Ном бичих нэг ажил. Номуудын тухай ном бичнэ гэдэг өөр нэг ажил. Чухамдаа бид бичиж туурвих чухал ч бичиж туурвихын тухай бичиж туурвих нь бас л чухал болоод байна. Ингэж байж энэ салбар, энэ мэргэжил хөгжиж дэвших учиртай. Тэгж байж биднийг хол орхин хөгжиж буй бусад улсуудтайгаа хөл зэрэгцэнэ. Эс бөгөөс бичсэн бичвэр, дуулсан дуундаа уярсаар дөрвөн уулын дундаасаа гарч үл чадах билээ. 

Уран зохиолд мэргэжлийн шинжлэл, эргэцүүлэл шүүмж хэмээх нэгэн орон зай ямагт дутуу дулимаг санагддаг юм. Үүнд шийдэл болгож Б.Алтанхуяг буюу Ако “Цагаатгалд тэрслэхүй” бүтээлээ өнгөрсөн номын баяраар гаргав. Миний хувьд түүний Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд (2021), Мууран төрхтэй хүмүүс (2025) тэргүүтэй бүтээлүүдийг уншиж байсан бөгөөд сүүлийн үед хамтран үүсгэн байгуулсан “AUM” хэвлэлийн газрынх нь үнэнч уншигч байхыг хичээж буй. Түүнчлэн Ако Unread редакцад мөн хэсэг хугацаанд редактороор ажиллаж байсан билээ. 


Номын тухай

Уран зохиолын шүүмжийн төрөлд хамаарах энэхүү бүтээлд Монгол, гадаад нийлсэн нийт 40 зохиолчийн онцлох уран бүтээлүүдэд хийсэн “шинжлэл, хувь уран бүтээлчийн мэдрэмж, уншигчийн зүгээс хандсан уран зохиолын бичвэрүүд” багтсан байна. Нэг зохиолчид оногдох бичвэр 10 хуудас дотор багтах бөгөөд ихэвчлэн тэдгээр зохиолчдын хүмүүсийн нэлээд сайн мэдэх зохиолуудад төрсөн сэтгэгдэл, тэр зохиолын тухай бусдын дүгнэлт зэргийг шингээжээ.

Зохиолч уг номоо “Зургаан жилийн өмнө уншигчдын хүртээл болгосон "Уншихуйд автахуй"-тай төстэй. Мэдээж тус номд сонгож оруулсан туурвилчид, уран бүтээлүүд нь эрс өөр.” хэмээн тодорхойлжээ.

Б.Алтанхуягийн "Уншихуйд автахуй" номын тухай


Зохиолчийн тухай

Б.Алтанхуяг нь МУИС-ийг Утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн нэгэн. 2012 оноос эхлүүлсэн уран бүтээлийнх нь тоо өдгөө 20 шахаж буй. Үүнээс дийлэнх нь шүлгийн түүвэр. Өөрийн уран бүтээлээ хэвлэхийн зэрэгцээ судлаачийн мэргэжлийн үр шимээ гаргаж, мөн хэвлэлийн газар хамтран үүсгэн байгуулж, чамгүй олон бүтээлийг уншигчдаа хүргэж тэрээр энэ цагийн уран бүтээлчдийн нэгэн том дүр юм.

AUM хэвлэлийн газрын хувьд өнгөрсөн жилээс хэвлэн нийтлэх салбарт хүч төрөн орж ирж өдгөө 10 гаруй бүтээлтэй болжээ. Д.Урианхай гуайн шилдэг бүтээлүүдээс гадна залуу зохиолчдын шинэ бүтээл, мөн орчуулгын номууд ч гаргаад амжсан байна.


Яагаад унших вэ?

Уншигчийн боловсрол: Уран зохиол гэдэг гадна нь байгаа хүмүүстээ хэлбэр дурсгүй, зах замбараагүй харагддаг байх талтай салбар. Ном уншиж эхэлье гэхээр яг ямар ном унших вэ гэдэг асуулттай тулгарч, арга буюу номын дэлгүүрийн бестселлэрүүдийг авах нь нийтлэг. Гэвч тэдгээр жагсаалтад байгаа номуудын ихэнх нь бест байж чаддагүй нь үнэн. Өөрөөр хэлбэл уран зохиолын буюу уншигчийн боловсролоо нэмэх замаар арилжаа наймааны мөрөөр биш агуулга өгүүлэмжийн замаар унших номоо сонгох эрдэм бий. Энэхүү эрдэмд суралцаж, дэлхий дахинаас гадна улсынхаа шилмэл уран бүтээлчидтэй танилцаж, улмаар цааш унших уран бүтээлийн жагсаалтаа шинэчилж авахад эл бүтээл тус болно.

Уран мэдрэмж: Уран зохиолын тухай бичвэрүүд уран байхаас өөр аргагүй. Тэр ч утгаараа энэ ном “тийм, ийм” гэсэн номлолын шинжтэй бус харин ч “нээрээ тийм юм болов уу” гэсэн сэдэл, мэдрэмж төрүүлнэ. Магад өмнө нь уншиж байсан уран бүтээлээ шинэ нүдээр харах сэжүүр ч болох буй заа.

Учир утга: Ном бүтээл болон унших үйлийн тухай сүүлийн үед янз бүрийн л хэлэлцүүлэг өрнөж байна. Хураангуйлах эрдэмд гаргуун хиймэл оюун байхад бүтэн ном унших нь цаг гарзадсан хэрэг гэж бодно. Зарим нь уран зохиол гэдэг практик амьдралд хэрэг болохгүй зүйл хэмээн бодоод өнжинө. Ийм эргэлзээ уншигч танд хэрэв бий бол энэхүү бүтээлээс уран зохиолын утга учрыг арай өөр бөгөөд нарийн өнцгөөс олж харах боломж бүрдэх болно.


Хэнд санал болгох вэ?

Унших эсхүл бичих үйл амьдралд нь чамгүй том орон зай эзэлдэг, эзлэх гэж байгаа хүн бүрд санал болгоё. “Хэн, хаана, юуг, яагаад бичиж байна?” гэдэг асуултад хариулт өгч, уран бүтээлийн замналд тань хувь нэмрээ оруулж чадах бүтээл.

Уншигчийн сэтгэгдэл

Б.Алтанхуягийн “Цагаатгалд тэрслэхүй” нь уншиж байсан уран бүтээлчдээ шинэ өнцгөөс харах, урьд хожид сонсож байснаас уншиж байгаагүй уран бүтээлчидтэйгээ танилцах боломж өглөө. Уншихад нүсэр, төвөгтэй биш аль ч хуудсыг нь сөхөж хараад уншиж болохоор, уншаад эхэлсэн бол тэр хэсгээ заавал дуусгахаар тийм л сайхан бүтээл болжээ.