Ямар ч төрлийн шинжлэх ухааны салбарыг танин мэдэх хүсэлтэй хэн бүхэнд шинжлэх ухааны ярвигтай ойлголтуудыг нүдэнд харагдаж, тархинд үлдтэл тайлбарласан номууд тусалдаг билээ.  

Хэрвээ та аль нэгэн шинжлэх ухааны салбарыг судлах хүсэлтэй хэдий ч хаанаас эхлэхээ хараахан мэдэхгүй байгаа бол бидний санал болгож буй жагсаалтаас сонголтоо хийгээрэй. Эдгээр бүтээлүүд таны оюуны тань царыг тэлж, цаашлаад шинжлэх ухааны нарийн, төвөгтэй сэдвүүдэд  умбан шумбах сэдлийг төрүүлж магадгүй. Энгийн үгээр, хүн бүрийн түүх, мэдрэмж, бодол, сэтгэлтэй уялдах байдлаар хөнгөн бичигдсэн хэр нь гүнзгий агуулгыг жижиглэн өгөх доорх бүтээлүүд танд шинжлэх ухааны үүд хаалгыг дэлгэх буй заа.  

1. "Cosmos"

Хэвлэгдсэн он: 1980

Зохиогчийн тухай

60 орны 500 сая хүнд зүс царай нь хэдийн танил болсон эрхэм бол нэрт одон орон судлаач, Пулицерийн шагналт зохиолч Карл Саган юм. Түүний 13 анги бүхий ертөнцийн үүслийн тухай “Cosmos: A Personal Voyage” хэмээх телевизийн нэвтрүүлэг АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлэг билээ. Яг тэр нэвтрүүлгийн анхны санаа уг номоос гаралтай.

Номын тухай

Сансар огторгуйгаар дамжуулан Саган 15 тэрбум жилийн сансар огторгуйн хувьслыг судлахын сацуу ирээдүйн талаар таамаг дэвшүүлдэг. Орчлон ертөнцийн үүсэл, соёл иргэншил, генетик, цөмийн зэвсэг гээд хөндөөгүй шинжлэх ухааны булан тохой байхгүй мэт маш баялаг уг бүтээл нь шинжлэх ухааны цогц ойлголтыг цэгцтэй бөгөөд ойлгомжтойгоор тайлбарлажээ.

Зохиогчийн гол санаа нь дэлхийн ертөнцийн үүслийг зөвхөн гараг эрхсээр төсөөлөх бус бүх шинжлэх ухааны нийлмэл, нарийн үйлээр бүтсэн гэдгийг сануулдгаараа онцлог. Космос хэвлэгдсэн цагаасаа эхлэн хүн бүхний анхаарлыг татсан. Тухайлбал, Нью Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад 70 долоо хоног тэргүүлж, тухайн үеийн шинжлэх ухааны хамгийн өндөр борлуулалттай ном болсон аж. Мөн 1981 онд Хюгогийн нэрэмжит "Шилдэг баримтат ном"-ын шагналыг хүртсэн байдаг.

Ташрамд дурдахад “Гэж юу вэ”-ийн зүгээс энэхүү бүтээлийг монгол хэлнээ анх удаа орчуулж, уншигчдын гарт хүргэх гэж байгаа тул @gejyuve хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Хэнд санал болгох вэ?

Сансар огторгуй сонирхогч, дэлхийн үүсэл, түүхийг сонирхон судлагсдад уг ном мэдээж таалагдана. Магадгүй энэ салбарыг гүнзгийрүүлэн сонирхох шалтгаан тань уг бүтээл байх магадлал тун өндөр шүү. Зөвхөн харь гараг, одон орноор хязгаарлагдахгүй зүгээр л дэлхий ертөнцөө яагаад, хаанаас, хэрхэн үүссэнийг гайхаж, сонирхож буй, бүр оршихуйн хямралд ороод буй хүмүүст ч уг ном чухал мэдлэгийг өгөхийн сацуу хань болохуйц бүтээл байх болно.

