Номын хорхойтон, шимтэн уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе.
Манай редакц үүсгэн байгуулагдсан цагаасаа түүх өгүүлж, түүгээрээ урам зоригийн оч асааж, шинэ үеийнхнийг эерэг үйлдэлд хөтөлсөөр ирсэн билээ. Арван жилийн ой дээрээ энэхүү үйл хэрэг маань хэвлэл мэдээллийн салбар, баримтат бичвэрийн төрлөөсөө хальж, уран зохиол тэр дундаа бүрэн хэмжээний романаар биежиж байгааг зарлаж буйдаа туйлын баяртай байна.
Бидний “Unread Books” нэрийн дор эрхлэн гаргаж буй эхний бүтээл маань залуу зохиолч А.Пүрэвдоржийн “Тогоруут агуй” нэртэй шидэт реалист роман. Энэхүү бүтээлийг 9-р сарын 19-21-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохиогдох 38 дахь удаагийн Номын баярын Unread асраас аваарай.
Шимтэн донтох давхцалууд.
Шунан дурлах өрнөлүүд.
Зохиогчийн үг
Энэхүү романыг туурвисан А.Пүрэвдоржтой танилцаад хоёр жил гаруй болжээ. Тэрээр манай редакцад соёл урлаг, хэл шинжлэлийн сэдвээр олон сонирхолтой нийтлэл бичиж байсныг зарим уншигчид андахгүй. Өдгөө техник редакторын албыг хашиж буй тэрээр роман бичих болсон шалтгааныхаа тухайд:
Би бага байхдаа эмээгээ хойд эхээсээ зугтаан есөн насандаа тэмээн жин дагасаар хотод орж ирсэн гэдгийг сонссон юм. Эмээ маань намайг багад бурхан болсон тул энэ талаар надад бүрэн дүүрэн ярьж өгөх хүн байгаагүй. Мөн өвөөгийн маань өвөө (өндөр өвөө) Хэлмэгдүүлэлтийн үеэр шашны эд хэрэгслээ Хөвсгөлийн агуйд нуугаад, тэрхүү агуйгаа үр хүүхдүүддээ зааж өгсөн ч манай өвөө тэр нууц агуйг бидэнд зааж өгч амжилгүй бурхан болсон сон. Энэ мэтээр үлгэр домог шиг олон сюрреалист аман яриаг бага байхаасаа эхлэн сонсож өссөн ч чухам манай өндөр өвөө, тэргүүн өвөө, түүнчлэн элэнц, хуланц өвөө нар маань хэн гэдэг, ямар хүмүүс, юу хийж аж төрж явсныг огт мэдэхгүй.
Гэтэл би ахлах сургуульдаа Япон Улсад, их сургуульдаа Итали Улсад суралцахад манай үеийн бараг бүх залуус дээшээ таваас зургаан үеэ мэддэг байв. Үүнээс надад бид яагаад, хэзээ, юуны учир “ой санамжаа алдчихсан” улс болсон юм бол? гэсэн асуулт төрсөн юм. Мөн дээр өгүүлсэн бидний өвөө эмээгийн туулж өнгөрүүлсэн итгэхэд бэрх амьдрал, өнөөгийн бидний бодит амьдралыг уран зохиолоор дамжуулан “шинэ” өнцгөөс бичих эрмэлзэл төрсөн билээ.
Манай улсад орчин үеийн, орчуулгын маш олон сор бүтээлүүд бараг долоо хоног тутам төрөн гарсаар буй ч энэ цаг үеийн монгол залуус өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг хэрхэн харж буйг, юунд эмзэглэж, ямар хүсэл мөрөөдлийг дотроо тээж явааг бичих нь дутмаг байгаа мэт санагдсан нь эл бүтээлийн эхлэл цэг байсан.
Романы тухай
“Тогоруут агуй” романы үйл явдал нь хоёр зууны тэртээх Монгол Улс болон өнөөгийн Улаанбаатар хот гэсэн хоёр цаг үед өрнөнө. Зохиогч өвөө, эмээгээсээ сонссон түүхээ баяжуулахын зэрэгцээ өөрийн аж төрж буй шинэ цагийн агуулгыг шингээсэн нь уншигч танд уйдах зав олгохгүй. Түүнчлэн “Арслан, Барс, Заан” гэсэн гурван хааны домгийг ч шинээр зохион бичжээ. Эдгээр домгуудыг анхааралтай уншвал уншигч таны хэдийн мэдэх түүхүүд тодрон гарч ирэх болно.
