Технологийн салбарын хамгийн алдартай блоггер, Uber, Skype, Microsoft, Skyscanner зэрэг компанид ажилласан хур их туршлагатай инженер Гэргэй Урусын “Софтвэйр инженерийн хөтөч ном” саяхан монгол хэлнээ орчуулагдан гарсан билээ. Тус номын нээлтийн үеэр бидэнд түүнтэй ярилцах боломж олдсон бөгөөд энэхүү дугаартаа түүний ажлын арга барил, үнэт туршлагыг сийрүүлэн хүргэж байна.
Байршил: Амстердам
Эрхэлдэг ажил: Блоггер, софтвэйр инженер
Сошиал хуудас: Gergely Orosz /LinkedIn/
1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Би Будапештын Технологи, Эдийн Засгийн Их сургуульд компьютерын ухаанаар суралцаж төгссөн. Таван жилийн хөтөлбөр хэдий ч нэг жилийг АНУ-д өнгөрөөсөн болохоор нийт зургаан жил сураад, Унгарт софтвэйр инженерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Төд удалгүй Их Британи руу нүүж, тэндээ жижиг компаниудад ажиллаж, хожим нь Ж.П.Морган банканд ажилласан.
Ажлынхаа хажуугаар байнга жижиг сажиг зүйл туршиж, гар утасны апп хөгжүүлдэг байв. Тухайлбал, 2010 онд Windows Phone-д зориулж утасны гэрлийн апп хийж байлаа. Тэр аппынхаа ачаар Skype-д ажилд орсон түүхтэй.
Үүний дараа Skyscanner, Uber-т ажилд орж, Лондонгоос Амстердам руу гэр бүлээрээ нүүсэн. Тухайн үед охин маань төрөөд удаагүй байсныг ч хэлэх үү, Амстердамд гэр бүлээрээ амьдрах их таатай байсан шүү. Тийнхүү Андройд инженерээр ажилд орж, сүүлдээ 30 хүнтэй баг удирдах хэмжээнд буюу менежер болтлоо дэвшин ажилласан. Гэтэл 2020 онд Uber хүний нөөцөө цомхотгож, манай багийнхны 20 хувь нь ажлаасаа халагдахад миний хувьд сэтгэлээр ихэд унаж, ажлаасаа гарах сонголт хийсэн юм.
Аль нэг газарт ажилд орно гэсэн төлөвлөгөө надад байсангүй. Юутай ч эхлүүлээд удаагүй байсан “Софтвэйр инженерийн хөтөч ном”-оо л дуусгая гэж бодож байлаа. Миний хувьд түүнээс өмнө гурван ч жижиг ном бичиж байсан юм. Тэгээд тухайн үед нэр хүндтэй болж байсан Substack зэрэг платформоос санаа авч, төлбөртэй цахим товхимол (newsletter) гаргая гэж шийдээд, юун түрүүнд номд орсон эсээнүүдээсээ нийтэлж эхлэв. Тэгтэл зургаан долоо хоногийн дараа гэхэд 1000 гаруй захиалагчтай болчихсон. Өөрөөр хэлбэл, Uber-т ажиллаад олдог байсан цалинтай дүйх хэмжээний мөнгө олж эхэлсэн гэсэн үг л дээ. Харин дөрвөн жилийн дараа гэхэд, намайг дагадаг болон төлбөртэй товхимол захиалагчдын тоо хэдийн нэг саяыг давсан. Одоо би OpenAI, Meta, Google зэрэг компанид ажилладаг инженерүүдтэй ярилцаж, подкаст хийж, технологийн талаар бичиж байгаа.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Миний ажлын нэг өдөр төлөвлөгөөнөөс шалтгаалан харилцан адилгүй өнгөрдөг. Зарим өдөр томоохон компанид ажилладаг эсвэл ажиллаж байсан инженерүүдтэй ярилцан мэдээлэл цуглуулж, нийтлэлээ бичнэ. Заримдаа судалгаа хийж, товхимлоо бичдэг. Бичсэн нийтлэлээ редактор руу явуулж, ариутган шүүлгээд бэлэн болно. Бусад өдрүүдэд нь подкаст хийхийн хажуугаар мэргэжлийн ажлаа мартахгүйн тулд код бичдэг дадалтай.
3. Та инженерийн ажлаас бичээчийн ажил руу хэрхэн шилжсэн бэ?