2. "behave"

Хэвлэгдсэн он: 2017

Зохиогчийн тухай

Зохиогч Роберт М.Сапольски нь шинжлэх ухааны ойлголтуудыг энгийн үгээр тайлбарладгаараа алдартай тархи судлаач, приматологич хүн билээ. Тэрээр өдгөө Стэнфордын Их сургуульд биологи, мэдрэлийн мэс заслын хичээлүүд заадаг. Түүний стресс болон нейробиологийн чиглэлээр хийсэн судалгаа нь Макартурын "Genius Grant" буюу тухайн салбартаа шинэлэг, бүтээлч судалгаа хийсэн судлаачдад олгодог шагналыг хүртсэн нь шинжлэх ухааны салбарт чухал үйл явдал болж байсан юм.

Номын тухай

Хүний биед ямар бодис урвалжууд холилдон, ялгарч зарим нь муу, зарим нь сайн үйл хийж, аяглахад хүргээд буйг тус ном тайлбарлана. Зан төлөвт нөлөөлдөг зөвхөн биологиос гадна нийгэм, гадаад орчны хүчин зүйлийг ч мөн шинжлэх ухаантай хоршуулан задалсан нь сонирхолтой. Хүн шийдвэр гаргахад допамин тэргүүтэй нейротрансмиттерүүдийн үүрэг мөн хүний өссөн орчин, хүрээлэн буй нийгэм, соёл зэрэг хүчин зүйл нь цаг хугацааны явцад хүний зан үйлийг хэрхэн бүрдүүлдгийг тэрээр энэхүү бүтээлдээ судалжээ.

Хэнд санал болгох вэ?

Тархи, сэтгэл судлал, генетикийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг уншигчдад уг ном таалагдах нь гарцаагүй. Мөн юмсыг олон талаас нь шинжлэх дуртай бөгөөд хүний ​​мөн чанарын талаарх ойлголтыг сорьсон агуулгыг судлах дуртай хэн бүхний сонирхлыг уг бүтээл татах болов уу.

3. “She has her mother’s laugh”  

Хэвлэгдсэн он: 2018

Зохиогчийн тухай

Карл Зиммерийн “Вирусийн ертөнц” ном нь Монгол хэл дээр орчуулагдсаныг зарим уншигчид таньж магадгүй юм. К.Зиммер нь Иэлийн Их сургуулийн молекулын биофизик, биохимийн хичээлийн профессор төдийгүй The New York Times-ийн бичээч юм. Тэрээр эволюцаас эхлээд вирус судлал хүртэлх шинжлэх ухааны сэдвээр нийтдээ 14 ном туурвижээ.

Номын тухай

Хамгийн анх Чарьлз Дарвин “Удамшил гэж юу вэ?” гэх асуултыг гарган тавьсан ч түүндээ тийм ч тодорхой хариултыг өгч чадаагүй нь хожим биологи, химийн шинжлэх ухаантай зэрэгцэн хөгжсөнөөр тодорхой болж эхэлсэн.

Удамшил гэдэг нь бид зөвхөн ээж, аавынхаа царай, зүсийг дуурайгаад байгаа зүйл биш аж. Харин дур сонирхол, юуг хэрхэн яаж хийдгийг хүртэл тодорхойлдог тийм нарийн төвөгтэй зүйл. Бид тэндхийнх, хэн нэгнийх, тийм удмынх гэдгээс илүүтэй бидний биеийг бүрдүүлээд буй хэдэн сая эсийг бичил биетээс авхуулаад юуг, хэрхэн хийх ааш аяг, байгаа байдлыг хүртэл өвлөн авдаг нь сонирхолтой.

Хэнд санал болгох вэ?

Уг ном нь яг л түүх болон биологийн шинжлэх ухааны сүлжилдсэн замаар мөшгөх мэт. Зарим ойлголтыг тань өөрчилж, тэр бүр бодоод байдаггүй хэр нь бидэнд маш ойрхон сэдвийг хөнддөг учраас биччихээд дахиж нээгээгүй тэмдэглэлийн дэвтэр мэт аль хэдийн мэддэг хэр нь мартчихсан байсан зүйлсээ эргэж санаж буй мэт мэдрэмж төрүүлэхүйц. Тиймээс хүн бүр уншаад үзэхэд гэмгүй.

