Валентины баяраар ямар номын тухай бичих вэ гэж ихэд бодов. Редакцын нөхдөөсөө хайрын тухай ямар ном уншиж байгааг нь ч асууж шалгаав. Хайр гэдэг өөрөө аугаа өргөн сэдэв учир энэ л ном хайрын өдөрт тохирно гэж тодорхойлоход хэцүүхэн ажээ.
Тэгээд арай өөр, арай залуулаг өнцгөөс бодов. Хайр, валентин, болзоо, Netflix and Chill…
Бүүм! Яагаад Netflix-ийн үүтгэл түүхийг хүүрнэсэн номын тухай бичиж болохгүй гэж? Энэхүү номыг Netflix Warner Bros.-ийг худалдан авах шуум явж эхэлсэн үеэс уншиж эхэлсээр саяхан дуусгаад байсан юм.

Ингээд хайрын баяраар “Netflix and Chill” хэмээх орчин цагийн соёлын салшгүй нэг хэсэг болсон, магад технологийн салбарын хамгийн романтик үүсгэн байгуулагчдын нэг (яагаад гэдгийг удахгүй тайлбарлана)-ийн бичсэн “That Will Never Work” номын тухай танилцуулъя.
Холбоотой нийтлэл: Warner Bros.-ийг өөрийн болгох өрсөлдөөнд хэн ялах вэ?

Номын тухай
Оны өмнө Physical Asia, одоо бол Single’s Inferno-гийн шинэ улирлаар дэлхийг байлдан дагуулж буй Netflix-ийг ашиглаж үзээгүй хүн цөөн биз ээ. Зүгээр нэг технологийн компани бус 21-р зууны соёлыг тодорхойлж, трэндийг эхлүүлэгч уг платформын жинхэнэ түүхийг сонсож байсан уу?
Өдгөө бүрэн цахим үйлчилгээ үзүүлдэг ч 21-р зууны эхэнд Blockbuster зэрэг аваргуудтай DVD түрээсийн үйлчилгээгээрээ үзэлцэж явсан тухай сонссон байж магадгүй. Эсвэл үүсгэн байгуулагчдынх нь нэг нь буцааж өгөөгүй удаасан түрээсийн DVD дээрх торгуулиа хараад хүссэнээрээ үзэж болдог үйлчилгээ эхлүүлэх болсон тухай ч уншсан байж болох юм. Эсвэл үүсгэн байгуулагч нь мягмар гараг бүрийн 17 цагт юу ч болж байсан хамаагүй ажлаа орхиод гарч, эхнэртэйгээ болздог тухай нь сонсож байв уу? Жич: ийм учраас тэрээр олон хүний бодлоор Цахиурын хөндийн хамгийн романтик үүсгэн байгуулагчдын нэг юм.