Би өөрийгөө бичээч гэж үнэндээ боддоггүй л дээ. Миний хийдэг зүйл бол хэрэгцээтэй мэдээллийг цуглуулаад, эмхэлж хүргэдэг л төдий. Жишээ нь, нэг удаа AI IDE Cursor хэрхэн амжилттай болсон талаар нийтлэл бичсэн юм. Нийтлэлээ бичихийн тулд тэдний технологийн газрын захирал (CTO)-тай уулзаж, сайтар судалгаа хийн, нягт боловсруулсны үндсэнд бичвэрээ нийтэлсэн.
Ийнхүү бичдэг болоход “унших” их чухал нөлөө үзүүлсэн гэх үү дээ. Бага байхад аав маань намайг их шахаж ном уншуулдаг байлаа. Эхлээд тийм ч дуртай байгаагүй. Харин сүүлдээ номын амтанд орж, Монте Кристо гүн тэргүүтэй зузаан роман уншдаг болчихсон байв. Тэгсээр сүүлдээ англи хэл дээр ном уншдаг болж, хаа ч явсан толь бичиг өвөртөлж явсаар англи хэл маань чамгүй сайжирсан.
Тэгээд мажар, англи хэл дээр блог хөтөлж эхэлсэн. Мажар хэл дээрх блог маань дотоодын (Унгарын) технологийн салбарын талаар хөнддөг бол англи хэл дээрх блог маань надад олон улсад танигдахад тус болсон гэж боддог. Өдгөө Бразил, Испани, Индонез гээд олон орны хүмүүс миний блогийг уншдаг болжээ.
Мөн компанид ажилладаг байхдаа би их дэлгэрэнгүй цахим шуудан бичдэгээрээ алдартай байсан. Тийнхүү бичдэг байсан нь одоо бодоход бичих чадвараа хөгжүүлэх дасгал болдог байсан биз. Тиймээс товхимлоо гаргаж эхлэхдээ би тэгж их түүртээгүй.
4. амжилтад хүрэхэд тань тусалсан дадал бий юү?
Надад хэд хэдэн чухал дадал бий. Нэгдүгээрт, ямар ч ажил оноогдсон бай хамгийн сайнаараа хийх. Анх би Унгарт ажилд ороод, тэр газартаа ёстой л чадах чинээгээрээ ажилласан. Бүр ажил үүрэгт маань хамааралгүй зүйлд ч санаа тавин ажилладаг байлаа. Одоо бодоход тэр хэмжээгээрээ их зүйл сурсан юм билээ.
Хоёрт, санаачилгатай байх. Өмнө дурдсан анхны ажилдаа ороод би тэр компанийн блогийг хөтөлж эхэлсэн юм. Тэгтэл үүний ачаар тушаал дэвшиж, “Коммюнити менежер” гэдэг албан тушаалд томилогдсон. Тухайн компанид би код бичихээс гадна тодорхой хэмжээний үнэ цэн бүтээж байгааг удирдлагууд харсны илрэл тэр байж.
Гуравдугаарт, гүнзгий судлах. Хэрэв та TypeScript дээр ажиллаж байгаа бол тэр нь хэрхэн JavaScript болж хөрвөдгийг мэддэг байх хэрэгтэй. Мөн санах ой хэрхэн удирдагдаж байгааг судал. Санах ойн хуваарилалт ямар байдгийг ойлгохын тулд бүр C++ хэлийг ч сурахад гэмгүй. Ийнхүү аливаа зүйлийг гүнзгий судалдаг болсноор, асуудал гарахад хүмүүс танаас л тусламж авах гэж ирдэг болно.
Дөрөвдүгээрт, зорилгоо нээлттэй илэрхийлж байх. Skype-д ажилладаг байхдаа би тушаал дэвшмээр байгаагаа менежертээ ер хэлээгүй явсан юм. Тэгтэл хамт ажилладаг хүн маань хүссэнээ ил тод хэлж, олон нийтийн анхааралд өртсөн төслүүд дээр ажилласнаар тушаал дэвшсэн. Хожим нь би өөрөө менежер болоод ажилчид хүсэл эрмэлзэл, зорилго зорилтоо нээлттэй хуваалцах нь ямар чухал болохыг ухаарсан. Хэрэв та юу ч хэлэхгүй бол менежерүүд танд хэрхэн туслахаа мэдэхгүй шүү дээ.