4. “How to not be wrong: The power of mathematical thinking”  

Хэвлэгдсэн он: 2014

Зохиогчийн тухай

Жордан Элленберг нь Washington Post, New York Times, Wall Street Journal зэрэг хэвлэлүүдэд математикийг хүний өдөр тутмын амьдралтай холбон тайлбарлах нийтлэл, бичвэрүүдээрээ танигдан анх гарч ирж байсан нэгэн юм. Тэрээр одоо АНУ-ын Висконсин-Мэдисон Их сургуульд математикийн профессороор ажилладаг.

Номын тухай

Математикийг ойлгох чин хүсэлтэй, юмсын зүй тогтол, логик, учир шалтгааныг тайлж олох дуртай ч яаж ч хичээгээд математикийн хичээлдээ сайн болдоггүй хүмүүс байна уу? Тэгвэл уг ном нь математикийг сонирхолтой өдөр тутмын үйл явдалтай холбон тайлбарлаж өгнө. Математикаар дамжуулан дэлхийн үймээн самуунаас цаашхи үйл явдлыг ойлгож бүр таамаглаж, дүгнэж болдог.

Нисэх буудалд хэдэн цагт очвол амжих вэ? Олон нийтийн санаа бодол хэрхэн үүсэж бүрэлддэг вэ? Өндөр аав ээжтэй хэр нь зарим хүүхэд яагаад намхан төрдөг вэ? Мөн та хавдартай болох магадлал хэр өндөр вэ? гэх зэрэг амьдралд ойр сэдвүүдэд математик гаргалгааг энэ ном гаргаж өгдөг. Өдөр тутмын нарийн ширийнээс гадна түүхэн үйл явдал, Италийн сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээлд геометр тайлбар өгсөн нь бүтээлийн цар хүрээг өргөсгөсөн хэмээн хэлж болно.

Хэнд санал болгох вэ?

Мэдээж математикийг ойлгохыг хүсдэг, сонирхдог хэн бүхэнд уг ном зориулагдсан, харин тэр дундаа илүү шүүмжлэлт сэтгэлгээ, логикоо сайжруулахыг хүсдэг ч тоо бодоод суумааргүй байгаа уншигчдад уг бүтээл тус хүргэнэ.

5. "ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧ ТҮҮХ"

Хэвлэгдсэн он: 1988

Номын дэлгэрэнгүй: Стивен Хокинг (1942-2018) + Цаг хугацааны товч түүх номын хэсгээс

Зохиогчийн тухай

Стивен Хокинг бол хар нүх, цаг хугацаа, орчлон ертөнцийн үүслийн талаар олон бүтээл туурвиж, шинжлэх ухааны салбарт арилшгүй мөрөө үлдээсэн нэрт онолын физикч, сансар судлаач хүн билээ. С.Хокинг Кембрижийн их сургуулийн математикийн профессорын албыг хашиж байсан нэгэн. Хокинг 21 настайдаа ALS буюу булчин хатангирших амиотрофийн хажуугийн склероз өвчнөөр өвчилж, саажилттай болсон юм. Түүний физикийн нарийн ойлголтуудыг олон нийтэд энгийнээр хөрвүүлэн ойлгуулах чадвар нь түүнийг өнөө үеийн хамгийн нэр хүндтэй эрдэмтдийн нэг болгосон.

Номын тухай

Уг бүтээл нь их тэсрэлт, хар нүх, цаг хугацааны мөн чанар, сансар огторгуйн үүсэл гээд сүрдмээр сэдвүүдийн тухай боловч энэ бүгдийг энгийнээр уншигчдад задалж ойлгуулдаг. Гавлууд л ойлгох мэт физик, астрономийн сэдвүүдийг хүн бүрд хүртээлтэй болгож чадсаныг 10 сая гаруй хувь борлогдож, 40 гаруй хэл дээр орчуулагдсанаас харж болно. Цаг хугацаа үүссэн үе гэж бий юу? Цаг хугацааг ухраах боломжтой юу? Ертөнцөд хил хязгаар гэж бий юу? гэх асуултуудад онолын физикээс гадна ердийн жишээ, зүйрлэлээр хариулах болно.

