Бид бие биедээ ойртохгүй хэдэн долоо хоногийн туршид зай баривал ханиад томуу алга болох болов уу? Хэрэв гэнэт нар байхгүй болбол дэлхий дээр юу болох бол? 

АНУ-ын физикч, зураач Рэндалл Мунрое энэ мэт хэдэн зуун асуултад www.xkcd.com дээрх вэб блогоороо дамжуулан хариулж байв. НАСА-д робот хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тэрээр 2005 оноос вэб комик хөгжүүлж, хийсвэр асуултад хөгжилтэй, хөнгөн, шинжлэх ухаанчаар хариулж, комик зургаар тайлбарласан нь олны анхаарлыг татаж, зөвхөн нэг сарын хугацаанд 70 сая хүн вэб сайтад нь зочилж, блогийг нь уншсан юм. 

Ингээд 2014 онд блогоо ном болгон хэвлүүлсэн нь "What if" юм. Билл Гейтсийн уншихыг санал болгох номын жагсаалтад орсон эл бүтээлийн тал нь блог дээрх нийтлэлүүд бол үлдсэн нь номд зориулж шинээр бичжээ.

xkcd блогийн тухай 

Багаасаа комик зохиолд дуртай, зурах хоббитой байсан тэрээр НАСА-д ажиллах гэрээгээ дуусгасны дараа бүтэн цагийн комик зураач болж, xkcd.com блогоо нээжээ. Блогоо хайр дурлал, элэглэл, математик бас бусын талаарх вэб комик хэмээн тодорхойлж, долоо хоногтоо гурван удаа контент оруулах болж. Залуу зураач хүмүүсийн итгэл үнэмшил, цуу яриа, төсөөлөл, хийсвэрлэлтэй холбоотой эргэцүүлэл, сониучирхалд бүтээлчээр, хөгжилтэйгөөр хариулж, шинжлэх ухаанч тайлбарыг цуврал комик зураг, график дүрслэлээр харуулж байв.

Ингээд вэб блог дахь контентуудаа нэгтгэн, 2010 онд "Xkcd: volume 0" номыг анх хэвлүүлсэн бол 2014 онд дахин шинэчилсэн хувилбараар гаргасан нь "What if" юм. Харин 2015 онд "Thing Explainer" номоо гаргаж, шинжлэх ухааны төвөгтэй ойлголтуудыг англи хэлний хамгийн түгээмэл 1000 үгээр тайлбарлажээ.

Тэгвэл дөрөв дэх бүтээл болох "How to" номыг шинжлэх ухааны зарим асуудал, хүний өдөр тутамд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэж болох тухай шийдэл, гаргалгаанд тулгуурлан бичиж, 2019 онд хэвлүүлсэн аж.

Комик зохиол бүтээлтэй холбоотойгоор тэрээр хэд хэдэн шагналуудыг хүртсэнээс гадна технологийн компаниудад зочноор уригдан уулзалт хийдэг болжээ.


Олон улсын одон орон судлалын холбооноос 2013 онд нэгэн солирыг түүний нэрээр "4943 Munroe" хэмээн нэрлэжээ.

What if

гэртээ туршихыг хориглодог ном 

"Энэ номд бичсэн бүх зүйлсийг гэртээ туршихыг хориглоно. Номын зохиолч бол эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн биш зөвхөн комик зураач юм шүү" хэмээх анхааруулгатай эл номд 70 гаруй сонирхолтой асуултад хариулж, хуудас бүрийг комик зураг, график дүрслэлээр хачирласан. Зарим хэсэгт гараар бичсэн математик тооцоолол, геометрийн бодлого, төрөл бүрийн дүрс зэрэг нь тун сонирхолтой.

Сэдэв бүрийн хооронд зохиогчийн имэйлээр ирсэн хачиртай асуултуудыг багтааж, ёжилсон байдлаар хариултууд өгсөн байхыг уншиж болно.

-Хэрэв би маш их уйлбал шингэний дутагдалд орох уу?

-Та зүгээр үү?

-"Тhor" киноны баатар алхаа ганц эргүүлээд л том хуй салхи үүсгэчихдэг дээ. Бодит байдал дээр тэгэх боломжтой юу?

-Яалаа гэж дээ.


сүүлийн эрчим хүчний эх үүсвэр 

Хэрэв хүн төрөлхтөн гэнэт байхгүй болбол дэлхий дээрх эрчим хүчний эх үүсвэрүүд хэзээ хамгийн сүүлд унтрах бол?

Эрчим хүчний эх үүсвэрийн голлох түүхий эд болох шатах ашигт малтмалтай холбоотой бүх станцууд хамгийн түрүүнд унтарна гэжээ. Хамгийн түрүүнд, дулааны цахилгааны станцууд болон газрын тос боловсруулах үйлдвэрүүд хэдхэн цагийн дотор унтарч, төвийн шугамд холбогдсон бүх цахилгааны эх үүсвэр эрчим хүчгүй болно гэсэн үг.

Харин дизель генераторууд шатахуунаа дуусах хүртлээ хэдэн өдрөөс сар хүртэл ажиллах боломжтой. Тэгвэл газрын гүний дулаанаас эх үүсвэртэй эрчим хүч нь хүний өдөр тутмын тохиргоо, оролцоогүйгээр хэдэн сарын туршид ажиллаж чадна.

Тухайлбал, Исланд улсад байдаг нэгэн газрын гүний дулааны станцыг зургаан сард нэг удаа хөдөлгүүрүүдийг нь тослох, өөрчлөх шаардлагатай байдаг аж. Тиймээс хүний оролцоогүйгээр багадаа жилийн туршид хангалттай ажиллах боломжтой гэв. Гол асуудал нь, хөдөлгүүрүүд нь зэвд идэгддэг тул удах тусам шугам хоолой нь муудах юм.


Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний тухайд салхин сэнснүүд хүний ажиллагаа багатайд тооцогддог аж. Дани улсад 1950 онд суурилуулсан "Gedser Wind Turbine" нь 11 жилийн туршид хүний оролцоогүйгээр ямар ч асуудалгүй ажиллажээ. Орчин цагийн салхи сэнснүүд нь гурван жилийн туршид ямар ч засвар үйлчилгээ, шинэчлэлтгүйгээр ажиллах хүчин чадалтай аж. Зарим нь бүр 10 жил ч болдог байна. Газрын гүний станцтай адил хөдөлгүүрүүд нь зэвд идэгдсэнээр үйл ажиллагаа нь доголдож эхэлдэг гэжээ.

Усан цахилгаан станцын хувьд ч автомат тохируулгатайгаар хэдэн жилийн туршид ажиллах боломжтой хэмээн үзэж буй. Харин зай хураагуурын хувьд 10-20 жил цэнэгээ барих боломжтой. Тэгвэл нарны эрчим хүчний төхөөрөмжүүд нь хүчтэй салхи шуурга, аадар бороонд нурж эвдэрчихгүй л бол энэ хорвоо дээрх хамгийн удаан хугацаанд ажиллах боломжтой эрчим хүчний эх үүсвэр гэдгийг тодотгожээ.