Тэгээд эцэст нь, бичдэг болоорой. Бичих нь таны бодол санааг хурцалж, харилцааны чадварыг тань дээшлүүлнэ. Бичиж эхэлж байна гээд заавал ном, товхимол бичих шаардлагагүй. Зүгээр л сурсан мэдсэнээ бичиж эхлэхэд болно. Англиар бичвэл илүү өргөн хүрээний хүмүүст хүрч чадна, гэхдээ эх хэлээрээ бичсэн ч хэрэгцээтэй дадал эзэмшээд авна гэсэн үг.
5. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Би G Suite (Gmail, Docs, Calendar)-ыг тогтмол ашигладаг. Мөн VS Code-оос гадна Cursor, Windsurf зэрэг хэрэгслийг зарим төсөлдөө ашиглах болсон. Эдгээрийг ашиглахад үнэхээр үр дүнтэй.
Мөн үг үсгийн болон дүрмийн алдааг шалгахын тулд Grammarly-г үе үе хэрэглэдэг. Заримдаа бичсэн зүйлээ Hemingway Editor руу хуулж, уншихад хэр хялбар байгааг шалгуулна. Бичвэрээ хүртээмжтэй байлгахын тулд ихэвчлэн 7-р ангийн хүүхдийн түвшинд бичихийг зорьдог.
Надад үнэхээр таалагддаг бас нэг хэрэгсэл бол Granola гэдэг апп. Тус аппыг уулзалтуудад ашигладаг ба Google Meet гэх мэт виртуал дуудлагаар ярьсан зүйлийг хиймэл оюуны тусламжтай тэмдэглэж авдаг юм. Ингээд яриа дууссаны хойно, асуулт асуухад өмнөх тэмдэглэлдээ тулгуурлан хариулт өгдөг. Энэ бол хиймэл оюун үнэхээр хэрэгтэйн нэг жишээ л дээ.
Мөн сүүлийн үед Apple Watch хэрэглэж байгаа. Өмнө нь бугуйн цаг зүүдэггүй байсан ч, Apple Watch-ын хувьд эрүүл дадлыг эзэмшихэд туслах унтлагын хяналт, хөдөлгөөний сануулга, дуугүй сэрүүлэг зэрэг олон ашигтай функцтэй болохоор хэрэглэж эхэлсэн. Бас би анхаарал сарниулахгүйгээр уншиж бичихэд зориулсан хар цагаан таблетаас авхуулаад олон төрлийн төхөөрөмж туршиж үзсэн ч төдийлөн үр дүнтэй байгаагүй. Ер нь би үргэлж л дэлгэцийн цагаа багасгахад зориулсан төхөөрөмж эрж хайж явдаг юм.
Харин надад тус болсон нэг арга бол орой унтахдаа утсаа өрөөнөөс гаргаж, бугуйн цаг дээрээ сэрүүлэг тавьдаг болсон явдал. Үүний ачаар би унтахаасаа өмнө утсаа оролддог зуршлаасаа ангижирсан.
6. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Би олон төрлийн арга туршиж үзсэн л дээ. Зарим нь хэсэг хугацаанд үр дүнтэй байснаа сүүлдээ замхарчихдаг. Харин надад хамгийн удаан үр дүнгээ өгсөн нэг арга бол анхаарал сарниулах зүйлсийг хаах. Би анхаарлаа төвлөрүүлэн, аливаад сатааралгүй ажиллахын тулд компьютер дээрх бүх сошиал медиа болон бусад сайтуудын мэдэгдлийг хаадаг тусгай кодыг компьютертоо суулгасан юм. Зүгээр л “focus-time start” гэж бичээд кодыг ажиллуулахад, сатааруулах зүйлсийг шууд тасалж орхино.
Өөр нэг ашигладаг техник бол “цагийн хүрээ тогтоох” буюу “timeboxing”. Би 25 юм уу 30 минутын хугацаатай сэрүүлэг тавиад ямартай ч ажлаа эхлүүлдэг. Хэрвээ юу бичихээ мэдэхгүй байвал зүгээр л “Би юу бичихээ мэдэхгүй байна” гэж бичнэ. Тэгээд нэг их удалгүй ажиллах хэмнэлээ олчихсон байдаг.