Хэнд санал болгох вэ?

Дэлхий ертөнцийг ойлгохыг хүссэн хүн бүрд таалагдах ном. Физикийн шинжлэх ухаанаас хальж, философийн гүнзгий ангалд унагах мэт асуудлуудыг хөнддөг нь гүнзгий бодож, эргэцүүлэх дуртай сониуч уншигчдын мэдлэгийг зузаатгах классик бүтээл байх нь эргэлзээгүй.

6. “I Contain Multitudes: The Microbes Within Us and a Grander View of Life”  

Хэвлэгдсэн он: 2016

Зохиогчийн тухай

Эд Янг нь Пулитцерийн шагнал буюу Колумбын их сургуулиас Америкийн сэтгүүл зүй, бичвэр, хөгжмийн салбарт өндрөөр үнэлэгдсэн эрхэмд жил бүр олгодог цуврал шагналын эзэн. Тэрээр Atlantic, The New Yorker, National Geographic зэрэг хэвлэлүүдэд өөрийн нарийссан сэдэв болох микробиологийн чиглэлээр олон өгүүлэл, бичвэрийг гаргаад амжжээ.

Номын тухай

Нэрнээсээ л эхлээд сонирхол татам уг бүтээл нь хүний биед биднийг цогцлоож бас алж болдог тийм хүчтэй хэр нь нүдэнд харагдахгүй жижиг, бичил организмын талаар юм. Бидний биеийн нян микробууд нь дархлааг цогцлоож, элдэв өвчнөөс сэргийлж байдаг. Далай тэнгисийн гүнд ам, хамаргүй хэр нь амьсгалж, амьдраад буй этгээд биетүүдийг микроб амьдруулах чадалтай бөгөөд өчүүхэн жижигхэн хорхойд дэлхийг донсолгох хэмжээний тахал үүсгэх чадлыг мөн л микробууд өгдөг аж.

Бидний биед үй түмээрээ хоорондоо зохицож буюу симбиозоор амьдардаг тэдгээр бичил биетүүдийг шинжлэх ухааныг төдийлөн сонирхдоггүй хүмүүс “бактер муу” гэх тайлбараар арилгаж, цэвэрлэхийг оролддог. Харин микробиом буюу тэнцвэртэй орчинд аюулт өвлөлүүдийг бичил биетнийг ойлгосноор хэрхэн эмчилж болох вэ? хэмээх асуудлыг энэхүү бүтээл шинжлэх ухаанчаар сорино.

Хэнд санал болгох вэ?

Эрүүл мэнд, байгаль орчин, биологийг сонирхдог уншигчдад мөн энэ чиглэлээр сурч, ажилладаг хүмүүст уг бүтээлийг санал болгодог. Түүнчлэн бидний амьдралын нүдэнд харагдахгүй хөдөлгөгч хүчин зүйлд татагдаж, сонирхдог хүмүүст уг бүтээл таалагдана. Энэхүү ном нь микроскопоор л харж болом бичил ертөнцийг сонирхогч хэн бүхний нүдийг нээхүйц ажээ.

7. “The reality is not what it seems”  

Хэвлэгдсэн он: 2016

Зохиогчийн тухай

Карло Ровелли нь онолын физикч ба тэр дундаа квант таталцлын (quantum gravity) салбарт 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн нэгэн. Түүний өмнөх ном "Физикийн долоон товч хичээл" нь дэлхий даяар сая гаруй хувь борлогдож, 40 гаруй хэлээр орчуулагджээ.

