чухал үгсийн тайлбар толь


Зохиогч: Б.Буянчуулган
Эрдэм шинжилгээний удиртгал бичиж, галиг үйлдсэн: Э.Мөнхцэцэг
Үнэ: 45,000₮
Нүүрний тоо: 418

Монголчуудын толь зүйн уламжлалыг түүхэн баримтаас харвал, Хятадын “Суй шу” хэмээх сурвалжид бичсэн, монголчуудын бүтээсэн толийн талаарх тэмдэглэлийг дурдаж болно. Тэрхүү сурвалжид сяньбичууд ном бичиж, толь бүтээж байсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд үүнд тулгуурлан 425 оны орчим зохиогдсон сяньби хэлний толь бичгийг Монголын хамгийн анхны толь бичиг хэмээн үзэх үндэстэй юм. Одоогоос даруй 1600 жилийн тэртээ анхны толийг бүтээж байсан гэж үзвэл түүнээс хойш өнөө хүртэл хэд хэдэн бичиг үсэг сольсон манай ард түмэн тэр бүрд төрөл бүрийн толь зохиож иржээ.

Тэр дундаа Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар толь бичгийн иж бүрэн судалгаа хийж, зөв бичих зүйн, ойролцоо нэрийн, гадаад үгийн, орчуулгын, нутгийн аялгууны, шинэ үгийн, хэлц үгийн, хэл зүйн, нэр зүйн гэх мэт салбарлуулан хөгжүүлсэн байдаг.

Үүний нэгэн жишээ нь түүхч Б.Буянчуулганы “Монгол чухал үгсийн тайлбар толь” билээ. Энэхүү гар бичмэл толь нь одоо Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байгаа бөгөөд саяхныг хүртэл нийтийн хүртээл болоогүй байсан тул доктор, дэд профессор Э.Мөнхцэцэг эрдэм шинжилгээний удиртгал бичиж, галиг үйлдэн, гэрэл зурагт буулган эрхлэн хэвлүүлсэн байна.


7. Софтвэйр инженерийн хөтөч ном


Зохиогч: Гэргэй Урус
Үнэ: 70,000₮
Нүүрний тоо: 556

Хурдацтай хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженерүүдэд зориулсан “Софтвэйр инженерийн хөтөч ном” монгол хэлнээ орчуулагджээ. Тус номыг бичсэн Гергей Урус нь Uber, Skype, Microsoft, Skyscanner зэрэг компанид ажилласан туршлагатайн дээр Substack платформ дээрх хамгийн алдартай блоггер гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Инженерүүдэд зориулсан түүний блогийг тогтмол нэг сая гаруй хүн уншдаг байна.

Тэрээр технологийн магнат компаниудын инженерүүдтэй ярилцан, тэдний туршлагыг бусадтай хуваалцаж, блог хөтлөхийн зэрэгцээ ном бичдэг бөгөөд энэхүү номыг хэвлүүлэхийн тулд дөрвөн жилийг зарцуулсан гэнэ.

Санал болгох: Технологийн салбарын хамгийн алдартай блоггер Гэргэй Урус

 
8. Буйд харь нутгаар


Зохиолч: Мүраками Харүки
Орчуулагч: О.Жаргалсайхан
Хэвлэлийн газар: Нэпко
Үнэ: 37,500₮
Нүүрний тоо: 190

Өнгөрөгч номын баяраар Мүраками Харүкигийн “Хот ба түүний хийсгэлэн хана” зохиолыг Монсудар хэвлэлийн газраас орчуулан гаргасан билээ. Тэгвэл шинэ ном хэвлэгдээд удаагүй байгаа энэ цаг үед Мүракамигийн дахин нэг бүтээл шил даран уншигчдын хүртээл болж байна. Ялгаатай нь, тус ном уран зохиолын бүтээл бус зохиолчийн 1990, 2000-аад онд Мексик, Япон, Америк, Хятад зэрэг орнуудаар аялсан тэмдэглэлээс бүрдсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь Монголд, тэр дундаа Дорнод аймгийн Халх голын байлдаан болсон газарт очсон тухай тэмдэглэл тус номд багтсан гэнэ.

Мүракамигийн “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”, “Торгон цэргийн хороон даргын аллага” тэргүүтэй хэд хэдэн номыг орчуулсан О.Жаргалсайхан энэ номыг орчуулжээ.