Гэхдээ хамгийн үр дүнтэй арга бол яах аргагүй цагийг нь тулгаж юм хийх. Өдөр дуусахаас өмнө ямар нэг зүйлийг заавал хийж дуусгах хэрэгтэй үед л анхаарал төвлөрөл хамгийн өндөр түвшинд хүрдэг. Яаралтай нөхцөл байдалд орох нь өөрөө хөдөлгөгч хүч болдог гэх үү дээ.
7. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Ажлаа төлөвлөхөд тохиромжтой гэсэн бүх л аргыг туршиж үзсэн дээ. Гэхдээ эцэст нь энгийнээр шийдэх л хамгийн үр дүнтэй санагдсан болохоор Google Docs болон Craft-ыг ашиглаж байна. Хийх зүйлсээ “Өнөөдөр”, “Маргааш”, “Дараа” гэж ангилна. Хэрэв хэтэрхий замбараагүй болоод ирвэл бүх жагсаалтаа устгаад шинээр эхлэхэд болно.
Мөн би өдөрт нэн тэргүүнд хийх ёстой зүйлээ тодорхойлохыг хичээдэг. Хийх зүйлсийн жагсаалтад бичсэн бүх зүйл ач холбогдлын хувьд харилцан адилгүй шүү дээ. Тиймээс “Хэрвээ өнөөдөр зөвхөн нэг л зүйл хийх байсан бол, тэр нь юу байх вэ?” гэж өөрөөсөө асуугаад олон зүйлд анхаарлаа сарниулалгүйгээр гол ажилдаа төвлөрдөг болсон.
8. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Дэлгэцээс холдоно гэдэг нь л өөрөө амралт. Гадаа гарах, тэр дундаа ой модонд очихоор үнэхээр сайхан амардаг. Хийх ажил ихтэй, стресстэй байхад 30 минут алхахад л тархи амраад ирнэ. Хэдийгээр би байнга тэгж чаддаггүй ч, алхах бүрдээ үр ашгийг нь бүрэн дүүрэн мэдэрдэг юм.
Мөн найзуудтайгаа уулзах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь маш чухал. Гол нь хамтдаа байхдаа ажлаа авч явахгүй байх хэрэгтэй. Софтвэйр инженерүүд бидний хувьд ажлын цаг дууссан ч толгойд байнга ажил бодогдоод байдаг талтай шүү дээ.
Нэг удаа би Вашингтонд байрладаг стартапынхантай ярилцаж байсан юм. Тэд оффистоо зөвхөн суурин компьютер ашигладаг гэсэн. Нэг шалтгаан нь мэдээллийн нууцлал байсан ч, нөгөө талаас ажлаа гэр рүүгээ авч явахгүй буюу ажлаасаа бүрэн холдох боломжийг олгох явдал байжээ. Бидэнд ийм байдлаар хэсэг хугацаанд ч болов тархиа амраах үр дүнтэй шийдэл хэрэгтэй.
9. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?
Одоогоор би хиймэл оюун ашиглаж сурахаас гадна хиймэл оюунтай холбоотой хэд хэдэн төслийн санаа гаргаад, түүн дээрээ ажиллаж байна. Надад бүрэн төгс бүтээгдэхүүн хийхээс илүү хиймэл оюуныг ашиглах туршилтын явц нь таалагддаг.
10. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг болон сорилттой талууд?
Одоогийн байдлаар бичих, судалгаа хийх, програм хөгжүүлэх гэсэн гурван чиглэлийг хослуулан ажиллаж байна. Энэ ажлын маань хамгийн том давуу тал нь салбартаа тэргүүлэгч эрхмүүдтэй ярилцах боломж олддогт бий. Сүүлийн хоёр сарын хугацаанд л гэхэд би Amazon S3-ын анхны архитекторуудын нэгтэй, GitHub-ын гүйцэтгэх захиралтай, мөн Microsoft-ын хиймэл оюуны ахлах мэргэжилтнүүдтэй ярилцсан. Ийм сонирхолтой, бодитой, чухал мэдээлэл авах боломжтой байна гэдэг яах аргагүй хамгийн сайхан тал нь.
Харин сул тал нь багт харьяалагдаж, програм бичихээ больсон нь юм уу даа. Код бичнэ, алдаа гаргана, тэр даруй засаад суралцаад явдаг тэр уур амьсгалыг би хааяа үгүйлдэг юм. Хэдийгээр код бичсэн хэвээр байгаа ч яг тухайн үеийнх шиг мэдрэмж төрдөггүй.