Романы гол дүр нь нэгэн сүмд өсөж хожмоо Монгол орноор хэрэн хэсэж, ингэхдээ олон төрлийн ер бус үйл явдлыг гэрчилж, сэтгэлээс үл салах дүрүүдтэй уулзах даяанч юм. Энэ дундаас Модтой хэмээх аралд амьдрах Сувраа бүсгүй түүний сэтгэлд тодоос тод үлдэх болно. Энэ хоёр дүрээр эхлэх зохиол явсаар орчин цагийн Монголд Далай лам шиг харагдах залуу, хоёр нүдийг нь дарсан цагаан мэнгэтэй охиноор үргэлжилнэ. Оноосон нэргүй эдгээр дүрүүд өөр хоорондоо хэрхэн холбогдож, шидэт мэт үйл явдлууд хэрхэн энгийн л байдаг зүйл мэт тохиож буйг олж мэдэх аяллыг уншигч танд үлдээе.
Яагаад ном гэж?
Залуус юм уншихаа больсон гэдэг. Харин үүсгэн байгуулагдсан цагаасаа залуус руу чиглэж, эерэг агуулга түгээхийг эрмэлзэж ирсэн манай редакц залуусыг уншихгүй байгааг нь буруутгаад, хий хоосон шүүмжлээд өнгөрөхийг хүсээгүй юм.
Тиймээс л цахим эринд долоо хоног тутмын цаасан сонин гаргаж, шинжлэх ухааны сэтгүүл эрхэлж, өдгөө уран зохиолын ном хэвлэж байгаа хэрэг. Яагаад гэвэл залуусын унших сэдлийг төрүүлэх, тэдний хэлээр бичигдсэн бүтээл тун цөөн байна. Ийм байхад бид унших үйлийг хүчилж болохгүй. Уншина гэдэг гэрийн даалгавар бус өөрийн сонирхол байх ёстой билээ.
Тэгвэл залуусын унших сэдлийг төрүүлэх зүйлсийг хэн бүтээх вэ? Хариулт нь маш энгийн. Залуус л бүтээнэ. Харамсалтай нь, одоогоор залуу зохиолчдод бүтээлээ туурвих орон зай, мэргэжлийн дэмжлэг, санхүүгийн тусламж тун хомс байна. Энэ нь зөвхөн нэг үеийн бичээч, сэтгэгч нарт хаалт болоод зогсохгүй бид улсаараа нэгэн үеийнхээ бодол санаа, хүсэл тэмүүлэл, шаналал зөрчлийг мэдэхгүй өнгөрөх аюулыг дагуулж буй.
ЭНД дарж Цахим шуудангаа бүртгүүлээд шинэ номын жагсаалт болон шилдэг номуудын тоймыг хамгийн түрүүнд хүлээн аваарай.
Дараагийн бүтээлүүд хэзээ вэ?
Дээрх шалтгааны улмаас манай редакц залуу зохиолчдыг дэмжиж, тэдний бүтээлд мэргэжлийн тусламж үзүүлж, хэвлэн нийтэлж, таниулан түгээхээр шийдсэн юм. Иймд манай редакцын хамт олон 10 жилийн ойдоо зориулж нэгэн шинэ хөтөлбөрийг тун удахгүй танилцуулах гэж байна. Түүх өгүүлж, асуудал дэвшүүлж, шийдэл хайж түүнийгээ ном болгон хэвлүүлэх хүсэлтэй уншигч нар ирэх өдрүүдэд манай сошиал хуудастай ойр байгаарай.
Эцэст нь, хөл толгой нь олдохгүй энэ нийгэмд унших үйлийг эрхэмлэж байгаа уншигч та бол жинхэнэ баатар юм шүү. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Номтой холбоотой санал хүсэл, шүүмж зөвлөгөөгөө манай редакцын books@unread.today шуудангаар ирүүлээрэй.
"Тогоруут агуй" романыг Интерномын бүх салбар эсвэл цахим дэлгүүрээс худалдан авч уншаарай