Номын тухай

Номын эхний бүлгүүдэд квант таталцлын түүх, хувьслын талаар өгүүлдэг. Сократын өмнөх үеийн гүн ухаантан Демокритаас эхлээд Исаак Ньютон, Альберт Эйнштейн нарын үзэл санааг хүртэл задлан тайлбарладаг. Зохиогч тасралтгүй ба хязгааргүй байдлын тухай ойлголтыг үгүйсгэн сорьж тайлбарласан нь нэлээд шинэлэг бөгөөд гүнзгий бүтээл болохыг нь батална. Оршихуй, ойлгох, мэдэх гэдэг нь юу гэсэн үг болох зэрэг илүүтэй гүн ухааны эргэцүүлэл бүхий ном юм.

Хэнд санал болгох вэ?

Уг бүтээл нь физикийг илүү гүнзгий түвшинд сонирхдог уншигчдад тохирно. Энэ жагсаалт дахь номууд дундаас нэлээд сүүлийн үеийн бөгөөд гүнзгий, онолын ойлголт, мэдлэгийг өгөх шинжлэх ухааны бүтээл.

8. “Нойр хулжаам хувьслын түүх”  

Хэвлэгдсэн он: 2022

Зохиогчийн тухай

Ичихаши Нориказү нь Токиогийн Их сургуулийн залуу профессор. Түүний судалгааны чиглэл хувьслын биологи бөгөөд 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, жаахан нойр хүргэм, залхуутай гэмээр хувьслын онолыг хүн бүрд хүртээмжтэй, ойлгомжтой тайлбарласан чадварлаг нэгэн юм.

Номын тухай

Дөрвөн тэрбум жилийн тэртээ дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж, хувьссаар өдийг хүрснийг тайлбарлах уг бүтээл нь эволюцын тухай ойлголтыг анхан шатнаас нь цэгцэлж өгөхөд тусална. И.Нориказү хувьслын түүхэнд бага зэрэг үл тоомсорлогддог хэр нь чухал нөлөөтэй ойлголтуудыг тайлж бичсэн. Мөн бидэнд одоо харахад эгэл жирийн мэт санагдах зүйлс үүсэж бий болохдоо маш чимээгүй, аажим өөрчлөлтийн үр дүнд бий болсныг тайлбарлах аж.

Хэнд санал болгох вэ?

Он цагийн дарааллаас илүү яагаад, яаж? хэмээх асуултад төвлөрсөн уг бүтээл түүхэн үйл явдлын учир шалтгааныг шинжлэх ухаанчаар тайлж ойлгох дуртай хүмүүст илүүтэй тохирно. Эсвэл түүхэн ном, зохиол уншъя гэхээр нэг л сонирхлыг нь татдаггүй ч дэлхий ертөнц, байгаль, амьтад, хүний үүсэл зэрэг сэдвүүдийг сонирхдог уншигчдад уг номыг санал болгоно.

9. “What If?: Serious Scientific Answers to Absurd Hypothetical Questions”  

Хэвлэгдсэн он: 2014

Номын дэлгэрэнгүй: "What if" - Хийсвэр асуултад шинжлэх ухаанчаар хариулах нь

Зохиогчийн тухай

Зохиогч НАСА-гийн роботикч (roboticist) мөн вэбкомик бүтээгч бөгөөд “Xkcd” хэмээх комикоороо алдартай. Тэрээр физик, инженерчлэлийн чиглэлээр суралцаж байсан бөгөөд түүнийгээ ашиглан контент хийдэг нь шинжлэх ухаан сонирхогчдын таалалд нийцэх өгөөжтэй, хөгжилтэй бүтээл бий болгоод зогсохгүй түүнийхээ ачаар олон, үнэнч дагагчид, фенүүдтэй болсон.

Номын тухай

Таны төсөөлж ч байгаагүй хачирхалтай асуултуудын хариуг шинжлэх ухаанчаар хайж олдог уг бүтээл зохиогчийн “What if” хэмээх блог дээр үндэслэн бичигдсэн. Түүний блогт уншигчдын ирүүлсэн таамаг асуултуудад тэрээр хошин хэр нь үнэхээр нарийн, шинжлэх ухаанч хариултуудыг өгөх ажээ.