Гэсэн ч давуу ба сул талыг жинлээд үзвэл давуу тал нь хавь илүү. Хэрэв би компанид ажилладаг байсан бол нэг л зорилгод төвлөрөн ажиллах байсан. Харин одоо бол олон зүйлийг зэрэг судлахын сацуу олж мэдсэнээ бусадтай хуваалцах боломжтой.
11. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Одоогоор би цахилгаан түгээх үйлчилгээ үзүүлдэг нэг компанийн программ хангамжийн системийг судалж байна. Хажуугаар нь подкастаа сайжруулахын тулд төрөл бүрийн форматыг туршиж байна. Түүнчлэн Google болон NVIDIA-гийн инженерүүдийн ажилладаг соёлыг гүнзгийрүүлэн судалж байгаа. Амжилттай яваа компаниуд хэрхэн ажилладгийг илрүүлэх зорилготой юм л даа.
Ер нь компани бүрийн соёл харилцан адилгүй. Жишээ нь, Apple бол нэлээн нууцлаг, удаан байдаг бол Meta-гийн хувьд ил тод, маш хурдтай байдлаараа ялгардаг. Гэсэн хэдий ч хоёулаа амжилттай яваа нь надад сонирхолтой санагдаад байгаа юм.
12. та цаг үеийн мэдээллийг хэрхэн авдаг вэ?
Сайхан асуулт байна. Миний хувьд энэ их мэдээллийн урсгалд бүгдийг уншаад, сонсоод явах биш, найдвартай гэж үзсэн цөөн тооны эх сурвалжаас мэдээлэл авахыг зорьдог. Hacker News бол миний гол эх сурвалж. Өдөртөө тогтмол шалгаж, хэрэгтэй мэдээллээ авдаг юм. Нийгмийн сүлжээнээс гэвэл X-ийг голчилдог бол Bluesky болон LinkedIn-ийг хааяадаа ашигладаг.
Хэрвээ оффист ажилладаг, ийш тийш явах шаардлага гардаг бол подкаст сонсвол зүгээр. Жишээ нь, “Last Week in Startups”, “Last Week in AI” гэх мэт тоймууд бий. Миний хувьд ийш тийш явах шаардлага гардаггүй болохоор тэр бүр сонсдоггүй.
Нэг удаа би “AI Engineering” номын зохиогч Чип Хүеэнтэй уулзаад хэрхэн тогтмол мэдээлэлтэй байдаг тухай нь лавласан юм. Тэгтэл ёстой гайхмаар хариулт хэлсэн. “Хэрэв тухайн мэдээлэл чухал бол тэртээ тэргүй хоёр долоо хоногийн дотор чихэнд чинь хүрчихнэ. Тэгэхээр заавал өдөр болгон мэдээлэлтэй байх гэж хичээлгүй хааяа нэг мэдээлэл уншаад, цаг хугацаа, эрч хүчээ илүү чухал зүйлдээ зарцуулах хэрэгтэй” гэсэн. Энэ үг нь надад их нөлөөлсөн шүү.
13. Санал болгох ном, хөгжим, кино?
Дууны талаар асууж байгаа нь яасан гоё юм бэ? Би Fort Minor болон Styles of Beyond нарын хамтарсан бүтээл болох “Remember the Name” дууг сонсох дуртай. Шаргуу хөдөлмөрийн тухай дуу л даа. Шүлэгт нь “10% аз, 20% чадвар, 15% холбиршгүй хүсэл тэмүүлэл...” гэж гардаг. Энэ нь амжилт гэдэг дан ганц авьяас эсвэл аз биш, харин давтлага, бэлтгэл, өдөр бүр тууштай оролдохын үр дүн гэдгийг сануулдаг юм. Анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай үедээ сонсохоор урам зориг, хүч өгдөг.
Номын тухайд, William Zinsser-ийн “On Writing Well” болон Andre Agassi-гийн намтар бүтээл “Open”-ийг санал болгоё. Эхний ном нь 1930-аад оны үед бичигдсэн, их богинохон хэдий ч практик зөвлөгөө ихтэй, бичиж сурахад минь тусалсан номуудын нэг. Харин Andre Agassi-гийн намтар надад хүн хэчнээн авьяастай, төрөлхийн өгөгдөлтэй байлаа гээд өөрийгөө мэддэггүй, хичээл зүтгэл гаргадаггүй бол бүтэх зүйл үгүй гэдгийг сануулж өгсөн.