Сонирхуулахад Netflix-ийн анхны санааг сонсоод эхнэр нь түүнд "That will never work!" буюу наадах чинь бүтэхгүй ээ хэмээж байж. Харин мань эр санаагаа бүтээснийхээ дараа эхнэрийнхээ энэ үгийг номыг гарчгаа болгожээ. Гайхалтай.
Аль нь ч байсан Netflix бол дэлхийг өөрчлөх хүсэлтэй бизнесүүдийн хувьд Алтан гадас нь билээ. Тэгвэл энэхүү номд үүсгэн байгуулагч Марк Рандолф Neftlix-ийн санааг олохоос өмнө өдрүүдээсээ эхлээд компаниа нээлттэй компани болгож, Nasdaq дээр гаргах хүртэлх аяллаа өгүүлжээ. Ингэхдээ гайхалтай нарийвчлалтай бодит түүхүүдийг тун чиг сонирхолтой бичсэн нь уншихад нэн амар болгов.
Зохиолчийн тухай
Угтаа геологич мэргэжилтэй Марк Рандолф 1997 оноос Netflix-ийн санаан дээр ажиллаж эхлээд 2003 онд өөрийнх нь ажил дууслаа гэж үзэн компаниа орхисон нэгэн юм. Хэдийгээр тэрээр Netflix-ээс гараад хоёр арваныг үдэж буй ч тухайн үедээ бодож төсөөлж байсан бүхэн нь өдгөө биеллээ олсноос нь харвал гайхалтай алсын хараатай нэгэн байжээ. Netflix шуудангаар DVD илгээдэг түрээсийн үйлчилгээ байсан ч тэд анхнаасаа интернэт эрчээ авах үед нь салбарынхаа Амазон болж, тэр үеийн Гигант Blockbuster-аа ч бут цохихоо мэдэж байж. Өөрөөр хэлбэл тэд, богино хугацааны орлогын төлөө бус урт хугацааны нөлөөллийн тоглоом тогложээ.
Маркетингийн туршлагатай, өмнө нь хэд хэдэн амжилттай компани босголцож явсан түүний Маркийн хувьд 2003 оноос хойш стартапуудад зөвлөгөө өгч, хөрөнгө оруулж байна. Тэрээр стартап ертөнцийн гүрү буюу их багш нарын нэг бөгөөд амжилтын хойноос хөөж яваа галзуу өдрүүддээ ч ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах тухай ихэд номлодог билээ.
Яагаад унших вэ?
Яагаад унших вэ?
Чухал түүх: Юүн түрүүнд Netflix-ийн түүх бол манай цаг үеийн энтертайнмэнт салбарын алтан сан хөмрөг л гэсэн үг. Хүссэн газраасаа хүссэн контентоо үзнэ гэдэг хэдий энгийн мэт сонсогдов ч өдгөө бидний амьдралыг энэ ганц үйлдэл орвонгоор нь өөрчилж байна. Үнэндээ тухайн үед хэсэг бүлэг хүмүүс Netflix-ийг зориглон хийгээгүй бол өдгөө бидэнд одоогийнх шиг боловсронгуй стрийминг үйлчилгээ байх эсэх нь ч эргэлзээтэй. Тэгэхээр стартап сонирхдоггүй байлаа ч хүн төрөлхтөний түүхийн нэгэн сонирхолтой цаг үеийг уншихыг хүсвэл энэ номыг олж аваарай.
Чанартай зөвлөгөө: Бизнесийн зөвлөгөө өгөх шиг амархан зүйлгүй атлаа бизнес босгох шиг хэцүү зүйлгүй энэ цаг үед чанартай зөвлөгөө авъя гэвэл энэ бүтээлийг унших хэрэгтэй. Хэдийгээр техонлогийн компанийн түүхийг өгүүлж буй ч нэрээ олох, анхны багаа бүрдүүлэх, шилдэг ажилчдаа хадгалж үлдэх, зөв асуудал дээрээ төвлөрөх, зах зээлээ мэдрэх, хамтын ажиллагаа үүсгэх зэрэг хэзээ ч хуучрашгүй сэдвүүдийн алт шиг зөвлөгөөнүүд бий.
Чиллрэх сануулга: Магад энэхүү номын хамгийн том санаа нь ажилдаа ч тэр, амьдарлдаа ч тэр чилл байх тухай сануулга болов уу. Зохиолч хорь, гучтайдаа л амжиж амжилттай бизнес босгохын тулд хамаг амьдрал, гэр бүлийн аз жаргал, үр хүүхдийн харилцаагаа бүү золиосло гэдгийг байнга сануулна. Бизнесийн ихэнх номоос ялгаатай нь “Хэн ч юуг ч хэлж, тааж мэдэхгүй. Санаагаа туршаад үз. Болохгүй бол өөрчлөөд үз. Гол нь чилл бай” гэх аядуу тайван санааг өгөх болно.

Хэнд санал болгох вэ?
Стартап, бизнес хийж буй хэн бүхэн заавал унших хэрэгтэй. “That Will Never Work” ном бол хэрэглэгчдийн амьдралд бодитоор нөлөөлж, бүхэл бүтэн соёлын давлагаа эхлүүлдэг компанийг хэрхэн үүсгэн байгуулдаг тухай гарын авлага л гэсэн үг. Мөн технологи, бизнесээрээ сурдаг оюутнуудад сонирхолтой байх болов уу.
Аливаад үргэлж хэрэглэгчийн байр сууринаас бус хааяа ч гэсэн “цаана нь яг юу болоод байна” гэх сониуч нүдээр хандаж байхыг уриалаад нийтлэлээ өндөрлүүлье.
Netflix and Chill!

Сэтгэгдэл бичих