"Хэрэв та гэрлийн 90 хувь хурдтай цохих гэж оролдвол юу болох вэ?" эсвэл "Зөвхөн чийг шингээгчийн (dehumidifier) усыг ууж, хэр удаан амьдрах боломжтой вэ?" зэрэг сонин, хачин асуултын хариу энд бий. Мөн ном шинжлэх ухааны ойлголтуудыг тайлбарласан зураг, график, диаграммаар дүүрэн учраас ойлгоход төвөгтэй санааг ч хялбаршуулснаараа олон уншигчдын анхаарлыг татдаг.

Хэнд санал болгох вэ?

Шинжлэх ухаанд хөгжилтэй, хошин байдлаар суралцвал цаашид ч судлах сэдэл нэмэгдэж, гүнзгий, баттай мэдлэгтэй болоход туслах болов уу. Тиймээс энэ ном нь шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхэнд нийцэх бүтээл. Боломжгүйг төсөөлж тунгаан бодох дуртай, хайрцгаас гадуур сэтгэх хүсэлтэй, сониуч уншигчдад уг номыг санал болгоно.

10. “Шинжлэх ухааны товч түүх”  

Хэвлэгдсэн он: 2004

Номын дэлгэрэнгүй: Шинжлэх ухааны товч түүх" номын хэсгээс: Нарны системд тавтай морил

Зохиогчийн тухай

Билл Брайсон бол аялал, хэл, шинжлэх ухаан зэрэг төрөл бүрийн сэдвийг бүтээлдээ тусгадгаараа онцлог зохиогч юм. Тэрээр АНУ-д төрсөн ч Их Британийн иргэншилтэй, тиймээс түүний зохиол бүтээл нь задгай, олон талт бөгөөд өргөн цар хүрээнд, харилцан уялдаатай асуудал, ойлголтыг авч үздэг.

Номын тухай

2003 онд хэвлэгдсэн энэхүү ном нь Брайсоны Их тэсрэлтээс эхлээд хүн төрөлхтний соёл иргэншлийн өсөлт хүртэлх бүх үйл явдлыг ойлгох гэсэн оролдлого бөгөөд ингэхдээ зугаатай байдлаар тайлбарлан бичжээ.

Бусад шинжлэх ухааны номын адилаар уншигчдыг түүхэн цаг хугацаагаар аялуулна. Харин тэднээс ялгарах нэг зүйл нь тэрээр бүтээлдээ агуу нээлт хийсэн эрдэмтдийн амьдралыг судалж, тэдний өвөрмөц өнцгийг онцлон харуулсан нь илүү дотно мэдрэмж төрүүлэхүйц. Уг бүтээл геологи, хими, биологи, одон орон судлал зэрэг шинжлэх ухааны өргөн цар хүрээг хамарсан. Тиймдээ ч Шинжлэх ухааны номын Авентисын шагнал, Декартын шагнал зэрэг хэд хэдэн шагнал хүртэж байсан аж.

Хэнд санал болгох вэ?

Яг л амархан шингэдэг, идэнгэтэй хоол шиг таатай бөгөөд уншсаны дараа хангалуун мэдрэмж төрүүлэх уг бүтээл нь сониуч хэн бүхэнд тохирно. Шинжлэх ухааныг тунг нь тааруулан тайлбарлах тул зөвхөн шинжлэх ухаан сонирхогчдоор хязгаарлагдахгүйгээр хүн бүрийн мэдлэгийг зузаатгах чухал бүтээл байх болов уу.

Шинжлэх ухааны асуулт, асуудал таны сонирхлыг татдаг ч судлахад тэр их мэдээлэл, мэдлэг дундаас өөрт ойлгомжтойгоор хүртэж авч чадахгүй байвал эдгээр арван бүтээлээс сонирхоод үзээрэй.

Шинжлэх ухаан гэдэг танд хамгийн ойр хэр нь задлаад тайлбарлахад тэр чинээгээр гүнзгий зүйл учраас л танд магад хол санагддаг байх. Гэхдээ зөв газраас, цэгцтэйгээр эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Шинжлэх ухаан мандтугай!