Киноны хувьд ихэвчлэн спортын сэдэвтэй бүтээлүүд үзэх дуртай. “The Boys in the Boat” болон “Chariots of Fire” хоёулаа олимпын талаар өгүүлдэг. Бас алдар нэрийн цаадах уйгагүй хөдөлмөрийн талаар өгүүлдэг кинонд дуртай. Бидний хардаг алдартнууд, ялагчдын амжилт, нэр хүндийн ард ямар их хөдөлмөр нуугдаж байдгийг харуулдаг тийм төрлийн кино надад урам зориг өгдөг дөө.
14. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Uber-т ажилладаг байхад манай менежер байсан франц залуу нэг удаа багийнхныг цуглуулаад “Манай баг цөөхүүлээ. Америкад байгаа төв оффисынхон бидний талаар нэг их юм мэдэхгүй. Тэгэхээр бид үргэлж бага амлаж, илүүг гүйцэтгэдэг байх хэрэгтэй” гэж хэлсэн.
Энэ үг надад маш хүчтэй нөлөөлсөн. Энгийн сонсогдох ч, амьдралд хэрэгжүүлэхэд хэцүү зарчим. Тодорхой хугацаанд, тодорхой үр дүнг амлаад, дараа нь түүнийгээ давуулан биелүүлэх байдлаар ажиллана гэсэн үг. Уг зарчмыг хэрэгжүүлснээр хоёроос гурван жилийн дотор манай Амстердам багийн нэр хүнд эрс өссөн. Бид багаа өргөжүүлж, олон улсын уулзалтууд дээр манай тайлангууд хамгийн түрүүнд танилцуулагддаг болсон. Зарим маань ажлаа орхисон ч, хүмүүс биднийг хүлээлтээс үргэлж давсан гүйцэтгэлтэй баг гэж хардаг байлаа.
Ерөөс энэ сэтгэлгээ миний карьерын замналыг бүрэн өөрчилсөн.
15. Бусдад шидэх санаа?
Нэгдүгээрт, софтвэйр инженер хүний хувьд, ажиллаж буй зүйлээ бүрэн ойлготлоо хэзээ ч зогсож болохгүй гэж хэлмээр байна. Ямар ч асуудал гарсан зүгээр нэг хөнгөхөн шийдээд орхих биш, юунаас болоод алдаа гарав гэдгийг нарийвчлан судалж байх хэрэгтэй. Хэдий өнөө цагт хүмүүс хиймэл оюунаар хурдан хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэх хандлагатай болсон ч хиймэл оюун алдаа гаргах цагт асуудлыг уг үндсээр нь мэддэг хүн л хамгийн хэрэгтэй болж хувирна.
Хоёрдугаарт, хамгийн хүнд асуудлыг шийдэж, хэцүү даалгаврыг биелүүлж бай. Эсвэл танаас илүү чадвартай хүмүүсээс бүрдсэн багт ор. Эхэндээ шантармаар, стресстмээр санагдаж мэдэх ч тийм газар л хүн жинхнээсээ хөгждөг.
Гуравдугаарт, ямар ч зүйл бүтээлээ гэсэн дэлхийн түвшинд хүрэх зорилго тавь. Тухайн салбарт мэдээж жишээ болохуйц шилдэг нь гэж бий. Тэдний шилдэг байгаа шалтгааныг өөрөөсөө асуу. Яагаад тэдний бүтээгдэхүүн ийм сайн байна вэ хэмээн боддог болчихвол таны бүтээл ч сайжраад эхэлнэ.
Энэ бүгдийг хэрэгжүүлж байхдаа заавал бусдад зарлаад байх шаардлагагүй. Зүгээр л чимээгүй хийгээд явбал дараа нь өөрийнхөө хаа хүрснийг хараад гайхах нь дамжиггүй.
З Зочин 2025.07.18 202.21.125.242
Busad humuust mundag haragdah gej turul buriin yum yaridag humuustei haritsuulahad ene yariltslaga "pragmatic" buguud "original" boljee. Eldev goyol chimeggui, yag bodit baidlaa yariltsjee. Chanartai content bolson bna. Bayarlalaa.